Нэгэн зүгт харж хайртай гэдгээ харамгүй илэрхийлээрэй

5:52 PM





Хайртай хосууд хувь хүний хувьд өөр өөр хүмүүс байх нь элбэг ч тэднийг юу хос болгон холбож байдаг гэж та боддог вэ? Мэдээж би хосуудын харилцааны “эксперт” биш алдаж оносон маань бусадтай л адилхан боловч “Сайхан төрөх санааных” номыг маань уншсан олон залуус ялангуяа бүсгүйчүүд хосын харилцаанд юу чухал вэ, та надад зөвлөгөө өгөөч гэх нь элбэг байдаг. Өнөөдөр ч гэсэн нэгэн уншигч бүсгүйгээс чин сэтгэлийн ийм хүсэлт ирсэнд энэхүү бяцхан нийтлэлээ тэрлэж сууна.
Миний туршлагаас харахад хосуудын харилцааг гэр бүлийн суурь хүмүүжил, зан араншингийн төсөөтэй болон төсгүй байдал, хайр сэтгэл, сексийн нийцэл таашаал, нийгмийн гарал үүсэл, үзэл бодол, хобби сонирхол гээд маш олон юм холилдон байж тэр дундаас “зөвхөн та хоёрынх” гэсэн онцлог өвөрмөц нэгэн харилцаа бий болдог. Ийнхүү хосууд нэгдэн нийлж нэгэн зүгт харж ирээдүйгээ хамтарч төлөвлөж эхэлдэг. Нэгэн зүг рүү харж чадна гэдэг хүсэл мөрөөдөл, бүтээх гэж буй амьдарлын төсөөлөл ижилхэн байгаагаас тэр юм. Хайртай хүнтэйгээ мөрөөдлөө хамтдаа бүтээх шиг дээдийн аз жаргал юу байх вэ. Гэвч амьдралын их замын туршид бие биедээ гомдох туних, итгэл алдрах гээд олон олон бэрхшээлүүд тохиолддог. Бид яагаад хайртай хүнээ түүнд маш их хайртай байж гомдоочихдог юм бол? Харилцаанд маань ойлголцол дутагдснаас л тэр байх. Ялангуяа шинэхэн хосуудад хэн хэнийхээ ааш занг мэдэхгүйгээс түүний юунд баярладаг юунд гомдодгийг мэдэхгүй байхаас алдаа гаргах нь бий. Эсвэл эмэгтэй хүний хувьд хэт их сэтгэл хөөрлөөр хандаж хайртыгаа ялих шалихгүй жижиг зүйл дээр ч өөлсөөр гомдоох нь бий.

Хосууд бие биедээ гомдож туних шалтгаан нь хайраа илэрхийлж мэдэхгүйгээс болох нь бий.  Хайрлаж буйгаа илэрхийлж огт мэддэггүй хүмүүс бас байдаг. Чи түүндээ хайртай бол хайраа бага гэлтгүй зүйлээр үргэлж илэрхийлж, баярлуулахыг хичээ. Хүн хайраар дутаж амьдардгаас биш мөнгөөр, хоолоор дутдаггүй юм. Эрчүүдийн нийтлэг дутагдал хайр нэхсэн эхнэрээ, бүсгүйгээ бүх л юм байхад энэ юугаар дутлаа гэж ингэж бухимддаг байна гэж боддог. Эсвэл зөвхөн ажил бизнес гэсээр хажууд тань таны хайр халамжийг үгүйлсэн нэгэн байгааг ор тас мартчихдаг. Энэ л үед ялангуяа эмэгтэй хүн хайраар дутагдаж сэтгэлдээ ганцаардаж эхэлдэг. Бүсгүй чинь чамд гомдоллох нь их байгаа бол чи хайраа хангалттай илэрхийлэхгүй байгаа байж мэдэх л юм. Хайр гэдэг зөвхөн хайртай гэж хэлэхийг хэлдэггүй, хайртай гэдгээ бага ч гэсэн үйлдлээрээ илэрхийлэхийг хэлдэг. Хайрыг яаж ч илэрхийлж болно. Өчигдөр нь ажилтай оройтож унтаад сэрэхэд нь амттай өглөөний цай хийгээд оронд нь барих ч юм уу, зүгээр л сэтгэлээр гундуу байхад нь миний хайрт хөөрхөн шүү гээд нэг тэврээд үнсчихэд чамаас юу ч уначихгүй ч тэр жаахан сэтгэл ханьд тань эд мөнгөөр хэмжихгүй их сэтгэлийн таашаал аз жаргал эдлүүлнэ гэдгийг мэддэг байвал та хоёрын хайр дундрахгүй ээ.

Удаан хамтдаа байсан хосуудын хувьд хэн хэнийгээ сайн мэдэж таньсан байх ч амьдралын тодорхой үеүдэд заримдаа нэг зүгт харж чадахаа больчихоод санаа бодол зөрөлдөж зөрчилдөх нь ихэсдэг удаа бий. Ийм үедээ л нэг нэгнийгээ ойлгохоор ярилцах хамгаас чухал. Ойлголцол, уучлал гэдэг хамтын амьдралын анагаагч эм юм. Хайртай хүн тань таныг хэчнээн их гомдоосон байсан ч хайрынхаа төлөө түүнийг уучилж чадах өгөөмөр сэтгэлгүй бол таны түүнийг гэсэн хамтын амьдралаа гэсэн хайр хангалттай биш байж магадгүй л юм. Тэгэхээр хайртай хүн тань алдаж эндсэн үед яагаад тэр минь ингэв гэдгийг дахин нэг бодож тунгаан уучлах гээд үзээрэй. Мэдээж хэрэг түүнд хайртайн хэрээр зүрх сэтгэл чинь гомдлоор дүүрч болох боловч түүнтэй урьдын адил нэгэн зүгт харж нэгэн зорилгын төлөө буюу айл гэрийн аз жаргалтай амьдралынхаа төлөө гараас нь хөтлөөд алхах хүсэл танд болоод түүнд бий эсэхийг дахин нэг мэдрэх гээд хичгээгээрэй. Хэрэв сэтгэл зүрх чинь өөр өөр зүг рүү явчихсан бол хэчнээн хичээгээд ч нэмэргүй. Харин та хоёрт нэг нэгнээ гэсэн сэтгэл үлдсэн бол нэгэн зүгт зорьсоор амьдралын давалгаа бүрийг гараасаа хөтлөлцөн давсаар эмгэн өвгөн болсон цагт нэгэн зүгт харах нь бүү хэл зүгээр л бие сэтгэл чинь нэг хүн мэт болчихсон байхаа мэдрэх тэр цаг үе ирнэ гэдэгт итгээрэй. Амьдрал бол итгэл дээр нь хайр юм. Өөр юу ч биш.

Энэ бяцхан нийтлэл маань САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номд минь багтсан байгаа. 





 САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ
АЛГАНЫ ХЭЭ номуудын зохиогч
Б.Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл