ТОМ ДЭВТЭР, НОТОЛГОО, ГУРАВ ДАХЬ ХУДАЛ номын тухай

9:27 AM


ТОМ ДЭВТЭР, НОТОЛГОО, ГУРАВ ДАХЬ ХУДАЛ номын тухай






Би ном уншаад яаран зургийг нь дараад сэтгэгдэл бичээд байдаггүй. Хэдий заримдаа ч хувийн үзэл бодлоо, хувийн амьдралаа ч олонд дэлгэхдээ нэг их юм боддоггүй ч уншиж буй эсвэл уншсан номоо тэр бүр бусадтай хуваалцдаггүй жаахан этгээд зантай. Харин уншсан ном маань таалагдах юм бол удаан бодол болдог. Цонхоор ширтэж бодлогоширох ахуйдаа өөрийгөө номын баатрын дотоод ертөнц рүү орсноор төсөөлж ирээд гүн бодолд автах ч магад. Бас заримдаа сэтгэл хөндөгдсөн хэсгүүд дээр нулимсаа тэвчдэггүй нэг гэмтэй. Хамгийн сүүлд намайг бүр асгартал уйлуулж орхисон ном бол “Арьсан хүрэмтэй Мадонна” байсан. Арьсан хүрэмтийг үхчихэж гэдгийг, төгсгөлд гарч ирсэн охиныг түүний охин юм байна гэж шууд таахтай зэрэг л нулимс урсаад ирсэн. Тэгэхэд цонхон дээрээ бүр ч удаан зогссон...Цонхоор Улаанбаатар хотоо харж зүгээр л урсаад байсан нулимсаа хаттал гүн бодолд дарагдан зогсоод арайхийн тайвширч төгсгөлийг нь унших зориг сая л төрөхөд номын сүүлчийн хуудсуудыг гүйцээхээр зүрхлэн дахин нээсэн. Тэр цагаас хойш намайг ийм их гунигт автуулсан ном  Агота Кристофийн ТОМ ДЭВТЭР, НОТОЛГОО, ГУРАВ ДАХЬ ХУДАЛ номуудыг унштал гараагүй байлаа. 

Зохиогчийн тухай
Өнгөрсөн зун болсон номны нээлтэд орчуулагч Болортуяа намайг урьсан юм. Интерном дээр хүн олонтой байсан тул бид тухтай үг солих завшаан ч олдсонгүй. Гэвч би цонхны дэргэд азаар олдсон сандал дээр тухлангаа долдугаар сарын бүгчим халуунд шантралгүй зохиолч эмэгтэйн намтраас Болороогийн танилцуулахыг шимтэн сонслоо. Зохиолч өөрөө монгол уншигчдад шинэ хүн. Би урьд нь Агота Кристоф хэмээх төрөлхийн зохиолч байрын дүр төрхтэй, ухаалаг хэр нь гунигтай ч юм шиг харцтай тэр эмэгтэйн зургийг харсан төдий л байлаа. Зохиогчийн намтраас харахад Унгараас Швейцарьт цагаачилсан, цагны үйлдвэрт хүнд нөхцөлд маш олон цагаар ажиллаж байсан нь зохиогчийг дотоод сэрэхүйгээ тэмтэрэхэд хүргэж, тэмтрээд гаргаж ирсэн юмс нь тэр ном зохиолууд нь байж. Д.Батбаяр гуай “Сайханыг бүтээхүйн нууц” номдоо “...Зохиол бүтээл хэмээх алтан сарнай цэцэг зовлонгийн үр шимээр бүтдэг” гэж бичсэнчлэн энэ бүсгүйг ч гэсэн дайны үед өнгөрүүлсэн хүүхэд нас, цагаачдын амьдралын хүнд зовлон хурцалж бүтээл туурвилыг нь бий болгосныг сонсоод хамар шархирч суусан юм. Юуны учир хамар шархирсан юм бүү мэд. Шведэд өнгөрүүлсэн түүнтэй төстэй цагаач амьдралаа юу аль эсвэл адилхан бүсгүй хүн байсан болохооор тэр үү? Ямартай ч түүний намтар сэтгэлийг минь хөдөлгөхгүй байж чадаагүй.

Номын тухай
Дайн гэж гачлан зовлонгоос илүүтэй гамшиг хүн төрөлхтөнд өөр юу байхсан билээ. Энх цагт өсөж төрж амьдарч яваа бид юутай азтай хүмүүс вэ гэж номыг уншаад Лукас-Клаүс, Лукасын эмээ, Маттияас, Клараг өрөвдөн зүрх шимширнэ. Заримдаа ч энэ үнэн үү гэхээр үйл явдал намайг цочоов. Бөмбөгөнд оногдсон ээж дүү хоёроо хээв нэг булчихна. Дараа нь ааяаяа эрүүл хүний ухаанд багтамгүй л юм болно. Нөгөө хоёр чинь аавыгаа бөмбөгний золиос болгох төлөвлөгөө гаргаад үхэхэд нь ч хүний урманд дусал нулимс унагасангүй гээд хатуу хатуу гэхэд энэ зохиолч чинь арай л байна уу гэж бодогмоор. Гэвч дайн гэж ийм л байдаг байхдаа. Надад шулам эмээгийн дүр таалагдсан. Олзны хоригдлуудад алим өгсөн гэж зодуулчихаад босч ирэхдээ “Ганц бууны бөгсөөр ёврууллаа гээд үхчих чавганц биш.. миний унагасан алимыг нэлээд хүн идэж амжсан...” гэж хэлдэг нь үнэн “күүл”.  Гэтэл ламын зарц залуухан сайхан хүүхнээс ийм сэтгэл гарсан уу? Тэгэхээр л аливаа хүн болоод юмны мөн чанар гэдэг гаднаас нь хараад таахад бэрх. Шулам хочтой бохир заваан нь дэндсэн, хорон муу үгтэй эмгэнээс ийм л хүн чанар харагдана. Хүнлэг чанар, ухаан хоёр төрмөл юм гэдэг нь эмээ, Лукас хоёроос харагдана. Тосгоноороо өлсгөлөн, гаслан зовлонд нэрвэгдсэн тэр цагт өөрийн үмх хоолноос илүүчлэн Сэтэрхий уруултад өгөх нинжин сэтгэл, ухаан бяцхан Лукасаас л гарна. Гэтэл энэрэнгүй нигүүлсэнгүй байх бурханы сургаалийг нэвтэртэл уншсан Ламтан хүртэл тэр охины зовлонгоор хооллож суусан. Хайр дутсан зүрхтэй хүн гаднаа бол хөндий хүйтэн, хахир хэрцгий харагддаг ч гэлээ жинхэнэ хүний мөс чанар зулгаасан үйлдэл дээр муу сайныг ялгахдаа “жирийн” хүнээс хамаагүй илүү байдаг шиг. Ингээд л эхний дэвтрийг уншчихаад дайныг үзэн ядаж, итгэмгүй ч үнэн болсон явдал мэт хүнд амьдарлыг гайхаж ядан суутал Кристоф хатагтай ч дараагийн дэвтрүүдэд уншигчдын сэтгэлзүйгээр ч нэг тоглох шиг болсон доо. НОТОЛГОО буюу дайны дараах социалист дарангуйллын гунигт түүх Лукасын амьдарлыг уншиж суухдаа түүнийг ганцаардсандаа өөрийн төсөөллийн ихэр Клаусыг бий болгож гэж таамаглан, бас түүнийг олон хүний дүрд хувирдаг сэтгэлзүйн өвчтөн байх гэж бодож ч  үзэв. Яагаав нөгөө  Psycho гэж алдартай кино байдаг даа. Гэтэл ГУРАВ ДАХЬ ХУДАЛ дээр миний төсөөллийг бас л орвонгоор нь эргүүлчихлээ. Хоёр ихэр хүү дайн, золгүй гэхэд дэндүү гаслант тохиолоос болоод хэн хэн нь насан туршдаа зэрэмдэг сэтгэлтэй болжээ. Клаүс сэтгэлзүйн эмгэгтэй ээждээ дорд үзэгдсээр бас л сэтгэлээр тахир дутуу хүн болов. Түүнийг ахыгаа эхтэйгээ уулзуулахгүй, амьдад нь өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар амиа хорлоход хүргэхэд гуниг харамсал дээд цэгтээ хүрч шөнө миний нойр хүртэл хулжаад орхилоо. Яагаад хүн ийм хатуу сэтгэлтэй болдог юм бол? Зовлон хүнийг хатуужуулдаг ч шархалсан зүрхтэй, хайр амсаагүй хүн ЗЭРЭМДЭГ сэтгэлтэн болдог ажээ.
Номын бүтэц маш өвөрмөц. ТОМ ДЭВТЭР, НОТОЛГОО, ГУРАВ ДАХЬ ХУДАЛ бүгд бичлэгийн хувьд өөр өөр хэлбэртэй юм. Харин энгийн, бүр маш энгийн үг ингэж амилан ийм гүн утгыг илэрхийлдгийг энэ номноос харж болно. Энэ номонд хэрэггүй сул нэг ч үг, өгүүлбэр алга. Уг номонд манай Монголын уран зохиолд түгээмэл байдаг уянгалаг дүрслэл, гоёмсог үгс нэг ч байхгүй. Мэдээж хэрэг номныхоо агуулгатай зохиолчийн хэл нийцсэн нь тэр биз. Гэхдээ л хэтэрхий гоё үгээр тоглосон хэдий ч АМЬГҮЙ болдог зохиолуудыг “жинхэнэ уран зохиол” гэж хэлж заншсан манай уншигчид, уран зохиолынхонд энэ ном нэгийг хэлнэ. Үйл явдал дараалж цувардаг түгээмэл заншлыг ч эвдэж тайрч огтолсон мэт ойчин цойчин бичсэн ч (Ялангуяа Гурав дахь худал дээр) эцэстээ гурван дэвтэр нэгдэж нэгэн цул болно. Зохиолчийн ном бүтээх энэ өвөрмөц сэтгэлгээ гайхалтай байлаа. Уран зохиол бол уран сэтгэмж юм. Бас зохиолд зохиогчийн өөрийн дайны үед мэдэрсэн үзсэн туулсан бүгд шингэж, тэрээр номоо “зүгээр л нэг ном бичих” гэж биш сэтгэлээсээ урласан болохоор зохиол “худал” хэдий ч АМЬТАЙ болжээ.   

Орчуулагчийн тухай     
Болороо бид хоёрыг номын ертөнц танилцуулсан юм. Эхлээд би түүний фэйсбүүк дэхь хөгжилтэй постуудыг нь уншдаг байлаа. Намайг заримдаа ганцаар писхийтэл инээлгэж дөнгөх хурц ёжлолууд нь эзэн шигээ адтай гэж би боддог юм. Түүний бичлэг олон хүмүүст хүрдэг. Болороо маань тэр өөрийнхөө ертөнцөд олон фэнүүдтэй. Бид хоёр жилийн өмнө би Женевт ажлаар явж таарч хамтдаа нэг өдөр Альпийн нурууны Монблан уулын цаст оргил руу уулын цахилгаан тэргээр аялаж өнгөрүүлсэн юм.  Би түүнийг тэгэхэд л бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг, шулуун шударга, бас их нарийн мэдрэмжтэй бүсгүй юм гэдгийг нь таньж мэдсэн. Нүүрхуудсаар таних төдий надад үнэт цагаа зарцуулж аялалын тасалбар бүх зүйлийг зохицуулахаас эхлүүлээд бүгдийг Болороо маань амжуулчихаад, намайг хэзээний танил найз минь юм шиг тас тас инээсээр угтсан юм. Бид ам хуурайгүй ярьсаар есдүгээр сарын цэв цэлмэг тэнгэрийн дор гялбалзах Альпийн цаст оргилууд дунд мартагдахгүй сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн юм. Болортуяаг ямар хүн болохыг би ганц л зүйлээр дүгнэмээр санагдлаа. Түүний орчуулсан номны сонголт олон зүйлийг хэлнэ. Тэр зүгээр нэг өнөөдөр хамгийн сайн борлуулалттай дэлхийн номын ертөнцийг шуугиулж байгаа ном, эсвэл классик гэгддэг эртний ширээний ном, эртний танил зохиолчийн номыг орчуулж болох л байсан. Гэтэл тэгээгүй шедевр бүтээл тэр дундаа өөрийнхөө франц хэлээр нээж олсон, өөртөө хамгийн их таалагдсан номоо л орчуулахаар сонгож. Тэгэхээр л тэр үнэ цэнийг өөртөө бий болгосон  бүсгүй гэдэг нь тодорхой. Орчуулагчийн ур чадварын хувьд хэдийгээр франц хэл мэдэхгүй ч номноос нэг ч алдаа олж харсангүй. Монгол хэл рүү буулгахдаа эх хэлээ төгс эзэмшсэн хүн л ингэж оносон үгсээр хөрвүүлж чадах байх гэж бодлоо.  

Тэмдэглэл бичсэн
Зохиолч Б.Эрхэмбаяр
2018.12.28   

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл