9:26 AM

ХЭНДЭЭ Ч ГЭЖ ОЁХОВ ДЭЭ
(Богино өгүүллэг)


Нэрэн эмгэнд наян насны ойгоор нь зээ охин нь өөрөө урласан гэх том том өлзий хээтэй торгон дээл бэлэглэжээ. Торгоны сайхныг хараа муудсан хөгшин мойног хурууны өндгөөр тэмтэрч үзээд л мэдэв. Зээ охин нь торго амилуулах увидастайг бөгтийж эв хавгүй болсон биед нь яг суугаад биеийн хэлбэрээр намирах торгоны шидээр мэдэж ядах юм байсангүй.
Ай торгон Нэрэн гэж алдартай явсныг нь зээ охин нь байтугай хүүхдүүд нь ч мэдэхгүй ч үхэхийн өмнө өөрт нь хувь заяа дахин сануулсан нь энэ буй заа.

Тэр жил Нэрэн зээ охин шигээ дөнгөж арваннайм шүргэсэн, урт хар гэзэгтэй гоолиг жаалхан бүсгүй байхдаа анх хонины бэлчээрт Нацагтай дотносон сэтгэлээ өгчээ. Хөгшний нүдэнд цав цагаан шүдээ яралзуулан инээсэн Нацагийн царай өчигдөрхөн мэт тодорч ирлээ. Эжий аав, ер хэн бүгдээс нууцхан хайрласан Нацагтаа нагац ах нь тэр өвөл хангай газар луу жин тээхдээ авчирч өгсөн хүрэн торгоор өдөр судрыг нь тааруулан хонины бэлчээрт дээл эсгэн гараа гарган урлаж билээ. Тэр үе бол Нэрэнгийн үйлчний ур хавь ойрынхонд танигдаж эхлээд байсан цаг. Баяд ноёдын ганган хээнцэр эхнэрүүдийн дунд ч Нэрэнгийн урласан хошмогтой дээл, хонин холбоогоор шаглаж шүр сувдаар чимэглэсэн тоорцог малгай, алтан саагаар ороосон эхнэр дээл сэлтийн ур хийц шагшигдаж эхлээд байсан цаг. Ихэс дээдсийн эхнэрүүдийн дэгжин шаавай дээлийг урладаг Нэрэнд амраг залуудаа жирийн нэгэн дээл хийх нэг хонины ээлжний л ажил байлаа. Гэвч Нэрэн яарсангүй хэд хэдэн хонины ээлж дамнуулан байж эр хүнд гэхэд ялимгүй тод хүрэн торгон дээлийг гараа гарган, сэтгэлээ шингээн оёсон юм. Нэрэнд оёхоос гадна бас нэгэн шид байсан нь тэр торгоны чанар чансааг хуруугаараа имрэхийн төдийд л мэддэг байлаа. Түүнийг торгон Нэрэн алдар хайрлах нэг явдал болсныг ч эмгэн нэхэн саналаа. Бүсгүйг тэгэхэд Баян Бааран гэх хижээл насны эр залуу эхнэртээ торгон ууж оёулахаар гэртээ залжээ. Баян Баарангийн залуу эрх эхнэр Ямпилмаа Нэрэнтэй үеийн боловч ёстой торгонд хөлбөрнө гээч нь л энэ байхдаа гэмээр хуй хуйгаар торго хураасан өргөөндөө түүнийг оруулаад алаг эрээн хээ хуартайгаас нь эхлэн дэлгэж “Үүгээр л нэг сайхан энэ нутагт урд хожид хэн ч өмсөж үзээгүй эхнэр ууж хийлгэх юмсан” гэж хэлээд санаа алджээ. Нэрэн Янпилмаагийн ялимгүй бараандуу царайнд шар саатай хул шаргал торгыг барьж үзээд “ Ахайтан танд үүгээр ууж оёулбал тун сайхан зохино доо” гэж хэлэв. Янпилмаа тэр олон торгон дундаас өөрт нь бол өнгө муутай харагдах торгыг хараад “Хн. Ийм сайхан торгонууд байхад заавал үүнийг сонгох гэж үү, хэрэв миний энэ жилийн наадамд өмсөх ууж Засаг ноёны их хатныхаас илүү сайхан болохгүй бол чи наад торгоныхоо үнийг насаараа төлж барахгүй гэж мэдээрэй” гэж омогджээ. Гэвч Нэрэн түүнээс эмээсэнгүй итгэлтэй харахыг Ямпилмаа ажаад ааш нь зөөлөрч “За, өөрөө мэд” гэжээ. Тэгээд ч хөгшин эртэй нийлснээс амьдрал нь амтгүйдсэн Ямпилмаад ямар торгоор юу хийлгэнэв торго ямар хайран биш. Нэрэнгийн хэлснээр ч болж хулсан шаргал торгыг улаан торгоор хамжаарлан, далайн сувд шүрээр хуарлан урласан дээл үнэхээр л тэр нутгийнхан урд хожид хараагүй гоёмсог дээл болж түүнийг “торгон Нэрэн” гэлцэх болов. Тэр цагаас хойш Нэрэнгийн торгоны чансаа таних, уран үйлээрээ амилуулах увьдас тэгж хавь ойрд алдаршин баяд ноёдын эхнэрүүд Нэрэн рүү цуварцгаах болсон юм.
Нэрэн Нацагт хийсэн дээлээ мэтгэж дүүргээд түүнийг ирэхийг хүлээн хонины бэлчээрт дэгэлзэн байх ахуйл амраг залуу нь айраг найрын цаг болоод ч тэрүү хүсэн хүлээснээр нь ирэхгүй нь гачлантай. Нацаг айл саахалтаар мордоод яваа сураг гарах ч, охин биеийг нь сэтгэлтэй нь хамт эвдээд явсан тэр залуу Нэрэнтэй дахин уулзсангүй. Тэр намаржингаа амраг залуудаа урласан дээлээ өдөр бүр хонины бэлчээрт нандигнан ганзагалаад хүлээсэн Нэрэнгийн нулимс ширгэж сэтгэл нь хувхайрав. Үйлээ ч мэтгэж чадахаа болив. Урьж залдаг айлуудад аргагүйн эрхэнд очиж урласан бүхэн нь эзэддээ гологдов. Сэтгэл үхсэн бол үйл ч бас үхдэг ажээ. Авгай хүүхнүүд “Торгон Нэрэн хайран сайхан торгоор минь наадаад хаячихлаа. Магтсан хүүхэн хуримандаа унгана гэж энэ дээ” гэцгээж хэсэг шуугилдаад торгон Нэрэн алдар нь ч мартагдан замхарчээ.
Нэрэнгийн Нацагт өгсөн хайр харин эр нөхөрт очсон ч мөнөөх эзэндээ хүрээгүй торгон дээл шиг эвхээстэйгээрээ хуучирч мартагдсангүй. Нэрэн хүрэн торгон дээлийг нандигнан баадагнаад хөлийнхөө авдарт хадгалжээ. Тэр цагаас торгон Нэрэн алдар нь ч мартагдаж тэр дахин торго амилуулах үйл үртэс хийсэнгүй. Даавуу даалимбханаар л эр нөхөр үр хүүхэддээ дээл хийсээр насыг баржээ. Уг нь эр нөхөр нь бэл бэнчинтэй айлын сэтгэл сайтай залуу байсан ч Нэрэнгийн ширгэсэн сэтгэл, үйлийн урыг сэргээж чадсангүй. Идэр насандаа нөхөр нь нэг удаа наадмаар усан тэлмэн жороо хос морьд бариад “Энэ жил хоёулаа сайхан наадацгаанаа чамайг чинь залуудаа торгон Нэрэн гэлцдэг байсандаа чи нэг сайхан ижил торгон дээл оёоч” гэж гуйжээ. Нэрэн тэгэхэд жишимгүйгээр “Торго, дурдан өмссөнгүй гээд хүнээ байчихдаггүй байлгүй дээ” гэж цааргалаад мөн л хөдөлсөнгүй. Харин хадан гэртээ буцахын энэ цагт нь зээ охин нь торго амилуулдаг шидийг нь сануулахад хөгшин сая л сэрхийж нойргүй хонож залуу цагийн явдлаа нэгд нэггүй уудлан санажээ. Хэндээ ч гэж оёхов дээ гэж Нацагт гомдсон гомдлоороо хувь тавилангаа ийн насаараа боомилон амьдарснаа тэр сая л мэджээ. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж чадсан бол түүнд торго амилуулах шидээ бэлэглэх хань нөхөр, үр хүүхэд, айл олон бүгд байсан. Тэр тэдэндээ Нацагт гологдсноос ч сайхан торгон дээлүүд олныг оёх л байсан. Уг нь үйл урлах энэ хойд насны үйлийн үрийг нимгэлдэг гэдэг.
Б.Эрхэмбаяр
2020 оны 6 дугаар сарын 27

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл