Б.Эрхэмбаяр СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ романы хэсгээс "Нөхөрлөл" бүлэг

1:30 PM




НӨХӨРЛӨЛ

Нөхөрлөлийн үнэнчийг цаг хугацаа харуулдаг гэдэг ч дөнгөж танилцаж хоёр үг сольсон атлаа хорин жил хамт амьдарснаас илүү нэгнээ ойлгох хүн байдаг. Шийтэр багш нь Ирмүүний амьдралын нэгээхэн зурваст үзэгдээд өнгөрсөн хэдий ч оршихуй, хүсэл мөрөөдөл ижил байсны хувьд тэрээр түүний хуруу дарам цөөхөн үнэнч найз нарын нэг яах аргагүй мөн байжээ. Харилцан ойлголцлоор тэжээгдсэн, ижил төстэй хүмүүсийн нөхөрлөл цаг хугацаа гэхээсээ илүүтэй сэтгэлийн учгаар бөх холбогдсон байдгаас тэр биз, Шийтэр багш нь, бас уул түүний хоосрол гунигийг ор мөргүй болтол нь дүүргэсэн тэр өдрүүд Ирмүүнд  дурсамж болон үлджээ. Ээжээсээ хойш дахиад л хагацал үзсэн нь бүсгүйд амар байгаагүй ч үнэнч нөхөрлөлийн үнэ цэнийг үхэл ч үгүй болгож чаддаггүй биз, ууланд өнгөрүүлсэн өдрүүдийн хамт Ирмүүний зүрх сэтгэлд багш нь үүрд мөнх орших болжээ. Одоо бол Ирмүүн Шийтэр багш болоод уулын ачаар ганцаардахдаа утга учиртайгаар, аз жаргалтайгаар ганцаардаж сурчээ.

Гэвч тэр сайн нөхрөөс хагацсан уй гунигаа тайлж амжаагүй л байлаа. Ийм нэгэн хагацлын уй гашууд шигдсэн үдшээр Ирмүүн тэртээ ууланд өнгөрүүлсэн өдрүүдэд Тулга багшийг нь улам бүр гүн бодолд автуулсан нэгэн асуулт асуусныг нэхэн санажээ.

-Та яагаад Эверестэд хүч сорьсонгүй вэ? 

-Би тийшээ зориогүй биш, зорьсон юм аа. Зорьсондоо ч хүрсэн л юм.

-Тэгвэл таны нэр яагаад түүхэнд үлдсэнгүй вэ? Гонгор гэж ахмад уулчин оргилын наахан нь хүрсэн гэхээс өөр баримт байдаггүй юм билээ.
-Би оргилд хүрэхдээ түүхэнд нэрээ үлдээх гэж явдаггүй. Өөрөө өөртөө түүх бүтээх гэж явдаг. 

Тэгэхэд багш нь ийм хариу хэлчихээд, бүрий ч болоогүй байхад “Би амарлаа. Та нар ч гэсэн эртхэн хажуулахад гэмгүй. Маргааш амаргүй өдөр болно” гээд уутан хөнжилдөө шургаад таг болчихсны учрыг Ирмүүн ойлгоогүй ч, багш нь унтаж чадахгүй үүр цайтал хөрвөөж хоносныг бол мэдэж билээ. 

Гоц гойд хүмүүс ямагт эргэн тойрныхоо анхааралд өртдөг. Тэд яг л шарилж дундах цэцэг шиг хэн хүний харааг булаана. Харин цэцгийг олж харснаа, анхаарч буйгаа илэрхийлэхдээ л хүмүүс өөр өөр байдаг. Эерэг, гэгээлэг зарим нэг нь гойд сайхан зүйлийг таашааж, магтан сайшаана. Гэвч хорвоод тийм хүмүүс цөөнх бөгөөд цэцгийг яаж шарилж болгох вэ гэх нь олонх байдаг нь харамсалтай. Тийм бодолтой хүн нөхөрлөлийнх нь хил хязгаарыг чөлөөтэй нэвтрээд, зүрх сэтгэлд ойрхон шадарласан байх нь бий. Тэр цагт ойроос ирэх урвалт зүрхийг яг л хамар доороос нь илдээр хатгах шиг шархлуулдаг...

Балтсүхийн Эрхэмбаяр 
СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГномны хуудас 213-215

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл