АЛГАНЫ ХЭЭ романы дүрүүд бодит хүмүүс үү?

2:31 PM



АЛГАНЫ ХЭЭ романы дүрүүд бодит хүмүүс үү?





АЛГАНЫ ХЭЭ романы дүрүүд бодит хүмүүс үү?

Уншигчид маань ялангуяа 90-ээд оны нийгмийн шилжилтийг бие сэтгэлээрээ туулсан идэр насныхан надаас таны АЛГАНЫ ХЭЭ романы баатрууд бодит хүмүүс үү, эсвэл энэ бодит амьдрал дээр суурилсан уу гэх мэтээр асуудаг. Өнгөрсөн 2-р сарын 14-ны өдөр ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ номоо хэвлэгдсэний 3 жилийн ойг уншигчидтайгаа тэмдэглэх уулзалт дээр ч энэ асуулт гарч ирж өөрийгөө нэгдүгээр сургууль төгссөн гэж танилцуулсан нэгэн уншигч “ Тамираа миний ангийн охин шиг, ном тань яг л бидний үеийнхний амьдралын түүх шиг санагддаг юм” гэж өгүүлж билээ.

90-ээд оны нийгмийн шилжилт бол улс төр, нийгэм эдийн засгийн хувьд төдийгүй, оюун санааны том хувьсгал байсан бөгөөд энэ үед амьдралд дөнгөж хөл тавих гэж байсан анхил охин явснаа дурсахад ямагт сайхан байдаг. Энэ талаар, тэр үеийн залуусын амьдрал хайр сэтгэл, хувь заяаны талаар ном бичих хүсэл сэдэл надад олон жилийн өмнөөс төрсөн билээ. Бидний үеийнхнийг БААБАР “алдагдсан үеийнхэн” гэж тодорхойлж, бид ч өөрсдийгөө “золиослогдсон үеийнхэн” гэж нэрлэдэг нь яагаад ч юм надад таалагддаггүй юм. Би өөрийнхөө болон эргэн тойрныхныхоо амьдралыг л лав золиослогдсон гэж хэлж хэзээ ч зүрхлэхгүй. Одоогийн мэдээллийн эрин зууны залуустай харьцуулахад бидэнд боломж хомс байсан нь үнэн ч гэлээ, бидний үеийнхэн миний хувьд амьдралын шуургыг сөрөхөөс айж эмээгээгүй эрэлхэг, гэнэн байж мэдэх ч ариун сэтгэлтэй нь давамгайлдаг. Тэд бүгд одоо энэ нийгмийн ачааны хүндийг үүрэлцэж яваа дунд эргэм насныхан болж төлөвшжээ.

Монголын уран зохиолд яг энэ үеийнхний амьдрал түүхийг харуулсан ном зохиол бараг байхгүй гэж хэлж болно. Байгаа зарим нь дэндүү хар бараан байх нь элбэг. Харин АЛГАНЫ ХЭЭ ном маань бидний тэр эрэлхэг, гэгээлэг залуус хэрхэн хувь заяагаа бүтээн алганы хээгээ өөрсдөө урлан явааг харуулснаараа онцлог гэж би боддог. Тэгэхээр дээр гарсан асуулт буюу гол дүрүүд маань Тамираа, Энхбат, Зоригт бодит дүрүүд үү гэвэл би энэ утгаар нь “Тийм ээ. Тэд бодит хүмүүс манай үеийнхний “золиос болохгүй юмсан” гэж чин сэтгэлээсээ тэмцсэн, хичээсэн мянга мянган залуусын төлөөлөл” гэж хариулна. Үүний дотроос Зоригт маань азгүй тохиолоор осолд орж тахир дутуу болдог ч түүний зүрх сэтгэл тахир дутуу болоогүй юм. Би Зоригтод их хайртай учир түүнийг тэргэнцэр дээр үлдээхийг хүсээгүй, тэгээд ч Зоригтыг заавал хөл дээр нь босгооч гэх сэдлийг тэр нэгэн машингүй өдөр 1991-ийн такси хөлсөлж яваад жолооч ахтай хөөрөлдсөн яриа төрүүлсэн юм. Таксины жолооч ах духан дээрээ том сорвитой ч түүний инээд гэрэлсэн царай, цогтой гялалзах нүд надад ер бусын сэтгэгдэл төрүүлж би түүнээс сорвиных нь талаар сониучирхан асуусан юм. Ийнхүү жолооч ах 90-ээд оны эхээр золгүй осолд орсон ч тэр хөл дээрээ босож чадсан эгэлгүй түүхээ надтай хуваалцаж би нэгэн өгүүллэгийн санаатай үлдэж хоцорсон ч мөнөөх өгүүллэгээ ч бичилгүй явсаар байтал яг 365 хоногийн дараа дахин түүнтэй мөнөөх машингүй өдөр тааралдахдаа үүнийг зүгээр л нэг санамсаргүй тохиол биш хувь заяаны нэгэн учрал болгохоор, Зоригтыгоо түүн шигээр хөл дээр нь босгох нь зүйтэй гэж шийдсэн юм.

Эсрэг дүрүүд хар Дорж, Ариунтунгалаг нар ч бодит хүмүүс. Бидний дунд өнгө мөнгийг шүтсэн, атгаг хорон санаатнууд үеийн үед байсаар л байсан, тэд тэдний төлөөлөл. Романы маань хайртай нэг дүр бол яах аргагүй алганы хээ тайлж унших эрдэмд нэвтэрсэн Гармаа ламтаны дүр. Яг бодит хүний тусгал шингэсэн, бүтээхдээ эргэлзэх юмгүй нэг л хүнийг төсөөлж бичсэн дүр бол Гармаа лам юм. Тэрээр одоо ч Швед улсын Стокгольм хотод амьдардаг. Шашны философид нэвтэрсэн түвд ламтантай би санамсаргүй галт тэргэнд танилцаж тэнд байх хугацаандаа сайхан нөхөрлөж, амьдралын зовлон жаргалаа ч хуваалцаж явсан. АЛГАНЫ ХЭЭ дэд дэвтэр дээр зэрвэс гараад өнгөрдөг уулын газарчин ФУРМАН бас яг бодит хүн. Фурман маань одоо ч Каракорумын уулс дунд дүүлэн нисэх мэт хөнгөн гишгэлэн хол ойрын хүмүүст газарчилсаар, хахир сүрлэг уулсын хэлийг тайлж уншдаг чадал эрдмээрээ, хүнлэг сэтгэлээрээ олон олон хүний амийг аварсаар л яваа.

САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ
АЛГАНЫ ХЭЭ номуудын зохиогч
Б.Эрхэмбаяр







 САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ
АЛГАНЫ ХЭЭ номуудын зохиогч
Б.Эрхэмбаяр


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл