3:26 PM

 


ТАЛД ӨДӨЛСӨН ХУН шинэ роман юуны тухай өгүүлэх вэ

ЗОХИОЛЧООС УНШИГЧ ТҮМЭНДЭЭ ХҮРГЭХ ҮГ

“ТАЛД ӨДӨЛСӨН ХУН” роман хэрхэн бүтсэн хийгээд яагаад зохиолч миний бие энэхүү

сэдвийг сонирхох болсныг энд үл нуршан өгүүлэхэд:

Миний бие “СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ” романаа уншигчдад хүргээд удаагүй байхдаа уран

бүтээлч хүний сэтгэл зүрх рүү өнгийсэн нэгэн сайхан роман бичихсэн гэж хорхойсох болсон билээ. Уран бүтээлч тэр тусмаа хамгийн эмзэг торгон мэдрэмжтэй балетчин хүний зүрх сэтгэл, дотоод ертөнц, гоц хэтийдсэн авъяас билигтний жаргал хийгээд зовлон гунигийг уншигчдад дэлгэн үзүүлэхсэн гэж хүсэн, бүр тэсч ядан байлаа. Эгэл хүмүүсийн хувьд тайзан дээр л харагддаг их урлагт биеэ зольсон хүний амьдрал нэг талаар гуниг зовлонтой ч нөгөөтэйгүүр агуужим саруул байдгийг уншигч авхай нар юу эс андах билээ.

Харин миний хувьд тэрхүү сонгодог бүжигчин бүсгүйн тайзан дээрх төдийгүй эгэл амьдрал дээрх уналт сэргэлт, алдар нэрийн тойрог дахь эгэлгүй хувь заяаг үгийн ураар бүтээхсэн гэх хүсэл намайг хөглөсөн билээ. Гэвч зохиолын санаа сэдэл орж ирээд эхний хэсгээ бичсэн ч миний санаснаар урагшилж өгсөнгүй би бүтэн жил бүр юу ч бичих хүсэлгүй болтлоо таг гацчихлаа.

Эхлээд хоёрдугаар бүлэг болох “ХУНГИЙН ДАЛЬ ХУГАРАХ УЧИРГҮЙ” хэсэгтээ Үүрийнцолмон хэмээх нэр шигээ балетын од бүжигчний хүсэл мөрөөдөл, амьдрал тэмцэл, гуниг зовлон, хайр сэтгэлийн тухай чадан ядан хэлхсэн зохиолоо бичиж дуусгасан боловч надад өөрт чамлалттай, дутуу санагдаж байсан тул хэрхэхээ эргэцүүлэхээр хэсэг зуур зохиолоо бүр орхиж үзэв. Харин энэ зуур яагаад эгэл нүүдэлчин малчин монголчууд нэгхэн жарны дотор балет гэх сонгодог урлагийг дээд зэргээр эзэмшиж, дэлхийн хэмжээнд хүрэв гэсэн асуулт миний дотор эргэлдсээр байлаа. 

Нэг л өдөр би хариултаа олсон юм.Учир юун хэмээвээс бүжиг бол биеийн гэхээс илүүтэй ухаан сэтгэлгээний урлаг. Балет байна уу, биелгээ байна уу ялгаагүй уран биеийн хөдөлгөөнөөс гадна ухааны ураар бүждэг буй за. Ухаант монголчууд маань ялангуяа баруун монголчуудад бий биелэгээ гэж гайхамшгийг хэдэн зуунаар хэдэн үе дамжуулан өвлөн өнөө цагт хүргэжээ гэдгийг би олж харлаа. Тэр ур эрдмийг өвлөсөн ард түмний үр сад ТАЛД ӨДӨЛСӨН ХУН мэт сонгодог балетын одод бололгүй ч яах билээ гэсэн омогшил төрөөд ирсэн юм. 

Бий биелэгээний гайхамшгийг багтаахгүйгээр би хэрхэн бүжигчин хүний ертөнцийг бүтээж чадах билээ. Би бүжиг урлаг судлаач биш жирийн нэгэн бичгийн хүн мунгинан будилж байх магадлалтай. Гэвч мунхаг миний бодлоор бий биелгээний гар, хөлийн хөдөлгөөнөөр урлан гаргах дотоод сэтгэлийн илэрхийлэл сонгодог балеттай ижилхэн юмуу даа гэж би бодном. Яагаад торгууд түмэн рүү орсон бэ гэхээр ёстой учрал ерөөл байсан хэрэг биз хайрт залуудаа сэтгэлээ илчлэн бүждэг “Ховог” хэмээх торгууд сэвгэрийн бичлэг үзээд самсаа шархираад ирсэн. Миний өвөг дээдэс дунд 1800 оны эхээр Ховдын хязгаарт Булган голын орчимд алба хааж байгаад үлдсэн элэнц өвгийн минь дүү нар байдаг гэдгийг би ургийн бичгээсээ мэдэж авсан билээ. Учир иймээс хэдийгээр жинхэнэ торгууд угсааны сэвгэр биш ч гэлээ торгуудын их нүүдэл, торгууд түмний зовлон жаргалыг нулимстай нүдээр сэтгэлээсээ ургуулж, эр зоригийг нь бахдан биширч, бүжиг дуу хуурыг нь уяран бичиглэсэн минь эртний нэгэн учрал ерөөл буй за гэж би бодном. 

Гэвч энэхүү роман минь түүхэн зохиол биш юм. Түүхэн гэх барьсан ганц эх сурвалж бол Ижил мөрнөөс нүүж ирсэн Шэйрэн тайшийн үр удам болох вангийн торгуудуудын сүүлчийн засаг ноён жүн ван Мижиддорж бий биелэгээний гэр сургууль байгуулж “Агсал Хулай Баатар” дуулалт жүжгийг дэглэн тоглуулж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ бүхэн цаг хугацааны хувьд миний зохиолдоо бичсэнчлэн Ардын хувьсгалын дараа биш 1800 оны төгсгөлөөр байсан байх магадлалтай. Би зохиолдоо гол дүрүүдийнхээ амьдрал түүхэнд тааруулан хувьсгалын дараа болсон байдлаар бичсэн болно. Мөн энэхүү романы Магсар ван, Дунгаа гүнж, Нэржид хатан цөм бүгд түүхэн хүмүүс биш бөгөөд, миний хийсвэрлэлээр бүтсэн дүрүүд гэдгийг түүхчид, судлаачид нар минь болгоон уншина уу. Шинжааны Алтайн хязгаарын захирагч торгуудын Балт вангийн гүнж Ниржидмаа гэж түүхэн бодит хүн байсныг, хожим тэр гүнж Францад суурьшсан тухай Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хеннинг Хаслунд-Кристенсен үлдээсэн нь буй. Гэвч энэхүү романы Нэржид хатан бол тэр гүнжтэй ямар ч холбоогүй бөгөөд түүнээс үйлийн үр, заяа тавилан нь ч тэс өөр нэгэн зохиомол дүр гэдгийг уншигч авхай минь болгооно буй заа. Нэрийг солих бодол байсан ч Нэржид хэмээх яруу эгшиглэнт торгууд нэрийг авч үлдмээр санагдаад тэр чигээр нь оруулсан билээ. Иймд Ниржидмаа гүнж, миний амилуулсан Нэржид хатныг эрхэм уншигч нар будилан холихгүйгээр зөвхөн нэр нэгтэн байдлаар хүлээн авч болгоон уншихыг хичээнгүйлэн хүсч байна.

Энэхүү номыг бичих явцад ном маань яах аргагүй зохиолч миний оюун бодлын үр жимс боловсорч, жамаараа дуншин төрж буй бүтээл биз гэж итгэж гайхширахаас аргагүй хэд хэдэн эгэл бус явдлууд надад тохиолдсоныг би энд дурьдмаар байна. 

Торгууд бий биелгээг оруулах л ёстой байсан миний сонголт зөв болохыг баталсан нэгэн тохиол бол би хэдэн өдөр эрэлхэг торгууд түмнээр амьсгалан өдөр шөнөгүй гацаанаас гарсан хүн Шэйрэн тайшийн нүүдэл, Агсал хулийн гэр сургуулийн тухай биччихээд торгууд түмний өлгий нутаг Булган гол, Бүрэнхайрхан уулыг нүдээр хараагүйн учир бодитой тодорхой дүрслэх санаатай интернет орж Ховд аймгийн Булган сумын танилцуулга уншсан юм. Гэтэл МУГЖ балетчин Д.Алтанхуяг, түүний аав бүжигчин гавъяат Дугараа гуайн нэрс уг нутгаас төрсөн алдартнууд дунд байхыг харж баярлан басхүү гайхав. Гайхахын учир нь би Д.Алтанхуягийг эрхбиш дэлхийн хэмжээний балетчин гэдгийг мэдэхээс түүний угсаа гарал Ховд аймгийн Булган сумын гаралтай, түүний аав Дугараа гуайг бүжигчин биелээч, ардын урлагийн мастер хүн гэдгийг нь мэдээгүй байсан хэрэг. Бас зохиолын маань нэгэн гол дүр Дунгаа гүнж санамсаргүй тохиолоор Дугараа гуайн нэртэй их төстэй болсон нь миний гайхашийг барав.

Бас нэгэн тохиол бол миний бие 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 06-ний хооронд Андын нуруунд аялж, ноён оргил Аконкагуа ууланд авирсан билээ. Тийшээ зорихдоо миний номын багш Төрийн соёрхолт зохиолч Д.Норов абугайн санааг нь чилээхээс эмээхдээ дуулгаагүй явсан юм. Яг авиралт эхлэхийн урьд орой багшаас минь цахим шуудан ирж дэггүй шавь нь хаагуур хийсгэж явааг асуусан байв. Басхүү намайг өвгөн багшийнхаа хамтаар (миний өндөр нагац Д.Суръяаг хэлж) зүүдэнд нь үзэгдсэнийг уг цахим захидалдаа бичсэн байв. Би Андын нуруунд яваагаа дуулгахад багш маань тэр уулсын хаан шувуу болох кондор (хэт өндөрт амьдарч чаддаг бүргэдийн төрлийн шувуу) шувууг дурандаа буулгаад ирэхийг хүслээ. Би далайн түвшнээс дээш 6000 метрт мацаж явахдаа хос кондор дээгүүр эргэлдэхийг харсан ч бээрсэн Iphonе зураг дарахыг зөвшөөрсөнгүй их харамслаа. Гэвч тэр хос шувуудыг хэзээ ч мартахгүйгээр сэтгэлдээ зураглан үлдээсэн билээ. Уулнаас бууж яваад би цангаж ядарсандаа хэсэг зуур ухаан самуурах шахлаа. 

Бас хамгийн сонин жигтэй нь яг тэр мөчид өөр нэгэн билиг авъяастай уран бүтээлч миний тухай “Зохиолч Б.Эрхэмбаярын ялгарал” хэмээх нэртэй нийтлэл бичсэн байдаг. Уулнаас буусан хойноо чухам яагаад миний тухай гэнэт бичих болсон учрыг лавлахад “Два Орла” (Оросоор “Хоёр бүргэд” гэх утгатай) гэх дуу өглөө ажилд явахаар гэрээс гартал аманд орж ирээд, гэнэт чи бас номнууд чинь бодолд орж ирээд ядах юмгүй ажил дээрээ ирээд биччихсэн гэх нь хачин жигтэй санагдав. Бодоод байхад тэнгэрт эргэлдэж байсан тэр хоёр кондорын нүдээр намайг уул руу мацаж, эцэж ядарсан байхыг харсан ч юм шиг. Энэ бүх тайлагдашгүй учрал тохиол, зөн совингийн зангилаанд бодит үнэн оршдогийг би энэхүү номондоо оруулах ёстой болоод түүнийг олж нээтлээ эсвэл мэдэрч ухаартлаа номоо дүүргэж бүтээхээ хүлээсэн ч юм шиг. 

Гэвч номыг маань уншихыг тэсэн ядан хүлээж байсан Норов багшдаа амьд сэрүүнд нь уншуулж чадаагүйдээ элэг зүрх минь эмтрэн харамснам. Багш минь миний амилуулж буй бүжигчнийг гаднаас нь харахад эмзэг туниагүй хэдий ч дотооддоо асар их сэтгэлийн хүчтэй нэгэн байх биз ээ хэмээн яг л номын гол дүр Үүрийнцолмонг харсан юм шиг төсөөлснөө надад зурвас болгон илгээж байсан билээ. Гэвч багш маань бас миний сүүлийн нэг жил гацаанд орсныг гадарлаж байсан ч байж мэдэх. Хамгийн сүүлд тэнгэрт халихаасаа сар орчмын өмнө надад цахим зурвас илгээж эмнэлэгт хэвтсэнээ хэлж, юу хийж байгааг минь лавлахад би урмыг нь хугалчихгүй санаатай кино зохиол дээр сууж байгаагаа хэлсэн юм. Тэгтэл багшаас минь хамгийн сүүлчийн зурвас ирж “...Кинонд гүн ордог чинь их сайн. Урлаж л байвал тэр зохиолч. Яриад явдаг ам зохиолч бол цаасан шувуу...” гэж эцсийн захиасаа захисан билээ. Түүний энэ л халуун урмын үг сургаалиар би жигүүр хийж хөл хорионы чимээгүй саруудыг хайрт багшаа дурсан дурсан энэхүү номоо бичиж, сэтгэлийн өрөө дарлаа.

Номоо ид дундаа бичиж өдөр шөнийг ч ялгахгүй болсон хөл хорионы цагаар 2021 оны 1 дүгээр сарын 07-08 шилжих шөнө үүрээр би нэгэн бяцхан ламхайг шөнөжин зүүдэлж хонолоо. Өглөө сэрчихээд юуны учир ямар гээч ламхайг тийм тодоор зүүдлэв гэж эргэцүүлэх завсар зуршил ёсоороо “утсаа маажиж” суутал өнгөрсөн оны 11-р сард миний эхээс унасан газар болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийнхны уулзалтанд Пэрэнлэй гэх хувилгааны тухай, засаг ноёны хүү, “жаахан хутагт” алдартай түүний амьдарч байсан байшин өдий хүртэл хадгалагдан үлдсэн тухай сонсож сонирхохдоо нутгийн нэгэн хүнээс тэр хувилгааны тухай мэдэж болохуйц баримт мэдээлэл байвал цахимаар явуулахыг хүссэн юм. Нутгийн тэр хүн маргааш нь явуулсан байсан ч утсаар зургийг дарж явуулсан хэдэн хуудсыг унших гэсээр завдаагүй явсан нь миний нүдэнд торж түүнийг нээж уншлаа. Би Пэрэнлэй хувилгаан гэхээр нэлээн настай хүнээр төсөөлж байсан үгүй юм. Тэрээр дөнгөж хорин гуравхан насандаа хэлмэгдэж 1938 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр цаазлуулжээ. Мунхаг миний бодол, төсөөлөл зохиолдоо хэт ороод юухан хээхнийг ч хамаатуулж бодоод байх магадлалтай ч юуны учир бяцхан ламхай зүүдэлж тэр нь жаахан хутагтын амь хохирсон шөнийн ойн дээр над дээр ирэв гэдэг нь бас л зүгээргүй ч явдал шиг санагдсныг нуух юун. Мөн миний зохиолын нэгэн дүр Чулуун бол шарын шашин, бөө мөргөлийн алины ч талын биш зүгээр л онцгой их зөнч мэргэн, төрөлхийн их авъяастан, яг л жаахан хутагт Пэрэнлэй хувилгаан шиг хүн билээ. Пэрэнлэй хувилгаан яг л миний зохиолын Чулуун шиг харсан мэт ирээдүйг зөгнөн хэлдэг авъяас билигтэй нэгэн байсныг би тэгж мэдэж авсан юм. 

Энэ дэлхийд заавал Монголд ч гэхгүй иймэрхүү дээд оюун ухааных нь зөн совин, билгийн гуравдагч мэлмий нь нээгдсэн сод билэгтнүүд олон байсан. Тэд эгэл бусдын мэдэхгүйг мэддэгтээ адлагдан христын шашныханд бол шулам чөтгөр нэр зүүн хэдэн зуугаараа галд шатаагдаж байсан түүх Монголд давтагдан Пэрэнлэй мэт эгэлгүй сод билэгтнүүд коммунистуудад эсэргүү хэмээгдэн алтан амь хохирсон нь харамсалтай. Өнөө цагт ч би боддог, бусдын мэддэггүйг мэддэг, мэдэрдэггүйг мэдэрдэг, хийж чаддаггүйг чаддаг эгэлгүй хүмүүс бас л хэлмэгдэн гадуурхагдаж, харин эрдэм чадлаар гавихгүй ч арга заль мэхтнүүд түмний оройд залагдах нь орчлонгийн нэгэн хоржоонтой тохуурхал гэлтэй. Гэвч Бумбын эрин эхэлж эгэлгүй мэргэдэд нээлттэй, ээлтэй он цагууд ирж буйд зохиолч миний бие итгэн гэрэлтэж буйн ялдамд энэхүү номоо Уншигч олондоо өргөн барьж буйдаа нэн баяртай байна.

Балетын хувьд надад олон хүн дүрээ босгох судалгаа хийх зорилгоор өнөө цагийн алдартай балетчидтай уулзаж ярилцахыг зөвлөсөн боловч би нэг ч балетчинтай нүүр тулж уулзаагүй. Яагаад ч юм тийм завшаан ч олдсонгүй. Гэхдээ ном бичих явцдаа үг дуу цөөрч дотогшоо орчихдог хүний хувьд хэн нэгэнтэй ярилцаж суухыг би өөрөө үнэхээр хүсээгүй ч байж мэдэх юм. Энэ их урлагийг уран зохиолд буулгах гэж байж яасан “том толгойтой” бичээч вэ гэж олон хүн зэмлэх ч магад. Мэдээж би олон алдартнуудын ярилцлага, тэдний бүжиглэхийг бичлэгээр олон олон удаа үзсэн л дээ. Энэ аялгуу дээр хэрэв би бүжигчин байсан бол хэрхэн бүжиглэх бол гэж төсөөлж, тэр төсөөллөө цаасан дээр буулгасан билээ. Гэвч хэнтэй ч ярилцахгүйгээр, цэгцтэй судалгаа юу ч хийлгүйгээр ингэж зориглосны гол учир нь нэгдүгээрт би найман настайгаасаа анх “Хунт нуур” бүжгийн жүжгийг Дуурийн театрт үзсэн цагаас энэ урлагт татагдсан чамгүй боловсорсон үзэгчийн мэдлэг мэдрэмжиндээ найдсан, хоёрдугаарт миний амилуулах дүр балетчин Үүрийнцолмон маань бодит амьдрал дээрх хэн нэгний хуулбар байхаас зохиолчийн хувьд би эмээсэн, гуравдугаарт цэвэр өөрийн зохиолчийн мэдрэмжээрээ, үгээр дүр бүтээдэг надаас хөдөлгөөнөөр л дүр урладгаас бус адилхан уран бүтээлч бүжигчин хүнийг амьдруулж чадахгүй бол ямар юмных нь зохиолч байх билээ гэсэн миний бяцхан бардамналаас болсон билээ.

Бүжиг бол миний олж нээснээр гар, хөл, биеийн уран хөдөлгөөн гэхээс илүүтэй сэтгэл зүрхний уран гоёмсог хөдөлгөөн юм. Хайр бол сэтгэл зүрхний уран бүжиг юм. Хайраа сэтгэл зүрхний бүжиг болгох уу, хар хорын харанхуй ангал болгох уу гэдэг эзэн биеэс хамаарна гэдгийг романыхаа гол дүрүүд болох Дунгаа гүнж, Нэржид хатан, Үүрийнцолмон, Мөрөн нарын заяа тавилан, үйлийн үрийг тольдон Эрхэмсэг уншигч авхай нартаа үзэглэн хүргэлээ.

Ном дор мөргөмү. Хайр болоод бүжиг дор биширмү.

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр

2021.02.20

Улаанбаатар хот.


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл