4:10 PM






СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ роман

ХОТ 

...Уулнаас бууж ирсэн даруйдаа Ирмүүн нөгөө л нэг ижил дасал болсон гунигтай саарал хотын амьдралдаа эргэн хөвж эхлэв. Хот, уул хоёр нэг л зүйлээрээ адилхан. Хүмүүс хотыг ч тэр, уулыг ч тэр амьгүй гэж боддог ч Ирмүүний хувьд аль, аль нь амьтай. Урьд нь Ирмүүн хорвоогийн олон хотуудаар хэрэн хэсүүчилж явахдаа очсон хот бүрээ хүнээр төсөөлж, тэдэнтэй дотроо ярилцдаг байж билээ. Зарим хот түүнд ихэмсэг хатагтай мэт санагддагтай адил нэгэн цаст уул түүнд багадаа уншдаг асан Ханс Хиристиан Андерсены үлгэрийн цэвдэг сэтгэлт цасан дагиныг бодогдуулсан удаа бий. Азийн гял цал шилэн барилгууд сүндэрлэсэн Хонг Конг, Сингапур түүнтэй тас хар ажил хэрэгч хүрэм өмссөн, хүзүүндээ зангиатай, хээнцэр бизнесмен залуугийн дүрээр ярилцана. Гэвч Ирмүүн тэдэнтэй нэг их олон юм хөөрөлдөж чаддаггүй. Тийм хотууд “Бүсгүй минь, сонин сайхан зөндөө л байна. Даан ч зав муутай, дараа нэг тухтай ярилцамз” гээд залирхгаар нүдээ ирмэн, цагаа хяламхийж харчихаад, хүн машин пиг дүүрсэн гудамжинд хоромхоноо шингээд алга болчихдог залуу шиг санагдана. Европын хотууд өөр. Тэд язгууртан хатагтай мэт, эсвэл зарим нь өвчинд баригдсан өтөл буурал өвгөн шиг болсон ч байх нь бий.

“Эллисэйн тал” хэмээх Парисын алдартай өргөн чөлөөнд дурын нэгэн кафед нарлан сууж, сайхан дарс шимэн тухалсан намрын тэр хэдэн сар Ирмүүний санаанаас хэзээ ч гардаггүй юм. Европын сэргэн мандалтын үеийн хамаг л шилдэг дархчууд ур ухаанаа шингээн байж барьсан готик хийцийн гоёмсог сүмүүд, эсвэл арван дөрөвдүгээр Людовикийн үеийн бароко загварын номин ногоон дээвэртэй барилгууд хэн хүний нүд хужирлахгүй байхын аргагүй. Сена мөрний эрэг дагуух энэхүү их хотын гүнээс түүний амь сүнс болсон, алтан утсаар шаглаж гоёсон торон даашинзтэй эрхэмсэг нэгэн хатагтай дэвүүрийнхээ дээгүүр ертөнцийн явдалд аль хэдийн ханаж цадсан ихэмсэг харцаар ширтэж байх шиг Ирмүүнд төсөөлөгджээ. Тэрхүү хатагтай Парист зочилсон жирийн жуулчнаас эхлээд билгийн мэлмий нь нээгдсэн зураачид, зохиолчид хэнийг ч ялгалгүй “За, алив, юу чаддагаа харуул л даа” гэж амгалан ихэмсэг харцаараа өдөөн турхирдгаас тэр биз, Парисын барааг харсан цагаас онгод нь оргилсон олон авъяастнууд энд л олон түмэнд шагшигдсан оргил бүтээлээ туурвисан байх нь бий. Парисын хамгийн том өргөн чөлөө болох мөнөөх “Эллисэйн тал” гэх үг нь “амар амгалан сүнснүүдийн диваажин” гэсэн утгагтай гэж Ирмүүн хаанаас ч юм уншиж байжээ. Үнэхээр ч Парисын тухай бодох бүрт өөрийн эрхгүй түүний нүүрэнд сэтгэл татам инээмсэглэл тодроод, бодлогоширонгуй хүрэн нүдний харцанд нь тайтгарал нүүгээд ирдэг билээ. Харин Ирмүүн нэг зун хаа хол бөмбөрцгийн нөгөө талд орших Рио де Жанейрод очихдоо навсгар ядуусын дүүрэг, энд тэндгүй хөшилдөх гудамжны янхнуудыг хараад шүүрс алдран хотыг өрөвдөх ч шиг болж билээ. Тэгэхэд тэр хот Ирмүүнд хүүхдүүд нь өвчинд баригдсан эцгийгээ тоохоо болиход, хөсөр хаягдсан хөөрхийлэлтэй өвгөн буурал эцэг нь амьсгал хураахын өмнөхөн сонсохыг хүссэн хар элгийн хэнд ч хамаагүй сүүлчийн удаа бүх л амьдралынхаа нууцыг дэлгэн ярихыг хүсэж байх шиг санагджээ. Тэр аялалаас өөрийн гуниг дээрээ үл таних өөр нэгэн гуниг тээж ирсэн Ирмүүн гэртээ орсон даруйд хаалгаа хаачихаад налан зогсохдоо “Уучлаарай. Би танд тусалж даанч чадахгүй нь. Миний амьдрал энд” гэж өөрийн мэдэлгүй амандаа бувтнаж зогсчээ.
Огт амь сүнсгүй хотод ч тэр очиж байсан. Ертөнцийн түмэн хэлтэн хар, шар, бор хэнийг ч хүнийрхдэггүй Нью-Йорк хоттой хэдэн үг солих гээд бүтээгүй. Тавдугаар өргөн чөлөөнд байх тансаг зочид буудлын цонхоор тэнгэр баганадсан өндөр, өндөр саарал барилгуудыг Ирмүүн ширтэн зогсохдоо нээрэн л энэ хотыг Америкчууд өөрсдөө дуулдаг нэг дуундаа “бетонон шугуй” гэдэг нь үнэн юм байна гэж боджээ. Тэгэхэд Ирмүүн нөхөртэйгээ бал сараа тэмдэглэж явсан. Шинэхэн хос аз жаргал дүүрэн байсан ч, сүнсгүй хот болоод ч тэр үү, Нью-Йорк тэдэнд ямар ч дурсамж үлдээгээгүй юмдаг.
Хот, уул хоёр хоёулаа амьтай ч тэдэнд эрс тэс гэхээр бас нэгэн ялгаа бий. Уул үнэнч, хот хуурамч гэдгийг сүүлийн үед Ирмүүн өөртөө нээж олжээ. Хот хэдий чинээ сайхан гоё байх тусмаа төдий чинээ хуурамч. Тэнд тансаг сайхны цаагуур нуугдсан бохир амьдрал яг л мөнөөх хотын гялгар гоё гэрлэн чимэглэл шөнөдөө үзэсгэлэнтэй солонгорч харагдаад өдөр нь нарны гэрлийн дэргэд хүчгүй болдог шиг. Гэтэл уул хэдий чинээ авирахад хэцүү, хахир хэрцгий байх тусмаа, эсвэл хэдий сэтгэл татам, бишрэм сүрлэг байх тусмаа төдий чинээ үнэн бодитой байдаг. Тэнд худал хуурмаг юм хумхын тоосны төдий ч байхгүй. Тиймээс уулыг хүн хуурч чадахгүй. Хотод бусдыг хуурсаар алдар нэр, өнгө мөнгөний оргилд гарч болно. Харин уулын оргилд хүрэхээр зорьсон л бол хөлсөө дуслуулж, амь амьдралаа золиослон байж, хоёр хөлөөрөө алхсаар, авирсаар л хүрнэ. Хүмүүс хотыг болоод өөрөө өөрсдийгөө ч хуурахаас буцдаггүй. Тэрхүү худал хуурмагийн нөлөөллөө хүчтэй болгох гэхдээ хүмүүс бүлэглэн өөр өөрсдийн хуурамч нөхөрлөл, тэр ч битгий хэл хуурмаг хайр сэтгэлийг ч бий болгож чадна. Гэтэл ууланд тийм хуурмаг хайр, хуурмаг анд нөхөр нэг цасан шуурганд, эсвэл хоолгүй хоёр хоносны дараа л танигдаад, хэн нь хэн бэ гэдгээ шууд зарлачих нь бий.
Ирмүүнд хотод олон найзууд бий. Тэдний ихэнх нь ганган хээнцэр хотын залуус. Харин харамсалтай нь хүн хэдий чинээ нүдээ бүлтийтэл гоёж, нүүрээ далд ортолоо шунхадна, төдийн чинээ хуурамч байх нь элбэг. Зузаан будгийг нь хумсаараа маажин арилгаад харвал энгэсэгний цаанаас цухуйх жинхэнэ арьс нь хэрхэн ялгарч харагддаг шиг хотын бүсгүйчүүдийн сэтгэлийн дотоод авир төдий чинээ хуурамч байх нь бий. Ууланд тэд бол урагш хоёр гишгэж чадахгүй нь хөөрхий ч, хотод бол хуурмаг хээнцэрлэл, урт ургуулсан хумсаараа хүссэн газраа хүрч чадна. Зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй хотын шар айрагны мухлаг хэссэн эрчүүдийн хөлчүү яриа өөрсдийнх нь хэлдгээр “том зургаар нь харсан” байх тусмаа өчүүхэн худлаа чалчаа ярианаас хэтрэхгүй байдаг. Харин хөдөө хээр ууланд бол жинхэнэ амьдрал оршин байдаг юм. Энд амьдралаас тусдаа нэг ч үг яриа байдаггүй. “Өвөлдөө өнтэй тарган тавтай орсон уу?” гэж нэг малчин нөгөөтэйгээ мэндлэхдээ шууд л хахир өвлийг мэнд сайн давж гарсан баяр хөөрөө дэлгэж байгаа нь тэр. Түүнээс биш хотын хөлчүү эрчүүд шиг амаараа хувьсгал хийж, эх орноо хөгжүүлэх тухай цуураагүй. Тийм эрсийг ууланд авчраад орхивол мөнөөх том том ярьсан ам нь яасан хурдан хөлдөх бол гэж Ирмүүнд бодохоор хөх инээд хүрэх нь ч бий. Тэгээд ч тэр биз, Ирмүүн сүүлийн үед худал хуурмагийн үүр уурхай мэт санагдах хоттой биш, уултай ярилцахыг илүүд үзэх болж, ууланд бүр сэтгэл алдран дурласан билээ. Яагаад гэвэл уул үнэн ярьдаг. Гэсэн хэдий ч тэр хотдоо эргэж ирсэн тул гял цал, нимгэн хөнгөн, цэмцгэр тансаг хувцас өмсөнө. Харин ууланд замын өлөн шороонд дарагдсан хүрэм, өмд сэлттэй байхад л болно. Тэглээ гээд түүнийг хэн ч хачирхан муу хэлэхгүй. Тэр ч бүү хэл хумсан завсар нь шороо шигсэн, хотын хүүхнүүдийн хувьд үзэшгүй муухай болсон гар нь ч хэвийн зүйл. Ирмүүн эхний удаад ууланд яваад гэртээ ирэхдээ толинд өөрийгөө харж удтал зогсдог байлаа. Тэгэхэд урдаас нь нөгөө л нэг дасал болсон цонхигор царайтай, горзгор шанаатай, дүрлэгэр нүдтэй өөрийгөө биш, нар салхинд онгож гандсан бор царайтай өөрөөсөө тэс өөр туранхайвтар бүсгүй ширтэж байхыг хараад цочих шиг болж билээ. Будаг шунх түрхээгүй хүүхдийн гэмээр хонгор царайтай ч болсон юм шиг. Урьд өмнөх өөрийнх нь лааны тосон баримал мэт цусгүй цонхигор царай амь орсон мэт хацар нь ягаарч гялалзана. Нар салхи түүний царайд байгалийн гоо үзэсгэлэнг урлаж, гэрэл сүүдэр нэмчихжээ. Ирмүүн хэдий будах шунхдахдаа ихэнх хотын хүүхнүүдийн нэгэн адил эвлэгхэн ч ийм өнгө будаг тодруулсан мэт тунамал царайтай байхыгаа хэзээ ч харж байгаагүй юмдаг. Хамгийн гайхалтай нь сүүлийн хэдэн жил хэчнээн үнэтэй тосон түрхлэг харамгүй тавиад ч арилгаж чадаагүй, нүднийх нь доогуур татсан хөхөмдөг туяа ор мөргүй болж, өглөөд бол үл мэдэг бөлцийж орхидог зовхи нь өөдөө татагджээ. Харц нь ч тэр хэрээр тунгалагшиж нүд нь гялалзана. Ирмүүн мөнхүү шинэ төрхөндөө өөрөө дуртай байлаа. Эрэмгий улаан арьст индиан бүсгүй шиг онгож борлосон царайгаа хараад л баймаар санагдана. За, энэ царай зүс өөрчлөгдөх ч яамай хэрэг. Уул хүний дотоодыг бас өөрчилж орхидог ажээ. Тэгээд ч тэр үү, уулнаас бууж ирмэгц хотын хүмүүсийн цамаан зантай нэг хэсэгтээ л зөрчилдөнө. Хээнцэр тансаг атлаа хэврэгхэн санагдах хотын хиймэл орчинтой бас багагүй хугацаанд зөрчилдөнө. Эхэндээ Ирмүүн уулнаас ирэхдээ хотын амьдралыг саначихсан хүн байх тул найз бүсгүйчүүдтэйгээ хурдхан уулзаж хөгжилдмөөр байдаг асан бол сүүл сүүлдээ тэдэнтэй ам мурийж, гомдоохгүйн тулд хэсэг хугацаанд уулзалгүйгээр гэртээ чимээгүй нам бүгчихдэг болжээ. Энэ хооронд өөрийгөө бие болоод сэтгэл санааны хувьд эргээд хотын хүн болгон хувиргаж байгаа нь тэр. Хамгийн түрүүнд халуун усны онгоцондоо ус дүүргээд алжаалаа тайлна. Дараа нь тавиур дээрээс дуртай номоо шүүрээд уншиж эхэлнэ. Телевиз асаахыг ч яардаггүй. Учир нь зурагтаар нөгөө л улиг болсон мэдээ нэртэй хэрүүл тэмцэл гарч байгаа хойно. Тэр энэ удаад нэлээн хэд хоног нам жим гэртээ бүгсний эцэст “нийгэмших хүсэл” сая төрж хамгийн дотно найз бүсгүй болох Гэрэлмаа руу залгалаа.
-Байна уу? Хүүе, чи чинь чимээ сураггүй утсаа тасалчихаад хаашаа алга болчихов оо?
-Би ууланд яваад ирлээ.
-Аль цагийн яваад ирсэн байх гэж горьдсоор хэчнээн их залгав! Бас санаа их зовлоо. Өнөөдөр бид хэд Нарааг гаргаж өгөх гээд чамайг зөндөө эрж сурлаа. Орой долоон цагт “Калиод” уулзая.
-“Калио” гэдэг чинь юу билээ? гэж асуухдаа Ирмүүн хариултыг хүлээлгүй, Улаанбаатарын гангачуул сүүлийн үед ихээр цугларах болсон ээлжит нэгэн цэнгээний газар биз гэж таамаглав.
-Чи “Калио” орж үзээгүй бил үү? Нээрэн, чи ч яаж үзэх вэ дээ. Хөдөө хээрээр хэдэн сараар алга болсон хүн. Энэ зун шинээр нээгдсэн чамин газар л гэцгээх юм байна. Үнэндээ бол би ч тийшээ орж амжаагүй л явна. Цаад Нараа чинь л өөрөө сонгосон. Би чамд хаягийг нь асуучихаад явууламз.
-За баярлалаа, удахгүй уулзъя.
Ирмүүн Гэрэлмаагийн зааж өгсөн “Калио” хэмээх сүүлийн үед Улаанбаатар хотод олширсон өндөр барилгын хамгийн дээд давхарт байрлах, нэг ханыг нь тэр чигт нь шилэн цонх эзэлсэн, неон гэрлийн хөхөмдөг ягаан туяа бие нэвт сүлбэн, нүд гялбуулсан, залуус пиг чихэлдсэн, хөл хөдөлгөөн ихтэй уушийн газар орой тийшээ явж очжээ. “Калио” гэхээр Ирмүүнд итали нэр шиг санагдав. Бодвол энэ газрын эзэн нь Италид аялж яваад ч юм уу хоол идсэн газрынхаа нэрээр нэрлэсэн биз гэж шуудхан таамаглаж болох гадаад нэрээр нэршсэн энэ мэт үй түмэн ууш зууш, зугаа цэнгээний газрууд Улаанбаатарт үүд хаалгаа нээжээ. Гэвч олны сонирхлыг хэсэгтээ л татаж хошууруулах “Калио” мэтийн газрууд нэгхэн зуны настай байх нь элбэг. Харин нэрийг нь зээлдсэн жинхэнэ Италид буй Калио бол хэдэн зуун жилийн түүхтэй байх нь дамжиггүй. Тэнд өвгөн Калио дараа нь эцэг Калио, хүү Калио тосгоныхондоо өвөрмөц сайхан гоймонгийнхоо жороор танигдаж, өмнөд Италийн зөөлөн дарсаар гоймонгийнх нь амтанд мадаггүй орсон зочдыг дайлсаар, ядаж л нэг зууныг элбэг элээсэн байдаг. Гэвч одоо Ирмүүний сууж буй энэхүү Улаанбаатарын гял цал “Калио” шилэн хана шигээ хэврэг байх магадгүй л юм.
Ирмүүн цагаа харвал уулзах цагаас нэлээн эрт ирчихсэнээ сая л анзаарав. Найзуудтайгаа хамтдаа хооллохоор тэднийг тэсвэртэй нь аргагүй хүлээсэн ч гэдэс нь хоржигнон дуугарахад, ууж дадсан нимбэгтэй бүлээн ус, хэрээ нүдний зутан шөл захиалав. Ирмүүн хоолоо яарамгүй идэх зуур ийш тийш орчин тойрноо ажиглавал хажуу ширээнд нь гадаадын шар толгойтой эрстэй хотын гангачуулын төлөөлөл болох өөрөөс нь насаар хараажаар дүү хэсэг бүсгүйчүүд гоё шилтэй дарс, шарз битүү өрсөн ширээний ард тухлан суугаад шуугилдаж байх аж. Тэдний дунд ч танил царай харагдана. Үе үе тас тас инээн аалигүйтэх ганган хүүхний будаж шунхадсан эрвээхий мэт алаг нүд Ирмүүнд танил санагдах нь аргагүй. Тэр бол өөрийгөө нийгмийн дээд зиндааных гээд бат итгэчихсэн, танил нэгний гэргий билээ. Тэдний нөхрүүд хотын төвийн элит дунд сургуульд сурдаг нэг ангийнхан байснаас гэр бүлтэй нь нэг хэсэг ойр дотно найзлах гэж хичээж байжээ. Хөөрхөн хүүхэн гадаадын чамгүй нэртэй дээд сургуулийг мөнгө, цаг хугацааг хороон байж тэртээ нэгэн цагт төгсжээ. Гэвч ирээдүйтэй бизнесмен гэгддэг нөхөртэйгээ ханилснаас хойш огт ажил хийсэнгүй гэртээ суужээ. Тиймээс уйддаг биз, Ирмүүнийг өдрийн цагаар голдуу халуун ууранд сууя, иллэгт хамт оръё, цай кофе ууя гэж дуудна. Ирмүүнд өдөр тэгж явах зав байх биш, нөгөө л эх захгүй цаасандаа дарагдаастай хүн байх тул түүний нэг ч урилгыг хүлээж авч чадсангүйдээ гэмшээд нэг удаагийн оройн хүлээн авалтанд нь хичээн байж явж очжээ. Тэр үдэшлэгт өнөөдрийнх шиг хөөрхөн хүүхнүүд, гадаад залуус бас дэгжин сөөсгөр монгол залуус бишгүй олон байлаа. Харин нөхөр нь байгаагүй юм. Нөхрийнхөө дэргэд бол амаа хүртэл дарж тэрүүхэндээ инээдэг мөнөөх наалинхай хүүхэн тэгэхэд шарзны халуунд ч тэр үү, яг л өнөөдрийнх шиг тас тас хөхөрч үдэшлэгийн эзэн мадам шиг л аашилж байв. Түүний энэ эрс тэс хоёр өөр дүрийг таньж мэдсэн цагаас хойш Ирмүүн тэр хүүхний дараа дараагийн ээлжит зугаа цэнгээн, эсвэл гоо засал хийдэг харшид хамтдаа зочилох урилгуудаас нь эвтэйхэн татгалзах болсон билээ. Нөхрүүд нь л мөнгө ярих далимдаа хамт салхинд гарах гэр бүлийн арга хэмжээ хэд хэдэн удаа зохион байгуулж, тэр бүрт ганган бүсгүй дорой дуугаар нөхөр өөдөө харж хааяа нэг уйтгартай инээмсэглэн төрөл арилжсан мэт царай гаргана. Хотын ганган эхнэрүүд дунд ийм төрөл арилжилт, хиймэл хуурмаг зан гэм биш, зан болсныг нөхрийнх нь бизнес өргөжих хэрээр улам олноор танилцах “найз гэр бүлүүдээс” Ирмүүн мэдэж авчээ. Ийм гэр бүлүүдийн эхнэрүүд нь ёс юм шиг гэртээ сууна. Баян эрчүүдэд энд тэнд дагуулж явах амьд гоёл хэрэгтэй байдаг мэт дандаа сайхан хүүхнүүд байх ч тэдний дотоод ертөнц тэр хэрээрээ давчуу байх нь элбэг. Тийм эхнэрүүдийн сэтгэлийн гоо сайхан нүүр царай, өмссөн хувцас, тансаг харш шигээ байх нь ховор. Хааяа эхнэрүүд нийлж дарс уух дуртай хэдий ч үнэндээ ямар дарс илүү амттайг мэдэх хүн тэдэн дунд бас л ховор. Иймэрхүү дарсны уулзалтууд Ирмүүний тэвчээрийг бардаг зүйлсийн нэг байлаа. Шинээр авах гэж буй үнэтэй харшийн тухай, хүүхдүүд нь гадаад хэл дээр чамгүй их мөнгөөр сурдаг сургуульдаа сайн сурч, хүссэн онц дүнг нь авч чадахгүй байгааг, Хонгконг, Сингапур саяхан яваад ирсэн нэгнийхээ авсан брэндийн шинэ цүнх, гутал гээд ердөө л хэдхэн зүйлийн хооронд ярианы сэдэв эргэлдэнэ. Эсвэл ам нийлэн нөхрүүдээ хэрхэн өөрөөс нь залуу охидтой учир ургуулсан талаар ярьцгаана. Эл яриагаа ихэд нууцлахыг нэг нэгнээсээ хүснэ. Тэгээд бас будмал уруулаа мөн л будмал урт шилэн хумстай гараараа дарж байгаад “нүд хужирлах сайхан залуу” зэргэлдээ ширээнд суугаад хэн нэгийг нь ширтээд байгааг өвөр хоорондоо шивэгнэн аалигүйтнэ. Зөвхөн эмэгтэйчүүдээрээ уулзалдах энэ мэт дарсны уулзалтад тэд жигтэйхэн дуу шуу ороод явчих бөгөөд нөхрүүдийнхээ дэргэд байдгаас тэс өөр ааш авир гаргах нь Ирмүүний гайхшийг барахын хажуугаар тэдний гангар шаазан мэт хэврэг дүр төрх эгдүүг нь ихэд хүргэнэ.
Хэдэн сар цас мөс, асга хаднаас өөр юмны бараа хараагүй, эзгүй зэлүүд газраар тэнүүчилж яваад ирсэн Ирмүүн энэхүү уушийн газрын хиймэл гялгар байдлаас төсөөрч бишүүрхсэн мэт хажууд шуугилдах олноос жишүүлдэсхийн сууж байлаа. Гэвч тэр өнөөдөр мөнөөх ууланд байсан болхи байдлаасаа салж, өндөр өсгийтэй хар хилэн шаахай өмсөж, хурц шар өнгийн хүрмийг тэгшхэн сайхан хөлнийх нь галбир дагасан гялгар хар өмдтэй хослуулсан нь хэдхэн хоногийн өмнө агуй хонгил бараадан, үхэл амьдралын зааг дээр омголтсон уруулаа шилэмдэн долоож, ширэлдсэн үсээ малгайгаараа далдалж асан хээрийн зэрлэг бүсгүй төрөл арилжаа юу гэлтэй хээнцэр эрхэмсэг харагдана. Хотод хүн ингэж л хүссэн хүсээгүй гадаад орчиноо дагаад өөрийгөө яг л хамелеон шиг хувиргах юм гээч. Ирмүүнийг “Калио”-г мэдэхгүй гэхийг Гэрэлмаа гайхахгүй байх нь аргагүй ажээ. Энэ газар хөл гишгэх зайгүй шахам болтлоо залуус хөлхөлдөхийг нь ажвал хотын гангачуул дунд ид трэнд болж байгаа нь илхэн агаад харин цэс дээрх япон сүши, солонгос кимчитэй чанасан тахиа, америк маягийн шарсан мах, пицца, гээд хаанахын бол хаанахын холилдсон, эрээвэр хураавар хэр нь чамгүй өндөр үнэтэй хоол унд нь уг газрыг өвөрмөц онцгой итали нэртэйгээ огт авцалдахгүй болгожээ. Яг л гоёмсог цаасаар ур гарган боогоод нэрэлхүү худалдан авагчид санаанд багтамгүй өндөр үнээр жишимгүй царайлан худалдчихдаг увайгүй зальхай наймаачны яс чанаргүй хямдхан эд бараа шиг хямд төсөрхөн ч өндөр үнэтэй зугааны газар ажээ.
Ганган хүүхэн хэдий зогсоо зайгүй ярьж, хөхрөх нь сонсогдох ч Ирмүүн түүний хажууханд ирж суусныг орж ирсэн цагаас нь эхлээд анзаарсан нь лавтай. Ийм хүүхнүүдийн нүд хурц, чих сонор байдаг. Тэр нэгэн цагт гайгүй “дотно” найз явсан Ирмүүнтэй ирж мэндлэхгүй бол бүдүүлэг гэж мөнөөх дээд зиндааныхаа найзууд дунд хэлэгдэхээс эмээж суугаа нь ч лавтай үнэн. Ирмүүний таамаг худал байсангүй, гоё хүүхэн танимхайрсаар Ирмүүний хажууд ирж хэсэг саатлаа.
-Найз минь ойрд үзэгдэхгүй хаачаа вэ?
-Би ч уулын хүн болсон доо. За, бараг л зэрлэг хүн. Яагаав, нөгөө цасны хүн. Эсвэл хүн хар гөрөөс шиг гээд л ойлгочиход болно.
Юм л бол англи үг хавчуулж ярьдаг мөнөөх бүсгүй Ирмүүнийг ойлгож ядан нүүр амаа мурчилзуулж хэсэг азнав. Ирмүүн яагаад ч юм түүнийг жаахан даапаалмаар санагдаад урьд нь ч өөрөө түүнтэй яг л түүний адил өнгөөр, хотын бүсгүйчүүдийн хэв маягаар үг солилцдог байснаасаа тэс өөр өнгөөр энэ үгээ хэлжээ. Ганган бүсгүйн нүүрний арьс яг л гөлтгөр шаазан мэт толигор юм. Түүний цав цагаан хүзүүнд нь даруй таван бүхэл каратаас багагүй хэмжээтэй очир эрдэнийн шигтгээт гоёмсог сондор гялалзана. Тэр сондрыг ханилсан эрийнхээ хэчнээн ч олон нууц амрагийн явдлыг нь үл мэдээч болон тэсч тэвчин байж олж зүүснийг Ирмүүн сайн мэдэж байлаа. Бас нөхрөө өөрөөс нь залуу бүр ч хөөрхөн толигор царайтай охинд алдчих вий гэж эмээхдээ үс зүсээ хэвээр нь хадгалах гэж хэчнээн олон цагаа гоо сайхны ордонд зарцуулсныг Ирмүүн бас мэднэ. Ганцхан жилийн өмнө Ирмүүн ч бас ийм гангар шаазан шиг хүүхэн байжээ. Харин одоо нэлээдгүй хэд хоног гэртээ бүгсэн ч уул, ус нар, сар, салхины хээ мэт зураас гөлтгөр нүүрийг нь ихээхэн өөрчилжээ.
Ирмүүний хэлснээс хүүхэн зэрлэг хүн гэдгийг л ойлгосон бололтой:
-Ийм сайхан бүсгүй зэрлэгших ээ? Тэгээд ч биднийг одоо үед тэд зэрлэгшүүлж чадах уу? Бүсгүй “тэд” гэх үгээ нөхрүүдэд хамааруулж хэлэхдээ Ирмүүнийг гэрээсээ явсныг аль хэдийн дуулчихсан байх ч түүнийгээ чадмаг нуух гэж хэт жүжиглэснээс хөнгөн тоглоомоор хэлэх гэсэн үг нь шоглоом болсон бололтой, түүний ямагт зовхио өргөж ярьдаг хөөрхөн нүд инээмсэглэсэн хэвээрээ ч, сурмаг мушилздаг уруул нь энэ удаад ярвайчихлаа. Бүсгүй үг нэг бүрээ уянгалуулан сунжруулж хэлэхэд хамгийн сүүлчийн “чадах уу” гэсэн үг дууны өнгөнд нь даанч зохисонгүй, нэг тийм хөгийн муу жүжигчин шиг эв хавгүй авиа гаргав. Ирмүүнд түүн шиг маяглах шаардлага ч, хүсэл ч байсангүй. Цаашид ийм хүмүүстэй адилхан дүр эсгэж ёсорхоод байхаас залхсан өнгөөр:
-Уулын зэрлэг амьдрал надад таалагдвал яагаад болохгүй гэж? Тэдэнд ямар хамаатай юм? гэж сөргүүлэн асуугаад “За, сайхан хөгжилдээрэй. Дарсны цугларалт дээр намайг таньж мэддэг бүхэнд миний мэндийг дамжуулаарай” гэчихээд эргэлээ.
Ард нь гоёмсог бүсгүй юу ч юм хэлэх гэж эг маг хийсээр хоцров.
Ай, хөөрхий эрх чөлөө минь! Хэн, юу гэх бол гэхээс эмээхгүй өөрийнхөөрөө байх чинь ямар их жаргал вэ? Хүмүүс, тэр дундаа хүүхнүүд энэ эрх чөлөөгөө даанч мэдэрдэг нь ховор юм даа. Юунд ийнхүү үнэн нүүр царайгаа хэд хэдэн давхар багны цаана нууж, ханилсан эрийнхээ дэргэд ч өөрийнхөө жинхэнэ төрхөөр байж болохгүй, өөрийгөө яах гэж юуны төлөө ингэж дөнгөлнө вэ? Энэ юуных вэ? Хотын араншин уу? Эсвэл мөнгөний төлөө юу? За, тэгээд аль алиных нь л байх даа. Хотод эрх чөлөө мэдрэх хувь заяа тэр бүр хүнд олдохгүй гэх мэтчилэн эргэцүүлж суугаад Ирмүүн сэрүүн салхи сэвэлзсэн уулсыг өөрийн эрхгүй санагалзав.
Удалгүй Гэрэлмаа орж ирлээ. Тэр аанай л хоцордог зангаараа хэлсэн цагаасаа хагас цагийн дараа ирсэн нь энэ. Ирмүүний хар багын найз тэр бүсгүй сэтгэлд ямагт дулаахан байдаг. Гэвч тэрээр Ирмүүнийг ууланд дурлах болсонд, бас нөхрөөсөө салах болсонд дурамжхан байгаагаа нуугаагүй. Тийм зүйлийг Гэрэлмаа шиг хүн яаж ч хичээгээд ойлгохгүй л дээ. Магадгүй, ээж нь амьд байсан бол Ирмүүнийг түүн шиг зэмлэх ч байсан биз. Гэрэлмаа бол яг л ээж шиг нь бүсгүй. Арван жилийн сургуульд Гэрэлмаа л Ирмүүний цор ганц гэж хэлж болохоор итгэлт найз нь байсан. Одоо ч насан туршид хамтдаа. Гэрэлмаа тооны ангийн толгой онц сурлагатан, хөөрхөн охидын нэг байсан тул мэдээж дуртай дээд сургуульдаа орсон нь ойлгомжтой. Гэтэл хоёрдугаар дамжаанд сурч байх жилээ нөхөртэйгээ танилцсан нь түүний амьдралыг эсрэг зүгт эргүүлж орхисон юм. Тэр үед дурласан залуу нь байсан нөхрийгөө Ирмүүнд Гэрэлмаа яг л үлгэрийн хунтайж шиг дүрслэн ярьдаг байж билээ. Гэтэл Ирмүүн Гэрэлмаагаас сөөм хэрийн намхан, доожоогүй тэр залуутай гар барин танилцаж зогсохдоо яагаад ч юм найзыгаа харамлах, түүний өмнөөс нэг их харамсах шиг болж билээ. Гэсэн ч тэр залуу найзынх нь хувьд үнэхээр үлгэрийн ханхүү байж чадсан ч юмуу, Гэрэлмаа дээд сургуулиасаа гарч анхны хүүхдээ төрүүлж, гэр хороололд төсөрхөн төвхнөхдөө нүүрнээс нь аз жаргалтай инээд нь алга болоогүй юмдаг. Тэдний дунд жинхэнэ хайр байсан ч юмуу, тэд одоо гурван сайхан хүүхдийн ээж, аав болцгоож гэр бүлийн тов хийсэн бизнес эрхлэх болжээ.
Гэрэлмаа орж ирүүт Ирмүүнийг хацар дээр нь шовхийтэл үнсээд “Миний найз чинь, бов бор хүүхэн болчихож, ядраагүй биз?” гээд тэвэрлээ. Ирмүүн Гэрэлмаад тэврүүлж зогсохдоо найзынх нь тэврэлт яг ээжийнх шиг нь зөөлхөн, дулаахан болохыг мэдрэв. Тэр хүйтэн ууланд ийм халуун тэврэлт үгүйлж байснаа одоо л анзаарч мэджээ. Гэрэлмаад тэврүүлсэн тэр мөчид Ирмүүн уярсандаа уйлчих шахлаа.
-Чи минь, жаахан ядраа юу даа? Бүр турчихаж?
-Би зүгээр дээ.
-Юунд ингэж өөрийгөө зовоож явдаг юм бэ дээ. Чамд хэн хүний хүсээд мөрөөдөөд олдохгүй сайхан амьдрал, гэр бүл байсан даа.
-Тийм ч биз, үгүй ч биз.
-За за. Чиний мөрөөдөл, хүсэл хэн хүнийхээс өөр л дөө. Найз нь мэдэлгүй яахав.
Ирмүүн санаа алдлаа. Нээрэн Гэрэлмаа түүнийг мэдэлгүй яах вэ. Тэр л ээж шиг нь түүнийг бусдаас өөр хүн гэдгийг мэддэг, түүний мөн чанарыг угт нь тултал ойлгодог цор ганц хүн ч байж мэдэх л юм. Түрүүхэн өөртэй нь ирж уулзсан, түүнтэй найзархах гэж хичээдэг ганган хатагтай бол бүр яагаад ч Ирмүүнийг ойлгохгүй. Ирмүүн ч гэсэн яаж ч хичээгээд түүнээс Гэрэлмаа шиг ийм эгэл жирийн аз жаргал, халуун дулаан сэтгэл, амар амгаланг мэдрэхгүй. Нээрэн Гэрэлмаа найз нь Ирмүүний хайгаад байсан амар амгаланг өөртөө бий болгочихсон хүн юм биш биз? Энэ үед түүний бодлыг тасалж Гэрэлмаагийн утас дуугарлаа.
-Би удахгүй ээ. Ирмүүнтэй дөнгөж сая л уулзаад ... гээд Гэрэлмаа чимээгүй боллоо.
Харилцуурын ард түүний нөгөө давжаа хэр нь захирангуй дуутай нөхөр нь эхнэрээ нэн даруй гэртээ ирэхийг шаардаж буй бололтой дуулдана.
Тийм ээ, Амьдрал тийм юм. Ирмүүн түрүүхэн найзынхаа ойрд хараагүй, дандаа л инээд цалгиаж байдаг дотно царайг хараад сэтгэл уярсандаа буруу дүгнэлт хийж байснаа ойлгов. Гэрэлмаа аз жаргалтай хүн биш юм. Түүнд ч бас зовлон байгаа. Ирмүүн царай шигээ сайхан сэтгэлтэй найзыг нь яг л ховсдох мэт татсан тэр залуугийн ард ямар нэгэн сайн тал заавал бий болоод найз нь дурлаа биз гэж боддог байсан юм. Гэтэл Ирмүүн Гэрэлмааг том охиноо төрүүлээд удаагүй байхад нь тэдний гэрт эргэж очихдоо тэр бодлоо гээхээс өөр аргагүй болж билээ. Тэгэхэд гуравхан сартай бяцхан охиноо асрах завсраа гарч түлээ хагалж, гал түлээд Ирмүүнд хоол хийж өгсөн Гэрэлмаад баруун орон дээрээ хэвтэж байсан нөхөр нь туслаагүй юм.
Ирмүүн нөхөртэйгээ ярихаар угаалгын өрөө рүү явсан Гэрэлмааг хүлээж хэдэн мөч ширээндээ ганцаар суулаа. Удалгүй Гэрэлмаа эргэж ирээд:
-Найз нь явахгүй бол болохгүй нь. Дандар (нөхрийгөө хэлэв) маргааш хөдөө явна. Очиж юмыг нь бэлдэж өгөх ажилтай.
-Дөнгөж орж ирчихээд явах гэж үү? Нөгөө хэд маань ирээгүй байна шүү дээ. Чи ядаж мэнд мэдчихээд явахгүй юм уу?
Гэрэлмаа үгүй гэж хэлээгүй ч, хэдэн мөч өнгөрөхөд дахиад л утас нь дуугарав.
-За, би гарчихсан замдаа явж байна. Удахгүй, удахгүй...
Ирмүүн одоо ирэх ёстой найз бүсгүйчүүдээс хамгийн эхний хэн нэгэн нь хаалгаар орж ирүүт зөрөөд гүйхэд бэлэн дороо хавчигнан суугаа Гэрэлмааг өрөвдөв. Ээж нь л яг аав нь аашилахад, эсвэл аашлаа ч үгүй байхад ийм царай гаргадаг сан.
-Чи ер нь яв даа. Би хүлээж байя. Тэд удахгүй ирэх биз.
Ирмүүн бараг үгээ ч дуусгаагүй байтал Гэрэлмаа түүнийг мөнөөх зөөлөн тэврэлтээрээ дахин нэг тэвэрчихээд “Нөгөөх чинь утасдаад суулгахгүй нь ээ. Миний найз уучлаарай. Тэр хэд удахгүй ирэх байх аа” гээд Ирмүүн рүү царайчлангуй харснаа гарч одов.
Ирмүүн дахиад л ганцаараа үлдлээ. Нэг их удалгүй өнөө оройн уулзалтын гол хүн болох Нараа болон бусад найз хүүхнүүд нь уван цуван ирцгээж, тэд ширээ дүүрэн болов. Найзууд нь хотын сониноос дуулгаж, Ирмүүнд бол гойд юмгүй энэ зун хэн, хэнтэй хаагуур зугаалсан, аль газрын хоол, зугаа хамгийн сайхан байгааг, аль дэлгүүрээс зуны хямдралаар юу авсан гээд дор бүрдээ хүүхнүүдийн ”оймс, гутлын яриа” өрнүүлнэ. Найз хүүхнүүдийнх нь эдгээр яриа Ирмүүний чихний хажуугаар өнгөрч, тэр цонхон талд хажуу тийш харан суусан царайлаг залуу дээр харц тогтоов. Ширээн дээр нь түүний өмнө зөвхөн өөрийнх нь бололтой шарзны ганц хундага, савтай мөсний хамт байх нь тэр ганцаар яваа бололтой. Найз хүүхнүүд нь уусан дарсандаа бага сага халамцаж бүжиглэхээр явцгаав. Ирмүүн бүжиглэхийг хүссэнгүй тул суудалдаа үлджээ. Энэ хооронд тэр цонхны дэргэд ганцаар суух залууг ажсаар байв. Тэр залуугийн босгож самнасан ялимгүй уртавтар үс нь гойд зохисноос гадна, түүнийг бусдаас содон өвөрмөц харагдуулна. Ирмүүн хүний хувцас хунар сонжих дуртай биш хэдий ч, хийх зүйлгүйдээ залуугийн өмссөн бор өнгийн торгомсог зөөлөн арьсан хүрэм, хүрэмнээсээ ялимгүй цайвардуу ч өнгө дагуу жинсэн өмд, гялалзсан ширэн гутал сэлтийг нь баарны бүдэг, хөхөмдөг туяатай гэрэлд ажсаар суулаа. Гэтэл залуу өөрийг нь хажуугаас нь түрүүнээс хойш ширтсээр байгаа Ирмүүнийг анзаарав бололтой, харцаа шилжүүлэн түүний зүг харахад хэдэн хором тэд харц тулгарчээ. Ирмүүн хөнгөмсөг биш ч, таалагдсан эр хүнтэй харц тулгарахдаа сандарч зовсон дүр эсгэх хулчгар нэгэн биш. “Ямар гоё өөртөө итгэлтэй харцтай, сайхан нүд вэ?” гэж Ирмүүн дотроо уулга алдаад юм нэмж уухаар баарны тийш зүглэв. Тэр өнөөдөр зүгээр л болж өнгөрсөн бодит бүхнээс зугтмаар байлаа. Согтуурч хөлчүүрээд ч хамаагүй таагүй дурсамж бүхнийг сэтгэлээсээ үлдэн хөөхийг хичээсэн юм. Түүнийг баарны зүг явах зуур мөнөөх залуугийн гоё нүд араас нь дагуулж ширтсээр буйг Ирмүүн бүсгүй хүний зөнгөөрөө анзаарч байлаа. Барменээс захиалсан шарзаа авч үг дуугүй хөнтрөх гэж байсан Ирмүүний мөрөнд хэн нэгэн хүрэхэд эргэн харвал “Та түр хүлээгээд надтай хамт тогтоохгүй юм уу?” гэсээр мөнөөх залуу урдаас нь хундага өргөж харагдав.
-Бололгүй яах вэ. Гэхдээ ганцаараа уух ч бас сайхан шүү, заримдаа...
-Тэр тийм байж болох л юм. Гэхдээ сайхан бүсгүйтэй хундага тулгах бүр ч сайхан гээд залуу инээмсэглэн нүд ирмэв.
Бас хүүхэмсэг эр байх нь гэж Ирмүүн дотроо бодсон ч түүнтэй хундага тулгахыг зөвшөөрөв.
-Чи бүжиглэхгүй яагаа вэ?
-Бүжигнээс уйдчихсан.
-Би ч бас.
Тэд хэд хэдэн хундага шарз тулган ар араас нь усруулан тогтоов. Ирмүүний дотор халуу оргиж, мөс цас, ядрал, хагацал, гуниг, харамсал бүгд арилаад, бие нь хөнгөрөөд ирэх шиг болов. Энэ үед Тулга бодогдсон ч нэгэнт хэн гэдгээ таниулсан тэр залууг санахыг ч хүссэнгүй. Энэ хооронд шинэ танил нь түүний ялимгүй гүн ухлаадастай цамцных нь энгэрээс үл мэдэг цухуйх хоёр хөхийг эрээ цээргүй цоо ширтэж байлаа. Гэвч Ирмүүнд энэ бүхэн тийм ч жигшилтэй санагдсангүй. Харин ч таатай мэт. Ирмүүн шинэ танилаасаа салаад цааш эргэн хөлс, зарим нэгний хурц үнэртэй сүрчиг сүлэлдэн үнэртэх олны дундуур чихэлдэн явсаар арай ядан Нараа болоод бүжиглэж буй найз бүсгүйчүүдээ олжээ. Ирмүүн Нарааг тэвэрч, чихэнд нь “Найз нь явлаа. Чи сайн яваарай” гэж хөгжимний чанга дуунаас давах гэж хашгиран хэллээ. Нараа “Чи жаахан байж байгаад яв л даа” гэж чихэнд нь мөн л орилон чангаар хэлээд Ирмүүнийг тэврэн хамтдаа хэсэг бүжиглэв. Гэтэл цааш харан бүжиж байсан Ирмүүнийг эр хүний чанга гараар бугалган дээрээс нь хэн нэгэн чангаан өөр рүүгээ татсан нь мөнөөх түрүүчийн шарз хамт уусан залуу байлаа. Яг тэр мөчид хөгжим солигдон уянгын ая явж таарахад шинэхэн танил нь олзуурхсан бололтой Ирмүүнийг бэлхүүсээр нь шалмаг нь аргагүй тэврээд тэд найган бүжиж эхлэв. Бүжгийн талбайд энэ мэт хос хосоороо бүжиглэх залуус үлджээ. Танилаас нь эр хүн гэхэд ялимгүй нялуун сүрчигний үнэр, шарзны үнэртэй холилдон ханхийнэ. Ирмүүн хурц үнэрт мэдрэмтгийг ч хэлэх үү, юу юугүй дотор нь эвгүйрхэн цэвэр агаарт гадаа гармаар санагдав. Тэр өөрийг нь тас тэврэн бүжиглэх залууд “Би гарлаа” гэж чихэнд нь шивнэчихээд хаалга зүглэжээ. Ирмүүн салхинд зогсмоор байсан тул цахилгаан шатаар уруудсаар гудамжинд гарлаа. Гадаа зуны намуухан сайхан орой болж байв. Дээрх цэнгээний газраас гарсан бололтой залуус гадаалах нь гадаалж, тамхи татах нь татаж хэсэг бусгаараа энд тэнд тойрон зогсжээ. Ирмүүн тэднээс нэлээн зайтай цэвэр агаар амьсгалан хэдэн хором саатан байтал нөгөө залуу түүнийг хайсан бололтой араас нь гарч ирээд харуут танимхайран дэргэд нь хүрч ирлээ.
-Чи чинь яасан хурдан алга болчихов? Би зөндөө хайлаа гэж залуу Ирмүүнд хэзээ язааны танил нь юм шиг хэлээд түүнийг хариу хэлээгүй байтал:
-Хоёулаа эндээс явах уу? Дотор дэндүү бүгчим байна гэв.
Ирмүүнд дахиж олны дундуур зүтгэн байж бүжгийн талбай орох хүсэл байсангүй. Тэгээд ч бүжиглэмээргүй байсан тул залуугийн саналыг зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.
Нэг мэдсэн хажуугийн гудамж уруудан шинэхэн танил нь хэзээ язааны юм шиг Ирмүүний гараас хээв нэг хөтлөөд алхаж байлаа. Тэд дув дуугүй гараа атгалцан гудамжаар нэлээн яваад залуу:
-Манайд очих уу? Эндээс холгүй л дээ гээд Ирмүүний шанх руу орж ирсэн үсийг чихнийх нь араар эвлэгхэн хийхдээ уруул дээр нь үнсэв.
Ирмүүн хариу хэлээгүй ч зүгээр л түүний ханхар цээжинд наалдмаар санагдав. Тэгээд үг хэлээгүй ч дуугүй зөвшөөрч “За яадаг юм, хэн намайг чин сэтгэлээсээ хайрласан билээ?” гэж хэнд ч юм, юунд ч юм гоморхон бодлоо.
Зохиолч Б.Эрхэмбаяр СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ романы хэсгээс

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл