ӨРГӨН ОЛОН УНШИГЧ ТҮМНЭЭ ӨМӨӨРӨХҮЙ.

10:43 AM



ӨРГӨН ОЛОН УНШИГЧ ТҮМНЭЭ ӨМӨӨРӨХҮЙ.
Г.Батсуурь танд хүргэх хариу



Таны шүүмж нэртэй бүдүүлэг үгс, хорслоор дүүрсэн доромжлол тань миний бие болоод үзэг нэгт бүсгүй зохиолчдыг нас хүйсээр эрээ цээргүй ялгаварлан гадуурхсныг энд эс өгүүлэн өгүүлэх нь.  

Таны дайралт бид бүгдээс хальж Уншигч олныг маань ч басамжилсан увайгүй үйлдэл болсныг тэвчиж эс чадаад танд ийнхүү хариу бичихээс аргагүй боллоо.Ер нь та ХАР МАСС гэж хэнийг хэлээд байгаа юм. Миний уншигчид дотор ЭЛИТ нь ч бий, ЭГЭЛ жирийн нь ч бий, ЭМЭЭ ч бий ӨВӨӨ ч бий, хөгшин залуу эрчүүд хүүхнүүд бүгд бий.

“Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүврийг маань уншаад Эрхэм уран зохиол судлаач шүүмжлэгч таныг тийм өнгөцхөн өрөөсгөл дүгнэлт гаргаж буйд үнэндээ бас гайхаж цөхлөө. Аливаа юм хэмжээ хязгаараас хэтрэх нь утга учираа алдаж хүний амьдрал  биш болдогийг харуулахыг зорьсон “Мөнхийн залуу нас” өгүүллэгийг маань амрагтаа хаягдсан хүүхний түүх мэтхэнээр, бүсгүй хүн эрхэм ариун бие сэтгэлээ нандигнаж явахыг сануулсан “Үд дундын романс”, өв соёл үүх түүх, үнэ цэнэтэй бүхнээ уландаа гишгэлсэн мөнгөнөөс өөр зүйл бодохыг больсон мунхаг харанхуй хүмүүс олширч буйд эмзэглэн бичиглэсэн “Удмын судар”, гэр бүлийн ариун ёс журам алдагдснаас өнөөдөр ямар олон эхчүүд эмэгтэйчүүд шаналан зовж буйг өгүүлсэн “Наймаа” өгүүллэгүүдийг минь уран зохиолын ертөнцөд шавь нараа бэлтгэн сургаж буй Эрхэм багш та уншаад бүгдийг нь ердөө л “бөгс бөөрний явдал” мэтхэнээр ойлгосон нь ямар том эмгэнэл яасан их харамсал вэ? Уг нь миний хэдэн өгүүллэг, зохиол бүтээлийг таны тэр “хар масс” гэж цоллож гутаагаад буй уншигчид маань яг л зохиогч миний хүмүүст хүргэх гэсэн санаа утга агуулгыг бүрэн дүүрэн ойлгож “таны зохиол бүтээлээс ухаарал, энэ нийгмийн шударга бусын дунд сөхөрчихгүй байх урам зориг авлаа” гэсэн талархал,  гэгээлэг сэтгэгдлээ өдөр бүр надад ирүүлдэг юмсан. Гэтэл эрхэм судлаач ийм энгийн зүйлийг ойлгож уншаагүйг тань харахад таны утга зохиолын мэдлэг мэдрэмж дутуу дулимагтаа ч биш харин таны  шүүмж нэртэй дайралтны чинь ард нөгөө л нэг тамын тогооны үлгэрээс үүдэлтэй тэс өөр зорилго нуугдаа юу гэж миний бие төдийгүй таны шүүмжийг уншсан хүмүүс ч эргэлзэж сэжиглэхэд хүрч байна. 

Уг нь Та “Алганы хээ” романы маань талаар бичихдээ хуудасны тоог тоолж номны маань нимгэн зузааныг гоочилж нөгөө л нэг “бөгс бөөрний явдал” руу зориудаар хутгах гэж тэр зузаан номноос ганц өгүүлбэр дурьдаж суух биш, бас зохиогч миний хувь хүний талаар доромж үгс харамгүй шидэлсэн шигээ номны маань утга агуулга, найруулга зүй бичлэгийн хэв маяг юу болохгүй байгааг мэргэжлийн хүний нүдээр, мэргэжлийн хүний ухамсраар хэдэн дорвитой үгсээр усыг нь гартал шүүмжилсэн бол би өнөөдөр таны өмнөөс зориглон үзэг цаас нийлүүлэн хариулт бичиж суух биш талархан хүлээж авах байлаа. Харамсалтай нь бичлэгийн хэв маягийн хувьд нэгдүгээр биеэр голдуу бичдэг гэхээс өөрөөр би цааш цаашдын уран бүтээлдээ өлгөөд авах нэг ч олигтой шударга шүүмжлэл байсангүй ээ.

Миний номыг  намайг БУСАДТАЙ ХУТГАХ гэх хэрэггүй тусд нь шуумжил. Тэгээд ч миний ном зохиол ард түмний оюун тархийг гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун, оюуны хоосролоор хордуулдаг хар бараан амьдралын түүхүүд ч биш харин ч гэгээлэг зүйл ховордсон энэ амьдралд урам зориг нэмсэн зохиогч миний гэгээн хүслээс гарсан чин сэтгэлийн бичвэрүүд байдаг гэдгийг би хаана ч хэний ч өмнө нүүр бардам хэлнэ. Алганы хээг маань уншаад таны зохиолын гол дүр Энхбат, Тамираа нараас амьдралд тулгарсан саад бэрхшээлийг шударга төвшин үйл хэргээрээ даван туулах сэтгэлийн хат, амьдралд итгэх итгэлээ сэргээлээ гэх мэтээр ухаарал, урмын үг хайрлаж буй танд доромжлуулсан Уншигчид минь ч нотлон хэлэх буйзаа. Ном уншаад утга агуулгыг нь ухаараад амьдралдаа гэгээ гэрэл нэмээд явж буй тэр хүмүүс, Уншигчид минь таныхаар бол хар масс, харанхуй бүдүүлэг хүмүүс үү?  

Тэгээд ч би номнуудаараа бүсгүй хүнийг тасдаж үл болох сарнай мэт хайрла, амьдрал хувь заяаныхаа эзэн байж алганы хээгээ өөрөө урла гэж л сургамжилдаг. Аливаа чин сэтгэлээс урган гарсан бүхэн бусдын сэтгэлд хүрдэг буй заа. Миний номнуудыг, бичвэрүүдийг хүмүүс тоосон, олноороо уншсан. Тэгээд тэр таны эмзэглээд байгаа олон борлуулалттай номын тавиурт өрөгдсөн нь үнэн. Би харин тань шиг бусдыг доромжлоогүй хар ПР хийгээгүй, бусдын нэр хүндэд халдаагүй, Уншигч түмнээ “хар масс” гэж басамжлаагүй, шударгаар хөдөлмөрлөж бас ч үгүй АВЪЯАСЫН ХЭЛТЭРХИЙ бий болоод энэ бүхнийг хийсэн бүтээсэн нь үнэн. Яахав өчүүхэн эхлэн бичигчийг хэн тоохов гэхдээ бас нэгэнт оюун тархиа чилээн байж бичсэн юм болохоор зохиол бүтээлээ олны хүртээл болгохыг эрмэлзэхдээ орчин үеийн нийгмийн чиг хандлага,  хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн. 

Эцэст нь миний уран бүтээлийг та ч биш би ч өөрөө биш өргөн олон уншигч түмний мэргэн оюун шүүн тунгаах билээ. Бидний өвөг дээдэс, бичгийн их мэргэд уншигч олноо хэзээ ч хар муугаар нь дуудаж байгаагүй гэдгийг утга зохиолын ариун орон зайнд шавь нараа бэлтгэж буй эрхэм багш танд учирлан хэлмээр байна. Тантай дахин шинэ бүтээлээрээ эргэн учирахдаа би бээр өчүүхэн ч “хулчийхгүй” байгаагаа энэ дашрамд илэрхийлэхийн ялдамд би ч өөрөө өсөн хөгжиж тань мэтийн мундаг “элит шүүмжлэгчид” адлагдахгүй хэмжээнд хүрчихийг хичээх болно, харин тэр цагт таныг энэ мэтээр шүүмж нэртэй доромжлол эрээчих биш жаахан ёс жудагтай мэргэжлийн байр сууринаас хандахыг хичээнгүйлэн хүсье. Эс бөгөөс идүүлсэн бут цэцэглэж, идсэн эрүү хувхайрахын үлгэр болж юуны магад.

Хүндэтгэсэн,
Балтсүхийн Эрхэмбаяр
“Тасдаж үл болох сарнай”
“Алганы хээ” номуудын зохиогч     

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл