Би уулчин биш гэхдээ уул ярьдаг гэдгийг мэдэрсэн

3:27 PM

Би уулчин биш гэхдээ уул ярьдаг гэдгийг мэдэрсэн



Уулын аялалын экспедицэд явах болсноо нэгэн гадаад найздаа дуулгатал тэр “Чамд сайхан туршлага болно. Уултай сайн ярилц” гэж надад хэлсэн юм. Тэр надаас нэлээн ахмад бас урьд нь ууланд нэг хэсэг л “дурлаж” явсан хүн. “Уултай ярилцах аа?” гэж би түүнээс эргүүлэн асуухдаа үнэхээр өнгөрсөн жил К-2 уул руу аялалд явахдаа дотроо өөртэйгээ ч юм уу өрөөлтэй ч юм уу эсвэл магадгүй уултай ярилцаж явснаа гэнэт саналаа. Тэгэхэд би өөртэйгөө биш уулстай ярилцаж явсан байх нь гэх бодол зэрвэсхэн намайг эзэмдэхэд “Уул нээрээ ярьдаг гэж үү?” гэж мөн л түүнийг хариу хэлэхээс өмнө дахин лавлаад шүүрс алдаж билээ. 
Миний хэлснийг найз маань олзуурхан шүүрч аваад “Тийм ээ. Уулс үнэхээр ярьдаг юм. Би олон жилийн өмнө авиралт хийж байгаад крампүүн (уулын хадаастай гутал, муурын хумс гэж сүүлийн үед хүмүүс нэрлээд байсан) маань нэг нь эвдрээд яг эгц өндөрлөгт гарахын өмнөхөн цааш ч явах аргагүй, буух ч аргагүй болж билээ. Тэгээд уулнаас гуйсан юм. Намайг эсэн мэнд хормойдоо хүргээч гэж”.  “Тэгээд уул чамайг сонссон уу?” гэж асуучихаад би хариултыг амьсгаа даран хүлээлээ. “Сонссон. Уул сонсоё гэж хүссэн хүнээ сонсдог юм” гэж найз маань бодлогоширонгуй гэхдээ итгэлтэйгээр надад хариуллаа.



Түүний хэлсэн энэ үг 2017 оны 8 дугаар сард хийсэн уулын аялалын туршид миний зүрх сэтгэлд хадаастай явсан юм. “Надтай уул ярилцах болов уу? Уул намайг тоож сонсох болов уу?” гэсэн бодол толгойд минь үе үе эргэлдсээр.  Бид 3 долоо хоногийн аялалаараа Дэлгэрхаан хайрхан (далайн түвшнээс дээш 3090 м), 




Богд Очирваань хайрхан гэж хүндэтгэдэг Отгонтэнгэр хайрхан (дтд 4003 м), Таван Богдын уулсын хамгийн өндөр оргил болох Хүйтэнд (дтд 4374м) авирахаар төлөвлөсөн байлаа. Энэ удаад өнгөрсөн жил Богд уулнаас шууд “үхлийн уул” гэж нэрийддэг К2 уулын үндсэн отогт  (үндсэн отог нь дтд 5300 м байрладаг) хүрч үзсэнээс цаашгүй байсан би Сутай хайрхан, Асралт гээд Монгол нутгийнхаа хоёр оргилд хөл тавиад үзчихсэндээ басхүү додигор хүн явлаа. 




Болоочгүй энэ хоёр оргил дээр майхантай хоноглосон гэж байгаа. Асралтад бол бүр хөхөө өвлийн хүйтэнд хөр цасны хайрууд 2 дугаар сарын эхээр гарч салхигүй тогтуун байсан тул бяцхан улаан майхнаа хатгаад -35 хэмийн хүйтэнд тусгай технологийн хувцас гуталдаа найдаад нэг шөнө болсон юм.


Гэсэн ч аялал дуусан дуустал миний дотор Монголынхоо хамгийн сүрлэг 3 ууланд би гарч чадах болов уу гэсэн эргэлзээ үе үе сүүмэлзсээр явлаа. Харин би энэ удаад найзынхаа зөвлөснөөр уулстай жинхэнээсээ ярилцахаар шийдсэн юм. Дэлгэрхаан уулын хадан хавцал дундуур авирахад заримдаа барьц авсан чулуу үе үе гараас бутран алдрахад уулга алдахдаа, Отгонтэнгэр хайрханы мөсөн дуулганд крампүүныхаа шүдийг зоон гишгэдэл авахдаа, Хүйтэн уулын 18 км урт мөсөн голыг туулахдаа ангалыг алхам нэг бүрээрээ мэдрэхдээ би уулстай ярилцаж явлаа. Тийм ээ, уулс үнэхээр надтай ярилцаж эхэлсэн юм. Би одоогоор Сутай хайрхан, Асралт хайрхан, Отгонтэнгэр, Алтай Таван Богдын Хүйтэний оргилд гарч дээр нь майхантай хоноглож үзсэн ч өөрийгөө уулчин гэж нэрлэж зүрхлэхгүй. Харин би зүгээр л “уулс ярьдаг” гэдгийг л мэдэрсэн.  

Б.Эрхэмбаяр
АЛГАНЫ ХЭЭ, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номуудын зохиогч

2017 оны 7-8 саруудад































Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл