Бүсгүйчүүдийн нөхөрлөл

9:24 AM




Бүсгүйчүүдийн нөхөрлөлийн талаар ярихын өмнө бидний зарим нь сайн мэдэх “Их хот ба секс” гэсэн  ТВ-ийн сериал киноны талаар товч дурьдая гэж бодлоо.  Уншигчид маань энэ киног сайн санаж байгаа байх. Нью-Иоркийн өнөө цагийн 4 бүсгүйн амьдралаар орчин үеийн том хот, дунд давхаргынхны амьдралын хэв маяг, бүсгүйчүүдийн нөхөрлөлийг гайхалтай сайхнаар дүрсэлж харуулсан. Энэ кино яагаад их алдартай болсон бэ. Ялангуяа бүсгүйчүүдийн дунд. Киноны баатрууд маань бүгдээрээ өөр өөр зан араншинтай өөр өөр бүсгүйчүүдийн төлөөлөл болж чадсанд хэргийн учир байгаа байх. Гол баатар Керри буюу миний хамгийн хайртай баатар маань ухаалаг, хүнлэг, боловсролтой эмэгтэйн төлөөлөл. Тэрээр биеэ бас гайхалтай сайхан авч явдаг. Нэг их царайлаг биш ч түүнээс эрч хүч, бас гоо сайхны төгс байдал ажиглагддаг. Эмэгтэй хүн болгон төгс сайхан бие бялдартай, царай зүстэй байх албагүй гэхдээ ухаалаг соёлтой орчин үеийн эмэгтэй бол Керри шиг ухаалаг дээр нь дэгжин тансаг байж Mr.Big шиг сайхан залуугаар хайрлуулж чадна гэдэг амьдралд итгэх итгэлийг тэрээр олон мянган эмэгтэйчүүдэд төрүүлж чадаж байгаа юм. Миранда бол эршүүд, эмэгтэй хүн гэхэд арай хатуу зан араншинтай. Тэрээр бас боловсролтой хуульч. Заяаны хань зам дээр гэх шиг сайхан сэтгэлтэй залуу Стивтэй тааралдаж санамсаргүй хүүхэдтэй болоод суучихдаг. Эмэгтэй хүний амьдралд байдаг л зүйл. Миранда ээж болсоноор олон мянган хүүхэдтэй эмэгтэйчүүд энэ кинонд татагдаж байгаа юм л даа. Хүүхэд өсгөх хүнд хүчир ажлын хажуугаар карьераа хийж гэр бүлээ авч яваа яг түүн шиг амьдралтай олон мянган эмэгтэйчүүд байгаа. Шарлот бол хамгийн энхрий ялдам романтик эмэгтэй. Үнэнч хайр сэтгэлд итгэдэг. Тэрээр сайхан эзэгтэй, бас сайн ээж байх л заяатай бүсгүй шиг. Түүний эмэгтэйлэг бас романтик зан нь үзэгчдийн хайрыг татдаг. Саманта бол жинхэнэ секс симбол. Тэрээр зөвхөн өөрийнхөөрөө л амьдарч чадаж байгаа эмэгтэй. Яагаад зөвхөн эрчүүд л секс машин байх ёстой гэж. Яагаад зөвхөн тэд л царайлаг хөөрхөн бүсгүйчүүдийг дэгээдэж явах ёстой гэж. Орчин үед эмэгтэй хүн ч гэсэн сексийн хувьд чөлөөтэй байж, эрх чөлөөг эдэлж сайхан залуустай учирч түүгээрээ таашаал авч байгааг Саманта бүрэн харуулж чаддаг. Энэ ч утгаараа түүний дүр бол яах аргагүй орчин үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдлыг илүү тодотгож өгсөн чухал дүр гэж би боддог.
Киноны хамгийн нэг чухал зүйл бол үнэнч нөхөрлөл. Хэдийгээр баатрууд маань бүгд өөр өөр зан араншин, өөр өөр үзэл бодолтой ч тэд нөхөрлөлдөө хэзээд үнэнч байж чаддаг. Хэн нэгнийгээ маш сайн ойлгож мэдэрч чаддаг. Эмэгтэй хүний төрөлхийн жаахан атаархуу, өчүүхэн зүйлд ач холбогдол өгдөг тэр араншинг орчин үеийн нийгэм эвдэж чадсаныг бас энэ кино харуулсан шиг. Би юу гэх гээд байнаа гэхээр эрчүүдтэй эн тэнцүү байх гэсэн эмэгтэй хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелэлээ олж өнөө цагийн эмэгтэйчүүд тэднээс дутахгүй хүч чадалтай тэднээс хамааралгүй өөрөө өөрийнхөөрөө амьдарахад эмэгтэй хүнд бурханаас арай илүү өгчихсөн аахар шаахар зүйлд ач холбогдол өгдөг атааж жөтөөч зангаа орчин үеийн эмэгтэйчүүд амьдралын шаардлагаар гээж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ кино болсон шиг. Тэд бие биедээ үнэтэй бас шударга зөвлөгөө өгч чаддаг. Зармдаа хэн нэгнийхээ өгсөн зөвлөгөөг ойлгохгүй эгдүүцдэг ч инээсэн болгон нөхөр биш уурласан болгон дайсан биш гэдэг шиг дотны найзуудын хувьд нэг нэгэндээ тун шударга хандаж чаддаг. Заримдаа бүсгүйчүүд бид найзыгаа гомдоочихно гэж бодоод шударгаар түүний алдаа дутагдлыг хэлэхээс эмээдэг. Нөхөрлөлдөө үнэнч бүсгүй хүн найзынхаа хэлсэн шударга зөвлөгөөг зөвөөр хүлээн авч ойлгодог байх нь бүсгүйчүүд бидний нөхөрлөлийг улам бэхжүүлдэг.
Олон зууны туршид эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн тухай л ярьдаг байснаас эмэгтэйчүүдийн үнэнч нөхөрлөл гэдэг зүйл бараг байдаггүй байсан. Тэгэхээр бүсгүйчүүд бидний нөхөрлөлийг юу устгаж нэр хүндгүй болгож байдаг вэ. Энэ бол бүсгүй хүний ахархан бодол, атаархал, хэрэггүй жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгдөг тэр зан чанар. Нийгэм хөгжихийн хэрээр бүсгүй хүний байгалийн амьтаны төрөлх зөн совинг илүү илтгэсэн энэ мэт зангууд дарагдаж байгаа боловч ихэнх эмэгтэйчүүдийг хараад ажаад байхад эдгээр арчаагүй зангаасаа өдий хүртэл салж чадахгүй л байна. Бүсгүйчүүд бид өөрөөс нь илүү амьдарч буй хэн нэгнийг хараад хэл амаа билүүдэж эхэлдэг. Энэхүү атаач зан маань эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг бусниулах нэр хүндгүй болгоход хамгийн хортой нөлөө үзүүлдэг. Мөн бидний бас сайхан нөхөрлөлөө үгүй хийдэг нэг сул тал маань юу гэхээр бид нэг нэгэндээ итгэлтэй байж чадах чадвараараа эрчүүдийн хаана нь ч хүрэхгүй. Эр хүмүүс бол эр хүн эр хүндээ хайртай гэсэн уриа лоозонг толгой дээрээ тахиж нөхөрлөлөө хамгаалж явахад бид хамгийн сайн найзынхаа өмнө ч итгэл алдах зүйл хөнгөн хийсвэрээсээ болоод хийчихдэг гэмтэй. Сул чалчаа амнаасаа болоод сайн найзынхаа нууцыг бусдад дэлгэчих араншин биднээс л гардаг. Бид яагаад ийм сул дорой болчихсон юм бол. Бид уг нь эрчүүд шиг нэг нэгэндээ итгэлтэй, сайхан нөхөрлөж нэг нэгнээ дэмжиж явбал өнөөдөр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь бидний тэгш эрхийн асуудал арай өөр түвшинд байхсан. Яагаад эрчүүд биднээс илүү карьер хийгээд байна вэ. Мэдээж хэрэг тэд илүү хэлхээ холбоотой. Харин тэд энэ хэлхээ холбоо сүлжээг яаж бий болгоод байна вэ. Магадгүй тэдэнд нэг нэгнийгээ дэмждэг түшдэг нөхөрлөлдөө үнэнч эр хүний зан чанар нь хамгийн их туслаад байгааг та өдий хүртэл анзаардаггүй гэж үү. Эрчүүдээс мэдлэг боловсрол, чадвараараа хамаагүй мундаг эмэгтэйчүүд олон болж байна. Харин яагаад олноороо нийгэмд өндөр байр суурь эзэлж чадахгүй байгаагийн гол нь бид нөхөрлөлдөө үнэнч биш нэг нэгнийгээ дэмжиж чаддаггүйд байгаа юм шүү.
Бүсгүйчүүд бид нөхөрлөлийг яг юу гэж ойлгодог вэ. Зарим нэг маань үүнийг хэдэн найзтайгаа ор хөнжлийнхөө явдлаас эхлээд гэр бүлийнхээ нарийн нандин нууц бүхнийг дэлгэн ярихыг ойлгодог. Зарим нэг маань өөрт тохиолдсон таагүй болгоноо нөгөө л хэдэн найзууддаа тэдний зовлон юм шиг хөмсөг атируулж санааширч ирээд л ярьж гардаг. Үнэндээ чи өөрөө тэр бүхнийг бусадтай хуваалцахад чиний дотор түр зуур онгойж чи тайвшрах магадлалтай ч  чи ингэснээрээ хэд хэдэн алдааг хийж байгаагаа ойлгодоггүй. Нэгдүгээрт чи хар амиа хичээж өөрт учирсан таагүй бүхнээрээ бусад найзынхаа сэтгэлийг үймрүүлж байгаагаа мэдэх хэрэгтэй. Хэдийгээр чиний сайн найз ч түүнд ч бас чам шиг ярья гэвэл асар олон зовлон бэрхшээл байгаа. Иймд найзыгаа үнэхээр хүндэтгэж хайрладаг л бол юм л бол муу муухай, болж бүтэхгүй байгаа зүйлийг түүнтэй хуваалцах хэрэггүй. Бас нарийн ширийн зүйлээ чи үнэхээр хамгийн итгэлтэй юу ч болж байсан хэзээ ч чиний итгэлийг алдахгүй хүндээ л дэлгэ. Түр зуур чиний найзын дүр эсгэсэн хэн нэгэнд итгэж хамаг зүйлээ ярьсанаас ирээдүйд гарах муу үр дагавартай ч байж болно. Иймд нөхөрлөлийг найз нараа өөрийн сэтгэл зүйчтэй бүү андуур. Дотны найзуудын хооронд санаа бодлоо сайн муу зүйл дээр хуваалцах юм бишгүй байлгүй л яах вэ. Гэхдээ үүний хэмжээг хэтрүүлж болохгүй. Харин үүний оронд бие биедээ урам зориг хайрлах сайн сайхан амьдарч буй хүмүүсийн талаар яриа хөөрөө дэлгэхэд яавал тийм болох талаар санал бодол солилцож байвал илүү дээр.
Найз нөхөрлөл бол харилцан бие биенээ ойлголцох, хайрлах, хүндлэх, итгэлцэх, дэмжих туслах гээд олон зүйл дээр тогтдог бөгөөд энэ бүгдийн аль нэгийг бүрхэгдүүлснээр жинхэнэ нөхөрлөл учир дутагдалтай болдог. Бидэнд янз бүрийн найзууд байдаг. Зовлон жаргалаа хуваалцдаг жинхэнэ амьдралын явцад шалгарч үлдсэн итгэлтэй найз, хааяа сайхан сэтгэлээ сэргээж санаа бодол сонирхлоо хуваалцаж сэтгэлээ сэргээдэг найз, ажил хэргийн хамтрагч найз гээд найзууд олон. Жинхэнэ найз бол таньд хэзээ ч хариу тус харахгүйгээр чадах хэрээр таныг дэмжиж тусалдаг хэзээд танд итгэлтэй хүн байдаг.  

Сайхан төрөх санааных номны хэсгээс...
Зохиолч Б. Эрхэмбаяр 

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл