3:17 PM






СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ номны хэсгээс

...Хэдэн сар цас мөс, асга хаднаас өөр юмны бараа хараагүй, эзгүй зэлүүд газраар тэнүүчилж яваад ирсэн Ирмүүн энэхүү уушийн газрын хиймэл гялгар байдлаас төсөөрч бишүүрхсэн мэт хажууд шуугилдах олноос жишүүлдэсхийн сууж байлаа. Гэвч тэр өнөөдөр мөнөөх ууланд байсан болхи байдлаасаа салж, өндөр өсгийтэй хар хилэн шаахай өмсөж, хурц шар өнгийн хүрмийг тэгшхэн сайхан хөлнийх нь галбир дагасан гялгар хар өмдтэй хослуулсан нь хэдхэн хоногийн өмнө агуй хонгил бараадан, үхэл амьдралын зааг дээр омголтсон уруулаа шилэмдэн долоож, ширэлдсэн үсээ малгайгаараа далдалж асан хээрийн зэрлэг бүсгүй төрөл арилжаа юу гэлтэй хээнцэр эрхэмсэг харагдана. Хотод хүн ингэж л хүссэн хүсээгүй гадаад орчиноо дагаад өөрийгөө яг л хамелеон шиг хувиргах юм гээч. Ирмүүнийг “Калио”-г мэдэхгүй гэхийг Гэрэлмаа гайхахгүй байх нь аргагүй ажээ. Энэ газар хөл гишгэх зайгүй шахам болтлоо залуус хөлхөлдөхийг нь ажвал хотын гангачуул дунд ид трэнд болж байгаа нь илхэн агаад харин цэс дээрх япон сүши, солонгос кимчитэй чанасан тахиа, америк маягийн шарсан мах, пицца, гээд хаанахын бол хаанахын холилдсон, эрээвэр хураавар хэр нь чамгүй өндөр үнэтэй хоол унд нь уг газрыг өвөрмөц онцгой итали нэртэйгээ огт авцалдахгүй болгожээ. Яг л гоёмсог цаасаар ур гарган боогоод нэрэлхүү худалдан авагчид санаанд багтамгүй өндөр үнээр жишимгүй царайлан худалдчихдаг увайгүй зальхай наймаачны яс чанаргүй хямдхан эд бараа шиг хямд төсөрхөн ч өндөр үнэтэй зугааны газар ажээ.

Ганган хүүхэн хэдий зогсоо зайгүй ярьж, хөхрөх нь сонсогдох ч Ирмүүн түүний хажууханд ирж суусныг орж ирсэн цагаас нь эхлээд анзаарсан нь лавтай. Ийм хүүхнүүдийн нүд хурц, чих сонор байдаг. Тэр нэгэн цагт гайгүй “дотно” найз явсан Ирмүүнтэй ирж мэндлэхгүй бол бүдүүлэг гэж мөнөөх дээд зиндааныхаа найзууд дунд хэлэгдэхээс эмээж суугаа нь ч лавтай үнэн. Ирмүүний таамаг худал байсангүй, гоё хүүхэн танимхайрсаар Ирмүүний хажууд ирж хэсэг саатлаа.

-Найз минь ойрд үзэгдэхгүй хаачаа вэ?

-Би ч уулын хүн болсон доо. За, бараг л зэрлэг хүн. Яагаав, нөгөө цасны хүн. Эсвэл хүн хар гөрөөс шиг гээд л ойлгочиход болно.

Юм л бол англи үг хавчуулж ярьдаг мөнөөх бүсгүй Ирмүүнийг ойлгож ядан нүүр амаа мурчилзуулж хэсэг азнав. Ирмүүн яагаад ч юм түүнийг жаахан даапаалмаар санагдаад урьд нь ч өөрөө түүнтэй яг л түүний адил өнгөөр, хотын бүсгүйчүүдийн хэв маягаар үг солилцдог байснаасаа тэс өөр өнгөөр энэ үгээ хэлжээ. Ганган бүсгүйн нүүрний арьс яг л гөлтгөр шаазан мэт толигор юм. Түүний цав цагаан хүзүүнд нь даруй таван бүхэл каратаас багагүй хэмжээтэй очир эрдэнийн шигтгээт гоёмсог сондор гялалзана. Тэр сондрыг ханилсан эрийнхээ хэчнээн ч олон нууц амрагийн явдлыг нь үл мэдээч болон тэсч тэвчин байж олж зүүснийг Ирмүүн сайн мэдэж байлаа. Бас нөхрөө өөрөөс нь залуу бүр ч хөөрхөн толигор царайтай охинд алдчих вий гэж эмээхдээ үс зүсээ хэвээр нь хадгалах гэж хэчнээн олон цагаа гоо сайхны ордонд зарцуулсныг Ирмүүн бас мэднэ. Ганцхан жилийн өмнө Ирмүүн ч бас ийм гангар шаазан шиг хүүхэн байжээ. Харин одоо нэлээдгүй хэд хоног гэртээ бүгсэн ч уул, ус нар, сар, салхины хээ мэт зураас гөлтгөр нүүрийг нь ихээхэн өөрчилжээ.

Ирмүүний хэлснээс хүүхэн зэрлэг хүн гэдгийг л ойлгосон бололтой:

-Ийм сайхан бүсгүй зэрлэгших ээ? Тэгээд ч биднийг одоо үед тэд зэрлэгшүүлж чадах уу?

Бүсгүй “тэд” гэх үгээ нөхрүүдэд хамааруулж хэлэхдээ Ирмүүнийг гэрээсээ явсныг аль хэдийн дуулчихсан байх ч түүнийгээ чадмаг нуух гэж хэт жүжиглэснээс хөнгөн тоглоомоор хэлэх гэсэн үг нь шоглоом болсон бололтой, түүний ямагт зовхио өргөж ярьдаг хөөрхөн нүд инээмсэглэсэн хэвээрээ ч, сурмаг мушилздаг уруул нь энэ удаад ярвайчихлаа. Бүсгүй үг нэг бүрээ уянгалуулан сунжруулж хэлэхэд хамгийн сүүлчийн “чадах уу” гэсэн үг дууны өнгөнд нь даанч зохисонгүй, нэг тийм хөгийн муу жүжигчин шиг эв хавгүй авиа гаргав.
 Ирмүүнд түүн шиг маяглах шаардлага ч, хүсэл ч байсангүй. Цаашид ийм хүмүүстэй адилхан дүр эсгэж ёсорхоод байхаас залхсан өнгөөр:

-Уулын зэрлэг амьдрал надад таалагдвал яагаад болохгүй гэж? Тэдэнд ямар хамаатай юм? гэж сөргүүлэн асуугаад “За, сайхан хөгжилдээрэй. Дарсны цугларалт дээр намайг таньж мэддэг бүхэнд миний мэндийг дамжуулаарай” гэчихээд эргэлээ.

Ард нь гоёмсог бүсгүй юу ч юм хэлэх гэж эг маг хийсээр хоцров.

Ай, хөөрхий эрх чөлөө минь! Хэн, юу гэх бол гэхээс эмээхгүй өөрийнхөөрөө байх чинь ямар их жаргал вэ? Хүмүүс, тэр дундаа хүүхнүүд энэ эрх чөлөөгөө даанч мэдэрдэг нь ховор юм даа. Юунд ийнхүү үнэн нүүр царайгаа хэд хэдэн давхар багны цаана нууж, ханилсан эрийнхээ дэргэд ч өөрийнхөө жинхэнэ төрхөөр байж болохгүй, өөрийгөө яах гэж юуны төлөө ингэж дөнгөлнө вэ? Энэ юуных вэ? Хотын араншин уу? Эсвэл мөнгөний төлөө юу? За, тэгээд аль алиных нь л байх даа. Хотод эрх чөлөө мэдрэх хувь заяа тэр бүр хүнд олдохгүй гэх мэтчилэн эргэцүүлж суугаад Ирмүүн сэрүүн салхи сэвэлзсэн уулсыг өөрийн эрхгүй санагалзав.

Зохиолч Б.Эрхэмбаяр

СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ роман
178-182 дугаар тал

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл