АРИУСЛЫН УУЛ АКОНКАГУА (бүрэн эхээр)

6:50 PM







АКОНКАГУА ГЭХ ХЭЛ ХУГАЛЧИХ ШАХСАН НЭРНИЙ УЧИР ЮУ ВЭ?

Анх би энэ уул руу зүглэхдээ уран бүтээлч хүний хувьд биш зөвхөн уулчин хүний хувиар зорьсон юм. Учир нь 4 жилийн өмнө К2 уулын үндсэн отог хүрэх аялалд явж байх  үеийн гар цүнх дүүрэн оо энгэсэгтэй “нийслэл хүүхнийг” бодвол би энэ хугацаанд бие сэтгэлийн хат сууж уулчин гэж хэлэгдэхээр хэмжээнд хүрчихсэн байлаа. Эх орныхоо хамгийн өндөр уулсад төдийгүй ертөнцийн 7 тивийн нэг оргил болох Европын ноён оргил Эльбруст хөл тавиад үзчихсэн байлаа. Иймд би Аконкагуа ууланд цэвэр уулчны сонирхлоор хандаж, чамгүй бэлтгэл хийлээ. Энэ уул надад уулчны хувьд дүн тавина. Би уулчин мөн эсэхээ 7000 метрийн өндөрт бие сэтгэл минь хэрхэхийг энэ ууланд шалгуулна. Учир иймээс би өмнөх зунаас нь эхлээд л нэг ч хагас бүтэн сайн алгасахгүйгээр 20 кг ачаатай үүргэвчээ үүрээд Богд уул, Тэрэлжийн уулсаа хөндлөн гулд туулав. Зуны амралтаа Увсын Түргэний цаст уулс дунд өнгөрүүлэв. 

Санхүүгийн хувьд ч нэлээн зардалтай тул бүтэн жил брэндийн хувцас, гоёл зүүсгэл хараад “нүдээ аньж”, номныхоо орлогыг аялалд зориулан хадгалж эхлэв. Спонсор хайж ганц нэг компанитай уулзсан боловч хүнээс мөнгө гуйхаар хөдлөдөг миний нөгөө нэрэлхүү зан улаан нүүрлүү гал асаагаад болсонгүй. Тэвчин байж асуусан хэдэн газар ч нэг их тоосонгүй, би ч тэгэх л ёстой юм шиг тэдэнд гомдсон ч үгүй. Үгүй ер муугаар хэлвэл цэвэр өөрийнхөө “эгог” дарах гэж хаа байгаа ертөнцийн мухрын уул руу албатай юм шиг явж буй хүн юундаа ч, хэндээ ч гомдох билээ дээ. 




Гэвч Аконкагуа бичгийн хүн намайг зүгээр байлгасангүй оньсого шиг нэрээрээ гижигдэж эхлэв. Андын нурууны испани хэлтэй Аргентин улсад орших хэдий ч энэ уулын нэр яав ч латин, испани хэлний нэр биш гэдэг нь содон дуудлагаасаа надад ойлгомжтой байлаа. Замд Пенититис гэх өртөөнд буусан буурчийн газар Аконкагуа уулын тухай номны хуудсыг эргүүлж суухдаа нэрний утга нь нутгийн уугуул mapuchi хэлээр “comes from the other side (нөгөө талаас ирсэн) мөн эртний Инкүүдийн quechua хэлээр “чулууны хамгаалагч” гэсэн утгатай болохыг мэдэв. Миний анхаарлыг яагаад ч юм би өөрөө ертөнцийн нөгөө талаас (the other side of the world) энэ уулыг зорьж ирсэнтэй давхцах мэт  comes from the other side” гэсэн утга гойд ихээр татав. Мөн энэ ууланд өнө эртний хүмүүс болох Инкүүд хэдэн мянган жилийн өмнө амьдарч байжээ. Тэд яасныг бүү мэд эртний Маяачууд шиг сөнөж устан, одоо бага сага ул мөр нь Перу улсад амьдардаг нутгийн нэгэн омгийн цөөн хэдэн хүний амьдрал, заншилд  хадгалагдан үлдсэн гэнэ. Инкүүдийг эл ууланд амьдарч байсныг гэрчилж 6000 метрийн өндрөөс мумижсан 7 настай Инка хүүгийн шарил олдсон тухай уг номд бас өгүүлжээ. Санаснаас сонирхолтой үүх түүхтэй уул юм гээч гэж бодсон намайг Аконкагуа уул далд зөн совинг минь улам бүр сэрээж эхлэв.



Уул руу өгсөж эхлэх мөчөөс эхлээд л хаа байгаа ертөнцийн нөгөө бөөрөнд ч гэлээ хуурай салхи, шунхан улаан оргилууд нь Алтайн уулсыг минь санагдуулж эхэлсэн юм. Гэвч дотор байгаа хэн нэгэн тэрслүүү хүн “Хн. Хаа байгаа харийн нутгийг Алтайн уулстай зүйрлэдэг нь ч юув дээ” гэж бас шивэгнэнэ. Энэ бодол маань үнэн болж уул руу өгсөх тутам амьтан ургамал юу ч нүдэнд үл торно. Баян Алтайд минь бол оготно зурамнаас эхлээд аргаль янгир нь араатан жигүүртэн нь хараа булааж, сэрүүн хуурай ч гэлээ шунхан улаан уулс нь харгана, тошлогоор арвин билээ. Гэтэл энд яг л эрт галавт сөнөсөн тив мэт саарал, хатуу ширүүн хайрга чулуу л нүд эзэлнэ.


Удалгүй бид хоёр хоногийн дараа 40 км уулын замаар алхаж далайн түвшнээс дээш 4340 метрт буюу Алтай Таван Богдын Хүйтэн оргилын хэмжээний өндөрт байрлах Plaze De Mullas (үгчлэн орчуулбал Лууснуудын ордон) гэх нэртэй үндсэн отогт ирлээ. Энд уулчдын хүнс хоол, ачаа барааг луусаар зөөх тул тэгж нэрлээ биз. 

Мөнөөх Аконкагуа сүрлэг нь аргагүй дээр сүглийнэ. К2-ийг бодвол хамаагүй нийгэмшсэн, тохилог олон асар майхнуудтай хотхон ажээ. Inca, Оросын 7-Вершина клубуудын бусдаасаа арай том сүрлэг асрууд хараа булаана. 



Эмнэлгийн үйлчилгээ нь их хариуцлагатай юм. Бидний ирснийг бүртгэж эмчийн үзлэг дор нь хийн цусны даралт, зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийг хэмжив. Намайг үзсэн эмэгтэй эмч “Бүх үзүүлэлт маш сайн байна. Ер нь ойрд ирсэн эмэгтэйчүүдийнх эрчүүдээс хамаагүй илүү байгаа шүү. Маш сайн” гэж аминчлан шивэгнэв. Энэ үгэнд ялимгүй хөөрсөн би хариуд нь “Women’s Power’’ (Бүсгүйчүүдийн хүч чадал) гэж хэлээд түүн рүү инээмсэглэв. Би баяртай байлаа. Өндрийн нөлөөлөл мэдээж хурдан явах, хөдлөхөд бага зэрэг амьсгаадах байдлаар илэрч байсан ч толгой өвдөхгүй, цусан дахь хүчилтөрөгч ийм өндөрт 93% байна гэдэг мэдээж сайхан хэрэг. 


Өндөрт биеэ дасгах гэж уулын оргилд зориуд майхантай хонож (Сутай, Отгонтэнгэр, Хүйтэн, Асралт зэрэг оргилуудад урьд нь майхантай хонож байсан) байсан маань хэрэгтэй л дадал суулгаж гэж бодлоо. Бас ертөнцийн хамгийн хатуу ширүүн уул болох K2 үндсэн отогт ирж очтол 10 гаруй хоног 4000 метрээс дээш амьдарч үзсэн туршлага ч хэрэг болоо биз. Биеийн байдал тун сайн байгаа нь оргилд гарах итгэл өгч би урамтай байлаа. Гэвч бид үндсэн отогт уулчид өндөрт дасан зохицох acclimatization сайн хийж, дор хаяж 4 хонох ёстой гэдэг практик зөвлөгөөг дагаж авиралтандаа яарсангүй. Биеэ улам бүр дасгав. Энэ нь ч зөв шийдвэр байсан. Учир нь дараагийн өдөр уснаас бас өндрийн нөлөөллөөс ч болсон уу хүчтэй гүйлгэж эхлэв. Хэрэв гүйлгэлтээ зогсоолгүй дээш өгсвөл тун аюултай. Ирсэн хүн бүр л гүйлгэдэг, энэ бол хэвийн үзэгдэл гэж эмч хэлээд өөрт буй гэдэсний эмээ уухыг зөвлөв. Ашгүй богино хугацаанд хэвийн байдалдаа орлоо. Иймд ирснээс 3 өдрийн дараа 5000 метрт байх Канада отогт хүрч өндөр авалт хийгээд тэнд, ус хоол хүнсний нөөцөө хүргээд буцаж Үндсэн отогтоо ирж хоноглов.






УУЛЫН ЭЗЭН САВДАГТ ИТГЭДЭГ УУЛЫН ЗУРААЧ МИГЕЛЬ 
Өндөр авалт хийсний маргааш нь бид Үндсэн отогтоо амарч өнжив. Энэ хооронд Гиннесийн номд хамгийн өндөрт байх уран зургийн галерей болж бичигдсэн нутгийн зураач Мигель Дугласын урланд нь зочиллоо. 


Оросын алдарт зураач Цаст Хималайд сэтгэл алдарсан Рерихийг шүтдэг Мигель надад яагаад ч юм онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хөл нүцгэн яг л нөгөө дээр цагт хөгшчүүлийн ярьдаг шиг саарьтай хөлөөрөө хөнгөн шингэн алхална. Гэвч түүний маш цэвэрхэн нөгөө саарь хир болсон хөлнөөсөө тэс өмнөө савхан цагаан хуруунуудтай уран гар нь шууд л миний нүдэнд туссан юм. Хүний бурханаас заяасан төрөлхийн өгөгдөл бол төрөлхийн л байдаг юм байна. Зураач хүний уран гарыг нь энэ хатуу ширүүн уул л лав эвдэлж дөнгөөгүй л байна гэж би түүний гар руу ширтэх зуураа зурвас бодлоо. Бас түүний хурц ногоовтор нүд намайг нэвт шувт ширтэж байлаа. Уран бүтээлч хүмүүс мэдрэмжтэй байдаг хойно  Мигель хэдий англиар сайн ярих ч бид харцаараа л ойлголцов. Би зохиолч гэдгээ түүнд хэлж уулын тухай ном бичдэгээ цухас ярилаа. Бидний энэ яриа яах аргагүй уул усны эзэн савдаг руу ороод явчихав. Учир нь Мигель ч бас ууланд эзэн савдаг байдагт итгэдэг, Аконкагуа ууландаа өглөг өргөдөг, энэ уул эр савдагтай, нуур, мөсөн гол нь эм савдагтай гэж надад ярьлаа. Тэр бас эртний Инкүүдийн тухай тэдний бөө мөргөл, хөх тэнгэрт шүтдэг байсан тухай ярив. Би ч мөн монголчуудын бөөгийн шашин, тэнгэр шүтлэгийн талаар ярилгүй өнгөрч чадсангүй. Миний яриаг анхааралтай сонсож байснаа Мигель хаа байгаа дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд амьдардаг хэдий ч Монголчууд, Инкүүд ижил шүтлэгтэй байдаг нь нэг зүйлийн учир холбоотой байх гэсэн санаа хэлэв. Надад энэ үед нөгөө буурчийн газар уншсан номноос мэдэж авсан Аконкагуа нэрний утга болох “comes from the other side” зурсхийн бодогдов. Гэвч би Мигельд энэ талаар ярьсангүй. Харин Мигель надад нэгэн сонин түүх ярьж өглөө. Өнгөрсөн жил нэгэн Энэтхэг уулчин Аконкагуад авираад бууж явахдаа төөрч, аврагчид түүнийг арай гэж олсон. Тэгэхэд мөнөөх Энэтхэг уулчинд 2009 онд эл ууланд амь үрэгдсэн эрэгтэй эмэгтэй хоёр уулчин үзэгдээд  “Энэ ууланд чиний бурхан хамаагүй. Чи оргил дээр буруу юм хийж уулын эзнийг хилэгнүүлсэн байна. Түүнээс өршөөл гуй гэж хэлжээ.” Энэтхэг уулчин Аконкагуа уулын эзнээс өршөөл гуйж мөлхөн залбирч явтал нэг их гэрэл гарч түүнийг дулаацуулан аврагчид түүнийг олсон тухай Мигель надад ярьж өглөө. Энэ үед нар шингэж байсан тул Аконкагуа уул нарны туяанд улам сүрлэг гоо болжээ. Би дотроо түүний эзэн савдагт сүслэн зальбирлаа. Мигелийн ид шидийн ч гэмээр ярианд миний сэтгэл бас их хөдөлжээ. Маргааш дээш уул руу өгсөнө. Гэтэл Аконкагуа надад улам хачин сонин нууцаа дэлгэж эхлээд байдаг...

Бууж ирээд би Мигельтэй дахин уулзсан юм. Тэр надад өөрийн үнэтэй хуучны ил захидлуудын цуглуулгаасаа нэгийг дурсгал болгов. Надад хариу дурсгах авч гарсан юм юу ч байсангүй. Арга барагдахдаа би уух дуртай “Зөв” нэртэй усанд найруулж уудаг хуурай аарц нэг уутыг түүнд өглөө. 



Мигелийн ил захидал дээр бичсэн дурсгалын үг намайг бас гайхшируулж би хэдэн хоног түүнийг яагаад тэгж бичсэн учрыг нь тайлах гэж оролдлоо.  Тэрээр “Silence is much better than it disturbed” (утгачилбал “Аниргүй байдлыг эвдэх нь түүнээс долоон дор”) гэж бичээд Miguel Doulas гэж гарын үсгээ зуржээ. Чухам яагаад Мигель надад ийм үг зориулж бичсэнийг би өөртөө тайлж уншсан л даа. Юу ойлгосноо харин энд бичмээргүй байна. Мэргэн уншигчид минь өөр өөрийнхөөрөө тайлж ойлгоно буй заа. 


УУЛАНД БАЛГА УС АМИНЫ ҮНЭТЭЙ

Бид уул руу төлөвлөснөөрөө 2020 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн өглөө Үндсэн отгоос авиралтаа эхэллээ. Энэ өдрийн төлөвлөгөө бол өндрийн хамгийн эхний отог болох Канад руу хүрэх. Канад руу 2 замаар явдаг. Нэг нь орой тойруу огцом өгсдөггүй зам. Нөгөөх нь шууд хадан цохионы дундуур гарч өгсдөг зам. Бид шууд өгсдөг замаар нь явлаа. Гэтэл Канад руу яг хүрдэгийн даваан дээр цас нэвсийтэл орж манан татаад ирэв. Канад отгийн хадан цохионы доохон талд майхнаа нөмөрлүүлэн бариад тэнд хоноглох боллоо. Канад нэртэй отог бол 5000 метрт байрлах бөгөөд өндрийн отгийн эхнийх нь. 


Нидо Де Кондорос буюу хоёр дахь отог хүртэл ундны усгүй тул бид хувцас хэрэгслэл, хүнснээс гадна 6 литр ус хүн тус бүр үүрсэн нь өндөрт мацахад үнэхээр амаргүй байлаа. Гэвч нэгэнт ачаа үүрэгч хөлслөхгүй, газарчин авахгүй бүх зүйлээ өөрсдөө үүрч явна гээд шийдчихсэн улсууд одоо яая гэх вэ. Харин шинэ цас орсон нь агаар чийгшүүлж хэдий цасаар шуурч тэнгэр муухайрсан ч хуурай халуун салхинд явснаас надад бол хамаагүй дээр санагдаж, би цас орсонд олзуурхаж явлаа. Ядаж ус дууссан ч цас хайлаад ууж болно. Энд ууланд ус бол амь нас, амьдрал гэсэн үг. Балга ус амины үнэтэй. Гэвч би үүнийг энд хүртлээ бас ойлгоогүй л явсан.  


Канадагаас маргааш нь өглөө хөдөлж Нидо Де Кондорасыг зорьлоо. Гэвч үүрсэн ачааны хүндээс болоод мөн цас орсоор байсан тул төлөвлөснөөрөө өдөртөө очиж амжсангүй. Миний үүргэвч 15 кило, хамтрагчийнх маань 20 хол илүү гарсан байсан биз. Бас яагаа ч үгүй байхад яарч хамаг хүчээ болоогүй газар шавхаад хэрэггүй гэж миний уулын багш аян замын хамтрагч маань зөвлөсөн тул бид өндрийн 2 кэмпийн дунд  5252 метрт дахин нэг хонохоор боллоо. Шөнөдөө ширүүн шуурч хоносон ч RAB майхандаа бид итгэдэг билээ. Олон ч ууланд шуурганд чанарыг нь таньсан тул санаа нэг их зовсонгүй.  Энд цас хайлж нэлээн ус нөөцлөн, майхандаа борцтой, ЛАПША баяжуулсан гоймонтой хоолоо хийж идлээ. Нутгаас авчирсан борцтой хоол сайхан байсан ч өндөрт надад хурцадсан бололтой гэдэс жаахан эвгүйрхжээ. 


Канад отог, Нидо Кондоросийн хооронд 5252 метр өндөрт цасан шуурганд саатан 2 хоносон.

Ер нь болж өгвөл уулчдадаа хэлэхэд яг зориулалтын савлагаатай уулын хоол нь илүү шингэцтэй биед сайн юм билээ шүү. Хоолоо идэнгээ бидний хажуугаар өнгөрөх уулчидтай мэндлэн “7-Вершина” клубийн оросуудтай бол дотночилон хэсэг зуур хөөрөлдөөд авна. Бас Канад, Англи уулчидтай санал бодлоо солилцож аян замын нөхөд болон урьд хойноо оролцон жингүйдлийн (хэт өндөрт хүчээ нөөх, бие хямрахаас сэргийлж уулчид хөлөө зөөж ядан яарамгүй аажуухан алхална. Угаасаа ч хурдан явах хүч чадалтай хүн цөөн. Хүчилтөрөгчийн дутагдлаас болж амьсгаадна. Тэгээд ч уулын авиралт бол уралдаан огт биш юм) алхаагаар мацна. Тэдний дундаас цор ганцаараа аялж явсан, эхнэртэйгээ Деналид авирахдаа бал сараа тэмдэглэсэн гэж ярьсан уулчин залуутай нэлээн сайн танилцав. Уулчид бид бүгд л ижил хүсэл мөрөөдөлтэй байх тул ууланд авирч бал сараа тэмдэглэх мэдээж ямар юмных нь романтик байх вэ гэж хоорондоо ярьсан ч хэн хэнээ хотод хэдэн арван жил хамт амьдарснаас илүү хэдхэн хоногт маш сайн таних боломжийг зөвхөн уул л олгоно гэдэг дээр санал нийлнэ. Тэр Канад уулчин залуу одоо 2-4 насны 2 хүүхэдтэй болсон тул эхнэртэйгээ ээлжлэн ууланд явдаг болжээ. Намайг доош бууж явахад тэр залуу мартамгүй их тус хүргэсэн билээ. 



УУЛЫН ХААН ЭЛ-КОНДОР НАДАД ЮУ ШИВНЭЭ БОЛ?

Үндсэн отгоос гараад 3 хоносны дараа 4 дэхь хоног дээрээ 2020 оны 1-р сарын 31-ний өдөр өндрийн хоёр дахь отог Нидо Де Кондорос (5580 м д.т.д) хүрэв. Замд цасанд нэлээн саатаж хугацаа алдсан тул бид энд хонохгүйгээр жаахан халуун юм ууж, шоколад идээд шууд өндрийн сүүлчийн отог болох Колера руу өгсөж эхлэв. Авиралтаа яаравчлахгүй бол 2 дугаар сар гаруут дараагийн 7 хоног ууланд 70-80 метр секундын хурдтай хүчтэй хар салхи болно гэж тааралдсан хүн бүр л ярих тул би нэлээн түгшиж бас яарч эхлэв. Энэ хүрчихээд салхинаас болоод амжихгүй бол яана гэсэн таагүй сөрөг бодол орж ирэх бүрт би түүнийг тархинаасаа үлдэн хөөх гэж хичээж явлаа. Колера хүртэл өгсүүр нь нэлээн огцом ажээ. Улам бүр алхаа удааширч улам бүр амьсгаа дээрдэж зүрх дэлсэнэ. 

Хадны завсар жаахан амсхийх зуур би дээр эргэлдэх Кондор шувууг олж харав. Анх удаа уулын эзэн шувууг хараад сэтгэл багагүй хөдлөв. Яг энэ үед Алекс гэх Англи уулчинтай дахин тааралдлаа. Алекс мөн Кондорийг ширтэнгээ билэгшээсэн бололтой “Энэ сайны дохио” байх гэж бидэнд хэлэв. Тийм ээ, уулын эзэнтэй таарч байгаа нь Аконкагуа биднийг ивээж буй хэрэг биз. Хэдий ядрал туйлдаа хүрч байсан ч би баяртай байв. Замд Колера хүрэхийн өмнөхөн бүр хос кондортой тааралдав. Далавчных нь цагаан судал энэ удаад бүр тод харагдана. Номын багш Норов ах маань тааралдвал зургийг нь дараад ирээрэй гэж захисныг гэнэт санаж Iphone  утсаа халааснаасаа тэмтрэн гаргаж ирсэн ч бээрээд унтарчихлаа. Уур ч хүрэх шиг. Бухимдах ч шиг, бас харамсах ч шиг хачин таагүй. Дэмий л дээр дахин дахин эргэлдэх хос Кондорийг ширтсээр үүргэвчээ хадан дээр суунгаа суллан жаахан амсхийв. Заримдаа ч юуны учир энэ хад чулуунаас өөр юу ч үгүй хатуу хэрцгий ууланд мацна вэ? гэх бодол толгойд эргэлдэнэ. Нээрэн, яг яах гэж? Юуны төлөө?! Үүний оронд жилд цөөхөн олдох амралтын хэд хоногоо далайн эргийн наран шарлагын газар амтат коктэйль шимсэн шиг өнгөрүүлж болох л байсан. Би ер нь л тэнэг байх. Амарч жаргахыг мэдэхгүй мөнгө төлөн төлөн ийм юм хийж явдаг биеэ зовоогч “гаж донтон” байх гэх бодол ч орж ирэв. Энэхүү сөрөг бодлуудыг дэмжсэн мэт ам цангаж тэсэхүйеэ бэрх зовооно. Бас толгой дүүрч, шилэн хүзүү рүү хөшиж өвдөнө. Дахиж л өндөр ууланд ингэж өөрийгөө тамлахгүй шүү ч гэж бодов. Энэ үед дээр эргэлдэх кондор шувуу надад нэгэн нууцлаг ид шидийн үгс шивнэсэн л байх. Удалгүй энэ таагүй бодлууд арилж би дахин өөдрөг нэгэн болж хувирав. 



Колера өндрийн сүүлийн отог. 6000 метр далайн түвшнээс дээш. 

Нар жаргаж, саран авхай давхар мишээх агшинд би Колера кэмп дээр авирч гарч ирлээ. Эндээс орчны уулсын гоо тансгийг бишрэн хэсэг алмайрч зогсов. Олигтой камергүй гарснаа бодож би өөрийгөө бас л зэмлэв. Ашгүй нөгөө муу бээрсэн Iphone энэ удаад хэдэн зураг дарж дөнгөв. Гэвч камераар дарсан бол хорвоо дэлхий, Андын уулс энэ удаад үзэсгэлэн гоогоо харамгүй дэлгэсэн байлаа. Даан ч гайгүй камертай явсан хамрагч маань надаас нэлээн хэдэн мөчийн дараа ирж, энэ хооронд Колерагийн тансаг үзэмж сарниж дуусав. Цаг хугацаа бүхнийг захирдаг нь үнэн бололтой. 

Колера өндрийн сүүлийн отог. 6000 метр далайн түвшнээс дээш. Наран саран давхцан намайг угтсан юм. 

Би наран саран давхцсан мөчид өндрийн сүүлийн отог Колерад хөл тавиад аавыгаа учиргүй их дурсан санав. Түүний өгсөн нутгийн чулууг зүрхэн тушаа халаасандаа хийснээ өвөртөө тэмтэрч үзэв.  Хачин шүү ууланд явахдаа би өр зөөлөн ээжийгээ биш аавыгаа л их үгүйлдэг юм. Энэ завсар нулимс хоёр хацрыг минь дагаад бороо шиг л сул асгарч байв. Колерад хүрүүт балга усгүй болжээ. Замд авч гарсан ус маань дууссан. Колерад нөөц ус хүрчихсэн байх ёстой гэж итгэснээс усаа гамгүй ч зарцуулж. Юмыг яаж мэдэх вэ Колерад хайлах цасгүй бол усгүй балрах тул Үндсэн отгоос гарахдаа нэгэн портерт ус, нэмэлт хүнстэй жаахан боодол захиж үлдээснээ хайж сураглаад олсонгүй. Инкагийн замчингаас түүний ирсэн үгүйг асуутал тэр ирээгүй байв. Өдөр сар цаг минут тохирон бас багагүй хөлс тохирон инээж байсан тэр портерийг бодохоор даан ч хүний мөсгүй санагдав. Өндөр ууланд хүнд худлаа хэлнэ гэхээр миний ухаанд багтсангүй. Манай Монголчууд арай ч ингэхгүй дээ ч гэж бас бодлоо. Зун биднийг Түргэний уулсад явж байхад 5 хоногийн дараа хүнс дуусна яг ирж аваарай гэхэд бороон дундуур шалба норсон малчин залуу хөтөлгөө марьтой ирж авсныг ч бодоод гомдон гомдон уйлсаар байв. Миний сэтгэл их хямарчээ. Уйлахгүй байя гэсэн ч зүгээр л нулимс урсаад байсан юм. Портерийн ирээгүйг Инкагийн замчинтай ярилцахдаа сэтгэл хөдөлсөндөө би тэсэлгүй “He is killing us” гээд нэлээн чанга хэлчихснийг урьдах майхан дахь уулчин сонссон бололтой надаас юу болсныг асуув. Тэгээд өрөвдсөн биз гялгар ууттай хэдэн самар, чихэр, шоколад өгөөд надад илүү байгаа нь л энэ. Ус харин өгч чадахгүй нь уучлаарай гэв. Би түрүүхэн л гомдсондоо уйлж суусан бол одоо баярласандаа хэсэг уйлав. Хамтрагч маань харанхуй шөнөөр уйллаа гэж зэмлэсэн тул хүчээр биеэ барьлаа. 

Чадал тэнхээ муухан байсан ч түүнтэй элбэн майхнаа дөнгөж босгомогц ойролцоо хаданд жаахан хунгарласан цаснаас гялгар уутанд хаман авчраад хайлуулж эхлэв. Өндөрт ус удаан буцалдаг ажээ. Бараг л бүтэн цаг болж байж аяга ус хайлуулж уулаа. Энэ зуур би аавыгаа дурссаар байлаа. Аавыгаа санасны учир нь хатуу ширүүн энэ ууланд аав минь цас хайлуулж өгөөсэй гэж хүссэнийх юм болов уу? Эсвэл аавынхаа ямар ч сүрлэг уулнаас түшигтэй нөмөр нөөлөг, хайр энэрлийг үгүйлснийх биз ээ.
Гэвч би оргил яагаа ч үгүй байхад сэтгэлээр унаж болохгүйг өөртөө сануулаад тэвчээр заан дахин цас хайлж борцтой шөл хийлээ. Ядарч даарсан бид 2 халуун шөл хэд балгаад дулаацаж, хүч сэлбэв. Өндөрт 6000 метрт 4 өдөр мацсаны дараа хэдхэн алхамын зайнд буй цасыг хайлуулж уухад, балга шөл чанахад надад хэрээс хэтэрсэн тэнхээ шаардаж байсныг гагцхүү ижил өндөрт, ууланд шаналж үзсэн уулчин нөхөд минь л ойлгох тул өөр бусад эгэл Уншигч авхай нараа залхаахгүй үүднээс энэ шаналалаас ингээд салъя. 



Колера отог. Дээр Аконкагуа уулын оргил харагдана. 

Шөнө ширүүн шуурч хонолоо. Ядарсандаа өөрийн мэдэлгүй хэсэг зүүрмэглэвч амьсгалаар цантсан майхныг салхи нүүрэн дээр цасаар шавхуурдан сэрээнэ. Тэгээд ч өндөрт бөх унтаж амардаг хүн ховор биз ээ. Колера хадан цохион дунд бяцхан нөмөрт орших ч гэлээ шуурга бол Аконкагуа уулын нэгэн сүр хүч бололтой. Салхигүй тогтуун байхыг өнгөрсөн орой нар жаргах мөчөөс өөрөөр ер үзсэнгүй.
      
ЮУНЫ ТӨЛӨӨ ӨНДӨРТ МАЦНА ВЭ? ОРГИЛД ХҮРЭХ ГЭЖ ҮҮ? ТЭНД ХҮРЭЭД ЦААШ ЯАХ ГЭЖ? 

 
Энэ өдөр харин цаг агаар хачин сайхан байв. Өглөө нар эртээ тусаж шөнийн хүйтэн арилаад салхи тогтон, тэнгэр цэлмэжээ. Би дотроо дээш яарсаар л байв. Гэвч өчигдөр дундын кэмпэд хонолгүй өдөржин явсан, ус дутагдалтай гэдгээ мэдэж байсан тул оргил руу яарч огтхон ч болохгүй, аюултай. Цаг агаар гайхалтай байсан хэдий ч хүчээ сэлбэж амрахгүй бол дөнгөхгүй гэдгээ ойлгоод нэг хонож, маргааш өдөр нь амраад орой эрт цааш хөдлөхөөр шийдэв. Орчноо майхныхаа үүдээр тольдвол Аконкагуа уулын оргил энүүхэнд харагдана. Зураг дээр ямар ч уул дов толгод мэт сүргүй харагдана. Уулчин хүн биш бол “Үгүй ер, энүүхэнд харагдах хад руу гүйгээд гарчихын төлөө юун сүртэй юм” гэж бодож ч магадгүй.  Гэвч бодит байдал дээр энүүхэнд харагдах тэр оргилд хүрэхэд дахиад 1000 м өгсөхөд ямархан их хөлс урсаж, ямархан их тэвчээр заадгийг уулчид л сайн мэднэ. Ууланд тэр тусмаа хүчилтөрөгч сийрэг хэт өндөр ууланд нэг алхах ч ямар их хүч шаардахыг тэр бүр хүн төсөөлөх аргагүй. Магадгүй үүнийг уншиж суугаа та ч намайг хэтрүүлж байна гэж бодож болно. УУЛ БОЛ ҮЗЭГЧГҮЙ СПОРТ. Хэдий би энд ингэж бичлээ ч уншсан хүн өндөр уулын хүнд бэрхийг, уулчин бидний мэдэрсэн, туулсны 10-хан хувийг ч төсөөлж, мэдэрч  чадамгүй.



Бид авиралтаа 2 дугаар сарын 01-ний орой 10 цагт салхи арай тогтохоор эхлэв. Майхан сав, бүгдээ л үүрээд явахаар шийдлээ. Ингэж хүнд ачаа үүрч биеэ зовоохын цаана бидэнд хэрэв салхи тогтуун тэнгэр хангай ивээвэл биелүүлэхээр төлөвлөсөн нэгэн саваагүй мөрөөдөл  байсан юм.  Тэр нь чадвал оргил дээр бүр болохгүй бол оргилын доор байх бяцхан агуй байдгийг сонссон бөгөөд тэнд нөмөрт майхантай хонож үзэх. Энэ төлөвлөгөө маань хэвийн хүмүүст СОЛИОТОЙ сонсогдож болно. Тэгээд ч майхнаа Колера дээр үлдээхээр эзгүй хойгуур салхинд тэсэхгүй байх бас хэрэв маргааш 14 цагаас өмнө амжиж оргилд гарахгүй бол дээшээ өгсөх замд дахин нэг хонох хэрэг гарахыг тооцоолж үүргэвчээ тэр чигээр нь үүрлээ. Ачаа ихтэй тул удаан явахаа тооцоолж шөнөжин салхины тогтуунд газар дөхөхөөр шийдээд дээш бусад уулчдаас түрүүлж хөдөллөө. Колера дээр үүрээр 4-5 цагийн үед авиралтаа эхэлнэ гэсэн Инкагийн 1 баг хэд хэдэн ганцаар, цөөхүүл яваа уулчид байв. Ер нь энд хүн цөөтэй байлаа. Замд тааралдсан 7- Вершинагийн оросууд, канад уулчид бүгд Нидо де Кондорост үлджээ. Би дотроо хүн бүр л шуургатай гээд яарч байсан гэтэл бүгд доор үлдсэнд багагүй гайхлаа. Эсвэл тэд бүүр сүүлийн үеийн цаг агаарын мэдээ аваад тайвширсан ч байж магадгүй. Аконкагуад цаг агаар тогворгүй. Бидний үндсэн отгоос гарахдаа авсан мэдээ нэг өдрийнх нь ч таарсангүй. Түүнээс хойш сүлжээгүй болсон тул тэнгэр хэрхэхийг хэлж мэдэхгүй. Замд тааралдсан уулчдаас ирэх өдрүүдийн сураг гаргана. Сүүлдээ багш маань тааралдсан хүн бүрээс битгий асууж хямраад бай гэж зэмлэсэн тул одоо зөвхөн тэнгэр хангайд л найдах үлджээ. 

Би бүх л авиралтын туршид хажуугаар зөрөх үнэтэй аялалын багцтай уулчдад атаархаж явлаа. Тэд бол хөлсөлсөн компанидаа биднээс даруй хэд дахин их мөнгө төлдөг тул ачаа үүрэх, хоол хийх, цас хайлах ер нь илүү алхам нэг ч хийхгүй. Бүгдийг хариуцсан компаны ачаа үүрэгч, тогооч нар хийгээд өгчихнө. Тэд бидэн шиг ядуу орны бор зүрхээрээ яваа уулчид биш. Биеэ хүчээ зөвхөн уулын оргилд гарахад л зориулна. Бид хамаг байдгаа зарцуулаад тийм сонголт хийж болно л доо. Гэхдээ яг үнэндээ хамтрагч бид хоёр тэгэхийг хүсээгүй юм. Хэрэв өндөр ууланд үнэхээр УУЛЧИН БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ БҮХ ЮМАА ӨӨРӨӨ ҮҮРЭЭД бүх зүйлээ өөрөө хийж чадах л ёстой. Харин тийм чадал тэр бүр хүнд байх үгүй нь л асуудал. Тэр тусмаа хэт өндөр ууланд. Ачаа үүрэх, хоол ундаа өөрөө хийхийн хувьд 4 жил ихэнхдээ соло маягаар явж сурсных боломж туршлага бол байсан. Хүйтэн, Отгонтэнгэр, Дэлгэрхаан гээд хайрхануудад энэ л 20-иод кило үүргэвчтэйгээ гарч л байсан. Гэвч хэт өндөр уул бол яг үнэндээ тоглоом биш гэдгийг ойлгуулж зөрүүд занг минь бас л номхруулсан даа. ТЭР ТУСМАА АКОНКАГУА УУЛЫН АЛДАРТ ЦАГААН САЛХИ бидний саваагүй мөрөөдлийг сэтгэлээс хийсгэж аваад л явчихсан. 

Бид Индепенденс гэх 6300 мерт байх жижиг модон оромжтой отогт шөнө дунд хүрлээ. Энд хэрэв ийм оромж бариагүй бол салхинд ингэж тухлах боломжгүй юм. Бид тэнд амарч үүргэвчээ суллан, халуун ус уулаа. Үүрийн гэгээ дөнгөж тэмдгэрч эхэлж байхад бид дээш үргэлжлүүлэн мацаж эхлэв. Цааш ердөө 6500 м хүртэл явтал нар гарч өглөө болжээ. Тэнд уулын ренжерүүд майхнаа нөмөрлүүлэн барьсантай таарч нэг босоо хадны завсар дахин сууж хэсэг амрав. Хэдий оргилд хүртэл дахиад 462 мерт өгсөх хэрэгтэй байсан ч миний толгой бага зэрэг дүүрхээс биш боломжийн байв. Цаг агаар ч тогтуун, цусан дахь хүчилтөрөгчөө хэмжиж үзэхэд минийх ийм өндөрт гэхэд 75%, хамтрагчийнх маань 62 % байсанд бид айдаггүйгээ авдрандаа хийжээ гэх итгэл төрнө. 



Гэвч цааш оргил дөхөх бүр хүч чадал алхамаар хэмжигдэж эхлэв. Өгсөх замын төгсгөл орчимд байх асга чулуунууд бол 100 метр хүрэхгүй газар хэдий ч тэнд би биеийн хүчнээс илүүтэй сэтгэлийн хүч алдрах шахсан. Салхи үе үе хийсгэх шахам үлээнэ. Салхины хүч үүргэвч дээр цохиж уулын шилээр дамжин явж байхад уначих шахлаа. Сүүлдээ “Энд үхсэнээс буцах минь. Оргилд хүрлээ гээд цааш яах юм? Охиндоо амьд мэнд очъё” гэж хүртэл бодов. Хэдхэн алхаад л амьсгаагаа даран зогсоно. Хамтрагч маань салхины хүч их байна эндээ жаахан хүлээе гэж зөвлөсөн ч би суухаар даараад байсан тул цааш алхам алхамаар өгссөөр л байв. Зорьсондоо хүрэхгүйгээр яаж буцах юм гэх зөрүүд бодол намайг урагш гишгүүлж эхлэв. 

Уулын шил маягийн нуруугаар дамжсаар оргилд хөл тавьлаа. Аль ч өндөр уулын орой шиг хавтгай тавцан маягийн өндөрлөг намайг угтлаа. Цагаа харвал 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 12.35 минут болж байв. Би бас л уйлав. Гэхдээ баярласандаа. Чимээгүй зүгээр л уйлав. Үүргэвчээ мөрнөөсөө мултлан хөл доороо шидчихээд налан хэсэг суулаа. Оргилд гармагц ингээд шууд юу ч хийхгүй суутлаа ядарсан удаа надад хэзээ ч тохиолдож байгаагүй. Яг үнэндээ хэт өндөр ууланд оргилд гарах мөчид таатай мэдрэмж хүнд юу ч төрдөггүйг би Аконкагуа уулын авиралтаас мэдэж авсан билээ. Магадгүй надад баярлах инээх чадал үлдэхгүй болтлоо ядарснаас ч болсон биз. Яг надтай зэрэгцэн гарсан 3 уулчин л оргил дээр байлаа. Тэдний царай ч ядарсандаа инээх чадалгүй болсон шиг харагдана. Гэнэт би зураг авахуулах хэрэгтэйг саналаа. Гэтэл нөгөө муу Iphone дахиад л бээрээд яг оргил дээр зураг дарж чадсангүй. Хажууд зургаа авахуулаад бушуухан буух гэж байсан уулчнаас гуйж түүний камераар ганц зураг даруулаад би ч бас хурдхан буухын түүс боллоо. Түүнд арай ядан “Erica, from Mongolia” гэж хэллээ. 

Уулын оргилд гарсан уулчин хүний баяр бахадлын тухай  СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ номондоо бичиж байхдаа зохиолч хүний хувьд л дэндүү дэврүүнээр дүрслэн бичиж байсан “нүглээ” энэ удаад нуухгүйгээр шийдлээ. Уул бол авирч гарахад хэцүү бэрхийнхээ хэрээр оргил дээр нь гарахад баяр хөөр тэр хэрээр төрдөггүй ажээ гэсэн нүцгэн үнэнийг жинхэнэ уулчид л мэдэрдэг буй заа. Хэт өндөр уул бол таашаал, баяр бахдал гэхээс илүүтэйгээр “АМЬДРАЛ ЭСВЭЛ ҮХЭЛ” гэдгийг хүнд тулгадаг нь цор ганц үнэн ажээ.







Аконкагуа уулын normal rout авиралтын зам. Дээрх нэр бүхий отгууд дээр буудаллаж хоноглох газраа хоноглон амсхийх газраа амсхийж явлаа.

Аконкагуа уул авиралтын замын бартаа саадын хувьд техникийн авиралт шаарддаггүй хэдий ч зүгээр л өндөр уулын сүр хүчээ жирийн усан нүдтэй цусан зүрхтэй хүнд ширүүн салхи шигээ л тулгаж орхидог ажээ. Бас хэрэв цагтаа амжихгүй бол уулын аврагч ренжерүүд нь дээш явуулдаггүй. Иймд цаг хугацаанд бас хавчигдана. Ядарснаас тэрүү эсвэл ингэж “их зовсны эцэст” оргил дээр ганц зураг даруулаад буухын төлөө л ингэж явсан хэрэг үү гэх эсэргүү бодол орж ирснээс ч тэрүү бууж явахдаа сэтгэл зүрх хачин ихээр хоосрохыг би мэдэрч явлаа. Ядахдаа хүссэн зургаа ч өөрөө авахуулж чадсангүй. Гэвч би ууланд ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ТҮҮХ БҮТЭЭХ гэж явдаг биш гэж үү гэж бодовч уулчин хүний асгаруулсан хөлс хүчийг гоё далбаа барьж оргилын таних тэмдэг дээр зургаа даруулсан мөчөөр л хэмждэг нь гашуун ч гэлээ үнэн.  

Уулнаас уруудахад яагаад ч юм надад гуниг төрөөд байдаг юм. “Өө, ингээд л болоо юу?” гэж бодогддог. Мөнөөх л яах гэж юуны төлөө гэх асуулт толгойд эргэлдэнэ. Гэнэт би зүгээр л маш хурдан энэ хахир хатуу ертөнцөөс, хараа үл гүйцэм цаст оргилоос хагацахсан гэж хүсэв. Гэртээ очихсон гэх бодол намайг туйлдаж ядарсан биеийг минь асар их хүчээр чирэн урагшлуулна. Шингэн ихээр дутагдсан зөвхөн оргилд хүрэх гэж хэт хичээж биеэ умартсанаас болсон байх бууж явтал цээж дотор халуун шатаж бие бадайраад хамаг бие мэдрэмж өөр газар яваа шиг болоод явчихлаа. Ухаан санаа улам бүр бүдгэрэн нүдэнд зөвхөн цаст уул цэлэлзэнэ. Уг нь Аконкагуа хуурай хадан уул хэдий ч сүүлийн хэд хоног дараалж цас орснос дун цагаан болжээ. Эрхбиш Монгол нутгийн тэсгэм өвлөөс ирсэн бибээр тэгтлээ даарсангүй. Гэвч өөрөө алхаж явах ч бие маань хүний мэт болжээ. Харин би өөрийгөө гайхалтай эцэж цуцдаггүй хөлтэйгээ л мэдэрч байлаа. Сэтгэл минь оргилд хүрээд нэгэнт алдран эцсийн хүчээ шавхсан мэт л дэн дун. Харин турьхан ч гэлээ хоёр хөл минь цуцсангүй алхалсаар байв. Доош буух гэж хэт яарснаас хамтрагчаасаа ч их тасарч холджээ. Нэг мэдэхэд л би доор харагдах Нидо Де Кондоросын улаан хөх алаг майхнуудыг олж харсан ч энд хүрээд ирсэндээ нүдэндээ ч итгэсэнгүй. Замд Колера тааралдаагүй санагдана. Эсвэл би буухдаа өөр замаар явсан юм болов уу? Бүү мэд. 


Тэнтэр тунтар алхалж явсан намайг өмнө тааралдсан Канад уулчин залуу таниад гар даллав. Би түүнийг танихтай үгүйтэй л байв. Туршлагатай уулчны хувьд надад юу тохиолдсныг мань хүн гадарлаа биз. Намайг чулуун дээр суулгаад, ус уух уу гэж асуув. Би үг хэлэхэд ч хэцүү байсан тул зүгээр л толгой дохилоо. Тэр надад ус хийж өгөв. Миний халуун савтай бүлээн ус аль хэдийн өгсөж явахад дуусаж, үүргэвчинд байсан савтай ус хөлдснөөс би хэчнээн ч цаг ингэж цангаж явсан юм бүү мэд. Салгалан байж ус ууж суугаа намайг тэрээр ажиглаад чи шингэний дутагдалд оржээ. Яаралтай Нидо дээр очоод эмчид үзүүл. Өөрөө алхаад хүрч чадах уу? Би уруудаж явсан бол хамт явмаар байна даанч Колера руу өгсөж явна гэж ярив. Тэгээд “You Mongolians are strong” гэж намайг урамшуулан хэлэв. Би түүний нэрийг санахгүй байв. Бодвол надад урьд нь нэрээ хэлэн танилцаж л байсан байх. Ногоон хүрэм дээр нь бичээстэй  “ ...friend” гэх үг л нүдэнд тодорно. Хэсэг зуур нэрийг нь санах гэж дэмий оролдоод би түүнд үгээ зөөн байж арай ядан талархаад салав. Гэвч би хэдэн мөчийн турш тэр л мөчид таг гацах мэт болчихов. Цааш явж буй мэт боловч биеэ огт мэдрэхгүй. Нөгөө Канад уулчны ногоон хүрэм нүдэнд үзэгдэж, “You Mongolians strong” гэж хэлсэн нь дахин дахин давтагдана. Би түүнээс салж яваагүй билүү гэж дэн дун ухаандаа бодно. Эсвэл дахиад тааралдав уу ч гэж дотроо бодно. Нүдэнд Нидо кэмпийн асрууд үзэгдэх ч би урагш огт ахихгүй, зөвхөн цээж дотор тэсэхүйеэ бэрх халуун шатаж байлаа. 

Нэг мэдсэн Нидогийн дээхнэ байх түмэн жад хатгасан мэт содон тогтоцтой мөсний захад хүрч ирсэнээ мэдэв. Үүгээр л би урагш явж буйгаа бататгаж чадлаа. Би явсаар л байгаа ажээ. Канад уулчны Нидо дээр очиж эмчид үзүүл гэсэн санаанд орж би Аргентины туг хатгасан вагончикний зүг алхав. Тэнд хүрээд хэрхэснийг би хэсэг зуур мэдээгүй. Бодвол хүрэх ёстой газраа хүрээд ухаан балартсан бололтой. Нэг мэдсэн би бяцхан байшин дотор улаан хүрэм өмссөн гоё цэнхэр нүдтэй залуу надаас нэрийг минь асууж, даралт хэмжиж байгаа бололтойг мэдэв. Би тэр гүн цэнхэр нүд рүү хараад л байв. Хэсэг зуур л лав нэрээ ч хэлж чадаагүй. Энд харангадаж унах шахсан надад шингэн нөхөж ногоон цай уулган эмчиллээ. Би дээр үлдсэн хамтрагчийгаа энд хүлээхээр шийдэв. Түүнийг ирэхгүй цаг мөч өнгөрөх бүр би түгшиж эхэллээ. Арай ОРГИЛД ХОНОХ МӨРӨӨДЛӨӨ гүйцэлдүүлэхээр дээр үлдсэн юм биш биз. Миний хувьд түүнийг боломжгүйг ойлгосон, гэтэл багш маань тийм “хачин” юм хийж мэдэх л хүн. Алтай Таван Богдын Хүйтэн оргилд тэсгим өвлийн 12-р сард цор ганцаараа анх гарсан хүн. Намайг ч багш маань энэ аялалд удаан бэлдсэн. Тэр их хатуу хүн. Хэр баргийн хүн, магадгүй надаас өөр хүн түүний хатуу зан, шаардлагыг тэсэн тэвчимгүй. Намайг эмэгтэй хүн гэж өрөвдөж бага ачаа үүр гэхгүй. Чи ууланд өөрийгөө авч явж чадахгүй бол “үхсэний чинь уулчин болох” гэж л загнана. Би их шартай л даа. Багаасаа л спортын гимнастикаар хичээллэж энэ мэт хатуу үгээр багшдаа загнуулж, үг дааж сурсан хүн. Тиймдээ ч бид Монголынхоо олон оргилд хэн хүний зүрхлэн хийгээгүй майхантай хонохыг хийж үзсэн. Сайн хувцас хэрэглэлтэй байснаас бас тэнгэр хангай дандаа биднийг ивээсэн хэрэг. Гэвч 7000м өндөр уул бол тоглоом биш ажээ. Би түүнд санаа зовохдоо тэр шөнө нойр ч хүрсэнгүй. Ашгүй Нидо дээрх эмч дээш Колера руу холбоо барьж түүнийг тэнд хонож байгааг надад дуулгасанд би уужим амьсгаа аваад нэг мэдсэн нойронд дарагджээ. 



Хэрэв уншигч авхай та ид шидэнд итгэдэг бол би уулнаас бууж яваад надад юу тохиолдсныг энд нэг нэггүй бичмээр байна. Гэвч ихэнх хүн ид шидэнд итгэхийг хүсдэггүй билээ. ДАЛД ЕРТӨНЦИЙН сонин гайхалтайн зах зухаас 6 дахь мэдрэхүй нь цогцолсон хүмүүс л амталж, ид шидийг нь мэдэрдэг байх. Надад яг үнэндээ хэрэв та СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ номыг минь уншсан бол гол баатар Ирмүүнд тохиолдсон шиг л юм болоод өнгөрсөн. Ирмүүнийг Сүүтэй ууланд тэнд өнө мөнхөд орших учиртай шүтээнийг залчихаад бууж явахад лусын цагаан могой, цагаан олс болж тусладаг бол надад туслагч нь өөр зүйл өөр хүч байснаараа л ялгаатай. Эцэст нь би, бид бүхэн нэг л дэлхий дээр амьдардаг, би ертөнцийн нөгөө талд байна уу үгүй юу хамаагүй ЭНЭ ДЭЛХИЙ ОДОТ ТЭНГЭРТЭЙГЭЭ нэг цул бүхэл бөгөөд хоорондоо учир холбоогүй юм энэ дэлхий ертөнц дээр нэгээхэн ч үгүй юм гэдгийг л маш сайн ойлгосон. Бас АКОНКАГУА УУЛ бол яах аргагүй ариун дагшин сүнслэг нэгэн хайрхан юм гэдгийг дутуу хагас тайлж мэдсэн билээ. 




ЛУУСНУУДЫН ӨРГӨӨ үндсэн отогт намайг гүйцэж ирсэн хамтрагчийнхаа хамт доош бууж явахдаа бид нээрэн уулчид яг яах гэж юуны төлөө дээш мацдаг вэ? Оргилд хүрэх гэж намайг хариулахад. Тэнд хүрээд яг яах юм? Оргил хүрэх зам дагуу байх шингэн алдсан уулчдын ялгадсыг харах гэж үү гэж тэр надад толгоом болгон хэлэв. Бид үндсэн отогт бууж 1 хоносон ч замын кэмпүүдэд нэг ч хоносонгүй сарны гэрэлд хүртэл довтолгосоор тасралтгүй 12 цаг 40 км замыг туулж Аконкагуа уулын тусгай хамгаалалтын хаалга руу дөхөж ирлээ. Тэр үдэш саран авхай орчныг цэлийтэл гэрэлтүүлж бид духныхаа ч гэрлийг асаах шаардлагагүй байв. Замд шороон шуурганд дайруулж халтайсан биесээ харан шоолон инээлдсээр явав. Сарны гэрэлд тэртээ доор уулын гол тас харлан мэлтэлзэх ч цэнгэг устай булаг шанд энэ хөндийг туулахдаа нэгийг ч дайрч өнгөрсөнгүй. Тэнгэрт одод түгсэн ч тэнд бидний танил од байхгүй. Би бүтэн 14 хоног долоон бурханыг ядаж олж харах гэж хичээгээд чадаагүй билээ. Ертөнцийн энэ хязгаарын үнэхээр бүх юм нь харийн. Анх ийшээ өгсөж байхдаа уулсыг нь Алтайн уулстайгаа жишсэндээ одоо би бол огт утгагүй зүйрлэл хийснээ бүрэн ойлгосон билээ. Нээрэн бид яг юуны төлөө харь холын гэлтгүй энэ мэт уул руу мацдаг вэ гэдэгтээ хэн хэн маань олигтой хариу олж хэлж чадаагүй ч зүрх сэтгэлдээ бол “Яг л ингэж үхэл амьдралын зааг дээр ирсэн ч өөрийнхөө бие сэтгэлийн хүчийг л сорих гэж” хэмээн хариулж явсан нь лавтай. 
  


Биднийг шөнө орой болсон тул тусгай хамгаалалтын газрын машин урьдаас тосож иржээ. Цааш машины зогсоол хүрээд аялал зохион байгуулсан компаны машинд хүрч хэдхэн цагийн дараа гэхэд Мендоза хотод ирлээ. Өдөржин өлсөж явсан бид замын гуанзанд амталж шарсан үхрийн мах шар айргаар даруулж суухдаа хэдхэн цагийн өмнө хоёр биенээсээ өөр хэн ч байхгүй зөвхөн хад чулуун уулнаас зугтаах мэт уруудаж явсандаа нэг л итгэж өгөхгүй байв. Шар айраг шарсан махны амттайг яана. Хахир хэцүү уулыг жирийн амьдралаас зааглан байдаг энэ л амтыг илүү тодоор мэдрэх гэж, балга шар айрагны үнэ цэнийг амьдралын дайтайг мэдрэх гэж л уулчин бид уулыг зорьдог ч юм уу?!  Ямар ч байсан тийм их амттай шарсан мах урьд огт амсаж байгаагүй мэт, тийм их амттай шар айраг огт ууж үзээгүй мэт, нэг муу ядруухан замын гуанз атал хачин тансаг ордон мэт орчныг таашаан бид аз жаргалтай инээмсэглэнэ. Бүх сэтгэл зүрх, бие махбодь минь АРИУСАН ШИВ ШИНЭХЭН БОЛЖ ДАХИН ТӨРСӨН МЭТ. Энэ мөчтэй давхцан миний тархинд уулчин бид нээрэн ууланд явах бүртээ ДАХИН ТӨРДӨГ юм байна. Уул хэдий хүнд бэрх байх тусмаа АМЬДРАЛЫН АМТ, ҮНЭ ЦЭНИЙГ тэр хэрээр илүү тодоор ойлгуулж, биднийг ариусган дахин төрүүлдэг юм байна. Бид өөрийгөө ялах гэж ч биш, хүчээ ч сорих гэж биш зөвхөн энэ л АРИУСАЛД хүрэх гэж уулын оргилыг зорьдог юм байна гэх бодол аян замын туршид эргэлзсэн асуултын хариу болон харван орж ирлээ. Ай, ширүүн салхи, хахир хуурай ааль, өндрийн сүр хүч, өнө мөнхийн үүх түүхээрээ АКОНКАГУА та намайг АРИУСГАН ДАХИН ТӨРҮҮЛЭЭ юу даа!




Зохиолч Б.Эрхэмбаяр
Андын нуруу. Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа уул.
2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 04-ний өдрүүд.


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл