Байгальмаа чи чадна. Go Girl go!

11:11 AM






Өнгөрсөн 7 хоногт ажил хэргээр уулзсан хэдэн голландуудтай ярилцаж суутал яагаад ч юм яриа маань жендерийн тухай цаашлаад монгол эмэгтэйчүүд рүү хальтран орж би тэдэнд тэмээ унан аялаж яваа Байгальмаа бүсгүйн талаар ярилаа. Зочид маань эрчүүд байсан бөгөөд ийм хүйтэнд Монголын баруун хязгаарт эмэгтэй хүн хээрээр гэр хийн хэцээр дэр хийн аялаж яваа гэхэд итгэхгүй байсан тул би фэйсбүүкээс зургийг нь үзүүллээ. Тэд зургийг хараад аргагүй үнэмшсэн ч “Тэр модел юм уу?” гэж дуу алдлаа. “Үгүй ээ, жирийн нэгэн монгол эмэгтэй, ээж” гэж намайг хариулахад “Монгол бүсгүйчүүд царайлаг шигээ хүч чадалтай юм” гэж нэг нь бидний түрүүчийн яриаг батлан цэглэв. 

Цааш бидний яриа экстрим спортоор үргэлжлэн хөвөрлөө. Яагаад ийм жирийн хүний хувьд “галзуу” гэмээр зүйлийг хүмүүс сонирхдог юм бол? Яагаад? Байгальмаагийн зоригийг нь мохоох гэж (ийм зүйлд зориглосон хүн тийм өчүүхэн хүмүүсийн ярианд автана ч гэж юу байх вэ) сошиалаар дүүрэн дулаан хөнжилд хөлбөрсөн урт хумсаа будсан хүүхнүүд элдвээр хэлж байна. Тэр тэнэг л гэнэ. Нэр алдарт дуртайдаа тэр л гэнэ. Зарим нэг нь ч энд үсэг эвлэрэх аргагүй муу муухайгаар хараацгаав. Бас хувийн амьдрал руу нь өнгийж урьд нь хаана хэн байсан яасан ийсэн, ээ бүү үзэгд. Сайн сайхан яваа нэгэндээ хорсол бухимдлаа тайлахаас өөрөөр амьдрах аргагүй хүмүүс яасан ч их олшроов дээ. Идэр есийн хүйтэн тачигнаж байхад монгол эмэгтэйн тэсвэр тэвчээр зоригийг гайхуулж, дан монгол дээл хувцсаараа гоён Дэлхийд Монголоо зарлан яваа түүнийг муу үгээр утах чи ер нь өөрөө хэн бэ гэдгээ нэг бодоорой.  

Экстрим спорт руу сэтгэл татагдаад буй хүний хувьд яагаад гэсэн асуултад хариулахад “Зорьсондоо хүрч өөрийгөө ялах, монгол эмэгтэй болж төрсөн хувь заяагаараа бахархах” гэж л би хариулна. Өөрийгөө хэр зоригтой, өөрийгөө бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд хэр их тэсвэр тэвчээртэй хүн бэ гэдгээ дуслах хөлс гишгэх алхам бүрээрээ мэдрэх гэж л тэр. Өөрийгөө нээж олох гэж тэр. Зорьсондоо хүрээд “Би чадсан” гэж өөртөө итгэхэд урагш алхах зам дардан саруул болдог юм. Хоёр жилийн өмнө 230 км урт замыг мөсөн ангал дундуур явган туулж К2 хэмээх зэрлэг сүрдэм уулын барааг харах гэж зүтгэхдээ би ийм л зүйлийн төлөө явсан. Миний энэ бяцхан аялал Байгальмаагийн тэмээгээр Лондон хүрэхээр зориглосны дэргэд тун шалихгүй юм. Тэгээд ч би Монгол өв соёлоо, түүхээ сануулах том зорилгогүй өчүүхэн амин хувийн эгогоороо л тийш зүтгэсэн байж. Гэтэл залуухан энэ бүсгүй надаас хамаагүй том зорилго өвөрлөн Монголоо, эх орноо гэх сэтгэлээ тээн хөхөө өвлийн хүйтнийг ч ажралгүй Лондон хүрэхээр зориглож. 

Бүсгүй хүний хувьд би түүнийг ойлгож хүндэтгэж басхүү түүнийг элдвээр гоочлон шүлсээ үсчүүлж буй хэн нэгнээс хамгаалмаар харамламаар санагдаад үүнийг бичлээ. 

Байгальмаа, сайхан монгол бүсгүй минь чи чадна, чи монгол эмэгтэйн үзэсгэлэн гоо ухаан саруул тэвчээр тэсвэрийн гайхамшгийг Дэлхийд таниулна. Лондон хүрэх зам нь дардан саруул байг. Тэнд чамайг олон хүн хүлээж байгаа.

САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ
ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ
АЛГАНЫ ХЭЭ номуудын зохиогч
Б.Эрхэмбаяр


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл