#АЛГАНЫ_ХЭЭ УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ:

11:56 AM

#АЛГАНЫ_ХЭЭ УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ:


 
Алганы хээгээр амьдралыг тольдохуй...
Утга зохиолыг нэгэн их далай хэмээн зүйрлэвээс: Энэ их далайд ардын жүжигчин, зохиолч Э.Оюун, төрийн шагналт зохиолч төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал, ардын уран зохиолч яруу найрагч Ш.Дулмаа гуай зэрэг эмэгтэй зохиолчид томоохон байр суурь эзэлдэг. Тэдний залгамж халаа, утга зохиолын гаргасан жимээр нь үргэлжлүүлэн бүтээн туурвиж буй цөөхөн эмэгтэй зохиолчдын түүчээ бол Эрхэмбаяр Балтсүхийн зохиолч яахын аргагүй мөнөөс мөн.
Цаг хугацааны аясаар бүтээн туурвих хүслээ өчүүхэн ч гээлгүй, бусдын хар муу үгийг үл тоон уншигч олныхоо тархи оюуныг мялааж гавъяа шагнал багатай ч үйлс гэгээн энэ зохиолч бүсгүйд талархаад барамгүй. Зохиол бүтээлээрээ төдийгүй өөрийн амьдрал, үзэл бодлоороо нийгэмд эерэг бүхнийг уриалдаг нь гайхалтай. Эмэгтэй хүн гэлтгүй хүн бүр хүсч бас хичээж зүтгэж чадвал юунд хүрч, юуг бүтээж чаддаг гэдгийг өөрөөрөө тод томруун үзүүлж буй зөв сайны жишээ билээ.
"Тасдаж үл болох сарнай", "Сайхан төрөх санааных", "Алганы хээ" тэргүүн болон дэд дэвтрүүд гээд олон зохиол бүтээлийг нь уншаад хэдийнээ эчнээ танил яг л миний эгч, найз, зарим хүнд ээж мэт танил дотно тэр л зохиолч бүсгүй. Энгийн атлаа цаанаа гүн гүнзгий утга агуулга шингээстэй, бичих хэв маяг нь өөрийн гэсэн онцлогтой, өгүүлэх зохиолтой үлдэх ухааралтай тийм л нэгэн зохиолч бүсгүй. Сэтгэлээ шингээсэн бүхэн тань бусдын сэтгэлд хүрдэгчлэн "Алганы хээ" бүтээлээс ургасан өөрийн сэтгэлээ ийнхүү өгүүлж эхлэе.
"... Хол ч бай ойр ч өссөн бай хамаагүй алаг үр минь миний мах цусны тасархай минь алганы хээгээрээ бид холбоотой аж."
Зах зээлийн нийгмийн шилжилтийн үе, тэр үеийн оюутан залуусаар төлөөлүүлэн тухайн цаг үе нийгмийн байдал, хайр сэтгэл, залуу цагийн гэнэн цагаан гэгээн мөрөөдөл, хүмүүний чин сэтгэл, мөн чанарыг уг зохиол бүтээлээс харж болно. Хамгийн гол нь амьдралын хар цагаан, эрээн бараан, гэгээлэг өнгөлөг гээд бүхий л өнгийг уг бүтээлээс нь би тольдон харсан. Зохиолчийн сэтгэлгээ баялаг цар хүрээтэй гэдэг нь дүрийн дүрслэл, үйл явдлын уялдаа холбоо, газар орны байр байдал, хүмүүсийн аж амьдрал, дотоод сэтгэлийн зөрчил тэмцэл, хүний сэтгэлийн гүн дэх нууцлаг нандин тэр л мэдрэмжүүд зэргээс илхэн харагдана. Олон долоо хоног шилдэг борлуулалттай номын жагсаалтад итгэл төгс тэргүүлэн, номын баяр бүхнээр зохиолчийн асар хөл хөдөлгөөн ихтэй, уншигчдын амнаас ам дамжин зохиол бүтээл нь яригдаж буй нь уг бүтээлийн чансаа, утга зохиолын салбарт байх ёстой бүтээлийн тоонд зүй ёсоор багтах учиртайг илтгэнэ.
Нэг үеэ бодоход уншигчдын мэдэх, мэдээлэл олж авах, хөгжих, сонгох, үзэл бодлоо илэрхийлэх эрх илүү чөлөөтэй болсон. Тэр ч утгаараа уншигчид зарим тохиолдолд зохиолч, бүтээлээсээ ч илүү хэрсүүжсэн байх нь бий. Өөрийнх нь хэзээний мэддэг зүйлийг өмнө нь дэлгэн тавих эсхүл зүгээр л арилжааны хэрэгсэл төдий, уншихаас өмнөх болон уншсаны дараах сэтгэгдлүүд өөрчлөлтгүй, уншигчдад ухаарал үлдээхгүй бүтээлд тоомжиргүй хандах болсон цаг үе. Яг л энэ үед амьдрал хувь заяандаа эзэн суух, өөрийнхөө алганы хээг өөрөө урлан бүтээх гээд урам зориг, итгэл найдвар, сайхан бүхнийг уг бүтээлдээ дээжлэн өгүүлсэн нь цагаа олсон мэт.
Тамираа, Энхбатын дүрээр төлөөлүүлэн бидний мэддэг атлаа нэг их тоож анзаардаггүй сэтгэлийн нандин бүхнийг шигтгэн урлаж, амьдралын саад бүхнийг зөв замаар даван туулахыг уриалсан. Зоригт хэдийгээр осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч хожмоо хөл дээрээ босч чаддаг. Энэ нь амьдралд юу ч тохиолдсон давах туулах хүч, урам зориг, итгэл найдвараа алдалгүй хожмын гэрэлт ирээдүйд итгэж амьдрахыг сургамжлан өгүүлсэн. Эсрэг дүр Дорж, Ариунтунгалаг. Тэд бол бүх зүйл хоёр талтай, амьдралын энэ их замд хүсэл шуналдаа хүлэгдсэн муу сэтгэлтнүүд ч бас бий гэдгийг сануулсан. Амьдрал бол дан чихэр, давч ч бус аль аль нь ээлжлэн буй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
Зохиолч өөрөө ч социализмын үеийн ийм бүтээл ховор бөгөөд дүрслэхдээ хар бараан, хэт нэг талыг барьсан гэдгийг хэлж байсан. Тиймээс ч энэхүү дутуу орон зайг соргогоор анзаарч, тархи оюунаараа мэдэрсэн, туулсан, харсан, сонссон бүхнээ аль болох тэнцвэртэй, хэт нэг тал руу хазайлгүй бичсэн санагдана. Надад яг л цаг хугацаагаар аялан, дүрүүдийн оронд өөрөө буй мэт санагдаж, хөлөөрөө туулах боломжгүй тэр л бүхнийг оюунаараа туулах боломжийг олгосон эрхэм зохиолч танд баярлалаа. Алганы хээгээр амьдралыг тольдсон аялал минь энэ хүрээд өндөрлөж байна. Гэхдээ амьдрал бол аялал гэдэг. Бидний аялал дөнгөж л эхэлж байгаа нь энэ билээ.
Эрхэм зохиолч танд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цаашдаа уншигч түмэндээ илүү олон бүтээл туурвилаа өргөн барьж, энэ хэвээрээ утга зохиолын их далайд биднийг хөтлөх, чиглүүлэх, замыг минь заах оюуны нэгэн багш минь болж яваарай.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай...
А.Ундрам /2018.06.04/

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл