АРИУСЛЫН УУЛ АКОНКАГУА (2 дугаар хэсэг)

4:06 PM

УУЛАНД БАЛГА УС АМЬНЫ ҮНЭТЭЙ БОЛОХ НЬ БИЙ

Бид уул руу төлөвлөснөөрөө 2020 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн өглөө Үндсэн отгоос авиралтаа эхэллээ. Энэ өдрийн төлөвлөгөө бол өндрийн хамгийн эхний отог болох Канад руу хүрэх. Канад руу 2 замаар явдаг. Нэг нь арай тойруу огцом өгсдөггүй зам. Нөгөөх нь шууд хадан цохионы дундуур гарч өгсдөг зам. Бид шууд өгсдөг замаар нь явлаа. Гэтэл Канад руу яг хүрдэгийн даваан дээр цас нэвсийтэл орж манан татаад ирэв. Канад отгийн хадан цохионы доохон талд майхнаа нөмөрлүүлэн бариад тэнд хоноглох боллоо. Канад нэртэй отог бол 5000 метрт байрлах бөгөөд өндрийн хамгийн эхний отог. 

 Канад отгийн хадан цохионы дор


Нидо Де Кондорос буюу хоёр дахь отог хүртэл ундны усгүй тул бид хувцас хэрэгслэл, хүнснээс гадна 6 литр ус хүн тус бүр үүрсэн нь өндөрт мацахад үнэхээр амаргүй байлаа. Гэвч нэгэнт ачаа үүрэгч хөлслөхгүй, газарчин авахгүй бүх зүйлээ өөрсдөө үүрч явна гээд шийдчихсэн улсууд одоо яая гэх вэ. Харин шинэ цас орсон нь агаар чийгшүүлж хэдий цасаар шуурч тэнгэр муухайрсан ч хуурай халуун салхинд явснаас надад бол хамаагүй дээр санагдаж, би цас орсонд олзуурхаж явлаа. Ядаж ус дууссан ч цас хайлаад ууж болно. Энд ууланд ус бол амь нас гэсэн үг. Балга ус АМИНЫ ҮНЭТЭЙ болох нь бий. Ууланд өдөртөө дор хаяж 4 литр ус уухгүй бол шингэний дутагдалд ордог. Тэр бүх усаа өөрөө үүрч явна. Хүчилтөрөгч сийргээс агаараас авч чадахгүй хүчилтөрөгчийг хүн ус ууж цусны эргэлтээр биедээ шингээдэг. Гэвч би үүнийг энд хүртлээ бас ойлгоогүй л явсан.


Канадагаас маргааш нь өглөө хөдөлж Нидо Де Кондоросыг зорьлоо. Гэвч үүрсэн ачааны хүндээс болоод мөн цас орсоор байсан тул төлөвлөснөөрөө өдөртөө очиж амжсангүй. Миний үүргэвч 20-оод кило, хамтрагчийнх маань 20 хол илүү гарсан байсан биз. Бас яагаа ч үгүй байхад яарч хамаг хүчээ болоогүй газар шавхаад хэрэггүй гэж миний уулын багш аян замын хамтрагч маань зөвлөсөн тул бид өндрийн 2 кэмпийн дунд  5252 метрт дахин нэг хонохоор боллоо. Шөнөдөө ширүүн шуурч хоносон ч RAB майхандаа бид итгэдэг билээ. Олон ч ууланд шуурганд чанарыг нь таньсан тул санаа нэг их зовсонгүй.  Энд цас хайлж нэлээн ус нөөцлөн, майхандаа борцтой, АГЬ баяжуулсан гоймонтой хоолоо хийж идлээ. Нутгаас авчирсан борцтой хоол сайхан байсан ч өндөрт надад хурцадсан бололтой гэдэс жаахан эвгүйрхжээ. 





Канад отог, Нидо Де Кондоросийн хооронд 5252 метр өндөрт цасан шуурганд саатан 2 хоносон.

Ер нь уулчдадаа хэлэхэд болж өгвөл яг зориулалтын савлагаатай уулын хоол нь илүү шингэцтэй биед сайн юм билээ шүү. Хоолоо идэнгээ бидний хажуугаар өнгөрөх уулчидтай мэндлэн “7-Вершина” клубийн оросуудтай бол дотночилон хэсэг зуур хөөрөлдөөд авна. Бас канад, англи уулчидтай санал бодлоо солилцож аян замын нөхөд болон урьд хойноо оролцон жингүйдлийн (хэт өндөрт хүчээ нөөх, бие хямрахаас сэргийлж уулчид хөлөө зөөж ядан яарамгүй аажуухан алхална. Угаасаа ч хурдан явах хүч чадалтай хүн цөөн. Хүчилтөрөгчийн дутагдлаас болж амьсгаадна. Тэгээд ч уулын авиралт бол уралдаан огт биш юм) алхаагаар мацна. Тэдний дундаас цор ганцаараа аялж явсан, эхнэртэйгээ Деналид авирахдаа бал сараа тэмдэглэсэн гэж ярьсан уулчин залуутай нэлээн сайн танилцав. Уулчид бид бүгд л ижил хүсэл мөрөөдөлтэй байх тул ууланд авирч бал сараа тэмдэглэх мэдээж ямар юмных нь романтик байх вэ гэж хоорондоо ярьсан ч хэн хэнээ хотод хэдэн арван жил хамт амьдарснаас илүү хэдхэн хоногт маш сайн таних боломжийг зөвхөн уул л олгоно гэдэг дээр санал нийлнэ. Тэр Канад уулчин залуу одоо 2-4 насны 2 хүүхэдтэй болсон тул эхнэртэйгээ ээлжлэн ууланд явдаг болжээ. Намайг доош бууж явахад тэр залуу мартамгүй их тус хүргэсэн билээ.  



УУЛЫН ХААН ЭЛ-КОНДОР НАДАД ЮУ ШИВНЭЭ БОЛ?


Үндсэн отгоос гараад 3 хоносны дараа 4 дэхь хоног дээрээ 2020 оны 1-р сарын 31-ний өдөр өндрийн хоёр дахь отог Нидо Де Кондорос (5580 м д.т.д) хүрэв. Замд цасанд нэлээн саатаж хугацаа алдсан тул бид энд хонохгүйгээр жаахан халуун юм ууж, шоколад идээд шууд өндрийн сүүлчийн отог болох Колера руу өгсөж эхлэв. Авиралтаа яаравчлахгүй бол 2 дугаар сар гаруут дараагийн 7 хоног ууланд 70-80 метр секундын хурдтай хүчтэй хар салхи болно гэж тааралдсан хүн бүр л ярих тул би нэлээн түгшиж бас яарч эхлэв. Энэ хүрчихээд салхинаас болоод амжихгүй бол яана гэсэн таагүй сөрөг бодол орж ирэх бүрт би түүнийг тархинаасаа үлдэн хөөх гэж хичээж явлаа. Колера хүртэл өгсүүр нь нэлээн огцом ажээ. Алхаа удааширч улам бүр амьсгаа дээрдэж зүрх дэлсэнэ. 


Хадны завсар жаахан амсхийх зуур би дээр эргэлдэх Кондор шувууг олж харав. Анх удаа уулын эзэн шувууг хараад сэтгэл багагүй хөдлөв. Яг энэ үед Алекс гэх Англи уулчинтай дахин тааралдлаа. Алекс мөн Кондорийг ширтэнгээ билэгшээсэн бололтой “Энэ сайны дохио” байх гэж бидэнд хэлэв. Тийм ээ, уулын эзэнтэй таарч байгаа нь Аконкагуа биднийг ивээж буй хэрэг биз. Хэдий ядарч байсан ч би баяртай байв. Замд Колера хүрэхийн өмнөхөн бүр хос кондортой тааралдав. Далавчных нь цагаан судал энэ удаад бүр тод харагдана. Номын багш Норов ах маань тааралдвал зургийг нь дараад ирээрэй гэж захисныг гэнэт санаж Iphone  утсаа халааснаасаа тэмтрэн гаргаж ирсэн ч бээрээд унтарчихлаа. Уур ч хүрэх шиг. Бухимдах ч шиг, бас харамсах ч шиг хачин таагүй. Дэмий л дээр дахин дахин эргэлдэх хос Кондорийг ширтсээр үүргэвчээ хадан дээр суунгаа суллан жаахан амсхийв. Заримдаа ч юуны учир энэ хад чулуунаас өөр юу ч үгүй хатуу хэрцгий ууланд мацна вэ? гэх бодол толгойд эргэлдэнэ. Нээрэн, яг яах гэж? Юуны төлөө?! Үүний оронд жилд цөөхөн олдох амралтын хэд хоногоо далайн эргийн наран шарлагын газар амтат коктэйль шимсэн шиг өнгөрүүлж болох л байсан. Би ер нь л тэнэг байх. Амарч жаргахыг мэдэхгүй мөнгө төлөн төлөн ийм юм хийж явдаг биеэ зовоогч “гаж донтон” байх гэх бодол ч орж ирэв. Энэхүү сөрөг бодлуудыг дэмжсэн мэт ам цангаж тэсэхүйеэ бэрх зовооно. Бас толгой дүүрч, шилэн хүзүү рүү хөшиж өвдөнө. Дахиж л өндөр ууланд ингэж өөрийгөө тамлахгүй шүү ч гэж бодов. Энэ үед дээр эргэлдэх кондор шувуу надад нэгэн нууцлаг ид шидийн үгс шивнэсэн л байх. Удалгүй энэ таагүй бодлууд арилж би дахин өөдрөг нэгэн болж хувирав. 


Колера өндрийн сүүлийн отог. 6000 метр далайн түвшнээс дээш.

Нар жаргаж, саран авхай давхар мишээх агшинд би Колера кэмп дээр авирч гарч ирлээ. Эндээс орчны уулсын гоо тансгийг бишрэн хэсэг алмайрч зогсов. Олигтой камергүй гарснаа бодож би өөрийгөө бас л зэмлэв. Ашгүй нөгөө муу бээрсэн Iphone энэ удаад хэдэн зураг дарж дөнгөв. Гэвч камераар дарсан бол хорвоо дэлхий, Андын уулс энэ удаад үзэсгэлэн гоогоо харамгүй дэлгэсэн байлаа. Даан ч гайгүй камертай явсан хамрагч маань надаас нэлээн хэдэн мөчийн дараа ирж, энэ хооронд Колерагийн тансаг үзэмж сарниж дуусав. Цаг хугацаа бүхнийг захирдаг нь үнэн бололтой. 




Колера өндрийн сүүлийн отог. 6000 метр далайн түвшнээс дээш. Наран саран давхцан намайг угтсан юм. 
 
Би наран саран давхцсан мөчид өндрийн сүүлийн отог Колерад хөл тавиад аавыгаа учиргүй их дурсан санав. Түүний өгсөн нутгийн чулууг зүрхэн тушаа халаасандаа хийснээ өвөртөө тэмтэрч үзэв.  Хачин шүү ууланд явахдаа би өр зөөлөн ээжийгээ биш аавыгаа л их үгүйлдэг юм. Энэ завсар нулимс хоёр хацрыг минь дагаад бороо шиг л сул асгарч байв. Колерад хүрүүт балга усгүй болжээ. Замд авч гарсан ус маань дууссан. Колерад нөөц ус хүрчихсэн байх ёстой гэж итгэснээс усаа гамгүй ч зарцуулж. Юмыг яаж мэдэх вэ Колерад хайлах цасгүй бол усгүй балрах тул Үндсэн отгоос гарахдаа нэгэн портерт ус, нэмэлт хүнстэй жаахан боодол захиж үлдээснээ хайж сураглаад олсонгүй. Инкагийн замчингаас түүний ирсэн үгүйг асуутал тэр ирээгүй байв. Өдөр сар цаг минут тохирон бас багагүй хөлс тохирон инээж байсан тэр портерийг бодохоор даан ч хүний мөсгүй санагдав. Өндөр ууланд хүнд худлаа хэлнэ гэхээр миний ухаанд багтсангүй. Манай Монголчууд арай ч ингэхгүй дээ ч гэж бас бодлоо. Зун биднийг Түргэний уулсад явж байхад 5 хоногийн дараа хүнс дуусна яг ирж аваарай гэхэд бороон дундуур шалба норсон малчин залуу хөтөлгөө морьтой ирж авсныг ч бодоод гомдон гомдон уйлсаар байв. Миний сэтгэл их хямарчээ. Уйлахгүй байя гэсэн ч зүгээр л нулимс урсаад байсан юм. Портерийн ирээгүйг Инкагийн замчинтай ярилцахдаа сэтгэл хөдөлсөндөө би тэсэлгүй “He is killing us” гээд нэлээн чанга хэлчихснийг урьдах майхан дахь уулчин сонссон бололтой надаас юу болсныг асуув. Тэгээд өрөвдсөн биз гялгар ууттай хэдэн самар, чихэр, шоколад өгөөд надад илүү байгаа нь л энэ. Ус харин өгч чадахгүй нь уучлаарай гэв. Би түрүүхэн л гомдсондоо уйлж суусан бол одоо баярласандаа хэсэг уйлав. Хамтрагч маань харанхуй шөнөөр уйллаа гэж зэмлэсэн тул хүчээр биеэ барьлаа. Чадал тэнхээ муухан байсан ч түүнтэй элбэн майхнаа дөнгөж босгомогц ойролцоо хаданд жаахан хунгарласан цаснаас гялгар уутанд хаман авчраад хайлуулж эхлэв. Өндөрт ус удаан буцалдаг ажээ. Бараг л бүтэн цаг болж байж аяга ус хайлуулж уулаа. Энэ зуур би аавыгаа бодсоор байлаа. Аавыгаа санасны учир нь хатуу ширүүн энэ ууланд аав минь цас хайлуулж өгөөсэй гэж хүссэнийх юм болов уу? Эсвэл аавынхаа ямар ч сүрлэг уулнаас түшигтэй нөмөр нөөлөг, хайр энэрлийг үгүйлснийх биз ээ. 
Гэвч би оргил яагаа ч үгүй байхад сэтгэлээр унаж болохгүйг өөртөө сануулаад тэвчээр заан дахин цас хайлж борцтой шөл хийлээ. Ядарч даарсан бид 2 халуун шөл хэд балгаад дулаацаж, хүч сэлбэв. Өндөрт 6000 метрт 4 өдөр мацсаны дараа хэдхэн алхамын зайнд буй цасыг хайлуулж уухад, балга шөл чанахад надад хэрээс хэтэрсэн тэнхээ шаардаж байсныг гагцхүү ижил өндөрт, ууланд шаналж үзсэн уулчин нөхөд минь л ойлгох тул өөр бусад эгэл Уншигч авхай нараа залхаахгүй үүднээс энэ шаналалаас ингээд салъя.



Колера отог. Дээр Аконкагуа уулын оргил харагдана.

Шөнө ширүүн шуурч хонолоо. Ядарсандаа өөрийн мэдэлгүй хэсэг зүүрмэглэвч амьсгалаар цантсан майхныг салхи нүүрэн дээр цасаар шавхуурдан сэрээнэ. Тэгээд ч өндөрт бөх унтаж амардаг хүн ховор биз ээ. Колера хадан цохион дунд бяцхан нөмөрт орших ч гэлээ шуурга бол Аконкагуа уулын нэгэн сүр хүч бололтой. Салхигүй тогтуун байхыг өнгөрсөн орой нар жаргах мөчөөс өөрөөр ер үзсэнгүй. 


Үргэлжлэл бий...




Зохиолч Б.Эрхэмбаяр
Андын нуруу. Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа уул.
2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 04-ний өдрүүд.



Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл