Б.Эрхэмбаяр СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ романы хэсгээс, Шүтээн бүлэг

1:50 PM






ШҮТЭЭН

.Багшийнх нь үхэл Ирмүүнд эр зориг, хүн чанар, хайр энэ ертөнцөд бодитоор оршдог гэдгийг мэдрүүлжээ. Эр зоригтой, энэрэнгүй хүний үхэл “Тэр амьд байсан бол...” гэх насан туршийн харуусал эргэн тойрондоо авчирдаг. Гэвч амьдралын эр зоригтой төгсгөл үхэл, амьдрал хоёрыг чухам юу ялган зааглаж буйг ухааруулдаг ажээ. Багш нь үүрдийн мөнх амьдрал аваад, уулсын дундаа нойрсохоор шийдсэн буй заа. Шийтэрийн биеийг олоогүй ч хойдохыг нь ном ёсоор хийсэн юм. Оршуулганд нөгөө эрхэмсэг хатагтай ирсэн байхтай Ирмүүн таарч хэд гурван үг сольжээ. Хоёр бүсгүй ердөө л аманд орсон цөөн үгээр харилцсан ч биесээ бүрнээ ойлгожээ. 

 Ирмүүн ирсэн улсын хэнтэй ч дотносон ярилцахгүй, цэрвэсэн мэт хөндий хол зогсох атлаа мөнөөх л дэндүү гэмээр өөртөө итгэлтэй харцаар бүгдийг тойруулан харах хатагтайд дөхөж очоод шуудхан л яриа эхлүүлж:

-Тэр таны тухай дурсаж ярьдаг байсан гэв.

-Тийм гэж үү? Би заяа тавиланд итгэдэг ч, үйлийн үр гэдэгт итгэдэггүй байлаа. Заримдаа яагаад ч юм би түүнтэй зөвхөн үйлийн үрээр учирсан шиг санагддаг байсан. Гэвч бидний хайр сэтгэл муу үйлийн үр байх учиргүй гэж итгэхийг хүссэн юм. Тэр надад би түүнд хайртай шиг хайртай байгаагүй байж мэдэх ч би үүнд харамсдаггүй.

Энэ мөчид эмэгтэйн нүдэнд шүүдрийн дусал мэт нулимс гялтганаж харагдсан ч тэр хэдэн хором чимээгүй байхдаа дусаачихгүй шингээв бололтой зовхи нь хуурай хэвээр:

-Тэр тэнд үүрд үлдэнэ гэдгээ ч мэдэж байсан даа. Надтай ойрын хэдэн жил ховорхон уулзсан ч явахынхаа өмнөхөн гэнэт манайд ирээд бидний нэгэн аялалын зургийг өгчихөөд явсан юм. Тэр зургийн ард “Хамтдаа дурсамж бүтээсэнд талархлаа” гэж бичсэн байсан. Түүний надад хэлсэн эхний бөгөөд эцсийн, цорын ганц талархлын үг тэр л байлаа. Гэвч би түүнд гомдох эрхгүй хүн гээд эмэгтэй гүн шүүрс алдаад хэсэг зуур чимээгүй болов.

Тэгээд тэр хүзүүндээ зүүсэн сондороо мултлан “Энэ чамд байх нь зөв юм шиг санагдаад...” гээд Ирмүүнд өгөв. Зургаан талсттай, уул шиг хэлбэртэй, гялтганасан болор чулуу. Багш нь ууланд явах бүртээ хар савхиар оосорлон сахиус мэт хүзүүнээсээ огт салгадаггүй зүүлт мөн болохыг Ирмүүн төвөггүй танилаа.

-Багш ч гэсэн танд хайртай байсан. Надад тэр тухайгаа ярьж байсан гэж Ирмүүн хэлэхдээ үйлийн үрийг сөрж чадаагүй багшийнхаа хүн чанарын төлөө харамсахыг хүссэнгүй.

-Чи намайг өдий хүртэл ганцаар яваагийн учрыг гадарлахгүй байх л даа. Эгч нь залуудаа эр хүн бүрийн харц булаасан бүсгүй байсан юм. Гэвч ихэнх нь миний гадна өнгөнд хууртагддаг байлаа. Олонх эрчүүдийн хувьд би зүгээр л эр, эмийн ажлын зорилго төдий байсан хэрэг. Тэд зөвхөн миний биеийг л эзэмдэхийг хүсдэг байсан гэх юм уу даа. Харин тэдгээр эрчүүдэд миний авьяас чадвар, эрдэм мэдлэг, хамгийн гол нь дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл даанч сонин биш байдаг байлаа. Гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэг, эр зориг хамт цогцолсон эмэгтэй хүний амьдралд нэг л гашуун үнэн байдаг нь өөрт нь тохирох эр хүн олоход амаргүй байдагт оршдог биз ээ. Тийм эм хүн яг ижилхэн эр хүнийг л хайж явдаг. Тэр нь өдрийн од шиг ховор. Байсан ч тэдний ихэнх нь миний түрүүн чамд хэлсэн эм хүний гурван шидний нэгийг л сонгодог юм. Тэр нь ч амар биз, учир нь эр хүн эм хүнийг давамгайлан захирах төрөлх зөн совинтой байдаг. Багш чинь харин миний бүх шидийг үнэлдэг байсан. Гэвч тэр минь журамтай хүн байсан болохоор надаас болж авааль гэргийгээсээ нүүр буруулсан алдаандаа гэмшсээр насыг барсан юм. Би ч түүнээс өөр надтай тэнцэх эрийг олоогүй тул бас ингээд насыг барлаа. Гэвч өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж, дуртай юмаа хийж, шувуу шиг эрх чөлөөтэй амьдарсан надад одоо харамсах юм алга. Охин минь, чи ч гэсэн ховорхон заяатай бүсгүй хүн бололтой. Хүн заяа тавилангаа олж нээгээд, түүндээ үнэнч амьдрах шиг сайхан юм юу байх вэ. Энэ миний сүүлчийн ном!... гээд нэг ном Ирмүүнд атгуулав. Тэгээд тэр Ирмүүн рүү инээмсэглэхэд түүний нүдний эргэн тойронд нөгөө л галууны сарвуу мэт үрчлээс тодрон ирлээ. Гэвч түүний энэ инээмсэглэл ер бусын сэтгэл татам ажээ. Инээмсэглэлийг нь тийм их онцгой болгож буй зүйл нь тэрээр түрүүн хэлсэн үг шигээ гүн далайн ёроолоос үнэт сувд шүүрсэн мэт амьдралын жинхэнэ утга учрыг өөрийнхөөрөө нэгэнт таньж ухаарсан бөгөөд тэрхүү ухаарлын ул мөр нүднийх нь харцанд байх шиг санагдав. Ирмүүн хатагтайн нүд рүү ширтэх зуураа мөн л хариу талархан инээмсэглэхэд тэр баяртай гэж хэлээгүй ч цааш эргэн алхлаа. Түүний хойноос Ирмүүн далд орон ортол нь удтал ширтээд сая л элгэндээ тэвэрсээр зогсоо номыг харвал нүүрэн дээр нь сайхь хатагтайн зургийн дор ”Хайр бол цаг хугацаа” гэж бичсэн байлаа. Бодвол энэ ном хатагтайн өөрийнх нь бичсэн ном бололтой. Ирмүүн номын хавтас дээрх тэр хэдэн үгсийг уншаад багшийг нь эцсийн замд үдэхэд түүний авааль эхнэр нь биш, харин багш нь “Түүнд өгсөн хайр яг л хар тамхи шиг” гэж харамсан дурссан энэ эмэгтэй ирсэнд одоо бол нэг их гайхсангүй. Тэд бие биедээ хар тамхи мэт л донтон дурласны улмаас хэн хэнийхээ сэтгэл зүрхийг үүрд сэмлэж орхисон хайрын түүх бүтээж. Гэвч тэр хайр нь цаг хугацааны шалгуур давжээ. Жирийн хүний амьдралтай уясан нийлж чадаагүй тэр ер бусын дон шүглэсэн хайр нь тэднийг тоонот гэрт толгой холбох учиргүй хяслан нь болсон хэдий ч магадгүй тэд хүсэл мөрөөдлөөрөө цаг хугацаанаас ч үл хамааран үүрд хамтдаа байж чаджээ.

Тэрхүү эгэлгүй хатагтайн үгнээс Ирмүүн яагаад учирсан эр хүн бүрээсээ насаараа зүрх сэтгэлдээ мөрөөдөж явсан хайрыг амсаж эдэлж чадахгүй яваагаа ухаарах шиг болов...
 
Б.Эрхэмбаяр

СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ номны хуудас 256-260



Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл