Бүсгүй таны сэтгэлийн гоо үзэсгэлэн шавхагдашгүй баялаг

10:37 AM




Бүсгүй таны сэтгэлийн гоо үзэсгэлэн шавхагдашгүй баялаг

Сайхан эмэгтэйг түүний сайхан сэтгэл, хүчирхэг дотоод оршихуй тодорхойлдог. Тиймээс ч би хувь хүний зөвлөмжийн номоо САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ гэж нэрлэсэн юм. Гадаад гоо үзэсгэлэн цаг зуурын зүйл. Тэгээд ч зарим бүсгүй хүн хэчнээн гоо үзэсгэлэнтэй төрөөд ч дотоод ертөнц нь явцуу, ааш муутай бол хоёр үг солиход хэн болохоо таниулчих удаа бий. Сайхан сэтгэлтэй хүн аз жаргалтай амьдрах нь гарцаагүй гэдэгт би итгэдэг. Бага байхад Шидэт хүүрийн үлгэрээс уншиж байсан нэг үлгэр санаанаас гардаггүй юм. Эрт дээр цагт хоёр охинтой хаан байжээ. Том охин нь маш үзэсгэлэнтэй гоо сайхан бүсгүй байж. Бага охин нь эгч шигээ хөөрхөн биш ч тэр ариун сайхан зүрх сэтгэлтэй юмсанжээ. Тэдэн дээр хурмастыг захирдаг хааны ханхөвгүүн ядарсан гуйлгачны дүрээр иржээ. Том охин түүнийг тоосонгүй хөөгөөд явуулж. Бага охин ядарч ундаассан түүнийг өрөвдөн асарч сувилжээ. Эцэст нь ханхүү жинхэнэ дүрдээ орж ухаантай сайхан сэтгэлтэй бага охинтой нь сууж насан туршдаа аз жаргалтай амьдарчээ.  

Иймд гадаад гоо үзэсгэлэн бол шавхагддаг дуусдаг, хуурамч баялаг юм. Гоо сайхан царай минь цагийн эрхээр өтөлж хөгшрөнө. Эсвэл хөөрхөн байлаа гээд зовлон бэрхшээл биднийг тойрдоггүй. Тэр цагт хүчирхэг дотоод ертөнцтэй бүсгүй ямар ч саад, бэрхшээлийг ухаалгаар давж гардаг. Өвчнийг ч хүртэл ялан дийлэх хүч бидний хөөрхөн царай, гуалиг биеэс биш сэтгэлийн хүчнээс минь л гардаг. 

Би залуу байхдаа энэ бүхний гүнзгий учир холбогдлыг сайн ойлгодоггүй байлаа. Тиймээс ч шал дэмий зүйлд ямар их цаг зав, эрч хүчээ зарцуулдаг байснаа одоо олж харсан. Тэр цагт би өөрийнхөө болоод бусдын миний талаарх сөрөг дүгнэлтэнд эмзэглэн сэтгэлээр унах удаа олон байлаа. Эцэст нь тэр бүхэн надад ямар ч хэрэггүй бусдын муу нөлөөллийг өөр дээрээ чирч ирснээр би сэтгэлээр үхэж, хямарч шаналахаас өөрөөр юу ч хожоогүй гэдгийг ойлгосон юм. Хорин настай эмэгтэй өөлөх юмгүй хөөрхөн харагдаж болох ч эрхэмсэг сайхан эмэгтэйн зиндаанд хүрэхэд туршлага, ухаан дутах нь олонтаа. Тэр л хорин настай гэнэн охин байхдаа би дотоод гоо сайхнаа хөгжүүлэх, өөрийгөө дотоодоосоо тэжээх ухаанаа олохгүй явснаас бусдад таалагдах гэж хайран цаг заваа барж явснаа бодохоор харамсдаг.

Хүний дотоод гоо үзэсгэлэнд зөвхөн сайхан сэтгэлтэй сайн хүн байх хамаарах биш тэр хүн хэр баялаг сайхан дотоод ертөнцтэй хүн бэ гэдэг ч хамаатай юм. Ингээд бүсгүй таны хувьд дотоод гоо үзэсгэлэнгээ зүлгэж өнгө оруулан, өөрийн өвөрмөц нэгэн гоо сайхан, амар амгалан дотоод ертөнцөө бүтээх, дотроосоо цэцэг адил дэлгэрэхэд тань туслах магад миний хувьд би өөрөө хэрхэн өөртөө таалагдсан, өөрийн гэсэн ертөнцөө бүтээхийг хичээдэг, сэтгэлийн хүч, гоо үзэсгэлэнгээ хэрхэн сэлбэдэг талаараа хэдэн зөвлөгөө хүргэе.

1.       Эерэг бай. Аливаа хүн болоод юмны эерэг талыг түрүүлж олж хар. Хамгийн гоо хөөрхөн нүд бусдын сайхныг олж хардаг нүд гэдэг үг ч хүртэл бий. Ямар ч хүнд тэр ч бүү хэл гэмт хэрэг хийсэн хүнд ч олон сайхан чанарууд байдаг. Бусдаас өө хайсан хүн өдөө дэвждэггүй, муу муухай зүйлтэй хутгалдсаар, бусдын мууг үзэх гэж тэмцэлдсээр ард хоцордог.  
2.       Дуртай ажлаа хий, мөрөөдлөө биелүүлэх гээд зоригло.
Дуртай юмаа хийдэг хүн аз жаргалтай амьдардаг. Аз жаргалтай эмэгтэй хүн баяр хөөртэй байна. Баяр хөөртэй инээмсэглэсэн бүсгүй хүн хэзээ ч муухай харагдахгүй.
3.       Толинд харахдаа бие галбир, царай төрхөө бүү гол. Өөлье гэвэл Холливудын одод хүртэл миний хөх, бөгс тийм нүд ийм гэж голдог гэсэн. Бүсгүй хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэн царай төрхөнд чинь заавал байдаг. Тэр сайхан зүйлсээ л илүү харж анзаар. Харин хэрэв төгс төгөлдөр биетэй больё гэж үнэхээр хүсч байвал хөдөлж, спортоор хичээллэж өөрөө тэмцэж олж авч болно.
4.       Сайхан хоол ид. Биед хэрэгтэй чанартай хоол идэх гадна талаасаа хэчнээн гоё хувцаслах, нүүрэндээ хэчнээн сайн тос түрхэхээс хамаагүй илүүтэй таны гоо сайхныг бүрдүүлдэг. Юу идэж байгаа чинь таны царай, биеэс харагддаг ч гэж ярьдаг. 
5.       Сэтгэлийн амар амгаланг эрэлхийл. Энэ уг нь их амархан зүйл ч тэр бүр хүмүүс хэрэгжүүлж чаддаггүй. Бусадтай өөрийгөө бүү жиш, харьцуул. Өөртөө л таалагдаж амьдар. Хэрэв хэн нэгэн амжилттай яваа хүнтэй өөрийгөө жиших хэрэг гарвал ийм болох юмсан гэж цагаахан атаарх, түүнтэй хамт урагшаа алхах гээд үз. Чадахгүй бол атаархах хэрэггүй. Хар хорын атаач зан таны нүүрэнд болоод зүрх сэтгэлд тань олон арван үрчлээс нэмнэ.
6.       Бурууг бусдаас биш өөрөөсөө эрэлхийл. Бага гомдолло, их хийж бүтээ. Өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур байдаг бол энэ таны эцэг эх, ах дүүс, найз нөхөд, ажлынхан, нийгмийн, өөр бусад хэний ч буруу биш. Зөвхөн таны л буруу. Буруугаа олж харсан бол дутагдлаа засахыг хичээ, урагш харж амьдар.  
7.       Боловсрол мэдлэгээ байнга дээшлүүл, байнга суралц. Мэдлэг боловсрол бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн гол чимэг эх ундарга нь юм шүү.  
8.       Бусдад тусла, хувиа хичээж довоо бүү шарлуул. Чаддаг мэддэг зүйлээ бусадтай харамгүй хуваалц. Зарим нэг хүн ихийг хийж чадах боломж, чадалтай байдаг ч өөрийнхөө хүчинд итгэхгүйдээ ч тэрүү, эсвэл санаачилгагүй залхуу, өөрөө л болж байвал болоо доо гэсэн аминч үзлээсээ болоод өөрийгөө хязгаарлаж амьдардаг. Мэддэг чаддагаа бусадтай хуваалцсанаар эргэн тойрон байгаа хүмүүст, цаашлаад нийгэмд сайнаар нөлөөлж болдог. Бусдад туслах тусламж эд мөнгөний байх албагүй. Өөрийн хамгийн сайнаар хийж чадах зүйлээрээ нийтийн сайн сайханд зүтгэж хувь нэмрээ оруулж болно. Сэтгэлийн дэм, урам зориг хэрэгтэй нэгэнд хэрэгтэй цагт нь урмын сайхан үг харамгүй хэлж сур. Сайхан сэтгэлийн хариу талархал таныг бүрхэх тэр цагт та аз жаргалын амтыг мэдэрнэ.  
9.       Өөртөө арчаатай бай. Сайхан хувцасла, сайхан зүйлс эдэлж хэрэглэхийг эрмэлз. Гэхдээ өөрийн хүч чадлаар шүү. Үгүй бол бусдын хүчийг сорогч болно. Би л лав сайн ажиллаж амжилт гаргасан цагтаа өөрийнхөө дуртай зүйлийг заавал худалдан авч өөрөө өөрийгөө урамшуулж баярлуулдаг. Тэгэхээр хөдөлмөрлөснийхөө үр шимийг илүү тодоор амталж, өөрийн хүч чадлаа илүү их мэдэрдэг.
10.   Эрүүл агаарт алх, байгальд ойр бай. Энэ танд бие сэтгэлээ эрүүл, чийрэг байлгахад тусална. Өдрийн цайны (өдрийн цагаар утаа бага байдаг) хэдхэн минут агаарт алхаад ороод ирэхэд та илүү эрч хүчтэй аз жаргалтай болсон байна. Амралтын нэг өдрөө хотоос гадагшаа агаарт алхаж  өнгөрүүл. Энэ нь хумсаа салонд будуулж, урууландаа гель шахуулж, нүдэндээ давхраа хийлгэн, хиймэл сормуус наалгаснаас илүү таны гоо сайханд нэмэртэй.    
11.   Аялаж зугаалахдаа гар бүү тат. Сайхан газар аялаж зугаалах таны нүд сэтгэлийг юунаас ч илүү баясгана. Аялал, адал явдал танд баялаг дурсамж үлдээнэ. Дурсамж арвинтай хүн үхэхдээ арвин их эд хөрөнгөтэй хүнээс хамаагүй илүү сэтгэл ханамжтайгаар энэ хорвоог орхидог биз ээ

ДОТООД ГОО ЕРТӨНЦӨӨ ХЭРХЭН БҮТЭЭХ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙГ САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ НОМНООС МААНЬ УНШААРАЙ. 



Б.Эрхэмбаяр
АЛГАНЫ ХЭЭ, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номуудын зохиогч.


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл