Би гэрэл гэгээ рүү тэмүүлэгч болохоос оюун санааны хүчирхийлэгч биш

1:57 PM



БИ ГЭРЭЛ ГЭГЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭГЧ БОЛОХООС БУСДЫН БОЛООД ӨӨРИЙНХӨӨ ОЮУН САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭГЧ БИШ





БИ ГЭРЭЛ ГЭГЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭГЧ БОЛОХООС ОЮУН САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭГЧ БИШ

Хүмүүс надаас асуудаг л даа. Та яаж ийм олон зүйлийг амжуулдаг юм бэ гэж. Хаа хамаагүй банкны хүн байж уран зохиолын ном бичээд, ууланд авираад, йог хийгээд байхаар гайхдаг шиг байгаа юм. Энэ нэг юм одоо юм юм руу үсчээд, ДУТУУ ДУЛИМАГТААД гэж ад үзэх хүмүүс ч бас гарч ирээд байх шиг. Энэ бүгдийг амжуулахад надад тусгай жор, нууц, эсвэл өөрийгөө үхэн хатан хүчлээд байсан юм байхгүй ээ. Зүгээр л миний дотроос ундрах өөдрөг үзэл минь тэр бүхнийг амжуулахад тусладаг. Учир нь БИ ГЭРЭЛ ГЭГЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭГЧ (Загвар өмсөгч Одгэрэлийн нэгэн ярилцлага ийм нэртэй байсан нь маш их таалагдаад тэрнээс зээлдчихлээ)

Бас дуртай зүйлээ хийж ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТААЛАГДАЖ байгаа хүн цагийн хавчлага, бусдыг намайг юу гэх бол гэх өчүүхэн айдаст автдаггүй. Банк санхүүгийн салбарт хорь шахам жил зүтгэхдээ барин тавин хийсэн гээд нүүр бардам хэлчих юм бас бий бий. Уран зохиол оролдож бичсэн ном бүр маань уншигчдад хүрч бестселлер болж байгаа нь бас л багагүй амжилт. Хотын оффист суудаг хүүхэн байж хаа байгаа Каракорумын нуруунд байх, Дэлхийн хамгийн урт Балтора мөсөн голын ангал руу унаад үхчих вий гэж эмээлгүй туулан хүний хөл ховорхон хүрсэн цаст Хималайн оргилуудын барааг харж нүд сэтгэлээ баясган, Монгол улсынхаа хамгийн өндөр ноён оргил Алтай таван богдод хөл тавьсан би азтай бас гүргэр хүүхэн. Хорь гаруйхан насандаа хоёр хүүхдээ төрүүлж өдий зэрэгт хүмүүжүүлсэн би сайн ээж хүн. Том хүүтэйгээ бараг л үеийн харагддаг намайг та наснаасаа залуу харагдах юм гэдэг. Нэг удаа бүр хүүгийн маань багш эцэг эхийн хуралд очиход ээж, аавыгаа ирүүл гэж ичээсэн ч би залуу харагдах гэж хичээдэггүй. Хүмүүс тэгж хэлсэнд хөөрөөд сүйд ч болдоггүй. Харин НҮҮРЭНД МИНЬ ҮРЧЛЭЭ СУУХААС БИШ СЭТГЭЛД МИНЬ ҮРЧЛЭЭ СУУХААС л айдаг хүн. Гэвч миний хийж бүтээсэн зарим нэгэн ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН дэргэд юу ч биш би улам их суралцах ёстой, өөрийгөө боловсруулах ёстой гэж УРАГШ ТЭМҮҮЛДЭГ шоргоолж шиг ажилсаг нэгэн. Би эгэл даруу хүмүүст хайртай ч, бүгд л эгэл даруу байгаа нь энэ гээд өөрийгөө ч АРЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЗАЛХУУРСНАА ЭГЭЛ ДАРУУГААР, COOL байгаагаар халхавч болгон хувиа борлуулж довоо шарлуулан тогоо шанаганаасаа хэтрэхгүй суугаад байвал хэн энэ нийгмийг өөрчлөх вэ? Хэн бусдыгаа дагуулж явах вэ?         

Зарим нэг хүмүүс бас намайг зүгээр л олон юм хийж чаддаг ӨВ ТЭГШ хүн болж бусдад харагдах гэж ХИЧЭЭДЭГ гэж боддог шиг байгаа юм. Яах вэ гэхдээ би өөдрөг хүн учраас өөрийнхөө өв тэгшийн зэрэгт хүрэх гэж хичээж чадаж буй сэтгэл зоригоо ядаж үнэлдэг шүү. Тэгээд ч бусдад харагдах гэж үхлийг сөрж ууланд авирдаг тэнэг,  СУЛ ДОРОЙ хүн надаас өөр байдаг болов уу? Бусдад сайхан харагдах гэхдээ орой ажлаа тарчихаад йогийнхоо хичээл рүү амьсгаадан гүйж явдаг над шиг АРЧААГҮЙ амьтан байдаг болов уу? Энэ бүгдийг би өөрийнхөө биеийг эрүүл байлгах гэж, үр хүүхэдтэйгээ урт удаан эрүүл энх амьдрах гэж л хийдэг өөр юуны ч төлөө биш. Ууланд дусалсан хөлс бүрээрээ би өөрөө өөрийгөө ялан дийлж буйгаа мэдэрч таашаал эдэлдэг, уран бүтээлч хүний онгод хийморийг уул усны ариун дагшнаас хүртдэг. Өөрийгөө бие сэтгэлийн хэчнээн их хаттай болохоо мэдэрч, бас бусад бүсгүйчүүдийг түүнийгээ олж мэдрээсээ гэсэндээ би энэ бүх хувийн амьдралаа дэлгэдэг. Эмэгтэйчүүдээ зоригжуулах гэж эрүүл амьдралд УРИАЛДГААС биш би үзэл бодол, оршихуй өөр нэгнийг шүүж шүүмжлэн ХҮЧИРХИЙЛЭЭГҮЙ.

Би бас БУСДЫГ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ. ЧИ НАД ШИГ ЗААВАЛ НҮҮРЭЭ БУДАЖ, ӨСГИЙТЭЙ ГУТАЛ ӨМСӨХГҮЙ байгаа нь чиний буруу  гэж хэн нэг эмэгтэйд тулгаагүй. Чи йог хийхгүй, жингээ барьж чадахгүй АРЧААГҮЙ гэж бусдыг адлаагүй. Бусдын оршихуйг, байгаа байдлыг хүндэлж хүлээн зөвшөөрнө гэдэг надад дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгодог. Тийм учраас надад бусад шиг болох гэж шаналж өөрийгөө зовоох шаардлага байдаггүй. Өөрийгөө хэнтэй ч харьцуулдаггүй, өөрөөрөө л байдаг минь өмнөө яваа нэгнээ гишгэлэх гэж олон юм бодож шаналж бухимдахгүйгээр өмнөхөө л дуртай юмсаа л хийхэд цаг хэмнэдэг, хэн нэгэнд атаархах биш инээж л явдаг минь магадгуй наснаасаа залуу харагдуулдаг байх.

Товчхондоо бол цаг нар хүнийг хэчнээн хавчдаг ч өөдрөг, бүтээлч хүнийг боомилж чадахгүй гэдэгт итгэдэг. Би дахиад ч олон сайхан ном бичнэ. Олон олон ноён оргилуудад хөл тавина. УРУУЛАА УЛААНААР будна, ГАДСАН ӨСГИЙТЭЙ ГАНГАН ШААХАЙ дээрээ гунхалзана яадаг юм.

2018.03.09
Б.ЭРХЭМБАЯР
САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
АЛГАНЫ ХЭЭ
 ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ Номуудын зохиогч

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл