УУЛАН ДАХЬ МИНИЙ БҮТЭЛГҮЙТЛҮҮД

5:03 PM


УУЛАН ДАХЬ МИНИЙ БҮТЭЛГҮЙТЛҮҮД


Урьд нь дандаа л уулын оргилд гарсан амжилтуудаа бичиж байж. Харин бүтэлгүйтлээ дурсаж байсангүй. Оргилд гаралгүй буцах надад өдий хүртэл тохиолдож байгаагүй гэж бодохоор Би ЖИНХЭНЭ УУЛЧИН БИШ болоод тэр биз ээ.  Харин бүтэлгүйтлээ бичмээр санагдахын учир нь хүмүүст сургамж, бас хэрэг болох биз гэж найдна. Амжилттай авиралтын тэмдэглэл, сайхан авсан зургууд бусад хүмүүст урам зориг төрүүлдэг байж мэдэх ч тэндээс санаа авах юм ховор,  их сайндаа “Эрхэмээ чи мундаг шүү, ийм жаахан биенээс хаанаас нь ийм их эрч хүч гардаг байна” гэж манийгаа хөөргөсхийгээд өнгөрнө. Гэтэл оргилд гаралгүйгээр буцах хэдий гунигтай ч надад ийм их ухаарал өгнө чинээ санаагүй л явж. Надад төдийгүй бусдад сургамж ухаарал хайрлах болтугай. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг. За ингээд ууланд дахь БҮТЭЛГҮЙТЛҮҮДЭЭ та бүхэнтэй хуваалцъя. 

1.       ТАЙВШРУУЛАХ ЭМ БА МӨНХСАРЬДАГ

Монгол-Оросын хил дээр байх МӨНХСАРЬДАГ (дтд 3600м) ууланд өнгөрсөн өвөл “ХАЙРХАН АЯЛАГЧ КЛУБ”-ын нөхдийн хамт 2 дугаар сарын сүүлээр явсан юм. Тухайн үед эмч зөвлөсний дагуу тайвшруулах, нойр хүргэх үйлчилгээтэй ПЕРСИН гэх бор эмнээс 10 хоногийн турш уусан байлаа. Замд эм дууссан тул бүр Улаан-Үдийн эмийн сангаас хайж яваад авч уув.
 Мөнхсарьдаг уулынхаа бэл хүртэл 7-8 км ой дундуур өгсүүр замаар алхаж хүрдэг. Бид шөнө 02 цагийн үед хөдөлж ой хүртэл ХӨВСГӨЛ далайн захаар явсаар машинаас бууж багийн ахлагчийн командаар авиралтаа эхлүүлэв. Гэтэл эхний нэг цаг жигд хурдаар алхаад биеэ халаачихвал цаашид “батарей цэнэглэгдсэн” мэт хөнгөрөөд явчихдаг миний бие нэг л бишээ. Хөл сульдан амьсгаадаж, сүүлдээ бие халж хөлс гарсан ч гэлээ бие хөнгөрсөнгүй улам бүр ядарч сульдав. Уулын оргилд нөхдөөсөө нэлээн сүүлдэн байж гарсан ч гэлээ буухад хөл гар маань бараг л хаана яваагаа мэдрэхээ байтлаа ядарлаа.
Дотроо өөрийгөө ихэд голж “Би ч болоогүй байна даа. Эрхэмээ гуай, байнгын бэлтгэл хийхгүй их хэвтсэнийх” гэсхийгээд уруу царайтай явлаа. Гэтэл энэ бүхэн юунаас болов үнэхээр бэлтгэл муутай байснаас гэхэд нэг л биш санагдах. Харин энэхүү ер бусын “сульдал” мөнөөх бүтэн 2 долоо хоног шахам багагүй тунгаар уусан нойр сайжруулах, тайвшруулах эмний нөлөөлөл байсан. ТАЙВШРУУЛАХ  үйлчилгээтэй тул хамаг биеийн булчин шөрмөсийг суллаад хаячихжээ.  
Иймд ууланд авирахын өмнө уусан эмнийхээ үйлчлэлийг сайн ШАЛГА. Ер нь саяхан ямар нэгэн эм бэлдмэл уусан бол авиралтаа хойшлуулсан нь дээр. Мөн ханиад томуу тусаад бие сульдсан байхдаа өндөр ууланд явах ТОМ ЭРСДЭЛ дагуулдаг гэдгийг санаарай. Уулчдад бас фитнес хийх, биеэ  хэтэрхий “хиймлээр” хөгжүүлэхийг зөвлөдөггүй. Уулынхны бие хаа овойж товойсон булчингүй байдгийг та анзаарсан биз. Яг л нар салхи уулын сүр хүчинд “оригоороо хатаагдсан” мэт уулчид ихэнхдээ хөнгөхөн эвсээрхэн шавилхан туранхай хүмүүс байдаг. Учир нь  хэт их булчингийн масс хүчилтөрөгч их шаарддаг бөгөөд  өндөр ууланд  хотын гудамжинд хараа булаам БОДИ ЗАЛУУС “нэмэргүй” нэгэн болж мэднэ. Учир нь өндөр ууланд тэр их булчинг ажиллуулах ХҮЧИЛТӨРӨГЧ хангалттай биш гэх мэтчилэн  ууланд авирахад “учир жанцан гуай нар” их байна.   



2.       ДУХНЫ ГЭРЭЛГҮЙ БОЛ СОХОРТОЙ АДИЛ

Би духны гэрлээ гэртээ шалгаагүйгээс зай нь дууссан байсныг мэдсэнгүй Мөнхсарьдагт ирсэн байв аа. Тэгээд одоо яахав буцалтай нь биш. Урдах хойдох 2 хүнийхээ дунд гэрэлд нь орж явах болов. Хол бартаа саадтай энхэл донхолтой замд жигд хурдаар алхахад үүн шиг худлаа юм байхгүй юм билээ шүү. Өмнөх зам ардаас тусах хүний гэрэлд чиний дүрсээр сүүдэртээд юу ч харагдахгүй. Эцэстээ нэг хэмээр биш, сохор хүн шиг энд тэнд замбараагүй тэмтчин гишгэлсээр хамаг тамираа барсан. За тэгээд ууланд духны гэрэлгүй өөр нэг бүтэлгүйтэл Цэцээ гүн дээр гарчихаад оройтож буухдаа хамт явсан нөхөр бид хоёр хоёулаа гэрэлгүй гарснаа мэдээд асаагуурын гэрэлд бууж ирсэн. Дүн өвлийн хүйтэн шөнө, цас мөстэй хальтиргаатай замд асаагуургүй бол тэгээд яах ч байсан юм. Ууланд явах тусмаа АРХАГШИХ гэж гайтай өвчин зарим хүнд түсдаг шиг. “За энүүхэн Цэцээ Гүн гарчихаад ирэхэд яав л гэж” гээд авч явах юмсаа бүрэн бүтнийг шалгаагүй хэнэггүйтсэн байгаа юм. Тэгэхээр ОЙРХОН УУЛ, АЮУЛГҮЙ УУЛ, АМАРХАН УУЛ гэж байдаггүйг сана.    



3.       УУЛ БОЛ GUIDE-тай ЖУУЛЧЛАЛ БИШ

Чамтай ямар ч сайн уулчин замчилж хамт явах байлаа ч чи ууланд өөр хэнд ч биш ӨӨРТӨӨ Л ИТГЭ, НАЙД. Ууланд газарчлах хүн чинь бие нь өвдвөл яах вэ, эрсдэл гарвал яах вэ, чи цор ганцаар үлдвэл яах вэ гэдгийг бодолцож авирах, буух замаа урьдчилан заавал судлаарай. Уул бол GUIDE-тай ЖУУЛЧЛАЛ биш юм. Ялангуяа ууланд олуул багаар явах үед эмэгтэйчүүд “эм зангаа” гаргаж эрчүүддээ хоол хүнс хүнд юмсаа үүрүүлэх гээд байдаг. Хөнгөн юм үүрч байгаа нь өөрт нь амар юм шиг боловч хэрэв өөрөө төөрвөл яах вэ? Ядаж л балга халуун устай саваа үүргэвчиндээ авч явбал аминд чинь л орох вий. Миний хувьд альпинист стилээр буюу өөрийгөө бүрэн хариуцах байдлаар үүргэвчиндээ бүх хоол ус хүнс, майхан, хөнжил гудас, ээлжийн солих хувцас, олс, өндрийн хийн тогоо зэргээ (заримдаа үүргэвчний жин бараг 20кг гаруй болдог) үүрч явахыг эрхэмлэдэг. Урьд өмнө авирсан бүх уулын оргилд (Таванбогд Хүйтэн, Отгонтэнгэр, Асралт, Эльбрус, Дэлгэрхаан гм) энэ л ачаа үүргэвчтэйгээ гарч байсан. 

Монголын баруун хязгаарт байх саяхан очсон нэг хайрханы (тодорхой шалтгааны улмаас уулын нэрийг бичмээргүй байна) хүн гараагүй (Орос, Чех уулчид гарсан боловч зарим нь осолдсон юм билээ) талаар нь гарахаар очсон боловч тэр уулыг би очихоосоо өмнө юу ч судлаагүйгээ ойлгосон юм. Бид үндсэн отгоос 14 км явж байж уулынхаа дөнгөж 3/1-д хүрч очлоо. Хоол, ус, дулаан хувцас хөнжил, олс гэх мэтчилэн бүх юмаа хийсэн үүргэвч маань 20 кг өлхөн болоо биз. Хамтрагчийнх маань 30 гаруй кило (майхан, уулын багажнууд, мөсний шруп гэх мэт нэмэгдсэн). Бид энэ бүхнээ чирсээр уулын дунд хэсэг хүрэв. Гэвч дээш зам улам бүр өгсүүр болж уулын дунд хирээс эхлээд бараг 90 хэм эгц цасан мөсөн багана шиг өндөрлөгт хүрлээ. Энд хайкинг төрлийн авиралт биш техникийн авиралтын туршлага шаардах уул юм. Бас цасан ангалууд энд тэндгүй ярзайж харагдана. Нар нэлээн дээр байхад уулынхаа тэхий дунд майхан тогтох газар цасан дээр хүрэхэд хайрханы оргил хажууханд “Одоо юухан байх вэ, хүрээд ирээч” гэх шиг л наранд гялбалзаж байв. Би ч дотроо ихэд итгэлтэй СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ номныхоо “Ирмүүний дүрдээ бүрэн орчихсон хүн” хамт явсан нөхрөө хурдан дээшилье гэж яаравчлуулав. Гэвч надаас ууланд хамаагүй туршлагатай тэрээр эндээ майхнаа барьж хоноглоод өглөө эрт авирахаар шийдээд унтахыг зөвлөв. Би бол мөдхөн оргилд гарчих юмыг энд дэмий хоноглох хэрэг байна уу гэж дотроо бодсоор дурамжхан хэвтэв. Гэвч түүний зөв байсан юм. Төдөлгүй цэлмэг тэнгэр муухайрч битүү манантан бороо цас холилдон орж эхлэв. Бид зам хүнд эгц тул майхнаа хүнс хоолоо орхиод дээш явах төлөвлөгөөтэй байсан бөгөөд хэрэв тэгсэн бол дээр яах байсан бол гэхээс дотор харанхуйлж билээ. Бидэнд аз дайрсан ч байж мэднэ.  Маргааш өглөө нь тэнгэр онгойсон байсан ч манан буурахыг хүлээсээр авиралтаа эхлэх төлөвлөсөн цагаас хамаагүй оройтов. Ингээд бид цааш авирахаа болилоо. Би ч дотроо “ийм ойрхон хүрчихээд арай ч дээ” гэсээр оргилд гарч чадаагүй хүн урвайсаар бууж үндсэн отогтоо ирээд уул руу ширтэж зогсохдоо бидний хүрсэн өндрөөс оргил хүртэл нэлээдгүй их зай байгааг хараад дээшээ өгсөөгүйдээ баярлаж билээ. Хэрэв өмнө нь би сайн судласан бол уулынхаа хаана хүрсэн, оргил хүртлээ хэдий хэр зайтайг дээр доор байхаас эс хамаарч багцаалах байсан биз. УУЛАНД ялангуяа оргил дөхөөд ирэхээр СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨС ҮҮДЭЛТЭЙ бодит байдлыг ХЭТРҮҮЛЭХ, ДУТУУ ҮНЭЛЭХ зэрэг ЭРСДЭЛ гардаг. Өчигдөр уулын тэхий дунд хүрсэн байхад тэндээс оргилд хүртэл тун бага 1-2 цагийн л авиралт болохоор санагдаж байсан бол үндсэн отгоос хүрсэн зай, уулын оргилыг харж зогсоход тэнд дор хаяж 6 цагийн хүнд техникийн авиралт шаардахаар болохыг төвөггүй таамаглаж мэдэв. Бид хэрэв цааш дээшээ явсан бол харанхуй болохоос өмнө бууж чадахааргүй байжээ. 


4.       ЗӨН СОВИНДОО ИТГЭ, ЭРГЭЛЗЭЖ БАЙВАЛ УУЛ РУУ БҮҮ ЗҮГЛЭ

Урьд өмнө уул руу явахдаа яах бол гэсэн эргэлзээ сэтгэлд огт төрдөггүй байлаа. Харин энэ удаад нэг л өөр байсан. Очсон өдрөө л хайрханы барааг хараад “хөөх ийм эгц рүү аль талаар нь хаагуур хэрхэн өгсөх билээ” гэх эргэлзээ төрсөн нь чин үнэн. Бас яг уул руу өгсөхийн өмнөх шөнө үүрээр хамаг л ойр дотны хүмүүсээ хамж шимж зүүдэллээ. Үнэндээ үргэлж хамт байдаг болохоор тэднийг урьд өмнө нэг их зүүдэлдэггүй би босоод үүргэвчинд юмаа хийж байхдаа энэ тухай гайхан бодож байлаа. Тэд бүгд надаас ямар нэгэн юм хүлээсэн эсвэл нэхсэн байдалтай байх мэдрэмжийг ч би зүүдэндээ мэдэрснээ саналаа. Хүнд зөн совин байдаг хэрэггүй юм хийх гэж буйг хайртай хүмүүс чинь зүүдээр дамжуулж сэрэмжлүүлдэг ч байж мэдэх л юм. Ямартай ч УУЛ РУУ ЭРГЭЛЗЭЖ БАЙВАЛ ЗҮГЛЭЭД ХЭРЭГГҮЙ, ЗӨН  СОВИНДОО ИТГЭ.

Биднийг очсон өдөр бороотой байв. Тэнд зураг авах гэж ирсэн зурагчин бүтэн 4 хоног бороонд хоригдоод хайрханы барааг хараагүй гэв. Биднийг очсон анхны шөнө ч шиврээ бороо шөнөжин орлоо. Гэвч маргааш өглөө нь тэнгэр цэлмэж сайхан өдөр болсон. Хайрхан, тэнгэр хангай биднийгээ сайхан хүлээж авсан. Энэ УДААД БАРААГ ТАНЬ ХАРААД ЦАСТ МӨНГӨН ОРГИЛЫГ тань бэлээс тань тольдоод буцахад гомдох зүйл байхгүй ээ. Надад цаст мөнгөн зулайд тань мөрөө гаргаснаас илүүтэй УХААРАЛ,  ИТГЭЛ, ҮНЭМШИЛ, ТЭВЧЭЭР хайрласан, намайг сорьсон ОНГОН ДАГШИН ХАЙРХАН минь таны цаст оргилд мөрөө гаргах биеийн болоод ухааны бяр жигдэрсэн цагтаа эргэн золгоё!  

Зохиолч Б.Эрхэмбаяр
ТҮРГЭНИЙ УУЛСААР
2019.07.12-19 өдрүүдэд

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл