Өөрийгөө “хөөрхөн” гэж төсөөлөх нь аз жаргалтай эмэгтэй байхын эхлэл юм

12:42 PM








Аз жаргалтай өөртөө сэтгэл хангалуун байхын нэг нууц бол өөгүй хөөрхөн царай, биенд биш бүсгүй таны дотоод сэтгэлд оршиж байдаг. Гадаад гоо үзэмж бол яахав дээ нэг талаар “шавхагддаг баялаг” юм шүү дээ. Та хөгширнө эсвэл дотооддоо амар амгалан биш аз жаргалгүй амьдарвал ямар ч гоо сайхан эмэгтэй ус арчилгаа дутсан цэцэг шиг л хорчийж гандаж эхэлдэг. Харин та өөр дотроо аз жаргалтай сэтгэл ханамжтай байвал энэ сэтгэлийн булаг таныг үргэлж усалж тордож өнгө оруулж байдаг юм шүү. Олон бүсгүйчүүд энэ нууцыг төдийлөн сайн мэддэггүйгээс хэтэрхий өнгөн талын гоо сайханд шунаж хэдэн цагаар гоо сайхны салонд хэвтэж, үнэтэй чамин хувцсанд мөнгөө үрдэг. Би үүгээрээ гоо сайханд огт орох хэрэггүй, дэгжин байх хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Та дотроо өөрийгөө голж гоочилж, эсвэл дандаа гутруу бүтэлгүй зүйлийн талаар боддог бол хэчнээн их гаднаас нь өөрийгөө арчлаад, гоё хувцас өмсөөд нэг их нэмэр болохгүй. Үнэтэй дэгжин хувцас, гоо сайхны арчилгаанд хэтэрхий их цаг зав, мөнгөө зарж суухын оронд өөөрийгөө хөгжүүл хэрхэн аз жаргалтай инээмсэглэн амьдарч болох вэ гэдэгт суралц. Инээмсэглэсэн эмэгтэй үнэт зүйлээр биеэ ороосноос цаашгүй муухай ааштай, хямсгар, уйтгартай харцтай нэгнээс хамаагүй илүү үзэсгэлэнтэй харагддаг. Иймд бүсгүй та дотоод ертөнцөө гоо сайхан болговол гадаад гоо сайхан чинь дотоодоосоо эхтэй байдаг л гэж хэлэхийг би хүсэж байна. Нэгэнт царай муутай төрсөн бол хэчнээн хичээгээд ямар ч нэмэргүй гэж та бодож байна уу. Үгүй шүү энэ үед танд тусалж мэдэх нэг аргыг би зааж өгье. Толинд харах бүрдээ өөрийгөө хөөрхөн гэж төсөөл, өөрийгөө өхөөрд, өөр рүүгээ инээмсэглэ. Дотроо би ертөнцийн хамгийн сэтгэл татам эмэгтэй гэж шивэгнэ. Энэ эерэг үйлдэл, бодол ид шидтэй болохыг та хэд хоногийн дараанаас мэдэрч эхэлнэ. Бүр огт үр дүнгүй байсан ч ямар ч л байсан толинд харах бүртээ “ээ миний энэ байж байгааг дээ” гэж бодохоос хамаагүй л дээр. Өөртөө итгэлгүйгээр ингэж бодох нь ямар ч үзэсгэлэнт гүнжийг гутруу царай муутай нугасны муухай дэгдээхий л болгоно. Хүмүүс өөртөө итгэлтэй инээмсэглэсэн аз жаргалтай хүн рүү эр эмгүй татагддаг. Ямар ч эмэгтэй хүний царай төрхөнд, ааш занд давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэн байдаг. Чи сайхан нүдтэй, хөөрхөн хэлбэртэй хамартай, гоё уруултай байж болно. Тэгвэл тэр өөрт таалагддаг сайхан зүйл дээрээ л анхаарлаа төвлөрүүл. Бас өөрийн чинь голсон гоочилсон зүйл чинь ч гэсэн зөвхөн чиний л гоо үзэсгэлэн байдаг юм. Би 10 жилд байхдаа нэг удаа ээжээсээ “ Ээжээ миний хамар бусад охидынхоос том юм аа. Би тэдэн шиг хөөрхөн жижигхээн навтгар хамартай болсон бол” гэж хэлж билээ. Ээж над руу инээмсэглээд “Миний охин бусад ямар ч охинд байхгүй хөөрхөн шонхор хамартай” гэж хэлээд “алив чи толинд хар даа, тийм байгаа биз дээ” гэж билээ. Нээрэн тэр цагаас хойш нөгөө бусдынхаас том монхордуу хамар маань  өөр хэнд ч байхгүй “шонхор хөөрхөн хамар” болж өөрт маань таалагддаг болсон юм даг. Тэр л миний л дургүй хамар маань намайг тодорхойлж миний  өвөрмөц царай төрх, гоо үзэсгэлэнг бий болгож байгааг би улам бүр мэдэрч эхэлсэн. Шилжилтийн насны охид өөрийнхөө царай биеийг энэ мэтээр цогцоор нь биш нэг нэгээр нь харж бусадтай харьцуулж өөрийгөө голох нь их байдаг. Тэгэхээр өөрийгөө үргэлж “би хөөрхөн” гэж төсөөлж өөдрөг байх нь дотооддоо өөрийгөө хөөрхөн болгож байдаг юм шүү охидоо.

САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ номд маань энэ мэт олон зөвлөгөө багтсан байгаа шүү. Зуны амралтаараа авч уншаарай.
Зохиолч Б.Эрхэмбаяр 


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл