УУЛ БҮР ӨӨРИЙН БЭРХТЭЙ: ЭЛЬБРУСИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙСАН Ч...

12:36 PM


УУЛ БҮР ӨӨРИЙН БЭРХТЭЙ: ЭЛЬБРУСИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙСАН Ч...


Эльбрус нь Кавказийн нурууны болон Европ тивийн ноён оргил бөгөөд энэ уул нь хоёр оргилтой. Далайн төвшнөөс дээш 5621 метр өндөр бага оргилд анх Оросын Эзэн Хааны Армийн эрдэм шинжилгээний багт газарчилж явсан Килар Качиров 1829 онд, том оргил (д.т.д 5642)-д F. Crauford Grove-оор ахлуулсан Английн уулын экспедиц авирч гарчээ. Энэхүү үзэсгэлэнт уулаас эх авсан байгалийн халуун рашаан усаараа алдартай. Дэлхийн хоёрдугаар дайны үед 1942-1943 онд Гитлерийн Германчууд уулыг эзэлсэн байхад Приют-11 гэх газар байршсан тэдний түлшний танкийг Оросын нисэгч бөмбөгдөж улмаар уулыг эргүүлэн авсан түүхтэй. Гитлер геополитикийн хувьд энэ ууланд онцгойлон анхаарал тавьж Приют-11 дээр уулчин цэргүүдийн тусгай дивизийг байршуулж, Германы тугийг оргил дээр хатгахыг санаархаж байжээ.  

Эльбрус хэмээх бүсгүй хүний хос бумбагар мөөм шиг хоёр оргилтой сүрлэг уул Кавкакын нуруунд оршдог. Эндхийн уулын тосгон Азауд кабирдинчууд, балкарууд амьдардаг. Тэд оросоор ярихын зэрэгцээ балкар хэлээрээ хоорондоо харилцана. Уулын авиралтын зөвшөөрөл авах гэж МЧС гэх онцгой байдлын албан дээр хүлээн зогсох завсар балкар хэл нь монгол хэлтэй минь садан хэл болохыг санамсаргүй мэдэж авлаа. Би оросоор “Найман хүнд авиралтын зөвшөөрөл хэрэгтэй байна” гэж хэлтэл жижүүр дээр суух хүн цааш хэн нэгэнд бодвол даргадаа биз “восемь керектей” гэх нь тэр. Би түүнээс “Та сая “надо” гэхийг керегтэй гэсэн үү? Манай монгол хэлэнд хэрэгтэй гэхийг мөн адил хэлдэг” гэж хэлтэл настайвтар албан хаагч “Тийм. Би сая балкар хэлээрээ ярилаа” гэж сэтгэл хангалуун хариуллаа. 
Энэ удаад би “Хайрхан” уулын клубт албан ёсоор элсэж дөрвөн бүсгүй, дөрвөн залуугаас бүрдсэн уулчдын хамт Кавказын нурууг зорьсон юм. Дөнгөж “Сүүтэй уулын савдаг” шинэхэн романыхаа нээлтийг Интерномын их дэлгүүрт хийчихээд ердөө маргааш нь Эльбрус руу хөлгийн жолоо залсан маань энэ. 


Бид Москвагаар дайрч Минеральные воды хэмээх Эльбруст хамгийн ойр орших хотод онгоцоор буусан даруйдаа Азау тосгон руу автобусаар явлаа. Ингэж яарахын учир нь мөнөөх л цаг агаар дараагийн дөрвөн өдөр нарлаг тогтуун байна гэж урьдчилсан мэдээ авсантай холбоотой юм. Уулын аялалд тэнгэр хангай л бүхнийг захирдаг нь жам юм хойно бид энэ хэдэн хоногт оргилд бараалхачих хүслээ хүн тус бүр дотроо шивнэж явлаа. Хагас өдрийн хэртэй яваад Азауд ирсэн биднийг найрсаг байрын балкар эмэгтэй жижигхэн ч дулаахан тохилог нь аргагүй буудалдаа угтаж авлаа. Арваад хүний микро автобусаар биднийг онгоцны буудал дээр тоссон жолооч бол түүний нөхөр Марат гэх уулын ханагар эр ажээ. Би тэдэнтэй нэр усаа хэлэлцэн танилцлаа. Арван жилд орос хэл үзэж байсных би бусаддаа орчуулагч хийх ажилд тохоон томилогдлоо. Оросоор хэчнээн ч удаан хүмүүстэй харилцаагүй юм. Уг нь дажгүй л бараг дуржигнатал ярьчихдаг байсан эхний хэд хоног гацаж түгдэрч ч байх шиг. Гэвч орос хэл, соёл миний цусанд биш ч тархинд үлдэж хоцорсон хэрэг биз сүүлийн хэд хоног гацаа түгдрээ гайгүй арилсан. 







Азауд хоночихоод бид эртлэн Эльбрусыг зорьлоо. Уулын каналаар ядах юмгүй 3800 м өндөрт байрлах Гарабаши өртөөнд хүрчихлээ. Үүнээс цааш үндсэн отог Бочки хүртэл хүн тус бүр өөр өөрсдийн үүргэвч, ачаагаа үүрэн цааш алхлаа. Цасан шуурга болж, битүү манан татжээ. “Эльбрус биднийг ааш муутайхан угтаж байна уу даа” гэж бодогдоно.
Би хөнжил, гудас, дулаан хувцас гээд хувийн зүйлээ чихсэн үүргэвчээ үүрэхдээ түүртэж, хэд алхаад амьсгаадан зогсохдоо “Гарьд Магнай” киноны Далайцэрэн шиг “Яана аа, миний бяр дуусчихаа юу даа” гэж уулга алдах шахлаа. Зүрх минь амаар гарах нь энэ үү гэх аятай цээжийг минь “түг түгхийн” балбана. Би ууланд ингэтэл ядарч, амьсгаадаж үзээгүй мэт санагдана. Гэтэл нээрэн би чинь сүүлийн хэдэн сар энэ эрхэмсэг оргилыг зорихдоо биеэ хэрхэн бэлдлээ дээ” гэж бодогдов. Тийм л дээ. Ном гаргах, хажуугаар нь зуны амралтаа ч авалгүй банкны ажлаа хийгээд завгүй гүйсэн бие минь хүн л юм хойно ядарч туйлджээ гэдэг нүцгэн үнэнтэй эвлэрэхгүй гээд ч яах билээ. Биеийн бэлтгэл дутмагаас, биеийн бяр минь барагтайхан байгаа нь энэ юмсанж. Цааш хэд алхаад л ядарч зогсох бибээр одоо сэтгэлийн бярандаа л найдах үлдэж гэж бодлоо. 






Бид үндсэн отогтоо нэг их оройтолгүй ирлээ. Энд дулаахан контейнерт модоор ханзнууд хийж сүрхий тохижуулжээ. Гал тогоо, жорлон гээд отогт байхгүй зүйлгүй. Хийгээр ажиллах цахилгаан тогоо дээр бид нийтийн хоолоо ээлжлэн хийж бас ч үгүй гал тогоонд орос уулчидтай танилцан хууч хөөрөөд ч амжив.
Дараа өдөр нь бид биеэ дасгаж өндөр авалтын бэлтгэлдээ гарлаа. Далайн төвшнөөс дээш 4100 метрт байх Приют-11, жаахан цаашлаад МЧС (д.т.д 4150 м)  хэмээх отогт хүртэл авираад буцаж ирлээ. Бие бас л базаахгүй байлаа. Ер нь бэлтгэл гэдэг чухал ажээ. Энд иртэлээ бараг сүүлийн нэг жил өндөр ууланд яваагүйн гороо эдлэх болов. Гэвч одоо ухрах зам байхгүй. Оргилд мөрөө гаргах зорилго л цээжинд минь зул мэт бадамлана.





Маргааш нь бид эртхэн хэвтэж амраад авиралтаа шөнө дунд эхлэхээр товлов. Бид хоолоо эртээ идчихээд амрахаар, болж өгвөл нойр авчих санаатай хэвтэцгээнэ. Авиралтын өмнөх энэ үдэш уулчид бүгд бие сэтгэлээ бэлтгэж дор бүрээ дотор хүнтэйгээ ярилцана. Зарим нэг нь хөөрч догдолсондоо унтдаггүй ч биз. Миний хувьд догдолдог хүмүүсийн бүлэгт багтах ч энэ удаад би нэлээн бөх унтаж амраад амжжээ. Шөнийн 1 цаг болж байхад бид хөдөлж уулын бэл хүртэл цасны машинд суугаад тэндээс авиралтаа эхэллээ. 



Урьдаас хүйтэн салхи үлээнэ. Хоёр оргилтой дундуураа завсартай болоод ч тэрүү Эльбрус салхилдгаараа алдартай. Ахлагч Гантулга маань хамгийн урд орж зам гарган бид цуваандаа нэгдэн явлаа. Хүйтэн салхи гэдэг бяр чадлыг бардаг хамгийн хэцүү зүйл. Бид яг л нэг хүн мэт хамт амьсгалж, хамт нэг хэмээр алхан шөнийн харанхуйд зөвхөн духны гэрэлдээ орж ирэх замаа харж, урагшилсаар... Миний хувьд бие халах хүртэл эхний нэг цаг хамгийн хүнд байдаг. Богд ууландаа ч алхаж явахад ялгаагүй эхний нэг цаг л тэвчээрийг минь шалгах шиг болдог. Харин цаашлаад нэгэнт бие халаад авбал гайгүй болчихдог. Энэ өдөр харин зүрх амаар гартал амьсгаадах нь гайгүй шүү. Овоо унтаж амарснаас эсвэл бэлтгэл хийгээгүй өөрийгөө зэмлэж “Эрхэм ээ, чи чадахаас өөр ямар ч аргагүй” хэмээн тулган хурцалж орхисноос тэр биз. Зүрхний цохилт, амьсгал маань хөлийн алхалтын хэмнэлд яг таг орж итгэлтэй нь аргагүй салхийг сөрөн урагшилсаар байлаа. 




Үүр тэмдгэрч тэнгэрийн хаяанд зэсэн шаргал туяа татахад бид 5000 орчим өндөрт гарч, амрах завсар салхины эсрэг харж зогсоод энэ ертөнцийн уулчин бидэнд илгээсэн нэгэн гоо тансаг агшныг амтлан байлаа. Урьд өмнө хүрээгүй өндөртөө хүрснээс бие хямарсан зарим нөхөд маань ч түүнийгээ мартаж орхиод тэнгэрийн хаяаг шаргалтуулан гэрэлтэж буй нарны цацраг мэт нүд нь гялалзаад ирэхийг би амрах завсраа ажаад хүч ороод явчихлаа. Эндээс хэсэг яваад бид буцаж уруудав. Дандаа өгссөөр ууланд гардагсан бол Эльбрусын “хос мөөмний” дунд хүрээд доош уруудаад эргээд 600 орчим метр өгсдөг ажээ. Энэ өгсөлт уруудалт хүн бүрийн тамирыг бардаг биз ээ. Салхигүй тогтуун сайхан байсан ч нөхөд маань нэлээд ядарцгаажээ. Гэвч ядарлаа гээд уулчин бид нэг нэгнээ улам бүр хайрлаж, хүн  бүр л чаддагсан бол хажууд яваа нэгнийхээ ядрал зовнилоос бага ч атугай хөнгөлөхийг хичээдэг. Ядаж л “чи чадна, бид хамтдаа чадна” гэж харцаараа нэгнийгээ урамшуулдаг. Мөөмний дунд хэсэгхэн амарч таягаа эвхэн, мөсний алхаа гартаа бэлэн зэхэж, аяга халуун юм ууж, хатаасан борц, эсвэл зүсэм шоколад ам руугаа хийх завсар бид бүгд “дахиад ийшээ өгсөх нь дээ” гэж бяцхан зүрхшээвч, нэг нэгнийгээ “чи чадна” гэх урмын харцаараа шагнахаа мартаагүй юм. Тийм дээ ч тэр биз бид бүгд оргилд хөл тавьцгаасан. Яг оргилд гарахад бүрхэж бүүдийсэн байсан тэнгэр цэмцийн цэлмэжээ. Ийнхүү бид 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 08.15 минутад оргилд хөл тавьлаа. Авиралт 5 цаг гаруй үргэлжилжээ гэхээр бид их шаргуу хурдан өгсөлт хийсэн байлаа. Оргилд зургаа авахуулж, хүн тус бүр л дотоод хүнтэйгээ ярилцан хэдэн хормыг өнгөрүүлнэ. Миний хувьд оргилд гарах энэ мөч тэнгэрт ойртсондоо ч тэрүү өдийд бурханы оронд дээрээс охиноо харж суугаа даа гэж дандаа итгэдэг ээждээ, аавдаа үнсүүлэх шиг тэдэнтэйгээ уулзсан шиг л болдог. Бас “Хорвоо дэлхий уужим шүү, тэсвэр тэвчээртэй байж ихийг хийж бүтээгээрэй” гэж тэд минь оргилын салхитай хамт надад шивнэх шиг болдог.    




Уруудах замд “Наши Монголы, они все поднимались, молодцы” гэж биднийг өчигдөр гал тогоонд танилцсан орос уулчид эрхийгээ гозойлгон мэндчилэхтэй тааралдав. Сэтгэл нэг л хөөрөөд, нулимс ч гарах гээд байх шиг. Орос ах нар ийм л хүмүүс дээ. Уулын клубын газарчин гэх өндөр, ханхар хоёр орос залуу “ишиг” шиг хэдэн монгол хүүхнүүдийг Гитлерийн Германы уулчин цэргүүд ч тугаа мандуулах гэж санаархаад чадаагүй тэр оргилд гарчихна гэж итгээгүй биз. Энэ үед бас Монгол гэдэг үгэнд л хамгийн их сэтгэл хөөрч билээ. Монголчууд бид тэсвэртэй, эрэлхэг гэсэн нэг тийм омогшил төрөөд л... 



Эльбруст нарлаг сайхан өдөр болов. Гэвч түүний бэрх нь өгсөөд буцаж уруудаад, дахиад дээшлэх юм. Яг л хүн амьдралын замдаа өгсөж, урууддаг шиг. Гэвч олонх хүн зөвхөн өгсөхийг л хүсдэг. Уруудах дургүй байдаг. Эсвэл нэг уруудчихвал дахин дээшээ өгсөх хүч, сэтгэлээ хаа нэгтээ гээчихдэг. Гэвч амьдралд чи хэчнээн өгсөж уруудлаа ч итгэлээ гээхгүйгээр зорьсондоо л хүрч байвал тэр чиний аз жаргал. Эльбрусын тэнгэр цэлмэг байсан ч надад амьдралд алдах онох юу ч биш, өгсөж уруудах юу ч биш, сэтгэлийн хат гэдэг биеийн бяраас илүү шүү гэх нэгэн хичээлийг заалаа. 




Энэ ялдамд биднийгээ оргил руу уриалан явсан багийн ахлагч Спортын мастер уулчин Б.Гантулга, Хайрхан клубын хамт олондоо, багийнхандаа талархлаа илэрхийлье. Багийнхан маань сайхан залуус. Тэдэнд Улаанбаатарын гудамжинд алхам тутамд тааралддаг хувиа хичээх хэмээх өчүүхэн бэртэгчин зангийн үнэр ч байхгүй. Бас бид бүгд сэтгэлээрээ л баян. Бидний сэтгэлийг уул дүүргэж баян болгодог.

Б.ЭРХЭМБАЯР
АЛГАНЫ ХЭЭ, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номуудын зохиогч

Кавказын нуруу, Эльбрус
2018.09-14-27 өдрүүдэд.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл