11:47 AM

БИ БИЧИХЭЭ ХЭЗЭЭ Ч БОЛИХГҮЙ гэдгээ МЭДЭРСЭН



БИ БИЧИХЭЭ ХЭЗЭЭ Ч БОЛИХГҮЙ гэдгээ МЭДЭРСЭН
Одоогоос яг хоёр жилийн өмнө намайг "Эрээчигч", банкны хурган дарга энэ тэр нэр хоч өгч уран бүтээл рүү минь биш хувь хүн рүү минь нэгэн шүүмжлэгч эрээ цээргүй халдсан байдаг. ШАЛТГААН нь тодорхой л доо. Утга зохиол гэх айлаар овголоогүй, мэргэжлийн сургуулийг нь төгсөөчгүй байж хүн уншууртай номнууд бичээд ном бүр нь шилдэг борлуулалттай болсон нь (2016, 2017 оны Интерномын жилийн нийт борлуулалтаар миний гаргасан бүх ном 4-лээ Шилдэг -100 номд багтсан юм билээ) ХЭСЭГ БҮЛЭГ хүмүүст ТААЛАГДААГҮЙ хэрэг.
Би тэр цагт номыг минь бус намайг шүүмжилсэн тэр хүнд "Та миний номыг огтхон ч УНШААГҮЙ хүн байна. Би гэхдээ ямархуу цараатай уран бүтээлч болохоо харуулнаа. Дараагийн номоороо уулзая" гэх товчхон хариу өгөөд, төрөлхөөс хэрүүл уруулд маруухан хүн тул тэгсгээд орхисон.

Тэр явдлаас жилийн дараа СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ романаа гаргав. Уншигчдаас сайхан сэтгэгдлүүд хөвөрсөөр, одоо ч ирсээр л байгаа. “Сүүтэй уулын савдаг чинь нэг л сүнслэг мэдрэмж үлдээлээ, Эрхэмээ чи МОНГОЛЫН ФЕРРАНТЕ (Елена Ферранте, өнөө цагийн алдартай зохиолч эмэгтэй) болох нь, таны бичлэгийн хэв маяг МУРАКАМИ шиг санагдлаа” гэх мэт сэтгэгдэл хэлсэн нэлээн боловсорсон уншигчдынхаа урмын үгэнд би баярласаар суугаа. Уншигчид төдийгүй уран зохиолын зарим нэгэн эрхмүүд ч магтаал хэлэв. Мань шүүмжлэгч харин таг чиг. Бодвол гайгүй сайн бүтээл болчихоод хэлэх үг олдохгүй гацчихсан яваа бололтой юм гэж тааварлах.

Юутай ч тэр хүний муу үгс надад ТУС БОЛСОН. Би илүү их хичээсэн, бодож тунгаасан, түүнийхээ хариуд хэнбугай ч уншсан гоочлоод байхгүй бүтээл туурвиж чадсан.
Бас нэг юмыг маш сайн мэдэж авсан тэр нь өнөө цагт ЭЕРЭГ САЙХАН ЗҮЙЛС БУСАДТАЙ ХУВААЛЦСАН бол хэн ч тоохгүй. Жишээ нь тэр шүүмжлэгч намайг магтсан бол ХЭН Ч ТООЖ УНШИХГҮЙ. Монголын утга зохиолын тогоо тамын тогооноос нэг их ялгаагүйг ойлгосон. Нэлээн мундаг эрхэм зохиолчоос бүр шал хөгийн "Чи хэсэг хугацаанд ном бичээд хэрэггүй" гэсэн зөвлөгөө ч сонсож байв. Тэр хүнээс "Та тэгвэл миний номыг уншсан уу?, би яагаад бичиж болохгүй гэж" гэхэд "Үгүй, уншаагүй л дээ" гэсэн. Хэхэхэ уншаагүй байж намайг бичихийг минь хорьдог хэн бэ тэр гуай. Бас нэг алдартай зохиолч над руу хувиараа хандаад миний бүх номнуудыг уншсан, маш их таалагдсан, АЛГАНЫ ХЭЭ-ийн Гэрэлгуа үхдэг хэсэг дээр би бүр уйллаа, тэр шүүмжлэгч номыг чинь уншаагүй гэдгийг би одоо бол сайн мэдлээ гэв. Тэгэхээр нь би танд үнэхээр таалагдсан бол наад үгээ уншигчдад хүргэл дээ" гэсэн чинь " Би энэ уран зохиолоос хоолоо олж иддэг хүн, уран зохиолчдынхаа талд байхгүй бол болохгүй" гэж хулчийсан. Тэрнийхээр бол би УРАН БҮТЭЭЛЧ БИШ юм шиг байгаа юм. ОДОО ИНГЭЖ НАМАЙГ НҮЦГЭН ҮНЭНИЙГ хэллээ гээд олон хүмүүс “Чи хэн бэ, биднийг доромжилдог юу вэ” гээд “барьж идэх” нь гарцаагүй. ГЭВЧ НАМАЙГ хэн ч биш болгох гэж сэдсэн шүүмжлэгчийн хорт муу явуулга бас миний зүрх сэтгэлийг ЭМЗЭГЛҮҮЛСЭН, ИТГЭЛИЙГ минь булингартуулсан, миний номнуудыг уншаагүй хүмүүсийг “ЭРХЭМБАЯР гэж нэг муу ЭРЭЭЧИГЧ байдаг” гэж төөрөгдүүлсэн гээд хар бараан толбо үлдээсэн.

ХАРИН АГУУ ХҮМҮҮС БОЛ АГУУ Л БАЙДАГ юм билээ. Тийм агуу хүмүүст өчүүхэн миний талд орлоо гээд уран зохиолын тогооноосоо хөөгдөх шалтгаан байхгүй. Тэд хэний ч талд орох шаардлага байхгүй. Авъяас чадал үнэний ТУНХАГ болсоор байдаг. Төрийн шагналт Д.Норов гуай СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ-ын гар нооргийг минь уншаад "Чи хүний сэтгэл рүү хандсан байна. Сэтгэл бичдэг охин байна. СЭТГЭЛ БИЧДЭГ ХҮНИЙ номонд би өмнөх үг бичиж өгч БОЛОЛГҮЙ ЯАХ ВЭ гэсэн. Тэр хүний энэ урам надад тэр ХҮНД ЦАГТ маш том дэм болсон. Бас олон мянган уншигчид минь, найз нөхөд, гэр бүлийнхэн минь энэ бүх хугацаанд миний ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ өгсөн. ТА БҮХЭНДЭЭ ӨНӨӨДӨР БИ ТОМ ӨРТЭЙ ХҮН. Би болоогүй хаа ч байсан юм. ОРГИЛ БҮТЭЭЛЭЭ БИЧЭЭГҮЙ Л БАЙНА. Би илүү ихийг БҮТЭЭХ болно.

Энэ бүгдээс би нэг л юм ойлгосон. Би хэн ч хэзээ ч юу ч гэж хэлсэн, надад юу ч тохиолдсон БИЧИХЭЭ БОЛИХГҮЙ гэдгээ бүр сайн ойлгосон доо. Эцэст нь ТЭР ШҮҮМЖЛЭГЧ гуайд бас их БАЯРЛАЖ байгаа. Намайг нэлээн хэлмэгдүүлсэн ч гэлээ ХУРЦАЛЖ өгсөнд. Аливаа юм сайн, муу хоёр талтай юм даа.
Зохиолч Б.Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл