Эмэгтэй хүнд мөнгөтэй баян нөхөр хэрэгтэй юу, сэтгэлтэй хүн хэрэгтэй юу?

4:51 PM






Эмэгтэй хүнд мөнгөтэй баян нөхөр хэрэгтэй юу, сэтгэлтэй хүн хэрэгтэй юу?


 Царайлаг сайхан төрсөн бүсгүй хүнийг мөнгөтэй эрчүүд сонирхох нь элбэг байдаг. Иймд сайхан бүсгүйчүүд мөнгийг өөрийн гараар бүтээж өөрөө олж сурах биш хэн нэгэн хэтэвч зузаан эр хүний нөмөр нөөлөгт багтаж явах нь амьдралд илүү амар хялбар гэж бодох нь элбэг. Ингээд л бүсгүйчүүд маань өнгөтэй сайхан царай, гунхсан сайхан бие, залуу насаа мөнгөөр арилжиж эхэлдэгт би маш их харамсдаг.

Лондонгийн Эдийн засгийн сургуулиас (London School of Economics) хийсэн судалгаанаас харахад судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийг 64 хувь нь ирээдүйд түүний нөхөр болох хүн өөрөөс нь хамаагүй илүү цалинтай байхыг хүсч байгааг илэрхийлсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэ тоо эмэгтэйчүүдийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хамаагүй бага байсан 40-өөд онтой харьцуулахад өссөн байгааг эрдэмтэн судлаачид цохон тэмдэглэсэн байх юм. Ингэхээр орчин үеийн бүсгүйчүүд бид мөнгийг дээдлэх үзлээрээ эмээ нараасаа хамаагүй илүү болсон нь харагдаад байгаа юм.
Баруунд мөнгөтэй эрчүүдийг урхидаж явдаг бүсгүйчүүдийг “голд диггер” буюу алт ухагчид гэж нэрлэдэг. Тэдний хийдэг үндсэн ажил бол яаж мөнгөтэй баян эрчүүдийг өөрийн болгох вэ. Та бүхэн хэрэв санаж буй бол Анна Николь Смит гэж Голливудын бүсгүй бараг 100 дөхсөн баян эртэй хуримлаж эцэст нь түүнийг нас барахад өв залгамжлалын төлөө ах дүүс үр хүүхдүүдтэй нь олон жил шүүхдэлцэн байж нэлээн их мөнгө өвлөн авсан. Харамсалтай нь ийм замаар хүрсэн түүний баян тансаг амьдрал лав тэр бүсгүйд жаргал болоогүй. Гэнэт олдсон их мөнгө түүнд зохиогүй. Амьдралынх нь утга учрыг үгүй болгосон. Тэрээр хар тамхи, завхайрал элдэв хэрэгт татагдаж бүсгүй цэл залуугаараа харамсалтайгаар хорвоог орхисон гашуун түүхтэй.

Хэрэв хайр сэтгэлгүй хүнтэйгээ зөвхөн түүний бэл бэнчинг харж татагдаж байгаа бол ирээдүйд бүсгүй хүний амьдралд ирэх зовлон гуниг бүхний эхлэл тэр мөнгөнд шунасан шунаг сэтгэлээс болдог гэдгийг бүсгүй хүн ойлгож ухаарах чадвартай байвал зүгээрсэн.
Амар хялбараар буруу замаар олдсон бүхний төлөөсийг хүн амьдралынхаа туршид хэзээ нэгэн цагт төлөх өдөр ирдэг. Сайхан бүсгүй хүнээр зугаагаа гаргаж сурсан баян эр хүн байгалийн жамаар үс зүс чинь онгож гундаад ирэхийн цагт чамайг бүр залуухан үзэсгэлэнтэй нэгнээр сольж л таараа.

Тэгэхээр тэр хүсээд байгаа баялаг эд мөнгийг бүсгүйчүүд бид заавал хэн нэгэн эрээс хүлээж суух биш түүнийг өөрийн ухаанаар бий болгож, мөнгө олж чадах арга ухаанд суралцаж, өөрийн амьдралаа өөрөө аваад явах чадвартай болж яагаад чадахгүй гэж?
Хэрэв хүн хичээж хөдөлмөрлөх юм бол амьдралаа хэнээс ч дутахгүй зохицуулаад аваад явах боломжийг бурхан бидэнд эн тэнцүү заяасан байдаг гэдэгт итгээрэй. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэж ардын сайхан зүйр үг ч хүртэл байдаг.
Бүсгүй хүн мөнгийг өөрөө өөрийн гараар бүтээж чадна. Бид заавал бэл бэнчинтэй нэгний тэжээвэр муур шиг амьдрах ёстой юм гэж үү?

САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номынхоо хэсгээс хүргэсэн
Зохиолч Эрхэмбаяр Балтсүхийн


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл