АЛГАНЫ ХЭЭГЭЭ УРЛАЖ ЯВАА БҮСГҮЙ IKON.MN ЯРИЛЦЛАГА

11:03 AM

 


Улаанбаатар хотын төвд нэгэн том дэлгэцтэй, өндөр цагаан байшин бий. Энэ байшинг зорих болсны учир гэвэл хэвлэгдээд удаагүй байгаа “Алганы хээ” романы зохиогч, Худалдаа Хөгжлийн Банкны гадаад бизнес хариуцсан захирал Балтсүхийн Эрхэмбаяртай уулзах.

Тэрбээр 2002 онд Шведийн Стокгольмын их сургуулийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны магистр цолтой бүсгүй.
Гэхдээ түүнийг зөвхөн эдийн засагч гэдгээр нь харах нь дэндүү явцуу. Учир нь өдгөө гурав дахь номоо өлгийдөн авч буй Б.Эрхэмбаярын “Алганы хээ” роман Интерномын уран зохиолын бестсэллэрийн нэгдүгээрт жагсаж, уншигчдаас талархал хүртээд байна.
Өөрийнхөө бичлэгийн хэв маягийг “Энгийн үгээр, энгийн амьдралын тухай адал явдалтай зохиол бичихийг зорьдог. Би өөрөө хүүхэд насандаа реалист зохиолууд уншиж байснаас ч болдог юм болов уу хүмүүс “Таны зохиолоос амьдрал үнэртдэг” гэж хэлдэг.   Тансаг, гоёмсог үг сонгож бичихийг зорьдоггүй харин энгийн үгээр утгаа зөв илэрхийлэхийг хүсдэг” хэмээсэн билээ.
Тэрбээр реалист зохиолын тод жишээ Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг ахин дахин уншиж, энгийн үгээр амьдралын философийг хэрхэн бичсэнийг нь биширдэг гэж нэмж хэлсэн юм.

“Алганы хээ” бол хүний хувь заяа, түүний удам судар, заяа төөргөөс хамаарах боловч зөв үйлээр, шударга үнэнийг эрэлхийлсэн амьдралаар замнавал хүн төгс түвшин, амирлангуй амьдралыг бүтээнэ гэдгийг харуулахыг зорьсон роман гэж уг номын хавтсан дээр онцолжээ.

Энэ санаа нь хүн зөвхөн хувь заяа эсвэл өөрийн хичээл зүтгэлээр амьдардаггүй. Энэ хоёр нь хүний амьдралд хосолдог бөгөөд хүн өөрөө хувь заяагаа удирдан чиглүүлдэг гэх санааг өгүүлсэн хэрэг.

“...Чи алганы хээгээ эцэг эхээс өвлүүлсэн хувь заяаны хэдэн гол шугамаас салаалуулан хэрхэн урлах вэ гэдэг эзэн биеэс, өөрөөс чинь хамаарна гэсэн үг. Хүн амьдалыг туулах явцдаа алганы хээгээ өөрөө урладаг юм шүү дээ...” /Гармаа лам, Алганы хээ романы 383 дугаар тал/
Монголын нийгэмд “Завсрын үеийнхэн” хэмээн нэрлэгддэг 1990-ээд онд орь залуу насаа өнгөрүүлсэн хүмүүсийн амьдрал, хайр, дурлал, хувь заяаны тухай өгүүлсэн эл романы цаг үе хамгийн сонирхолтой.
Учир нь нийгмийн шилжилтийн үед залуу насаа өнгөрүүлсэн хүний өмнөөс тэрхүү нийгмийг нүдэнд харагдтал бичсэн гэж уншигч миний зүгээс дүгнэмээр санагдсан юм.
Романы анхны уншигчдын ч  сэтгэл нь хөвсөлзөж, залуу нас, оюутан цагийн хайр дурлалын дурсамж нь сэргэж байсан тухайгаа зохиолч бүсгүйд уламжилсан ажээ.

Чухам яагаад 1990-ээд он гэж? гэж асуухад тэрбээр “Гэнэт л хүмүүсийн итгэл үнэмшил үгүй болж, зөгийн үүр эвдэрдэг шиг хүн бүр тал тал тийшээ ниссэн. Нийгмийн шилжилтийг мэдрээгүй нэг ч хүн тухайн үед байгаагүй. Энэ өөрчлөлтөд хүний мөс чанар шалгагдаж, танигдаж гардаг юм болов уу. Гэнэтийн шилжилтийн үед хүн ноён нуруугаа алдахгүй, мөс чанараа гээхгүй байх нь ямар чухал юм бэ гэдгийг харуулахыг хичээсэн.
Би тухайн үедээ орь залуу настай охин байлаа. Эргэн тойрны бүх хүмүүст нийгмийн шалгуурт хэрхэн тэнцэж, хүндрэлийг яаж давж гарах вэ гэдэг асуудал тулгарч байсан юм. Энэ талаар мэдрэхэд, бичихэд надад их ойр байсан. Асар их дурсамж сэргэж, сэтгэл хөдөлж бичсэн. Одоо ч ярихад хоолой зангирч байна” гэв.
"Хүүхэд байхад эцэг эхээсээ хардаг байсан ХҮНЛЭГ ЧАНАР одоогийн бидэнд дутагдаад байгаа юм шиг" 


Тийм ээ “Хоёр нийгмийн заагт амьдралд хөл тавьсан манай үеийнхэн амьдралд илүү хүлээцтэй болсон” гэх түүний үеийнхэн өдгөө Монголын нийгмийг авч яваа нэгэн бүлэг болжээ.
Романы гол дүр А.Энхбат хэмээх залуу Шведийн Стокгольмд улс төрийн орогнол хүсэж, цагаачлан амьдардаг. Баруун Европд өнгөрүүлсэн түүний хэдэн жилийн амьдралтай хамт ном уншигчдад тус улсын талаар мэдлэг, мэдээлэл болохуйц олон зүйлс бичигдсэн байв.
Мэдээж баруун Европын баян тансаг орнуудын нэг Швед оронд орогнож амьдарч буй гадныхан,цагаачдын амьдралын талаар тийм ч ил байдаггүй амьдралыг романаараа харуулж чадсан нь зохиолч тус улсад амьдарч байхдаа цагаачдад орчуулга хийж өгч байсан туршлагатай нь холбоотой ажээ.
Хоёр нийгмийн заагт амьдралд хөл тавьсан манай үеийнхэн амьдралд илүү хүлээцтэй болсон. Б.Эрхэмбаяр
Зохиолын энэ хэсэг Монголын шилжилтийн үеийн амьдралыг барууны хөрөнгөтөн орнуудын амьдралтай харьцуулан харуулсан нь зөв газар нь шигтгэсэн сувд шиг зохиолоо чимж чадсан байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Шведэд орогнон амьдарч буй хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой дүр байх нь Гармаа лам юм. Гармаа лам алганы хээгээр мэргэлж, зохиолын гол дүрийн хувь тавилангийн оньсыг тайлдаг.
Чухам сонирхолтой энэ дүрийн тухай зохиолч “Гармаа лам бол бодитой хүн. Хятадын эсрэг улс төрийн үзэлтэй учраас хавчигдсан тул Төвдөөс Стокгольмд улс төрийн орогнол хүсэж амьдарч цагаачилсан. Тэр хүний үзэл бодол, бясалгал хийж байгаа, шашинд өөрийгөө зориулсан зэрэг нь амьдралын сургууль байж дээ гэдгийг би одоо ойлгож мэдэрч байгаа. Гармаа лам одоог хүртэл Буддын гүн ухаанаа түгээж, Шведэд амьдарч байна” хэмээн онцолсон нь уг романыг уншиж байхад төрсөн сэтгэгдэлтэй дүйж байлаа.
Номонд эцэг эх, гэр бүлийн сэдэв томоохон байр суурийг эзэлдэг. Зохиолчийн аав, ээж нь жирийн л сэхээтэн хүмүүс бөгөөд хэдийгээр түүнийг бага залууд нь орхиж тэнгэрт одсон ч амьдрах ухааныг харамгүй хайрласныг нь бахархан ярих дуртай.

Тиймдээ ч Б.Эрхэмбаяр номныхоо эхлэл хэсэгт “Хүүхэд насыг минь аз жаргалд умбуулж өсгөсөн ч амьдралын үнэнийг надаас нуугаагүй та хоёрынхоо хүчээр охин нь хорвоог таних хэрсүү ухаан суусан билээ” хэмээсэн нь бий.
Зохиолч эцэг эхээсээ хардаг байсан ХҮНЛЭГ ЧАНАР одоогийн бидэнд дутагдаад байгаа юм шиг санагддаг гэж байсан юм.

Хүн хорвоогоос буцсан ч түүний үйл үлддэг. Хэрэв амьд ахуй насандаа олон хүний нус нулимсыг үзсэн бол хорвоогоос буцахдаа сэтгэл үл амарна.  Энэ бүхнийг тээгээд буцвал нөгөө ертөнцөд ч үйлийн үрийг тань нэхэх олон зүйл байдаг.
Энэ санааг зохиолын гол дүр Доржийн амьдралаар тод томруун харуулж, хүн гээч амьдарч буй насандаа олон зүйлд шунаж, бүхнийг эдэлж хэрэглэсэн ч буцахдаа үйлийн үрээс өөр зүйлгүй нүцгэн юм шүү гэдгийг нуусангүй.
Зохиолын төгсгөлд Дорж нүглээ наминчилсан ч түүний хийсэн үйлийн үрийг эдлэн суугаа бүхэн хүний хорвоод үлдсэн билээ.
БИЧНЭ ГЭДЭГ Б.ЭРХЭМБАЯРЫН ЯЗГУУР ҮҮРЭГ

Банк санхүүгийн салбарт олон жил амжилттай ажиллаж буй эдийн засагч, банкир бүсгүй чухам хэзээдээ, ямар заваараа, яагаад ном гаргах болов гэсэн асуултыг түүнээс олон хүн асуудаг гэсэн.
Би ч энэ асуултыг асуухгүй өнгөрч чадсангүй. Б. Эрхэмбаяр үүнд “Цагийн менежментийг хийгээд сурчихвал болно. Миний цагаа зохицуулдаг гол арга юмыг хойш нь тавилгүй хийдэг. Дор дор нь хийгээд явбал илүү их бүтээмжтэй байна.
Юм бичих миний хувьд хүсэл мөрөөдөл. Хүмүүст сайн сайхан, хүнлэг чанарын тухай хүргэх юмсан гэж бодож бичдэг.  Миний бүх номнуудад хүний сайхан сэтгэл, хүнлэг чанарын тухай өгүүлдэг.
Энэ бол Б.Эрхэмбаяр гэдэг хувь хүний язгуур үүрэг нь байж болно шүү дээ. Магадгүй амьдралд итгэх итгэлээр дутагдаж яваа хүнд миний бүтээл ИТГЭЛ өгөөсэй гэж бодож явдаг юм.
Банкир хүний хувьд үүнийг бизнес талаас нь харвал ном хэвлүүлнэ гэдэг ашигтай биш. Харин би номын буян дэлгэрүүлж, үүнээсээ сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа юм” гэв.
Мөн Б.Эрхэмбаярыг хамгийн их догдлуулж, баярлуулдаг зүйл бол өөрийнх нь ном зохиолыг олж авах гээд зорин ирж буй уншигч гэсэн. Ийм зүйлийг харах нь зохиолч хүн бүрийн бүтээлээсээ авдаг хамгийн том “шан харамж” байдаг болов уу.

 “...Алганы хээнд хүний амьдрал багтдаг, алганы хээний зураас хүний хувь тавилан амьдралыг харуулдаг. Ураг төрлийн хүний болон урд хойд насны нүгэл, хийсэн үйлийн үр хүний алганы хээнд тусгалаа олдог...” Зохиолч Б.Эрхэмбаяр



Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл