МИНИЙ ТУХАЙ

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр нь Худалдаа хөгжлийн банкны гадаад бизнес харилцааг хариуцсан захирлаар ажилладаг. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр голлон нийтлэлүүдээ бичдэг. Эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүдийн хувь хүний хөгжилд зөвлөмж болох "Сайхан төрөх санааных" номоо 2014 онд, "Тасдаж үл болох сарнай" өгүүллэгийн түүврээ 2015 онд, Алганы хээ” романыхаа тэргүүн дэврийг 2016 онд хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. 
Б.Эрхэмбаяр 2002 онд Швед улсын Стокгольмын их сургуулийг нийгэм, эдийн засгийн ухааны магистр цолтойгоор төгссөн. Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.
“Сайхан төрөх санааных” номондоо өнгөн хэлбэрийг хэт хөөцөлдөн алдаа гаргах, амьдралд итгэх итгэл алдах явдал өнөөгийн нийгэмд түгээмэл байгаад шүүмжлэлтэй хандаж эмэгтэй хүний амьдрал, амжилтад дотоод гоо сайхны ач холбогдол, хэрхэн үүнийгээ нээн илрүүлэх, хөгжүүлэх, амьдралын зөв хэвшлийг бүрдүүлэх, зорилго тэмүүлэлтэй амьдрах тухай зөвлөжээ.
"Тасдаж үл болох сарнай" өгүүллэгийн түүвэр нь түүний утга зохиолын төрлөөр туурвисан анхны бүтээл байсан бөгөөд 2015 оны Интерном номын дэлгүүрийн хамгийн өндөр борлуулалттай уран зохиолын бэстселлерээр шалгарч байсан.
“Алганы хээ” романд хүний хувь заяа, түүний удам судар, заяа төөргөөс хамаарах боловч зөв үйлээр шударга үнэнийг эрэлхийлсэн амьдралаар замнавал хүн утга төгс, төвшин амарлингуй амьдралыг бүтээнэ гэдгийг харуулахыг зорьжээ. Энэхүү ном нь 1990-ээд оны Монгол улсын шилжилтийн нийгэм, тэр үеийн оюутан залуусын гэгээн ариун хүсэл мөрөөдөл, амьдрал, хайр сэтгэлийн мөн чанарыг эрхэм уншигч танд хүргэх болно.