Авъяастай бол “Бичиг үсэггүй” ч зохиолч болж болно.

11:30 AM


Авъяастай бол “Бичиг үсэггүй” ч зохиолч болж болно.

Францаар бичнэ гэдэг бол миний хувьд алба үүргээс гадна бичиг үсэггүй хүнд тулгасан ял юм.

Энэ өгүүлбэрийг уншаад миний нүд чийгтээд ирлээ. Агота дандаа л намайг уйлуулчихдаг юм. Энэ удаа ч бас л... Би номын хуудаснаас харцаа татаад онгоцны цонхоор доош харлаа. Хөвөн цагаан үүлс хөглийж харагдана. Миний сэтгэл үймрэхийн бас нэгэн гогцоо хэдхэн хоногийн өмнө Лондонд уулзсан нэгэн уншигч “Та Шведэд амьдарч байсан бол бичих байсан уу?” гэж асуусантай холбоотой ч байж мэднэ. “Би хаана ч байсан бичих л байсан. Номоо хэвлүүлэхгүй байсан ч би бичихээ хэзээ ч болихгүй байсан” гэж би хариулсан юм. Харин би Аготагийн “Бичиг үсэггүй хүн”-ийг уншаад өөр дотроо тэр асуултанд нэлээн нухацтай бодож хариулт олсон юм. Нээрэн хэрэв би Шведэд үлдсэн бол өдийд юу хийж яваа бол? Номоо бичих байсан болов уу? Хэрэв бичсэн бол ямар хэлээр бичих байсан бол? Швед хэлээр үү?
Энэ дурсамж маягийн номоо бичихдээ Агота анх эх орноо орхин Швейцарьт ирж суурьшсан бүхий л амьдралаа эргүүлж хөрвүүлж. Тэгээд ч тэр үү намайг ч бас энэ ном миний 20-иод жилийн өмнөх амьдрал руу өөрийн мэдэлгүй хөтөлчихлөө. Яг л Агота шиг “бичиг үсэггүй хүний” зовлон эдлэн хүүхдүүдээ асран амьжиргаагаа залгуулахын эрхэнд цагийн ажил хийж хажуугаар нь 7 хоногт 2 удаа швед хэлний дамжаанд “бичиг үсэгт тайлагдах” гэж явдаг байв. Эх хэлээрээ шүлэг, өгүүллэг бичдэг атлаа тухайн орчин, тухайн цаг үед  “үл мэдэгч” болохын зовлон гашуун. Аготагийн зөв. Эх хэлээрээ биш, харийн хэлийг хэдий сайн сурлаа ч харь хэлээр уран зохиол бичнэ гэдэг бол ял юм. Би ч түүн шиг Шведэд үлдсэн бол бичих нь бичих байсан байх, гэхдээ л бас яг түүн шиг ял тулгуулсан мэт харийн хэлээр бичих байсан байх. Бас яг түүн шиг зөрүүд зоргоороо эмгэн болчихоод “Танай Швед хэл ядуу. Монгол хэл маань хамаагүй баялаг” гээд цэнхэр нүдээрээ эгдүүцэнгүй ширтэх сурвалжлагчийг унтууцуулж суух байсан ч байж магадгүй. Хүний эх хэл гэдэг, эх орон гэдэг тийм л зүрх зориг хүнд өгдөг эрхмийн дээд бахархал байх нь. Тэгээд ч Францад 50 гаруй жил амьдарч франц хэлээр нь бичиж нэр алдарт хүрсэн хэдий ч Агота “Би Франц хэлийг тийм гайхамшигтай хэл гэж боддоггүй...Унгар хэл хамаагүй илүү баян...яруу найраг уран зохиолын хувьд ч илүү баялаг...” гэж хээв нэг хэлж суусан биз ээ.

“Бичиг үсэггүй хүн” ном бичлэгийн хувьд нөгөө л Аготагийн энгийн илүү дутуугүй байх зарчимтай. Магадгүй Аготагийн нэг үг нэг биш бүр нэжгээд утга илэрхийлдэг шидтэй ч байх. Түүний үг бүр хэдэн амьтай мэт. Ямар ч тэмдэг нэр уянгын халилтай дүрслэлгүйгэээр уран зохиол бичиж, тэр нь шууд л уншигчийн ой тойнд тусах нь Аготагийн этгээд бичлэг, сэтгэлгээнийх нь сүнслэг чанар дахиад л намайг гайхашруулав. Харин хэлээр “ял тулгуулсан мэт бичих зовлон” Аготад өөрийн гэсэн өвөрмөц бичлэгийн хэв маягийг бий болгож. Яагаад ч юм би уран бүтээл бол “зовлон бас золиос” юм гэсэн санаагаа улам батжуулав. Хэрэв Агота харийн хэлээр бичих гэж зовоогүй, эх орноо орхин золиослогдоогүй бол ийм нэр алдартай зохиолч болох байсан болов уу? За энэ миний л бодол таамаг. Мэдээж тэр өөрөө бас л бардмаар “Хэрэв би Швейцарьт цагаачилж ирээгүй бол, Герман эсвэл Англид цагаачилж очсон бол мөн л тэр улсынхаа хэлийг сураад тэдний хэлээр нь биччих байсан”  гэж бардмаар хариулсан шигээ хаана ч ямар ч хэлээр бичих л байсан. Товчхондоо тэр авъяас бас бичих их хүсэл байвал “бичиг үсэггүй” ч зохиолч байж болохыг тунхаглав.

Лондон-Москва-Улаанбаатар
2019 оны 9 дүгээр сарын 22-30 өдрүүд
Зохиолч Б.Эрхэмбаяр   

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл