Би Харуки Мураками шиг хожуу бичиж эхэлсэн, сэдэв түүх өгүүлэмж над дээр өөрөө ирдэгээрээ түүнтэй төстэй

2:17 PM






Би Харуки Мураками шиг хожуу бичиж эхэлсэн, сэдэв түүх өгүүлэмж над дээр өөрөө ирдэгээрээ түүнтэй төстэй
Орчин үеийн удирдах алба хашдаг аятайхан бүсгүй. Илүүдэл жингүй, цэвэрхэн арьстай, гоолиг бэлхүүс ухаалаг харц. Гэхдээ түүн дотор эршүүд хүчирхэг дайчин чанар чанадын чанадад нуугдсан. Маш товчхоноор тодорхойлбол “Хатан хаан Сиси“ киноны Сисигийн монгол дах хувилбар, дүр. Олон охинтой айлын аавыгаа дагаж ан хийсэн энхэр ялдам атлаа эрэмгий дайчин олонлогоос өөр хүүхэд нь тэр. Амьдрал түүнийг сайн ханиар шагнасан. Яг л кинон дээр гардаг хунтайж, ханхүү шиг түшигтэй. Гэхдээ тэр эр хүнд найдаж хөл хөсөр гар амар суух хүн биш. Яагаад? Төрөлх хүмүүжил суурь өгөгдөл нь тийм юм. Сэдэв, өгүүлэмж түүн дээр бороо шивэрсэн гунигтай өдөр, шөнө хэзээ ч хамаагүй ирнэ. Гав ганцаараа чив чимээгүй компьютер дээр товшсоор эрчээрээ бичиж дуусгах тэр мэдрэмжийн амтыг юм бичдэг хүмүүс ойлгоно. Банкир бүсгүй Шведэд боловсрол эзэмшсэн Худалдаа хөгжлийн банкинд удирдах алба хашихын зэрэгцээ үе үе уран бүтээлийн их аянд гардаг. Тасдаж үл болох сарнай”, “Алганы хээ” зэрэг бестселлэр номуудын зохиолч Эрхэмбаяр энэ удаагийн онцгой зочин байлаа. Сониноос, сайхан төрөх заяаных биш санааных. Та алганы хээгээ өөрөө зурна. Үүнийг л ойлгуулах гэж тэр тусмаа бүсгүйчүүдэд эрч хүч урам зориг өгөх гэж тэр бичдэг. Гэхдээ зөвхөн онгод орсон тэр тохиолдолд.
-Утга зохиол урлаг, эдийн засаг, мөнгө цаас хоёр бол газар тэнгэр мэт хахь хөндий хоёр салбар. Гэтэл та аль альд нь карьертай. Энэ хоёр юугаараа холбогдож, огтололцдог юм бэ?
-Ер нь тэс өөр хоёр салбар шүү дээ. Миний хувьд эзэмшсэн мэргэжил маань эдийн засагч. Би мэргэжилдээ дуртай. Их ч хөрөнгө оруулалт хийсэн, олон  ч жил энэ салбарт зүтгэсэн учраас хайртай. Харин утга зохиол надад өөрийгөө, дотоод сэтгэлээ илэрхийлэхэд тусалдаг. Тийм учраас л тэс ондоо хоёр салбарыг зэрэг зэрэг амжуулаад яваа байх. Эмэгтэйчүүд нэгэн зэрэг олон зүйл амжуулж чаддаг төрөлх давуу тал маань бас тус болдог байх. Банкны салбар дотроо бизнесийн харилцааг хөгжүүлэх тал дээр түлхүү ажилладаг учраас хүнийг мэдрэх, ойлголцох тал дээр утга зохиолын мэдлэг, мэдрэмж маань тус болох нь бий. Нөгөө талаар бичиж туурвихад мэргэжил маань сөргөөр нөлөөлнөө. Ялангуяа банкныхан баримт факт ярьдаг, амнаасаа нэг ч хариуцлагагүй үг унагадаггүй хүмүүс. Бүх зүйл харилцагчийн итгэл дээр тогтдог учраас тодорхой бус, худлаа зүйл ярьж, амалж болохгүй. Гэтэл уран бүтээлч хүн задгай сэтгэх ёстой, баригдмал, хайрцагдмал байж болохгүй гэдэг. Энэ цэг дээр ихэд зөрчил үүснэ дээ.  Гэвч хэдийгээр хоёр өөр салбар ч гэлээ аль аль нь хүнтэй холбоотой гэдэг өнцгөөрөө ижилхэн юм уу даа.
-Таны мэргэжил сонголтонд хэн нэгэн нөлөөлсөн үү, эсвэл та хувь заяаныхаа эзэн байж өөрөө сонголтоо хийсэн үү?
-Мэргэжил сонголтын тухайд би өөрөө сонгосон, хувь заяаныхаа эзэн байсан гэж хэлж чадахгүй. Ер нь ч социализмын бидний үеийнхэн одоогийнх шиг өөрийн хүсэл сонирхол гэхээсээ илүүтэй аав ээжийнхээ зөвлөгөөг дагах нь элбэг байсан. Тэр үеийн онц сурлагатнууд эмч юм уу багш болдог жишиг байсан юм. Тэр жишгээр би эмч болъё гэж боддог байлаа. Хүний эцэг эх хүүхдээ яг л мэддэг юм билээ, ээж маань, чи ийм сэтгэл хөдлөлтэй хүүхэд эмч болж чадахгүй гэлээ. Ингээд математиктаа бас гайгүй сайн учраас эдийн засагч болсон доо. Тэр үеэр банкны салбар өөрчлөгдөж, орчин үеийн тогтолцоот систем рүүгээ явж байсан болоод ч тэр үү, сонирхол татсан ч салбар байсан юм. Тэгээд ч хэл, утга зохиолдоо сайн, зүрх сэтгэл нийгмийн шинжлэх ухаан талдаа ч утга зохиолоор явна гэсэн хүсэл бүү хэл бодол ч байгаагүй. Одоо бол банкир болсондоо азтай гэж боддог. Тухайн үед өөр зүйл рүү явсан бол өдий дайны боломж гарч ирэх ч байсан уу, үгүй ч үү, мэдэхгүй.
-Банкир атлаа уран зохиол бичих нь цэвэр авьяасынх гэж би бодож байна, санал нийлэх үү?
-Ер нь би хэзээ ч зохиолч болно гэж өөрийгөө төсөөлж байсангүй. Гэтэл нэг л мэдэхэд бичиж эхэлсэн. Далд хүсэл байсан юм уу, мэдэхгүй л дээ. Багадаа өдрийн тэмдэглэл их бичдэг хүүхэд байсан. Найзууд маань, чи их сонирхолтой бичих юм гэдэг байснаас цаашгүй. Одоо ч зохиолч гэж хэлүүлэхээсээ санаа зовдог ч сүүлийн роман гарснаас хойш овоо дасаж байх шиг байна. Яг үнэндээ зохиолч гэдэг нэр алдар маш хүндтэй зүйл. Тэрийг дааж чадах болов уу, үгүй болов уу гэсэн болгоомжлол их байсан. Одоо бол “барьераа” давж дасах тал руугаа, зохиолч Эрхэмбаяр гэхээр, “аан за” гэж хүлээж авдаг болчихоод байгаа.
-Таны анхны ном “Сайхан төрөх санааных” нэртэй non-fictional ном байхаа. Ер нь хэдийнээс бичиж туурвиснаа хэвлэж нийтийн хүртээл болгох хэмжээний зохиолч гэж өөрийгөө мэдэрсэн бэ?
-Анхны номоо хэвлүүлэхээс 10-аад жилийн өмнөөс блогтоо бичиж, хүрээнийхээ уншигчдаас сайхан сэтгэгдэл, урмын үг их хүлээж авдаг байсан болохоор надад бага ч болов авьяас байгаа юм байна гэж боддог байлаа. Эдгээр уншигчид хамгийн гол нь нэлээн сайн боловсролтой, их уншдаг хүмүүс байсан. Ялангуяа манай нөхөр маш сайн уншигч, номын хорхойтон, миний анхны уншигч. Нөхөр маань номоо гаргая гэж бодоо ч үгүй байхад ийм санаа оруулж урамшуулсан хүн л дээ. Хоёр дахь ном “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүврээ хэвлүүлчихээд хүмүүс хэр хүлээж авах бол гэж их эргэлзэж, санааширч байсан. Азтай нь уншигчдаас сайн үнэлгээ авч дараагийн ном “Алганы хээ” романаа бичиж нийтлэх урам авсан.
-Таньтай илүү ойр дотно танилцъя. Хүүхэд нас, аав ээжийнхээ талаар яриач?
-Үндэсний бахархалт сэхээтнүүд олноор төрж гарсан, эдийн засаг сайн байсан 80-аад онд миний хүүхэд нас өнгөрсөн. Аав маань цэргийн хүн, ээж маань гэрийн гайхалтай сайн эзэгтэй. Манайх аав ээжээсээ олуулаа, олон охидтой айл. Аав цэргийн хүн учраас үндсэндээ нүүдлийн амьдралтай. Зах хязгаарын сумдад хүртэл аав маань томилогдон ажиллаж байсан. Энэ амьдралын хэв маяг надад сонирхолтой байснаас гадна олон зүйл өгсөн гэж боддог. Дан ганц нэг газраа суурин амьдарч, дөрвөн уулын дундаа л төрж өссөн хүүхдүүд ерөнхийдөө хязгаарлагдмал болчихдог юм шиг санагддаг. Ноднин төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тонхил сум, Сутай уулын энгэрт 44 жилийн дараа очиж үзлээ. Мөнх цаст сүрлэг уулын хормойд төрсөн нь бахархам санагдсан. Ууланд авирах сэдэл хүсэл маань тэнд төрсний нөлөө ч юм билүү гэж бодогдсон. Нутгийн улс аав ээжийг маань тэр олон жилийн дараа гэхэд таньж мэдэхээр барахгүй сайхан дурсамж дэлгэх сайхан юм билээ. Ээж маань үйлэнд их уран, үгэнд цэцэн, номыг эрхэмлэн дээдэлдэг хүн байсан. Бичдэг болсон маань ээжийн талынханд бичиг номын хүмүүс байсны нөлөө биз гэж боддог. Багшийн сургуулийн ууган төгсөгчид ардыг гэгээрүүлэх үйлсэд зүтгэж явсан ихэр ах дүүс Д.Адъяа, Ахмад зохиолч Д.Суръя гэж хүмүүс ээжийн маань авга ах нар. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ЗХУ-д нисгэгчийн сургууль төгссөн, Эх орны дайны үед  Москвагийн бүслэлтэд байлдаж явсан гэх их сонин өвөрмөц намтар түүхтэй буурал байсан.  


-Хүүхэд нас 80-аад оны гэрэлт үед өнгөрч, амьдралд хөл тавих залуу халуун нас зах зээлийн ороо бусгаа үетэй давхацсан юм байна шүү дээ. Гадаадад суралцана гэдэг энэ үеийнхэнд олдошгүй боломж байсан гэдэг. Таны тухайд Шведийн Стокгольм хотод суралцах зам мөр яаж нээгдсэн юм бол?
-1990 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны ангид орсон нь зах зээлийн эдийн засгийг судалсан анхны төгсөгчид болсон л доо. Нэн шинэ үеийнхэн гэсэн үг. Гадагшаа явж сурах хүсэл мөрөөдөл тухайн үеийн оюутан бүрийн гол хүсэл байлаа. Миний хувьд сургуулиа төгсөөд нэг банкинд ажиллаж байсан үе, Боловсролын яамны тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаанд оролцож тэнцсэн хэрэг. 1994 он гэдэг чинь банкны систем хямралд орчихсон, үндсэндээ дампуурч байсан үе. Хадгаламжийн даатгалын систем гэж юмыг Монголд бий болгочихвол энэ олон дампуурал шийдэгдэнэ гэсэн шинэлэг санаа гаргаснаараа энэ тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гэж боддог. Нөгөө талаар аз ивээсэн биз. Өмнөхөн нь Шведийн Стокгольмийн их сургуульд сурахаар өргөдөл явуулчихсан байсан, Манай нөхөр тэнд сурдаг байсан юм. Юм юмны тохироо бүрдсэн хэрэг.   
-Нөхөр гэснээс гэр бүлээ танилцуулаач?
-Нөхрийг маань Батзориг гэдэг. “М-Си-Эс”, “Скайтел” зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай менежер. Одоо бол хувийн “BZP Partners гэдэг маркетингийн компаниа үүсгэн байгуулаад ажиллаж байна. Хоёр хүүхэдтэй. Хүү санхүүч мэргэжлээр АНУ-д коллеж төгсөж ирээд ажиллаж байна. Охин 16-тай, “Хобби” сургуульд сурдаг. Саяхан бас хөөрхөн нохойтой болцгоосон.
-Таныг гаднаас нь харахад дөнгөж 30 гарч яваа болов уу гэмээр юм. Гэтэл хүүхдүүд нь хэдийнэ насанд хүрчихсэн байдаг. Гэхдээ хоёр хүүхэдтэй. Ер нь та нар шиг амьдралын боломжтой, дунджаас дээш түвшинд амьдарч байгаа сайн боловсролтой гэр бүлүүд ядахдаа 4 хүүхэд гаргадаггүй юм байх даа гэсэн бодол байдаг ш дээ. Та ямар хариулт өгөх вэ?   
-Энэ олон жилийн дараа би амьдралын нэг л үнэнийг мэдсэн. Эмэгтэй хүн хүүхэд төлөвлөх хэрэггүй юм байна. Хоёр хүүхэд гаргачихлаа, одоо карьераа хөөе гэх хэрэггүй юм билээ. Боломж л байвал хүүхэд гаргаад л баймаар юм байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Миний хувьд эрэгтэй, эмэгтэй хоёулаа байгаа юм чинь хэсэг хугацаанд завсарлаад карьертаа анхаарья гэж бодсон тал бий. Гэтэл одоогийн өнцгөөс харахад тэгэх огт хэрэггүй л байж. Хүүхдүүд томрох тусам дахиад хүүхэд төрүүлдэг л байж гэж бодогдож байнаа.
Боловсролтой, карьер хийгээд хажуугаар нь олон хүүхэд төрүүлээд явж байгаа хүүхнүүд байна. Жишээлбэл, манай нэг найзын хүүхдүүд, том нь 13, 14-тэй л байх, тэрнээс доош 4 эрэгтэй хүүхэдтэй. Өөрөө залуухан, 35, 36-тай, том групп компанийн гүйцэтгэх захирал хийж байна. Болж л байна.
-Таны яриа олон залуу бүсгүйчүүдэд хүрч сайн мэдээ болж байгаа гэдэгт итгэж байна. Ингэхэд Шведэд сургууль төгссөн нь танд юу өгсөн бэ?
-Маш олон зүйл өгсөн. Хувь хүн, мэргэжил боловсрол, гэр бүлийн амьдрал гээд олон талбарт үр өгөөжөө өгсөн он жилүүд. Ер нь хөгжингүй нийгэмд амьдраад үзчихээр аливааг олон талаас нь арай уужуу тайван хардаг болсон юм болов уу. Ядаж л их эртнээс эрүүл амьдралын хэвшилтэй болсон. Монголчууд эрүүл хүнс, хөдөлгөөнтэй амьдрах талаар саяхнаас л ярьж эхэлж байна. Гэтэл бид хэдийнэ ийм хэвшил, соёл тогтчихсон нийгэмд очиж байлаа. Гэх мэт олон зүйл ярьж болно л доо. 
-Тэгвэл таны гоо сайхны нууц энэ юм байна?
-Яахав тийм байж болно. Би бүр тасарчихсан мацаг барьдаггүй, эрүүл хооллодог. Хоолны дэглэм ч барьдаггүй. Идье гэж хүсэж байгаа юмаа иддэг. Бүр цаанаасаа муу хоолонд дургүй юм шиг байгаа юм. Тос, өөхтэй хоол иддэггүй, гаазтай ундаа уудаггүй. Хүүхдүүддээ ч өгдөггүй. Бага байхад хүүхдүүддээ чихэр ч өгдөггүй байсан. Ээжээс өвлөгдсөн хүмүүжил. Ер нь ээж маань үнэхээр сайн эзэгтэй, ухаалаг эмэгтэй байсан даа. Биднийг бага байхад олон төрлийн ногоотой хоол, цагаан идээ иддэг айл хэд ч байсан юм, ихэнх нь мах гурилаа л иддэг байсан. Ээж маш сайхан хоол хийнэ, тэр нь олон төрлийн орцтой. Энэ уламжлал эрүүл хооллох үндсийг тавьж өгсөн байх гэж боддог.
-Таны мөнхөд үлдэх стиль юу вэ?
-Улаан уруулын будаг. Би ер нь уруулаа тод будах дуртай. Хэдий банкны ажилтнуудад бизнес уулзалтад орохдоо, жишээ нь өглөөний уулзалтанд нүүрээ тод будахгүй гэх мэт шаардлагууд байдаг ч гэлээ би уруулаа зоригтой будахаас хэзээ ч татгалзаж байсангүй. Улаан уруулын будаг, өндөр өсгийт, гоё даашинз намайг тодорхойлдог юм болов уу. Ямар ч хурц улаан уруулын будгаас айдаггүй шигээ 10 см-ээс намхан туфль бараг өмсдөггүй. Миний, “Сайхан төрөх санааных” номонд ч энэ тухай орсон байдаг. Эмэгтэй хүнийг тодорхойлдог хэдхэн л юм байдаг. Бурханаас өгсөн бэлэг. Уруулын будаг, өндөр өсгийт, гоё даашинз. Энэ гуравтай бол эмэгтэй хүн өөрийгөө илүү эмэгтэйлэг гэж мэдэрдэг.
-Брэндэд ач холбогдол өгдөг үү?
-Санхүүгийн хувьд тэрхүү брэндийг эдлэх боломжтой бол яагаад болохгүй гэж. Ялангуяа цүнх брэндийнх байх ёстой. Нэг чанартай цүнх авсан байхад 5, 6 жил барьчихна. Үнэ дагаж чанар, загвар байдаг шүү дээ.  
-Дарс уух уу? Бидний үеийнхний хэллэгээр бол шоуддаг уу?
-Дарс сайн ууна. Намайг тодорхойлох бас нэг зүйл бол сайн чанарын дарс. Өтгөн сайхан чанасан кофе ч намайг тодорхойлох зүйлсийн нэг. Шоуддаг уу гэж үү? Зүгээр ш дээ, яадаг юм. Яаж бас алийн болгон гэрийн мухар сахиад сууж байх юм. Тоо бодоод л, амьдралыг зоосны нүхээр хараад сууж байх уйтгартай шүү дээ. Тийм биз дээ? /инээгээд/. Би гуч дөнгөж гарч байсан юм. Нэг орой шөнийн клуб орох гээд аягүй гоёчихсон, өндөр өсгийт өмсчихсөн, уруулаа улаанаар будчихсан явахдаа танилтайгаа таардаг юм байна. Чацуу л даа. Хүүе хаачих гэж байгаа юм гэж байна. Клуб орьё гэсэн чинь, пөөх тийм үү, би шөнийн клуб орохоо байгаад бараг арваад жил болж байна ш дээ. Тэр намайг гайхаад, би түүнийгээ гайхаад. Яасан, нялх хүүхдүүдтэй амжихгүй байна уу гэсэн чинь үгүй, үгүй, угаасаа тэнд чинь аймаар хэцүү, чанга хөгжим сонсонгуут чих өвддөг, толгой эргэдэг л гэнэ. Би одоо дөч гарч байна. Тэгэхэд 32, 33-тай л байсан үе. Ид шоуддаг нас. Тэгэхээр бас тийм бүр эсрэг тэсрэг хүмүүс байнаа, байна. Шоудахдаа жорыг нь тааруулах хэрэгтэй. Эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн. Эмэгтэй хүний нэр төр өчүүхэн юман дээр сэвтдэг. Архи хэтрүүлээд хэрэглэчихсэн эмэгтэй хүн дандаа муухай харагддаг. Архи хэтрүүлээд хэрэглэчихсэн яг адилхан байгаа эрэгтэй хүнээс хэдэн зуу дахин муухай харагддаг. Тэгэхэд эрэгтэй хүнийг хүн нээх юм хэлэхгүй. Өө тэр архи уучихсан халчихсан явж байна лээ, сайхан гэж ярих жишээний. Эмэгтэй хүнийг пээ базарваань архичин, шоучин...
Гоё л хөгжилдөх хэрэгтэй. Кайф авах хэрэгтэй. Диско клубт орсон бол сайхан хөлсөө гартал бүжиглэх хэрэгтэй. Заавал хүмүүс бүжиглэсэн байна уу, тэнд олон хүн бүжиглэж байна уу, хамаа байхгүй. Тэр дуу, хөгжим өөрт таалагдаж л байвал яагаад бүжиглэж болохгүй гэж? Заавал согтуу, халамцуу байж бүжиглэдэг юм биш. Би архи ууж байж бүжиглэдэг темпийн хүн биш. Миний дуртай ая явж байвал гараад л бүжиглэчихдэг. Яадаг юм тэ? Хүсэл байвал гоё бүжиглэх хэрэгтэй, найз нөхөдтэйгөө хөгжилдөх хэрэгтэй. Тэгж байж энэ амьдрал сонирхолтой, амттай, тэнцвэртэй болно.


-Таныг ийм өөрийнхөөрөө, комплексгүй, бас эрч хүчтэй эмэгтэй гэж ёстой төсөөлөөгүй юм байнаа. Гоё сонсогдож байна ш дээ. Таны үеийнхэн ийм сонирхолтой амьдарч чадаж байгаа нь нэн ховор, байлаа гэхэд түүнийгээ нууцгаадаг шүү дээ. Яагаад ч юм амьдралдаа хийж байсан хамгийн эрсдэлтэй алхмын чинь талаар асуумаар санагдчихлаа?
-Ноднингийн Каракорумын аялал. Гималайн нурууны үргэлжлэл, Эверестийн дараа хоёрт ордог К2 хэмээх өндөр уулыг зорин мөсөн голоор явганаар хоёр талдаа 200 гаруй км алхдаг маршрут. Мөсөн голын аялал нэг гишгэгдэл алдвал дуусаа л гэсэн үг. Уулын хэвлийгээр явна, доошоо бол тэр чигээрээ мөсөн ангал. Та нар миний зургийг үзвэл ухаан алдаж унана. Аягүй их адерналин ялгарч байсаан. Дээр нь Пакистан чинь бөмбөг дэлбэрдэг, байнга терроризм заналхийлж  байдаг газар. Лалын хэт даврагсад газар авчихсан, ямар сайндаа Осама Бин Ладен тэндээс баригдаж байхав дээ. Биднийг тэнд hiking хийж явахад нөгөө Осама Бен Ладены бүгэж байсан газар гээд зааж өгч байсан. Жуулчдыг Ака буутай цагдаа хамгаалж явдаг тийм л газар. Үнэхээр эрсдэлтэй аялал байсан. Гэхдээ мэдээж би хувь заяандаа, амьд ирнэ гэдэгтээ итгэж байсан.
-Ийм аялалын амт нь яг юундаа байдаг юм бэ?
-Тийм эрсдэлтэй хүнд нөхцөлд надаас юу гарах бол гэж их бодсон. Уран бүтээлчийн эрэл хайгуул ч байсан. Ний нуугүй хэлэхэд энэ аялалаас өмнө би сэтгэл гутралын шинж тэмдэгтэй байсан юм. Шведэд амьдарч байхад цаг агаарын нөлөөллөөс үүссэн депресс гэж оношилсон. Би чинь наранд  их дуртай хүн. Гэтэл арваад жил уйлагнасан бороотой, бараг л дандаа бүрхэг байдаг газар амьдраад ирэхээр нарны гэрлийн дутагдал болоод депресс буюу сэтгэл гутрал маягийн юм үүсдэг юм байна л даа. Би тэдний нэг нь. Заримдаа гутарчихна. Их санаа зовомтгой. Тэгчих вий, ингэчих вий гэсэн бодол. Гэхдээ энэ айдас биш. Сэтгэл гутрал чинь их санаа зовомтгой болгодог юм байна лээ. Үүний ул мөр энд ирээд арван хэдэн жил болсон ч гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар байгаад байсан. Энэ аялалд явж ирээд ор үндэсгүй алга болсон. Хүнийг байгаль эмчилдэг юм билээ.
-Ёстой сонин юм байна. Ингэхэд Швед орныг бид хүн амьдарч болох хамгийн таатай орноор төсөөлдөг. Швед орон, швед хүмүүсийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Шведүүд их ардчилсан тайван хүмүүс. Нийгэм хувь хүнд боломж олгодогоороо үлгэр жишээ болдог. Хүний хөгжлийн индексийн Дэлхийн банкны судалгаагаар Швед дандаа эхний байрыг авдаг. Ер нь Швед гэлтгүй, Скандиновын орнууд, Норвеги, Финлянд, Дани дөрөв эхний байруудыг авчихдаг. Маш таатай нийгэм л дээ. Миний хямрал цэвэр цаг агаарын шалтгаантай байсан. Хоёрдугаарт, би их хүнсэг хүн. Гэтэл Шведэд бол бүр багын найз л биш бол тэгтлээ ойр дотно харьцахгүй. Ёсорхуу, хүйтэн хөндий харилцаа давамгайлдаг. Ангийнхан, ажлын хамт олон үнэхээр nice, эелдэг л дээ. Гэхдээ л нэг тийм халуун сэтгэл байдаггүй гэх юм уу. Тэр нийгэм угаасаа, чи өөрөө л биеэ даа, өөрөө өөрийгөө авч яв гэдэг зарчимтай. Хэт либерал нийгмийн сул тал. Чиний зовлон бусдад хамаагүй, миний зовлон чамд хамаагүй. Тэгэхээр хүмүүс нэг тийм илэн далангүй, халуун дулаан биш болчихдог юм байна лээ. Сэтгэлээсээ биш гэх үү дээ. Инээмсэглэн мэндэлж байгаа ч харц нь худлаа, хоосон. Мэндлэх ёстой гэж үздэг учраас л инээмсэглэнэ. Тийм орчинд оччихоод найз нөхөд, нутаг усаа их санасан даа.
Бусдаар бол шведүүд гоё хүмүүс. Blondе-ууд гэж ярьдаг даа, дандаа гоё цагаан шаргал үстэй, цэв цэнхэр нүдтэй, царайлаг улсууд. Нарийхан, гоолиг, өндөр. Хүн болгон спортоор хичээллэдэг учраас эрүүл чийрэг. Залуучууд нь ч гэсэн өвөл зузаалахгүй хэрнээ өвчин тусахгүй ер нь их эрүүл, чийрэг хүмүүс. Хэт иргэншиж соёлжсон нийгмийн маш тод жишээ. Гэтэл сул талууд бас байдаг нь сэтгэлээсээ биш, амьдралын асуудал гарвал сэтгэлзүйчтэй л очиж ярилцдаг гэх мэт. Эгч дүү хоёр хүртэл нэг нэгнийхээ зовлон жаргалыг ойроор хүлээж авдаггүй. Эцэг эхээ хөгшрөхөөр нь асрамжийн газарт өгчихнө. Эсвэл гэрээр нь эмч сувилагч нар ирээд асарчихдаг. Нийгмийн халамж нь сайн учраас энэ нь улбаатай. Тэгэхгүй бол угаасаа ч болохгүй. Хүүхдүүд нь ажлаа хийж чадахгүй өөрсдийнх нь амьдрал хэцүү болчих гээд байдаг.
-Эх орон бол “Number-1 сонголт. Дараагийн амьдрах орноо сонговол та аль орныг сонгох вэ?
-Нээх бодож байгаагүй юм байнаа. Европт, Шведэд олон жил амьдарч үзсэн. Бизнес аялал, хувийн аялалуудаар Азийн олон орнуудаар явж үзсэн. Уран бүтээлч хүний хувьд боломж нь байвал Парист амьдрах юмсан гэж хүсдэг. Дэлхийн сонгодог зохиолчид бараг бүгдээрээ Парист амьдралынхаа тодорхой үеийг өнгөрөөсөн байдаг. Жинхэнэ уран бүтээлчид, зураачид, Дали, Пикассо, Хэмингуэй бүгдээрээ Парист амьдарч байсан. Уран бүтээлчдэд inspiration, онгод хайрладаг хот шиг санагддаг.
Тэр гудамж, виногоо уучихаад гадаа сууж байгаа нь энэ тэр нь цаанаа л нэг өөр. Адилхан завгүй хот хэрнээ хүнийг татах нарийн юмнууд байнаа. Ихэмсэг хатагтай шиг хот. Би ер нь хот болгоныг хүнээр төсөөлөх дуртай. Ноднин Санкт-Петрбургт очсон. Ленинград надад Оросын язгууртан шиг санагдсан. Тэр хотын амин сүнс нь аристократ, язгууртны соёл. Бүх зүйлд нь шингэчихсэн. Хажууд нь Москва бол стресстэй хот шүү дээ. Азийн орнуудаас Токио их таалагдсан. Тэр яг л ганган залуу шиг дэгжин цэмцгэр хот.
-Тэгвэл Улаанбаатар хотыг хүнээр төсөөлбөл?
-Сонин асуулт байна шүү /инээв/. Залуу, тэгэхдээ өөрийнхөө үзэл бодлыг олоогүй, төлөвшиж амжаагүй залуу хүн, товчхондоо бол эмнэг хангал морь шиг санагддаг аа.
-Таны хүндлэн биширдэг зохиолч хэн бэ? Монголоос болон гадаадаас?
-Л.Түдэв гуай, Ч.Лодойдамба гуай хоёрыг онцолж болно. Энгийн монгол ахуйг маш энгийн жирийн үгээр дүрслэхдээ амьдралын том философийг зурж чаддаг зохиолчид. “Тунгалаг Тамир”, “Оройгүй сүм”. “Оройгүй сүм”-ийг залуучууд уншаасай гэж боддог. Арван жилийн сурагч, шашны талаар ямар ч ойлголтгүй байхдаа уншсан хэр нь шашныг амьдралын философитой нь нүдэнд харагдтал бичсэн байсан нь гүн сэтгэгдэл төрүүлж байсан. Маш сайн судалгаатай бичигдсэн зохиол. Амьдралын сайн муу, үйлийн үр хэзээ ч байдаг зүйл гэдэг үндсэн философи нь гайхамшигтай. Гадны зохиолчдоос  А.П.Чеховын богино өгүүллэгүүдийг унших дуртай. “Дама с сабочкой” гээд гоё өгүүллэг байдаг. “Интоорын цэцэрлэг” нь бас алдартай. Ёжтойгоор гэхдээ далд санаагаар гоё энгийн үгээр драмаг гоё өрнүүлж чаддаг гайхалтай зохиолч.
-Таныг зохиолч болоход нөлөөлсөн зохиолч байдаг уу?
-Анх хэдэн өгүүллэг бичээд хүмүүсээс зөвлөгөө авлаа. Магваны Эрдэнэбат хамгийн ихээр дэмжиж, урам өгсөн. Чи өөрөө өөртөө бичдэгээ боль, энийгээ хэвлэж гарга гээд их сайн засвар, “edition хийгээрэй гэж бас зөвлөгөө өгсөн. Яг одоогоор бол багш ч гэх юм уу, зөвлөгөө авдаг хүн алга. Ер нь  Монголын утга зохиолын сор болсон, өв соёлыг өөртөө цогцлоосон буурлуудаасаа суралцах юмсан гэж боддог. Ялангуяа Л.Түдэв гуайтай уулзах юмсан гэж бодоод байгаа. “Оройгүй сүм”-ийн үүх түүх ярьвал их сонин. Туурь нь бараг манай удам гаралтай ч хамааралтай юм байна лээ. Хэрэв зохиолд гардаг хамба лам бодит хүний дүр мөн бол манай удмын гурав, дөрөв дэх үед байсан,  Хантайширын нурууны арын хүрээний сүмийн гавж лам явсан хүн. Энэ талаар ч асууж сурмаар байдаг.
-Заавал номын багштай байх албагүй шүү дээ. Тэгэх тусмаа багшгүй байх нь cool юм биш үү? Харуки Мураками гэхэд ямар ч багшгүй гэдэг биз дээ.
-Тэгж бодож байсангүй л дээ. Ажил мэргэжил маань утга зохиолоос хэтэрхий хол учраас ийм байдалтай л болчихсон байна. Нээрээ Харуки Мураками гэснээс нэг ярилцлагандаа, би ерөөсөө утга зохиолоос хэнийг ч таньдаггүй. Хэзээ ч зохиолч болно ч гэж бодож байгаагүй. Яг тэр уламжлалт Японы зохиолчидтой хэзээ ч бараг уулзаж байгаагүй, уулзахаасаа айдаг гэж хэлсэн байсан нь надтай аягүй төстэй санагддаг. Их хожуу ном бичиж эхэлсэн юм билээ. Гэнэт нэг юм бичмээр санагдаад л биччихсэн гэсэн байдаг. Би ч гэсэн бараг ер нь бол тийм. Мань хүний нэг төстэй хэлсэн юм нь тийм юм бичье гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй гэсэн нь бас минийхтэй ижил. Сэдэв ч билүү түүх өгүүлэмж над дээр өөрөө ирэхийг хүлээдэг гэсэн байсан. тэр бас их гоё санагдсан. Миний хувьд ч гэлээ яг ийм юм бичье, тэгье гэж боддоггүй. Ер төлөвлөж бичдэггүй гэх үү дээ. Зүгээр л тухайн нэг агшинд сэтгэл хөдөлж, бичмээр санагдсан зүйлээ бичдэг. Эсвэл их гуниглахаараа бичдэг. Бороотойд их гуниглана. Гуниглахаар цаанаасаа гарч ирээд чимээгүй суугаад компьютер дээрээ тархинд орж ирсэн юмаа хурдан хурдан шивээд л. Тэгээд л бичихээр аяндаа урсаад ороод ирдэг. Тэр нь одоо онгод нь юм уу бүү мэд. Ямар ч гэсэн тухайн үед сэтгэл хөдлөл намайг эзэмддэг гэх юм уу. “Алганы хээ” романыхаа дэд дэвтрийг нэгдүгээр сард дуусгаад хоёрдугаар сарын сүүл хүртэл хянаад гурван сарын эхээр хэвлэлтээс авсан л даа. Тэр зохиолоосоо л гарахгүй байх шиг байна. Ойрд богино өгүүллэг ч бичсэнгүй, ганц нэг шүлэг бичлээ.
-Шүлэг бас бичдэг хэрэг үү?
-Гэхдээ би шүлгүүддээ дуртай биш. Өөрийнхөө шүлгийг голдог. Хэзээ ч хэвлүүлэхгүй гэж боддог. Яахав пэйж дээрээ тавьчихдаг. Манай уншигчид уншаад гоё шүлэг байна гэдэг ч шүлгийн ном хэзээ ч гаргахгүй.
-Бидний амьдарч байгаа цаг үе бол маш их мэдээллийн дарангуйлалд орж, залхсан, залхуурсан үеийнхэн. Их залхуурлын эрин үе гэж хэлмээр санагддаг. Ийм том карьерын хажуугаар бичих цаг зав гаргана гэдэг бол хэр баргийн хүнээс гарахгүй эр зориг. Гэтэл та бичиж байна, хэвлэн нийтлүүлж байна. Зорилго нь юу юм бэ гэж асууж болох уу?
-Бололгүй дээ. Шударга ёс бол амьдралын хуулиар, үйлийн үрээрээ зохицуулагддаг юм гэдгийг хүмүүст хэлэхийг хүсдэг. Бидний амьдарч байгаа нийгэм их ороо бусгаа, бүх зүйлийг өнгө, мөнгөөр хардаг болчихож. Гэтэл ийм болоогүй, сайхан чанараа гээгээгүй хүмүүс ч байгаа. Тэднийг сэрээх нь миний зорилго. Шударга сайхан хүмүүс нийгмийн хүлээс, мөнгөнд баригдаад шударга бус байдалд цөхрөөд унтчихсан байна. Тэднийг сэрээхсэн, та ганцаараа биш шүү гэдгийг ойлгуулахсан гэж хичээдэг.
-Авьяас бол агуу их эмзэглэл юм гэж Д.Намдаг гуай хэлсэн байдаг. Мөнхийн эмзэглэл гэж байж болох уу? Нөгөөтэйгүүр яг одоогоор таныг эмзэглүүлж байгаа зүйл юу вэ?
-Би дотроо их зөрчилддөг, бас гунигламтгай хүн. Өнгөн талаасаа өөлөх юмгүй сайхан ажилтай, банкир эмэгтэй. Гэтэл гуниглах юмнууд мундахгүй. Заримдаа ч бүх зүйл эерэг, сайхан санагдана, заримдаа сэтгэлээр унана. Тэгээд зөрчилдөнө. Намайг эзэмдсэн дотоод зөрчил, дотоод гуниг маань ингэж гарч ирдэг юм болов уу гэж боддог. Аав маань их залуудаа хорвоог орхисон. Ээж маань 70 шахаад өнгөрсөн. Аав бол их залуухан, дөнгөж 50 гараад өнгөрчихсөн /уйлав /. Би дөнгөж л амьдралд хөл тавьж байсан хорин хэдхэн настайд. Хүн чинь аав ээжийгээ байхад мэддэггүй юм байна лээ. Эцэг эхээ алдах хүртлээ хүн амьдралын үнэнийг мэддэггүй. Дандаа л өсөхийн сайхан жаргалаар явчихдаг. Аав өвдөж зовоогүй, гэнэт зүрхний өвчнөөр өөд болсон. Намайг сургуульд, гадаадад явчихсан хойгуур өнгөрсөн болохоор уулзаж ч амжаагүй. Харамсалтай байсан. Тэр эмзэглэл, хагацал тодорхой хэмжээгээр намайг “мотиваци” хийдэг гэх юм уу. Ямар ч байсан аавынхаа сайхан хүсэл мөрөөдөл, итгэлийг нь алдчихгүй шиг амьдралд зорьсондоо хүрэхсэн гэсэн бодолд хөтөлсөн дөө.
Эмэгтэй хүн талаасаа эмзэглэх юмнууд амьдралд их байна. Энэ нийгэм нэг талаасаа эмэгтэй хүнийг ерөөсөө хүлээж авахгүй ч байгаа юм шиг. Эмэгтэй хүнийг бохир бүдүүлэг үгээр хэн дуртай нь хэлж байна. Эрэгтэй хүнтэй ам зөрлөө гэхэд хамгийн муу муухай үгээр хараана. Ялангуяа бие даасан, өөрийн гэсэн ертөнцийг бүтээсэн эмэгтэйчүүдэд энэ нийгэм дэндүү хатуу харгис юм шиг ээ. Өөртэй нь эмэгтэй хүн эн тэнцүү өрсөлдөхөд эрчүүд дургүй байдаг юм шиг байгаа юм. Би лав олж харсан. Бизнес ертөнцөд бол адилхан гадаадад боловсрол эзэмшсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд өөр боломж олддог. Энэ нийгэм чинь одоо болтол эмэгтэй хүнийг эрийн боол, гэрийн зарц ба, хүүхдээ гаргаад, эрэгтэй хүний цай хоолыг хийгээд сууж бай гэж тулгасаар байна. Гэх мэт эмзэглэлүүд их ээ.
-Тэгвэл танай гэр бүлд иймэрхүү патриарх хандлага хэр их цухалзах уу?
-Манай хүн Шведэд олон жил амьдарсан болохоор заавал чи цайгаа чана, хоолоо хий гэдэггүй л дээ. Манайх харьцангуй либерал гэр бүл. Тэрний ч хүчинд би гэр бүлийн дэмжлэгтэйгээр овоо юм юм амжуулаад явж байна. Маш олон авьяастай, чадалтай эмэгтэйчүүд нэг эрэгтэй хүний сүр сүлд, зан аашинд дарагдаад явж байх юм. Харамсалтай. Гэвч хүн бүрийн аз жаргалын талаарх хэмжүүр, ойлголт өөр өөр учраас би юу хэлэхэв. Тэр хүндээ жаргалтай сайхан байвал болоо.
-Та хувь төөрөгт итгэдэг үү?
-Итгэдэг. Үйлийн үр бол зайлшгүй. Эцэг дээдсийн буян заяа ч зайлшгүй үр хүүхдэд ирдэг зүйл. Явж явж эцэг дээдсийн буян заяа гэдэг нь гэр бүлийн хүмүүжилтэй нягт холбоотой юм шиг санагддаг. Ном зохиолоороо дамжуулж уншигчдад хэлэхийг хичээдэг гол зүйл маань хувь заяандаа итгэ, хувь заяаныхаа төлөө тэмц, алганыхаа хээг өөрөө зур.
-Шулуухан асууя. “Алганы хээ” романдаа та өөрийнхөө амьдралыг бичсэн юм шиг санагдаад явчихлаа?
Мэдээж хэрэг тэр номыг би өөрөө бичсэн болохоор Эрхэмбаяр гэдэг хүний ертөнцийг үзэх үзэл, хүсэл мөрөөдөл, амьдралын туршлага, үзсэн харсан зүйл маань багтсан байх нь гарцаагүй. Гарч буй дүрүүд, үйл явдлууд бол харин уран сайхны дүрслэлээр бичигдэнэ л дээ. Цэвэр миний хувийн амьдралтай холбож ойлгож болохгүй.

-Романы эерэг талын баатар Энхбат, Тамираа, эсрэг талын гол баатар хар Дорж гэх мэт дүрүүд бодит хүмүүс үү? Жишээ нь та өөрөө Тамираа юм шиг санагдаад байна. 
Тамираад ч тэр, Энхбатад ч тэр минийхтэй төстэй зан араншин, хувь заяа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг би өөрөө байна гэж болохгүй шүү дээ. Хар Дорж гэдэг хүний дүр бол бас л бодитой дүр биш тэр хүн бол аль ч нийгэмд байдаг атгаг санаатай хүний л төлөөлөл. Хамгийн бодит гэж хэлж болохоор дүр бол Гармаа ламын дүр юм даа. Түүнийг гаргахдаа би Шведэд танилцаж байсан лам хүнийг төсөөлж, надад бас шашны философид нэвтэрсэн нэг хуурай ах байдаг тэр хоёр хүнийг харьцуулж гаргаж ирсэн.  

-Ширээний ном гэвэл алийг нь онцлох вэ?
-Вольтер Скотын “Жамаараа яваа ертөнц”. Интерномынхон түүний “Өөдрөг үзэл” буюу “Кандид”-ийг нь орчуулсан байна лээ. Мөн “Алтан бумбан дахь лишийн цэцэг”,  “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” гэх мэт Хятадын нэлээн олон сонгодог зохиулуудыг үе үе гаргаж уншнаа. Мөн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг багаасаа сонирхон уншдаг байсан одоо ч хааяа гаргаад харахаар амьдралын олон сургааль, ухаарлыг олж авдаг.
-“Жамаараа яваа ертөнц” бол үйлийн үр зайлшгүй тухай ном. Харин “Алтан бумбан дахь лишийн цэцэг” гэж сонсож байгаагүй юм байна?
-Эмэгтэй хүний хэдэн янзын хэв шинж байдгийг сонирхолтойгоор харуулсан ном л доо. Зохиолынхоо гурван эмэгтэй баатраар дамжуулж эмэгтэй хүний ад шунал, сул талыг өөр өөрсдийнх нь араншингаар гаргасан. Мөн эерэг талын баатар ч гардаг. Алтангэрэл гуай маш гоё орчуулсан байна лээ. Монгол уншигчиддаа орчуулаад хүргэчих юмсан гэсэн гоё номнууд байдаг. Канадын, Нобелийн шагналт Алис Монро гээд эмэгтэй зохиолчийн өгүүллэгүүдийг орчуулбал өгөөжтэй санагдана. Орхан Памукын зохиолыг бас сүүлийн үед уншиж байна.
-Бичиж туурвих, унших нь таны хобби гэж болох юм шиг ээ. Эдгээрээс өөр чөлөөт цаг, мөнгөө харамгүй зардаг хобби байна уу?
-Гоё цүнхэнд мөнгө зарцуулнаа /инээв/. Сүүлийн үед ууланд авирах, аялах сонирхолтой болоод байгаа. Hiking би чинь нийгмийн амьтнаас гадна байгалийн амьтан юм байна гэсэн мэдрэмжийг сэрээж, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлдэг юм ш дээ. Тэгээд ч уулс, нар, салхины энерги хүнд их хэрэгтэй.
-Та адал явдалд дурлагч бололтой?
- Чи яаж таав аа. Би ер нь адал явдалгүйгээр амьдарч чадахгүй юм шиг байна лээ. Амьдрал нэгэн хэвийн байх ер нь уйтгартай шүү дээ.
-Та хайр дурлалын талаар ямар бодолтой явдаг вэ? Мөнхийн хайр гэж байдаг уу?
-Мөнхийн хайр байдагт итгэдэг. Тэгэх тусмаа сайхан хайр хүнд нэг л удаа тохиолддог байх гэж боддог. Дурлал бол хэдэн ч удаа байж болно. Жинхэнэ сайхан хайр бол нэг л удаагийнх. Нөхөртэйгээ их олон жил амьдарсан хойно одоо л хайр гэж юу байдгийг ойлгож байна.
-Адал явдалд дурлагч маань хэр дурламтгай вэ?
-Хүн л юм чинь амьд баймаар байна ш дээ (инээгээд). Хөнгөхөн, аюулгүй дурлал заримдаа сэтгэл сэргээж, оюун санааны дэмжлэг болох нь бий ш дээ. Гол нь хэтрүүлж болохгүй. 
-Та хэр эрх вэ?  Яагаад ч юм эрх эмэгтэй юм шиг санагдаж байна.
-Эмэгтэй хүний хувьд би эрх хүн биш ээ. Их залуудаа нөхөртэйгөө сууж, хоёулаа амьдралын төлөө ёстой үзэж тарсан. Хэзээ ч би чиний дараа гэж ард нь орж явсангүй. Эр хүнийг чи ингэх ёстой, намайг жаргаах ёстой гэж хандаж байсангүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ гэж боддог. Хэчнээн найдвартай эрэгтэй хүн байсан ч гэсэн би өөртөө л итгэнэ. Аав ээжүүд маань хэн хэн нь хөрөнгө мөнгө гэхээсээ илүү эрдэм ном, хөдөлмөрч, шударга байдлыг эрхэмлэдэг хүмүүс байсан, тэрний нөлөө байх.
-Та айлын том уу?
-Би айлын дунд охин. Аав ээж маань хүүхдүүдээ ижилхэн эрхлүүлдэг байлаа. Ээж аавын гар дээр эрх, зоргоороо өссөн. Миний хувьд аавын эрх охин байлаа. Ийш тийш явахдаа байнга намайг дагуулж явна. Охидоос нь арай гарын ая даах нь би байсан юм шиг байгаа юм (инээв). Аав хөдөө их явахаас гадна цэргийн хүн тул ан авд явах удаа ч байдаг байсан. Тэр болгонд л эрэгтэй хүүхэд шиг дагаад л явж байна. Ээж маань хэзээ ч хичээлээ давт, онц сур, тэг ингэ гэж байсангүй. Итгэдэг байсных биз. Их л зөнгөөрөө өссөн дөө. Тэглээ гээд муудсан юм байхгүй, харин ч бие даасан, хариуцлагатай бие хүн болж төлөвшсөн.
-Банкирууд хорвоог зоосны нүхээр хардаг гэж ярьцгаадаг. Хэр үнэний ортой яриа вэ?
-Тэгэхгүй бол болдоггүй. Мэргэжлийн шаардлага гэх үү дээ. Ялангуяа банк хүмүүсийн итгэл дээр тогтдог бизнес. Нэг хүний мөнгийг авч хадгалахдаа нөгөө хүнд зээлдүүлдэг. Нэг хүний мөнгийг нөгөө хүнд өгөхдөө зоосны нүхээр харахгүй бол эрсдэлтэй шүү дээ.
-Тэгвэл таны амьдралд мөнгө ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Мөнгө чухал. Мөнгөтэй ч байх ёстой. Өөрийн цэвэр хүч чадал, хөдөлмөрөөр мөнгө олоход би дуртай. Харин шударга бусаар олох явдалд төрөлхөөсөө дургүй. Хүн хэрвээ хүсвэл мөнгийг олж чадна ч гэдэгт итгэдэг.   
-Та хүнлэг чанар, хүний мөсний тухай их ярих юм. Бичгийн хүмүүст их нийтлэг байдаг зан чанар ч гэж болно. Харин мэргэжлийн талбар дээр хүн чанартайгаа зөрчилдөх, дайтах тохиолдол гардаг уу?
-Хүн чанар ... Мөнгөтэй хүн болгон, бизнес санхүү, банкны орчинд ажиллаж байгаа хүн болгон хүн чанаргүй гэж хэн хэлээд байна вэ? Хүн чанаргүй үйлдэл ядуу хүнээс, мөнгөгүй хүнээс ч гарч болно. Илүү ч гардаг байж магадгүй гэж боддог шүү. Яагаад гэвэл дутуу гуцуу байдал ялангуяа өсөх насны дутуу гуцуу байдал хүнд их комплекс буюу буруу хүмүүжил, төлөвшил үүсгэдэг юм ш дээ. Би мөнгөтэй л байсан бол ингэх байсан, тэгэх байсан гэсэн атгаг бодол гэхэд л комплекс юм. Мөнгийг шүтэх үзэл давамгай байна гэсэн үг. Эсрэгээрээ хангалуун өссөн хүүхдүүд харин ч илүү шунал, буруу бодолгүй зөв хүн болж төлөвшдөг. Би хувьдаа ядуу хүн цөөн байгаасай гэж боддог. Тэдний өмнөөс сэтгэл эмзэглэж явдаг. Гэхдээ санхүүгийн биш сэтгэлгээний ядуурал Монголд газар авчихаад байна. Бид хэзээ ч өлсөж үхэхгүй. Ядаж л хөдөө гараад мал малласан ч сайхан амьдрах харьцангуй өргөн боломжтой ард түмэн. Ядуу амьдарч байвал залхуугаасаа л болж байгаа хэрэг. Сэтгэлгээ нь ядуу хүмүүст юу ч хэлээд нэмэргүй байдаг гэж Жэк Ма хэлсэн нь үнэн шүү. Боломж үргэлж нээлттэй байдаг зүйл.
Танд баярлалаа
Ярилцсан Б.Ундрал

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл