Тэд бүгд зорилгодоо үнэнч баатрууд байсан

3:56 PM








Хэд хоног хоолойгоор хоол давсангүй. Эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй болсон явдлын талаар ууланд нэг ч алхаж үзээгүй голдуу хүмүүсийн хөндлөнгийн дүгнэлт, хийрхэл цуурхал үнэндээ одоо боллоо гээд хашгирчихмаар болголоо.

Уулчин хүнээс ууланд дуртай хүнээс “Яах гэж ууланд явдаг вэ?” гэж асуувал тэд бүгд л нэгэн дуугаар “Оргилд гарч зорьсондоо хүрэх гэж эцэст нь өөрөө өөрийгөө ялан дийлэх гэж” гэж хариулна гэдэгт би итгэлтэй байна. 

Тийм ээ. Уулчин хүнд ганцхан л зорилго байдаг юм. Тэр зорилго нь дэндүү ариун бас шударга юм шүү. Тэд шуналдаа хөтлөгдөн уул овоогоо ухаж алт эрдэнэс болгож худалдаагүй. Тэд хэн нэгнийг ялах гэж биш өөрийгөө л сорьж туршин өөрийгөө ялах гэж өөрөө өөртөө эзэн байх гэж уулыг зорьдог юм. Яг энэ хариултыг олон мянган уулчдын өмнөөс зориглон хариулж суухдаа би өөртөө дэндүү итгэлтэй байна. Яагаад гэхээр ууланд дуртай хүн бүрт цорын ганц ийм л зорилго байдаг. Зорилго санаа нэгт тэр хүмүүсээс минь зарим нь өнөөдөр яг л тэр зорьсондоо хүрэх гэж тэмцэж яваад дэндүү харамсалтайгаар  амиа алдлаа.

Байгалийн хүчний эсрэг хүн гэдэг бол даанч өчүүхэн амьтан. Уулчин хүн алхам бүртээ өчүүхэн гэдгээ мэдэрч уул усандаа залбиран оргилд гарах гэж гэртээ эсэн мэнд харих гэж тэмцдэг юм. Харин ийм амь биеэ ч үл хайрласан тэднийг “дуртайдаа явчихаад хувийн жаргалаа хөөсөн тэнэгүүд” гэж даапаалж суугаа дулаан хөнжилд хөлбөрсөн цагаан гартнууд минь ээ тэр увайгүй үгээ хэлэхээсээ өмнө түр азнаач. Өөрийн хийж үзээгүй үйл өрөөлд амархан бас шүүмжлэлтэй харагдаж болох ч урьд чинь байгаа эгц босоо өндөр уулын болоочгүй хад бартаа ангалтай цас мөсөн замаар авирах амаргүй байдаг юм. “Эмэгтэй хүн уул хаданд явж болдоггүй, бузар муухай” гэж мухар сүсэгт автаж бүсгүй хүмүүсийг чичлэхээсээ өмнө та өөрөө эх хүн эмэгтэй хүнээс төрсөн гэдгээ нэг тунгааж үзээрэй. Хэрэв уулчид хувийн жаргалаа хөөгчид юм бол хүйтэн жавар, цас бороонд өлсөн зутран жаргадаг гэж үү? Уулын спортоор хичээллэх амархан гэж та бодож байна уу? Зардал мөнгөний хувьд ч тэр уулын спорт үнэтэй спорт. Харин ууланд дуртай сэтгэлээ өгсөн хүний хувьд олсон хэдээ эргэлзэлгүйгээр дуртай юмаа хийхэд зориулдаг. Өнөөдөр энэ олон уулын спорт сонирхогчдыг хэн дэмжиж байгаа юм. Бүгд өөрсдийнхөө хүсэл зоригоор өөрөө өөрсдийгөө л аваад явж байгаа. Тэгээд ч тэд төр засгаас гуйж суудаг гуйлгачин арчаагүй өчүүхэн ч хүмүүс биш. Харин зүгээр л тэд өнөөгийн нийгмийн гажуудлыг дуртай зүйлээ хийж түүндээ хөтлөгдөн гэгээлэг үйлээрээ засаж залруулахыг хичээж яваа хүмүүс. Тэд өнөөдөр эх орныг маань цөлмөж байгаа тэнэгүүдтэй цэц булаалдаж суухын оронд түмэн бэрхшээлийг даван туулж оргилд гараад хүн болсон заяа, байгаль эх дэлхийгээ бахдан бишрэн хөөрч догдолдог тийм л нэгэн эгэл жирийн сэтгэлээрээ баян хүмүүс байдаг юм. Тэд пивоны мухлаг шонийн клуб хэсэж архи дарс зугаа цэнгэлд автсан хотын гангачуудын олонлогоос эруул сэтгэл эруул амьдрах гэж эрмэлзэн  явсан ухамсар зорилгоороо гэрэлтэх зул мэт бадамладаг хумуус. Энэ бухимдалт амьдрал, талийгаачдын сүнсийг ч амирлуулах ёс жудаггүй хүнээ байсан хүнээр  дүүрсэн ашиг хонжоо өгөө аваагаар амьсгалсан өнгө мөнгөний нийгмээс өөрөөр амталж эдлэх сайхан зүйл, сэтгэл татах өөр зүйл, уулчин баатруудын минь хувьд ариун дагшин уул уснаас минь  өөр юу байхсан билээ. 

Оргилд гарч зорьсондоо хүрээд ууландаа үүрд нойрссон Та нар минь бүгд баатрууд байсан. Ум сайн амгалан болох болтугай.  

Талийгаачдын ар гэр үр хүүхдүүд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл