ДУРЛАЖ ХИЙВЭЛ АМЖИЛТ ӨӨРӨӨ ИРНЭ

1:42 PM


ДУРЛАЖ ХИЙВЭЛ АМЖИЛТ ӨӨРӨӨ ИРНЭ

М. Уянсүх танаа, өчүүхэн миний бүтээлүүдийг тоож уншин номын үр дэлгэрүүлсэн яруу бичгийн хүмүүн танд талархлаа. 





М.Уянсүх номнуудын минь тухай бичсэнийг би дөнгөж Андын нурууны Аконкагуа уулнаас бууж ирээд, буурчийн газар тухлан нийгэмшсэн амьдралаас төсөөрсөн бие сэтгэлээ арай ядан аргадан суух тэр цагт гэнэтийн мэдээ болон ирсэн юм. Бүтэн 3 долоо хоног ууланд амьдарснаас нүүрном руугаа шагайж хараагүй надад санаа зовсон гэрийнхэн найзуудын илгээсэн зурвасаас гадна цахим шууданд минь:

-Эрхэмээ чиний тухай ингэж бичиж, уншсан уу? гэсэн анхаарал татав. 

Миний тухай бас хэн нь юу биччихсэн юм бол гэж бодсон би,

-Үгүй, хэн? гэтэл,

-Яруу найрагч Уянсүх? Мундаг юмаа баяр хүргэе, чи азтай юм.

Би яаран хариу хэлсэнгүй. Харин ч хэн нэгэн миний тухай бичихэд яагаад надад баяр хүргэж, би азтан болдог  билээ гэх хэгжүүн бодол ч төрнө. Утга зохиолын тогоонд хутгалдаад удаагүй бибээр надад дээрх мэдээг хүргэсэн бүсгүйн үгэнд яг үнэндээ нэг их баярласан ч үгүй. Түүний илгээсэн “М.Уянсүх. Зохиолч Б. Эрхэмбаярын ялгарал” гэсэн гарчигтай нийтлэлийг гүйлгэж уншлаа. Төгсгөлд нийтлэл бичигдсэн он сарыг 2020.02.03-05 гэхийг хараад би басхүү гайхав. Яг миний Аконкагуа уулнаас хурдан буухын түүс болон харангадаж унах шахсан хүн явж байсан цаг мөчтэй давхцаж. Цаг хугацааны энгийн нэгэн давхцал уу эсвэл гэж бодоод хоёр дахь удаад нэлээн анхааралтай уншив. Давгүй шүү. Сайхан бичиж. Түүний илүү дутуу нялуун үггүй чин сэтгэлийн басхүү мэдээж яруухан бичвэр хад чулуутай хахир ууланд бие сэтгэлээ хайруулсан намайг соёлт ертөнцөд эргэн сэрээв.

Би Уянсүх гэх уран бүтээлийн нэртэй энэ эрхэмийг бүр таньдаг ч үгүй байж байгаад хэдэн жилийн өмнө бидний хэдэн эмэгтэй зохиолчдыг нөгөөх айхавтар шүүмжлэгчээс  өмөөрч үг хэлсэн цагаас нь мэдэх болсон билээ. Тэр цагт элдвээр хэлүүлж, үгэн суманд эмзэг сэтгэлээ хайр найргүй сийчүүлсэн бибээр уран зохиолынхон андахгүй ч жирийн уншигчид бол нэг их сайн танихгүй түүнийг нүүрномныхноос хэн болохыг нь асуусан биш өдий хүртэл түүнийг мэдэхгүй юугаа хийж явсан хүн бэ чи гэж зад загнуулав. Нээрэн би ийм л гэнэн хүн. Жаахан хашир, дотуур санаатай догь нэгэн бол ядаж энэ хүн хэн юм бол гэж эхлээд дам асууж тандах байсан биз. Гэтэд би түүний бичвэрийг уншмагцаа шууд хийсэн үйлдэл маань олон нийтийн дунд нээлттэйгээр, эрхэм яруу найрагч, МУЗ-ын дээд шагнал Алтан өдийн эзэн түүнийг “Энэ хэн бэ?” гэж гудигч үгүй асуусан явдал байлаа. Хариуд нь “Арай ч дээ түүнийг танихгүй байхдаа яах вэ дээ. Тэгээд яаж уран зохиол рүү зүрхлэн өнгийв, чи? “Уянсүх тийм ч хөгшин хүн биш, гуайлаад байх хэрэггүй шүү. “Түүнийг мэддэггүй чинь харамсалтай. Монголын уран зохиол ч яндаж болохгүй далай шүү. Ёроолыг нь сайн шүүрдвэл Уянсүх мэтийн сувд ч шүүрдэгдэнэ” гэх мэтээр намайг ёжилсон, ёворсон олон сэтгэгдлүүд хөврөв. Тэгээд би номын дэлгүүр орж түүний номнууд болох “УХАМСРЫН УРСГАЛ”, “МЯНГА ХОЁРДАХЬ ШӨНӨ ТОХИОСОН ИД ШИДГҮЙ ҮЛГЭР” гэсэн номнуудыг нь худалдан авлаа. Номын дэлгүүрт байсан нь л энэ. Бусад нь дуусаж. Гэртээ хариад авсан номнуудаа шууд л уншиж гарлаа. Уншиж дуусаад ичлээ. Нээрэн арай ч дээ. “УХАМСРЫН УРСГАЛ”-ын нэг бүлэг болох “Ойрад”-ыг уншаад хэдий би ойрад хүн биш ч зүрх сэтгэл шархирлаа. Эссэ байдлаар бичсэн энэ номноос уран бүтээлч хүний эрхэм чанар, өргөн мэдлэг, нарийн торгон мэдрэмж нэвт шувт үнэртэнэ. Ингэж бичдэг хүнийг урьд өмнө нь уншаагүй бүр мэддэг ч үгүй явж яаж чадав аа Эрхэмээ чи!?  

За энэ сунжруу урт оршил ч яах вэ. Би уг нь өөр юм бичиж байгаад намайг юу хатгасныг мэдэхгүй өглөө ажилдаа явах замдаа амандаа Бизегийн Кармен дуурийн Хабанераг учиргүй их аялав. Гэнэт аль 2 сарын өмнө Уянсүх миний номнуудын талаар бичсэнийг бас эргэн санав. Мөн өчигдөр бичиж эхэлсэн энэхүү сүржиндүү гарчигтай нийтлэлээ ч саналаа. Уянсүхийн нийтлэлийг өчигдөр бичсэнтэйгээ холбож бичих санаа орж ирлээ. Яг одоо бичих хүсэл төрнө. Гэтэл гудамжинд зогсоо хүн яаж бичих билээ. Цагаа харвал удаан алхана гээд ашгүй ажил эхлэхээс нэлээн эрт гарчээ. Гэрээс гараад ч удаагүй байсан тул бушуухан гэрлүүгээ эргээд гүйлээ. Буцаж ороод үг сүггүй гутлаа тайлж шидчихээд, гадуур хүрмээ ч тайлсангүй яаран ПС-ээ асаагаад тачигнуулж гарлаа. Манайхан ч яахав намайг юм бичихээрээ энэ мэт хачин зан гаргадгийг бүгд мэднэ хэн ч гайхсангүй. Бичиж дуусаад би нөгөө корона энэ тэр гээд сүржигнээд байсан хүн орж ирээд гараа ч угаагаагүй сууж байгаагаа сая л анзаарлаа. 

За одоо өчигдөр юу бичиж байсан руугаа эргээд оръё.  

...Өнөө маргаашийн амин зуулга, ахуйдаа автагдсаар нэг л мэдэхэд өөрөө юунд дуртай юу чадахаа ч анзаарах сөхөөгүй явна уу?! Тэгвэл би танд яг одооноос хүчээр хийж буй юмаа орхиод дуртай юмаа барьж ав гэж зөвлөе. Эхлэл хэзээ ч оройтдоггүй. Дуртай юмаа хийж суухад хүн сэтгэл ханамж дээд цэгт хүрдэг. Бага орлого олдог байсан ч хамаагүй ээ. Дуртай л юм болохоор хийсээр, нухсаар алдана ононо. Алдаан дээрээ суралцана. БҮТЭЛГҮЙТВЭЛ сэтгэлээр унана ГУТАРНА. Гэвч БУУЖ ӨГЧ л болохгүй. Мэдээж хүн өөрийнхөө илүү чадах авъяастай юмандаа л дуртай байдаг. Гэвч байгалийн задгай авъяасыг өнгөлж зүлгэх ХӨДӨЛМӨР байхгүй бол тэр юу ч биш. Нэг л өдөр та тайзнаас буух цаг нь ирнэ. Тиймээс тайзан дээр удаан үлдэхийн тулд ХӨГЖ улам бүр бүтээлч бай. Өдөр бүр шинэ юм МЭДЭЖ СУРАХ гэж хичээ. СОНИУЧ БАЙ. Алдарт дуучин Мадонна өдий хүртэл моднаас гаралгүй альбом бүр нь амжилт дагуулж байсны нууцаа ҮРГЭЛЖ ШИНЭЛЭГ БАЙСНЫХ гэж тайлбарласан байв. Бас мэдээж хөдөлмөр. 

Харж байхад манайхан мөнгө их олдог цаг зуурын ашигтай ажил руу өөрөө чаддаг чаддаггүйгээ мэдэхгүй ХЭН НЭГНИЙГ ДАГАН ДУУРИАН хамаагүй хошуурах юм. Хэсэг зуур гайгүй мөнгө олж болно. Гэвч 10 жилийн дараа, 20 жилийн дараа нүдэнд торох зүйл тийм цаг зуурын ажлаас юу үлдэх бол.? Ядаж өөрөө дургүй мөнгө л олох гэж хүчээр хийж буй тул хөгжихгүй замхарна.  

Аливаа юмыг дурлаж хийвэл амттай, амжилт өөрөө ирдгийг би өөрийн өчүүхэн үр дүнгээс ч танд хэлж өгч болно. Намайг гэнэт л нэг сарнайтай ном гаргаад нүүрхуудсаараа баруун солгойгүй цацсаар зохиолч гэж хэлэгдэх болсон гэж бодож байвал та андуурч байна. Би анхны шүлэг өгүүллэгүүдээ арван хэдтэй анхилхан охин байхдаа л бичээд эхэлсэн байсан. Гэвч тэр цагт зөвхөн өөрөө өөртөө л бичдэг байлаа. Технологийн дэвшлийн ачаар интернет блог гарснаар би бичсэн өгүүллэг шүлгээ бусадтай хуваалцдаг болсон. Тэр бол 2000 оны эхэн үе байх. Түүнээс хойш бараг 20-иод жил өнгөрч. Энэ хооронд би ТАСРАЛТГҮЙ БИЧСЭЭР л байсан. Өгүүллэг шүлгээс гадна жижиг нийтлэлүүд, аян замын тэмдэглэлүүд, юухан хээхэн, санаанд орсноо эвлүүлээд бусдад хэрэг болчихож магад гээд л блог дээрээ оруулчихна. Хүмүүс ч их уншина, сэтгэгдлүүд ч ар араасаа хөвөрнө. Тухайн үеийн гайгүй нэртэй “Өдрийн сонин”-д тавигдсан “Монгол маягийн боловсрол”, “Эрэгтэй хүн ажилд авна” гэсэн нийтлэлүүд маань олны анхаарал татаж шинэлэг санаа хөндлөө гэж сонины редакциас төдийгүй уншигчдаас сайшаагдсан удаатай. Анхны өгүүллэгийн түүврээ 2015 онд, нийтэд бичиж эхэлснээсээ хойш даруй 10 жилийн дараа гаргасан. Би хэзээ ч ном бичиж зохиолч гэсэн энэ эрхэм алдрыг хүртэнэ гэж зүүдэл ч байгаагүй. Одоо ч энэ эрхэм нэр хүнддэх вий гэж эмээдэг. Гэвч хүнд зөн совин ч юм уу байдаг юм билээ. Стокгольмд сурч байхдаа гэрээсээ 1 бүтэн цаг явж сургуульдаа хүрдэг байлаа. Тэр хооронд галт тэргэнд ном уншина бас швед хэлээ давтана. Тэгсэн нэг удаа хичээл дээр өгөгдсөн унших ёстой Английн орчин үеийн нэгэн алдартай зохиолчийн (нэрийг нь тодорхой санахгүй байна) хэрхэн зохиолч болсон тухай ярилцлагыг галт тэргэнд уншив. Тэр хүн банкны теллер байж байгаад авъяас, хүсэл мөрөөдлөө даган зохиол ном бичээд алдаршсан юм билээ. Нэг асуулт одоо ч надад уншсан швед эхээрээ үг үсэггүй нүдэнд харагддаг. Тийм хүчтэйгээр толгойд хадагдан үлдсэн. Тэр нь “Та ном бичээгүй, зохиолч болоогүй байсан бол яах вэ? Хариулт нь “Хэрэв тэгсэн бол би энэ яваа амьдралдаа өөрийгөө хэн гэдгээ танихгүй байсаар өнгөрөх байж” гэж байсан. Би тэгэхэд яагаад ч юм тэр ярилцлагын асуултуудыг өөртөө тавьсан мэтээр сэтгээд Давст нуурын эргийг (Salstsjobaden гэж амьдарч байсан газрын маань нэр шведээр давст нуурын наран шарлагын газар гэсэн үг) галт тэрэгний цонхоор ширтэнгээ бодолд автаад дотроо хариулж гарлаа. Энэ л миний далд ухамсарт хэзээ нэгэн цагт энэ хүн шиг ном бичих ч юм билүү гэсэн мөрөөдлийг минь бодит бодол болгон шингээсэн байх. Тэгэхэд би охин маань нялх, хичээлдээ явахын хажуугаар ресторанд зөөгч хийдэг бие ядруугийн дээр арьсны үзлийн муухай үнэрт гадуурхагдаж явсан цаг. Эргэн тойрон хэн ч намайг ойлгохгүй байх шиг миний үнэ цэнийг мэдэхгүй байх шиг санагдаж сэтгэл их гундуу үе байсан. Гэсэн ч би тэр бүх саарал орчлонгоос хэсэгхэн зуур тасарч мөрөөдснөөрөө ирээдүйн хувь заяаныхаа зулыг цээжиндээ асаасан ч юм шиг. 

Би тэгэхээр ялангуяа залуу хүмүүст ГЭГЭЭН МӨРӨӨДӨЛТЭЙ бай, түүндээ хүрэх гэж өдөр бүр тасралтгүй хөдөлмөрлө, хичээ л гэж хэлнэ. Түүний үрээр хэн ч танихгүй өчүүхэн бичигч бибээр намайг уншдаг уншигчиддаа бичвэр нийтлэлүүдээ ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, АЛГАН ХЭЭ, СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ гээд ар араасаа гаргасан номнуудаасаа аль өмнө хүргэсэн байсан. Эдгээр номнууд маань нэг иймэрхүү түүх биччихвэл хүмүүст таалагдах болов уу гэх “ухамсартай” бодлоор бичигдээгүй. Тасдаж үл болох сарнай минь миний хар багаас л цээжнээс бүсгүй хүний гуниг харуусал, баяр хөөр бүхэнтэй минь тасран унасан сарнайн дэлбээ нэг бүр шиг тус тусдаа хэлхэгдсэн өгүүллэгүүд бүгд сэтгэлээс амилсан. 


АЛГАНЫ ХЭЭ роман бол миний бага залуугийн үзэж туулсан, мэдэрсэн бүхэн дотроо нэгэнт орших аргагүй болоод нэг л өдөр миний дотрыг зад татсан үерийн их ус шиг садран урссаар бичигдсэн (М.Уянсүх үүнийг гярхай анзаарсан байсанд маш их баярласан. Гэхдээ би түүний бичсэнчлэн тэгж их орчноосоо тусгаарлагдаж судалгаа энэ тэр хийж сүйд болоогүй, зөнгөөрөө бичсэн) 


СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ маань миний амьдралын алдаа онооноос дэнсэлсэн бүхнээ уулын хярын салхитай хамт уншигчид руугаа хийсгэсэн яах аргагүй миний СЭТГЭЛИЙН БИЧЭЭС. Сүүтэй уулын савдаг жамаараа бичигдсэн зохиол боловч би энэ удаад зөнгөөрөө хөврүүлээгүй бичлэгээ хянаж хичээсэн. Өмнөх номнууд дээрээ “үхтэлээ хэмлүүлсэн” болохоор би жаахан өөртөө итгэлгүй болсон байсан. Тиймээс надад би бичиж чадах эсэхийг минь үнэнээр нь хэлж өгөх хэн нэгэн хэрэгтэй байв. Тэр хүн бол учрал ерөөлөөр биз өндөр нагацыг минь багшаа гэж хүндэлдэг Д.Норов гуай байсан. Би таних ч үгүй түүнийг шууд л утсыг нь олж залгаад бичсэн шинэ номоо уншиж өгөхийг хүслээ. Түүний дууны өнгөнөөс дурамжхан байгаа нь илхэн. Гэвч уулзаж гар бичмэлээ өгөхийг зөвшөөрөв. Хүмүүс түүнийг хэр баргийн хүнд за гэхгүй хатуу хүн гэж хэлсэн тул басхүү эмээнэ. Тэгээд бид тэдний гэрийнх нь ойролцоо сүүдрэвчинд уулзав. Норов гуай яг л над шиг олон үггүй хүн бололтой нь шууд л анзаарагдав. Бид бичдэг шигээ үг хэл эвлэг хүмүүс биш бололтой. Олон ч юм ярьсангүй шууд бичсэн эхээ өгчихөөд явлаа. Гэтэл хоёр хоногийн дараа өөрөө над руу залгаад ойрмогхон уулзаж ярилцъя гэв. Би их баярлав. Түүний дууны өнгөнөөс ном маань лав түнд таалагдаагүй биш юм байна гэж мэдэрсэн. Маргааш нь бид уулзахад Норов ах “Чиний номноос сэтгэл уншигдаж байна. Би сэтгэл бичдэг хүнд яаж үгүй гэж хэлэх вэ? Гэхдээ чи дахиад сайн бод. Чиний номыг үнэн ч юм шиг үлгэр ч юм шиг болгож болмоор юм” гэв. Намайг санаа аваг гэж бодсон биз хар лус цагаан лусын учир зүйн талаар үгээ зөөн зөөн жаахан ярьж өгөв. Би гэртээ хариад хэд хоног бодов. Номоо төгсгөчихсөн гээд өөрөө бат итгэчихсэн хүнд цааш юуг нь сайжруулахыг бодох хэцүү байсан ч би нэг өглөө “цагаан могой, цагаан могой...” гэж үглэсээр сэрлээ. Тэгээд л хэдхэн минутад нүдээ аниастай компъютерээ асаагаад цагаан могой цагаан олсны хэсгээ нэмээд биччихлээ. Сайжруулснаа Норов гуайд яаран аваачиж өглөө. Мань хүн ногоон өнгөөр миний тодруулж бичсэнийг энэ удаад тэр дор нь мөнөөх сүүдрэвчиндээ суунгаа уншиж дуусгалаа. Би дахиад болоогүй байна гэвэл одоо яах вэ гэж түүнийг юу хэлэхийг тэсэн ядан хүлээж суув. Тэгэхэд намрын дунд сарын нартай өдөр байсан агаад гэнэт бороо шивэрч эхлэв. Норов ах миний толгой руу шиврэх бороон дуслуудтай хамт мөнөөх уншсан гар бичмэлээрээ цохих аядаад (адисласан ч юм уу эсвэл номон жавтий хүртээсэн үү) над руу тааламжтай инээмсэглэв. Тэгээд Норов ах хур бороо орж байна гээд үгээ тасалж, би нэг юм бичиж өгье дөө гэж мөн л зөөлөн дуугаар хэллээ. Энэ нь тэр өмнөх үг бичиж өгөхөөр зөвшөөрлөө гэсэн үг. Ингэж мэндэлсэн СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ одоогоор миний бичсэн зохиолуудаас хамгийн дөмөг нь боловч оргил нь лав бишийг би мэднэ.   



Надад одоо хэвлүүлээгүй хэдэн зуун өгүүллэг, шүлгүүд (шүлгүүдээсээ ичдэг ном хэзээ ч гаргахгүй)  нийтлэл блог, аян замын тэмдэглэл, дурсамжууд байдаг. Эдгээр минь миний хорин хэдэн жилийн хөдөлмөр бас ямар нэгэн зорилготойгоор биш “оньсого мэт үл тайлагдах ухамсаргүй” байдлаар цаанаас илгээсэн хэн нэгэн намайг бич гээд бичүүлсэн ч юм шиг. Авъяасгүй хүн хөдөлмөрч байдаг гэж шүүмжлэх хүн гардаг л юм билээ. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө зовоон өдөр шөнөгүй албадан сууж бичдэггүй. Заримдаа толгойд орж ирснээ гүйцэж бичихэд миний компьютерийн гар дээр бичих хурд гүйцдэггүй. Тэгэхээр тэр авъяас, онгодынх нь хэлтэрхий ч болтугай надад байдаг л юм шиг байгаа юм. Би өөрийгөө за нэг ийм ном тэднээс өмнө гаргачихъя гэж хэзээ ч хүчлэж үзээгүй, өөрийгөө тусгаарлаж нам жим орчин бүрдүүлж ч сүйд болдоггүй маш таашаалтайгаар бичмээр цагтаа л бүр ШУНАН ДУРЛАН бичдэг. Гал тогоонд хоол хийнгээ гар утсан дээрээ орж ирсэн санаагаа бичих удаа ч олон байдаг. Би баярлаж хөөрхөөрөө бичдэг. Гуниглахдаа бичдэг. Сэтгэл зүрх хоосрохоороо бичдэг. Би аз жаргал бялхаж асан тэр цагт бас л бичдэг. Би өнчрөн шаналахдаа бичдэг. Би дурлахаараа бичдэг. Би хагацахаараа бас бичдэг. Харин би номныхоо тухай бусдад ярихдаа жаахан болхи, хэлж буй үгс маань намайг бүрэн илэрхийлж хүрэлцэхгүй байгаа мэт санагддаг. Би бусдаас миний номны тухай сэтгэгдэл ирэхэд хөөрөн догдолж үг нэг бүрийг нь шингээн уншдаг хэр нь хэн нэгэн тааралдаад надад миний номыг магтан ярихад учиргүй ичиж эвгүйрхдэг. Тэгэхээр би бичих л дуртай хүн юм. Бас түүнийгээ бусадтай хуваалцах БУСДАД УНШУУЛАХ дуртай хүн юм. Тэр л миний АМЬДРАЛДАА НЭЭСЭН БИ ӨӨРӨӨ ЮМ. Үүнийг маань АНЗААРЧ НЭЭСЭН Эрхэм М.Уянсүх танд чин сэтгэлээсээ талархая.


Зохиолч Б.Эрхэмбаяр  
Улаанбаатар хот
2020.03.19-20

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл