Өвлийн хүйтнийг хэрхэн даарахгүй, утаанд бухимдахгүйгээр даван туулах вэ? Өвлийн хайкинг хийх зөвлөгөө

5:31 PM






Өвлийн хүйтнийг хэрхэн даарахгүй, утаанд бухимдахгүйгээр даван туулах вэ? Өвлийн хайкинг хийх зөвлөгөө

Өвөл ийм хүйтэнд ууланд алхах гэж үү? “Ий тий тий” сонсоод даарчихлаа гэж Та бодож байна уу.? Тэгвэл танд тохирох дулаан хувцасаа сонгоод нэг өдөр зориглоод үзээрэй гэж зөвлөх байна. Өнөөдөр олон олон уулын клубууд байгуулагдаж олон хүмүүс өвөл ууланд алхдаг болсон нь сайшаалтай хэрэг ч тохирохгүй зориулалтын бус хувцас өмссөнөөс даарч зутран өвчлөх, улмаар шантрах нь их байдаг тул ямар хувцас хэрэглэлтэй бол даарахгүй тав тухтай хайкинг хийх талаар зөвлөгөөгөө хүргэе. 



Мөн өвлийн хайкинг хийх гол зорилго ач тус нь утааны цагаар уушгиа цэвэрлэх юм шүү дээ. Хүний уушиг бол бохирдсон ч гайхамшигтай нь цэвэрлэгддэг эрхтэн. Яг тоос шороо болсон хивсийг цасан дээр гаргаад гүвдэг шиг. Цэвэр агаарт алхаж идэвхтэй хөдөлж амьсгалахад уушгины гуурсанд наалдсан тоосонцор утаа тортог бохирдол гадагшилж цэвэрлэгддэг. Ийм л учраас би уушгиа цэвэрлэхээр өвлийн улиралд амралтын өдөр бүр алхахыг хичээдэг. Эхний үед бохирдол салстаар буюу нусаар их хэмжээтэй гадагшилдаг. Энэ үед халаасандаа заавал хэд хэдэн ширхэг Kleenex-ийн (Зурагт үзүүлэв) хуурай нойтон салфетка авч яваарай. Мөн хувцас хэрэгсэлээ л зөв сонгох нь даарахгүй, хөлрөхгүй, тав тухыг өөртөө бий болгодог. Орчин үед уулын алхалтын зориулалтын хувцасны технологи хөгжиж хөнгөн нимгэн ч дулаан хадгалдаг, агаар нэвтрүүлдэг, хөлс хурдан хатаадаг гээд биед эвтэй болжээ. Миний сонголт Английн алдартай RABхэмээх уулын мэргэжлийн хувцас хэрэглэл.  Бага зэрэг үнэтэй ч үнэ дагаж чанар гэж ярьдаг. Мөн ууланд сайн хувцас хэрэглэл таны амь насыг хамгаалдаг ч гэж болох тул аль болох сайныг нь сонгох хэрэгтэй мэт санагддаг. За ингээд өнөөдрийн алхалтын хэрэгслүүдээ танилцуулъя.


1.       Нарны хамгаалалттай нүдний шил, жижиг том. Томыг нь их хүйтэн өдөр нүдээ төдийгүй нүүрээ хүйтнээс хамгаалахад хэрэглэнэ. Өвөл цантахгүй амьсгалдаг шил хамгийн чухал. Зориулалтын шилний агааржуулагч нь хөлсийг гадагшлуулдаг тул цантдаггүй. Иймд шил сонгохдоо үүнийг анхаарах. Хэрэв чанаргүй шил авчихвал цантаад юу ч харагдахгүй. Өөрийгөө дааруулж зовооно гэсэн үг. (Миний хэрэглэж буй нь цанын болон өвлийн спортын шилээр мэргэшсэн үйлдвэрлэгч болох ATOMIC-ийнх, жижиг шил нь JULBO. Би муу шил авч урьд нь зутарч үзсэн. Хэхэхэ)
2.       Оймс (хөлс хурдан хатаах цанын болон өвлийн спортын зориулалтын дулаан оймс.Жирийн оймс хөлсөнд нороод хатахгүй чийгтэж улмаар хөлийг хайрч дааруулдаг. AMOZON-оос SKI socks эсвэл winter sport socks гээд хайвал зориулалтын оймс гарч ирнэ.)
3.       Малгайнууд. Нимгэн, зузаан хоёр малгай. Агаар нэвтрүүлдэг, хөлс хурдан хатаадаг. Хадтай ууланд алхах бол гадуур нь заавал хамгаалалтын малгай өмсөх. (Уулын зориулалтын дуулга PETZL маш сайн чанартай 10 жилийн баталгаатай)
4.       Өдөн бээлий, зузаан нимгэн 2 ширхэг (өвлийн алхалтад бээлий маш чухал, гар хамгийн түрүүнд даарч бээрдэг. Иймд хөлс нэвтрүүлдэг хурдан хатдаг зузаан нимгэн хоёр бээлий зайлшгүй
5.       Уулын зориулалтын алхалтын гутал (Fitwell брэндийн 5000 метр өндөр ууланд, -25 хэм орчимд дааруулахгүй мэргэжлийн зориулалтын гутал. Хайкинг хийхэд ийм мэргэжлийн гутал заавал хэрэггүй байж болно. Jack Wolfskin хайкинг гутлууд Их дэлгүүр, Зайсангийн SUMMIT дэлгүүрт бий гэхдээ манай Монголд өвөл алхахад дааруулах гээд байдаг тул би өндөр уулын гутал өмсдөг)
6.       Гурван давхар зориулалтын цамц. Дотуур цамцны гадуур юүдэнтэй дулаан цамц заавал өмсөөрэй. (Ууланд заавал агаар нэвтрүүлдэг хөлс хурдан хатаадаг зориулалтын цамц өмсөнө. Юу ч хамаагүй өмсвөл хөлдөх аюул эрсдэл бийг санаарай.
7.       Өвлийн өдөн хүрэм (Өдний зузаан нимгэн дулаан хадгалах чадвараар нь хэдэн хэмд тохирохыг нь сонгож хэрэглэнэ.) Өдөн хүрэмний гадуур өмсөх салхи цас борооны хамгаалалтын хүрэм.
8.       Гадуур дотуур агаар хелс нэвтруулэх зориулалтын 3 давхар омд (нимгэхэн ч дааруулдаггүй дотуур өмд сайн. Uniqlo-ийн heattech өмднүүд зүгээр санагддаг. Уулын зориулалтын RAB-ийн дотуур өмд илүү мэргэжлийн уулчдад зөвлөвөл дээр) Гадуур өмд. Дотортой гаднаасаа ус чийгний хамгаалалттай
9.       Уулын зориулалтын үүргэвч. Уулын үүргэвч хөнгөн зай багтааамж ихтэй. Мөн багажуудаа өлгөөд явах дэгээ гогцоонуудтай байдаг. Үүргэвчээ бэхэлгээг нь зөв хийж өндөр намдаа зөв тохируулах нь таны нуруу ядрахгүй, холгохгүй тав тухыг бий болгоно.
10.   Алхалтын зориулалтын таягаа үүргэвчиндээ зурагт узуулсэн шиг тогтоож болно. Таяг таныг ядрахгүй байх мөр нуруу хөлийг чинь хамгаалахад их нэмэртэй.

11.   Луужинтай, өндөр хэмжигч, агаарын даралт хэмжигчтэй явсан замаа тэмдэглэдэг бугуйн цаг. GARMIN брэндийн цаг минь ууланд зүг чигээ гишгэсэн мөрнийхөө нарийвчлалтай олж төөрөхгүй байх. Хэдий хэр өндөрт хэдэн км алхсан гээд бүгдийг тэмдэглэдэг. (AMAZON-аас online-аар худалдаж авсан)
12.   Алхах үед уушигны бохирдол хөлс, нусаар их ялгардаг тул Kleenex-ийн нойтон хуурай салфетка их хэрэг болно.  
13.   Асаагуур гал шүдэнз, нэг хуний хийн зуухны аяга. Юмыг яаж мэдэх вэ саатлаас болж халуун юм уух шаардлага гарвал гаргаж ирээд хийндээ залгаад шууд хэдхэн минутад халуун ус цай бэлэн болно.
14.   Халуун сав. Халуун кофегоор дүүргэсэн халуун сав. (Шведийн PRIMUS брэнд хүйтэнд удаан явахад дулаанаа олон цаг барьдаг. IKEA-ийн 20000 төгрөгийн үнэтэй 1 литрийн халуун сав ойр зууртаа гайгүй)
15.   Түр хоргодох уутанцар. Цаг агаарын хүндрэл гарсан үед дотор нь ороод майхны оронд хэрэглэдэг хоргодох сав гэж ойлгож болно. (RAB Storm bivi, би заавал ялангуяа хүйтэн сэрүүн цагт үүргэвчиндээ байнга авч явдаг)
16.   Нар салхины хамгаалалтын тос (SPF 50/ PA+++ хамгаалалттай зурагт үзүүлсэн цэнхэр савтай япон брэнд их сайн тос, цацлага спрэй хэлбэртэй бас байдаг. (Их дэлгүүрийн 1 давхарт бий, Metromall дотор MINISO гээд япон брэнд бий тэдний нар салхины тос маш сайн)
17.   Уулын зориулалтын хий. Дээрх өгүүлсэн аягандаа залгаад ус унд буцалгахад хэрэглэх хий (Төв шуудангийн замын урд байрлах SUMMIT дэлгүүрт байдаг)
18.   Духны гэрэл (Цаг агаарын болон бусад саатлаас өдөртөө амжиж ирэхгүй байх магадлал ихтэй. Иймд духны гэрэл зайлшгүй. Мөн өвлийн өдрүүд богино гэдгийг сана. Духны гэрэл гэрэлтүүлэг сайтай хамгийн гол нь цэнэглэгч нь удаан барьдаг найдвартай байдлыг бий болгоно. Харанхуй ууланд гэрэлгүй бол нүдгүйтэй адил. PETZL-ийн гэрэл чанартай. Зайсангийн SUMMIT дэлгүүрт бий.)

Дээрх хувцаснуудыг өмсөхөөс гадна үүргэвчиндээ болж өгвөл 1 ширхэг нөөц авч яваарай. Нөөц дулаан өмд цамц, оймс, бээлий, малгай үүргэвчиндээ заавал хийгээрэй. Бээлийгээ унагах алдах, салхитайд малгай хийсэх гэх мэт заримдаа тохиолддог. Эсвэл гадаа төсөөлж байснаас хүйтэн салхитай байхад нөөц өмд цамцаа өмсөж дулаалах хэрэгтэй. Мөн мэдээж илчдэг ихтэй жин багатай бага сага хүнс үүргэвчиндээ аваарай. Би өл сайн даадаг тул төрөл бүрийн самар, хатаасан жимс, хар шоколад авч явдаг)

Жич: Дээрх зөвлөгөө бол өвөл зөвхөн ойр зуурт хайкинг хийхэд бэлтгэх зүйлс. Өндөр ууланд өвлийн авиралт хийх бол үүнээс тусдаа мэргэжлийн маш олон багаж хувцас хэрэгсэл хэрэгтэй гэдгийг сана. Дараа хэрэв та бүхэн санал ирүүлвэл өвлийн авиралтын зөвлөгөө бичиж болно.
Дээрх брэндүүдийн нэрийг тавьсны учир нь хэрэв та сонирхвол эдгээр нь бүгд AMAZON дээр маш боломжийн үнээр зарагдаж байгаа. RAB-ийн хувьд Монголд дистрибютер хийдэг хүнд захиалга өгөх боломжтой.
Би өөрөө ч их бээрэг хүн өвөл алхана гэж урд өмнө төсөөлдөггүй байсан. Гэвч зориглохгүй л бол утааны эсрэг өөрийнхөө төлөө юу ч хийхгүй суух нь яг үнэндээ надад арчаагүй хэрэг мэт санагдсан. Тэгээд л алхаж эхэлсэн дээ. Эхний үед мэдэхгүйгээс чанаргүй муу хувцас авч хөлөрч даарч үзсэн. Гэвч эцэстээ бэлтгэлээ сайн базаачихвал хүйтэнд даарахгүйгээр эрүүл агаарт эрч хүчээ сэлбэх ямар сайхан болохын амтанд нь орсон.  Танд амжилт хүсэе!  Асууж тодруулах зүйл байвал холбогдоорой.
Б.Эрхэмбаяр
АЛГАНЫ ХЭЭ, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номуудын зохиогч.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл