Тасдаж үл болох сарнай



Тасдаж үл болох сарнай
Хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг дор яагаад ариун хайр сэтгэл ба журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх булаг болохыг энэхүү ном өгүүлдэг. 
Өгүүллэгүүдийн баатруудын амьдралын дэнс дээрх алдаа оноо, эрхэм нандин сэтгэл, гэгээн хүсэл мөрөөдөл, уншигч таны сэтгэлд ухаарал, урам зориг, эрч хүч хайрлах буйзаа.
Ном бичих, бүтээх нь эдүгээн ихээхэн өргөн дэлгэр сэдлэгийн, илэрхийллийн нэгэн болжээ. Үндэстний оюун санаан дахь өөрийгөө хүндлэхүй үлэмж байгаагийнх уу, ерөөс бичигч билэг билгүүн бусад үндэстнээс илүүгийнх үү, эс бөгөөс бид харьцангуй цөөн тоотойн улмаас эргэн тойрондоон учирч харгалдах, нийгмийн баримжаалал, харилцан хамаарал ихтэйн тул ингэж ойлгогдоод байгаагийнх уу, энэ мөчид шууд хариулт өгөх боломж бэлэнгүй. Монголчууд билэг оюунт, бүр шилмэл оюун ухаант ард түмний тухайд эргэлзэмгүй санагддаг. Гэвч, манай ард түмэн аливхан зүйлд ч байх ёстой учиг хэмжүүр, тун дүнг үргэлж ахдуулах, ихдүүлэх нь ерийн. Ихээхэн ерөнхий тоймлон үзэхэд, үнэндээ Монголын юм бүхэн дэндүү уудам л даа. Газар нутаг, үүтгэл соёл, эх хэл, түүх улбаа нь барагтайтай жишишгүй. Энэ мэт хярхаг үгүйн, хэмжүүр үгүйн дайдлал нь онцгой цараатай. Балтсүхийн Эрхэмбаярын энэхүү номын эхийг унших ахуйд ийнхүү эргэцүүлэх ялдам тохиож байна. Хэрэг дээрээ, түүний эл ном, ном бүтэхүйн жинхэнэ утгад хэрхэн ойртсонд хариулт эрснээс үүдэлтэй. Б.Эрхэмбаярын номоос, миний хамгийн түрүүнд талархан хүлээж авч буй нь, түүний хэлд байна. Мохоо, илэрхийлэл сарниу, өнгө найрсал тааруу үг хэллэгтэй ном үнэнхүү элбэгшсэн үед уран бүтээлийнхээ анхны номоо ийнхүү таны гар дээр тавихдаа эл дутмагшлаас ангид байгаа нь онц хэрэг. Монгол хэлний өргөн өв сангаас дураар уургалан, элдэв чимэггүй, оносон, хэлэх санаагаа бүрнээ төгс, ангид салаа утгагүйгээр илэрхийлж чадсан нь баяр итгэлийг бий болгож байна. Ийнхүү бичихдээ эмэгтэй хүний нарийн ширхэгтэй, чамбай урлалтай, ур ухааны харьцангуй ханалттай, шүүс эгшээсэн үгсээр өгүүллэгүүдийнхээ дүр дүрслэлийг дөмөг чадмагаар бийрлэснийг тэмдэглэн сайшаах нь зүйд нийцнэ. Б.Эрхэмбаярын номоос, өөрийн нь гоо зүйн боловсрол, түүний нандин шинж чанарыг олж харж байна. Хайр сэтгэл, хүсэл дур, гэгээн шуналын тухай уран зохиол дахь дүрслэл бидний эрхшээгч энэхүү он цагийн хамгийн тааруу зүйлийн нэг болсоон. Хамгийн гэгээн, яруу зүйлсийг хэрхэн илэрхийлж, үзүүлж, харуулж чадаж байгаагаас хамааран тухайн уран бүтээлч, туурвигчийн чадал, хэр хэмжээг зайлшгүй ялгаанд оруулахаас аргагүйддэг. Энэ талаас авч үзвэл, Б.Эрхэмбаярын өгүүллэгүүд гоо сайханлаг, гэрэлт үнэн, яруусалт хандлагыг эзэмдэн хадгалсныг цохон өгүүлэх нь ононо. Б.Эрхэмбаярын номоос, өгүүллэгийн нь сэдвүүд хуучин ч үгүй, шинэ ч үгүйг харж болно. Байсан, байдаг сэдэв. Сэдвийг давтахад буруугүй байх. Гэхдээ жинхэнэ зохиолч байхад хийснийг үл хий, бичсэнийг үл давт гэсэн зарчим нэхэгддэг. Үүнийг үг үсэг нийлүүлэн, зохиол бичнэ хэмээн бодох бөх зүрхтэн бүхэн үргэлжид санах учиртай. Б.Эрхэмбаярын өгүүллэгүүдийн үнэн байгаа нь машид таатай. Өнөөгийн нийгэм, хүний араншин, сэтгэл зүй, ёс суртахуун, мөн чанар энэ номоос нэн тодорхой уншигдаж байна. Үнэнийг үнэнээр нь, үнэн үйлдлийг үнэн дүрээр нь тод томруун үзүүлж, хүмүүсийг өөрөө өөрийгөө үнэнээр харах бололцоог олгож байгаагаараа энэ ном үнэ цэнэтэй. “Үд дундын романс” өгүүллэг “манай үеийн, энэ нийгмийн толь” мөн шүү. Бас эмэгтэй хүний, түүний оршихуй, ерөөс хүний мөн чанарт байдаг ёс суртахуун, сэтгэл зүй дэх гажилтыг үнэнээр үзүүлж, түүнийгээ гэтлэхдээ амьдрал ямархан их үнэ цэнэтэй, үнэ цэнэтэй зүйлдээ үнэ цэнэгүй хандахын үнэнийг шууд уудлан үзүүлснээрээ чухаг. Б.Эрхэмбаярын номоос, эмэгтэй хүний сэтгэлийн эрэл, хүсэл мөрөөдөл, доройтол ба ихэмсэглэл, үзэсгэлэн гоо, зан чанарын төлвийг дүрүүдээрээ амилуулан хүүрнэж байгаа тэрхүү сэтгэлийн бичлэгийг бүрнээ уншиж болох байна. Нягт нямбай, илүү дутуугүй байх эрхэм чанар харагдана. Энгийн байх, энгийнээс илүү төгөлдөр бодомжийг олох, уяран ухаарч унших, чагнан таашаах мэдрэмжүүдийг та энэ номоос хүртэнэ ээ. Б.Эрхэмбаяр энэ номдоо “нандин байхуйн зарчим”-ыг шугамласан. Энэ ертөнц чухамдаа ариун юмаар л дутаж буй. Ариун зүйл, нандин зүйл нь хэрэг дээрээ эвдрээгүй хүн сэтгэл, энэ сэтгэлийг ойлгох ухаан юм. Чухам энэ л үүднээсээ энэ л номын чиг зорилго, хэлэхүйн санаа нь өндрөөр үнэлэм билээ. Даяаршин даяаршин буй ертөнцийн шуугиант, цухалт амьдрал дунд хүний ариун сэтгэл, хүний нандин бие хамгийн үнэтэйг Эрхэмбаяр яруухнаар эрмэлзэн өгүүлснийг бүрнээ зөвшөөрөн үнэлэх ёстой. Алив сайн сайхан зүйл ариун нандинаас, сайн сайхан амьдрал сайн сайхан гэр бүлээс бүтэж, энэ нь цэвэр ариун сэтгэл, нандин итгэлцлээс дэвжин дэвлэдгийг энэ номдоо учигласнаараа Б.Эрхэмбаяр хатагтай Монголын уран зохиолын өнгө сүлэлдээнд өөрийн замыг зурж байна аа. Б.Эрхэмбаярт бичих авьяас, урам зориг байна. Бэхжүүлэн өөриймшүүлсэн эх хэлний нь ундаргаа оршоогдмол байна. Бүтээлийнхээ чиг давалгааг үнэнээр, яруу сайхнаар, өөрийн эзлэхүүнтэйгээр бүтээн туурвих чин итгэл үнэмшил чинь улам тэнүүн болж, үндэстний утга зохиолын орон зайд өөрийгөө бүрнээ залан эрэмбэлэх өдрийг тань үзэмз. Үүнийг дааж, замаа илүү төгөлдрөөр тодосгохуйн луужинг энэ ном нь нэр төртэй зарлаж байна. Билэг авьяас тань үргэлж ундарч, оюун санааны тань хүлэг морин дүүлэн дүүлэг.

"Тасдаж үл болох сарнай" Интерном, Мирном, Аз Хур номын салбар дэлгүүрүүд, Билэг ном, Ивээл ном, Coral ном, Анар ном, Голден бүүк зэрэг дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн Дархан хотын Номын ундраа сүлжээ номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн 7677-7777 утсаар захиалан Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой.
Захиалах - 76777777
Онлайнаар захиалах