Сайхан хувцаслах урлаг

6:19 PM




Сайхан хувцаслах урлаг

Мэдрэмжтэй эмэгтэй хүн яаж хувцаслахаа мэддэг. Ямар ч эмэгтэй хүн хувцас загвар, хувцаслах урлагийн талаар зохих мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг билээ. “Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” гэж ярьдаг. Тэгэхээр сайхан хувцас хүнд эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэхийн эхлэл гэсэн үг юм.

Гэхдээ орчин үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь их болохын хэрээр бүх зүйлд анхаарна гэдэг эмэгтэй хүнээс маш их цаг, хүч хөдөлмөр зарцуулахыг шаарддаг болсон. Бид чинь албан ажлаа хийнэ, хичээл сургуульдаа явна, гэр орноо авч явна, үр хүүхэд нөхөртөө хайр халамжаа үзүүлнэ. Ингэхлээр эмэгтэй хүнд өөрөө өөртөө зарцуулах цаг тун хомс болох нь ойлгомжтой боловч өөрийгөө хайрладаг хүндэлдэг бүсгүй хүн сайхан хувцаслах урлагийг эзэмшихэд бага ч атугай цаг зарцуулахгүй бол жинхэнэ эмэгтэй хүний мөн чанараа алдана гэж би боддог юм.

Хайш яайш хайнга хувцасласан эмэгтэй хүн тийм байдлаар хувцасласан эрэгтэй хүнээс хэдэн зуу дахин муухай харагддаг.
Хувцаслах урлаг гэж ер нь юу юм бэ?
Товчхондоо бол өөртөө зохисон хувцас сонгох таны хувь хүний мэдрэмж юм. Өөрт зохиогүй, биед эвгүй, таны биеийн өө сэвийг улам ил гаргасан хувцас таныг мэдрэмжгүй, соёлгүй ядмаг нэгэн болгож харагдуулдаг.

Мөн хаана, хэзээ юу өмсөх вэ гэдэг соёл бас үүнд хамаарна. Би аялал зугаалгад явж байж өндөр өсгийтэй шаахай, бариу банзал өмссөн эмэгтэйг ерөөсөө ойлгодоггүй. Ийм бүсгүйг би хувцасны соёлын талаар өчүүхэн ч ойлголтгүй хүн байна гэж голох сэтгэгдэл төрдөг. Мөн баяр ёслол парти дээр нөгөө л өдөр тутмын уйтгартай ноосон цамц өмсөөд ирдэг эмэгтэйчүүд байдаг. Энэ бол өөрөө өөрийгөө төдийгүй тэнд байгаа бүх хүнд хүндэтгэлгүй хандсан бүдүүлэг хэрэг гэж би хувьдаа боддог.

Тэгэхээр хувцаслах соёлын алтан дүрэм бол хаана юу өмсөхөө эмэгтэй хүн мэддэг байх боловсрол, мэдрэмжийг хэлэх юм. Эмэгтэй хүн парти, хүлээн авалтад гоёсон шиг гоёж сурах хэрэгтэй. Харин аялал зугаалга амралтанд аль болох биед эвтэй спорт загварын хувцас өмсөх нь зүйд нийцнэ. Мөн өдөр тутмын хувцсандаа багагүй, магадгүй хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэхээр бидний амьдралд баяр ёслол парти тэр бүр олон тохиолдохгүй шүү дээ.

Би бүсгүйчүүд та нартаа хувцас сонгохдоо хэрэглэдэг өөрийнхөө бяцхан нууцыг дэлгэе. Энэ арга цаг зав багатай бүсгүйчүүдэд тус болох магад. Юу гэхээр төрөл бүрийн загварын сэтгүүл дээрх моделиудын хувцасласан жишгийг дэлгүүр хэсэж, юм худалдаж авахдаа ашиглах арга юм. Өөрөөр хэлбэл загварын сэтгүүл дээрх хувцаснуудаас өөртөө зохихыг нь сонгоод дэлгүүрээр хувцас худалдан авахдаа яг тиймэрхүү загварыг иж бүрнээр нь буюу аксессуар, цүнх бүгдтэй нь авчихвал цаг хэмнэх төдийгүй нэг нэгээр нь салангид цамц ч юмуу банзал ч юмуу авчихаад үүн дээр юу зохих бол гэж толгой гашилгах шаардлагагүй болохоос гадна хамгийн гол нь таны үнэт цагийг хэмнэнэ гэж мэд. Дэлгүүр хэсэж өөрт зохих, таалагдсан бас үнэ нь боломжийн хувцас авна гэдэг бол үнэндээ асар хүнд хөдөлмөр билээ. Үүний тулд хэдэн арван цаг зарцуулах хэрэгтэй болох бөгөөд олон зүйлийн дундаас сонголт хийхдээ тааруухан “толгой эргэдэг” зуршилтай бол нэг бол буруу сонголт хийх, нэг бол өөрт гайгүй зохисон ч хэт үнэтэй зүйл авах эрсдэлтэй байдаг. Бүсгүйчүүд бид сонголт хийх тал дээр хувцасны өлгүүрт хэдэн зуугаар нь өлгөсөн бараа бүрийг уйгагүй нэг бүрчлэн сөхөж үзээд маш оновчтой сонголт хийх сэргэлэн нэгэн байхад ингэж явах цаг завгүй бас дургүй нэгэн ч бидний дунд байдаг. Би өөрөө бол дэлгүүр удаан цагаар хэсэх дургүй бүлэгт хамаардаг. Тэгэхээр та дэлгүүр хэсэх дургүй, цаг зав багатай харин маш дэгжин хувцаслах сонирхолтой бол миний хэрэглэдэг бас нэг аргыг туршаад үзэхэд илүүдэхгүй биз. Аливаа дэлгүүрийн шилэн хоргонд эсвэл дотор байх моделуудад тухайн дэлгүүр хамгийн сүүлд ирсэн шинэ загварын хувцасуудыг өмсүүлж тавьсан байдаг. Мөн том дэлгүүрүүдэд энэ моделд өлгөсөн хувцас бүрийн дэргэд үнэ нь тов тодорхой бичээстэй байдаг. Тэгэхээр нэгдүгээрт хэрэв энэ үнэ таны хэтэвч санхүүд багтаж байвал таны дараагийн хийх алхам бол энэ надад зохих болов уу гэдгийг мэдэх. Та өөртөө юу зохихыг өөрийн дотны найзаасаа ч илүү мэддэг болохоор хэрэв толгойд чинь тэр боломжийн үнэтэй бөгөөд сүүлийн үеийн загварын хувцас зохино гэж багтаж байвал өмсөж үзээд л таарч байвал худалдаад авчих. Энэ бол цаг хүч хөдөлмөр хэмнэх хамгийн сайхан аргуудын нэг юм. Мөн дээрээс нь та ямагт шинэ загварын хувцас өмсөх болно.

Ямар загвартай хувцас таньд гойд сайхан зохидог вэ гэдгийг мэдэхийн тулд хамгийн түрүүнд өөрийнхөө биеийн хэлбэр галбир эмэгтэй хүний биеийн галбирын үндсэн төрлүүд болох банана, алим, лийр, элсэн цаг гэсэн дөрвөн төрлийн алинд багтахыг шинжиж мэдэхээс эхэлнэ. Та нарийхан бэлхүүстэй ч мөр таазаараа тэнцүү хэлбэртэй бол хамгийн зөв галбиртай буюу элсэн цаг бөгөөд ийм эмэгтэйд бэлхүүсээрээ бариу дэрвэгэр хормойтой сонгодог загвар илүү зохидог, банана буюу шулуун галбиртай бол шулуухан бүсэлхий тодосгоогүй хувцас, алим хэлбэртэй бол аль болох цээжээрээ бариу, доогуураа өргөн загвар, лийрэн хэлбэртэй бол цээжээр чөлөөтэй доогуураа бариу гэх мэтээр биеийн галбирны эсрэг загварын хувцас танд илүү зохимжтой байдаг. Өөрийгөө ямар галбиртайг мэдсэнээр та хувцас сонгох үндсэн зарчмаа мэдэж авна гэсэн үг юм. Өөрийн биеийн хэлбэр галбирт зохицсон хувцас өмссөнөөр та биеийнхээ сайхан хэсгийг улам тод харагдуулж согогтой хэсгээ бүдэгрүүлнэ. Ингэснээрээ та хэний ч нүдэнд эерэг сайхан харагдах хувцаслах урлагийн нэгэн нууцыг эзэмшлээ гэсэн үг юм.

САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номын хэсгээс хүргэсэн

Б.Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл