Монгол бүсгүйчүүдээ өмөөрөхүй

8:03 PM





Эмэгтэй хүн гэр бүлдээ төдийгүй нийгэмд (үүнийг бизнест, улс төрд гэж ойлгож болно) хүлээн зөвшөөрөгдөхөд ижил түвшний эрэгтэй хүнтэй харьцуулахад бараг 2 дахин их хүч чадалтай мэдлэгтэй, 2 дахин их хөдөлмөрлөж байж биелэлээ олох нь нэгэнт бидний амьдралд оршсоор байгаа нэгэн гажуудал гэж ч хэлж болно. Өнөөдөр Канадын Элчин сайдын яамнаас хийсэн дугуй ширээний уулзалтад оролцогч бүсгүйчүүдийн төлөөлөл мөн элчин сайдын яамны албан хаагчид бүгд үүнийг дор дороо хүлээн зөвшөөрсөн. Канад улс бол өнөөдөр жендерийн тэгш эрхийн байдлаараа дэлхийд тэргүүлдэг орон төдийгүй Ерөнхий сайд нь энэ асуудлыг нийгмийн хамгийн том асуудал болгон дэвшүүлэн тавьж өөрийн орны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө төдийгүй дэлхийн бусад орнууд түүний дотор хөгжиж буй орнуудын ч эмэгтэйчүүдийн тэгш эрхэд санаа тавьж буй цөөхөн орнуудын нэг.



Монгол эмэгтэйчүүд маань яагаад эрчүүдээс 2 дахин их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай байна вэ. Та дэргэдээ байгаа бүсгүйгээ найз эмэгтэйгээ эхнэрээ өөртэйгээ нэг харьцуулаад хараарай. Олон эмэгтэйчүүд тантай адил албан ажилтай, бизнес эрхэлдэг ч танаас илүүгээр үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх асарч сувилах, гэр бүлийн бусад гишүүд түүний дотор таны хоолыг хийх, хувцасыг угаахад, гэрээ цэвэрлэхэд илүү цаг хөдөлмөр зарцуулж байгаа нь нууцгүй үнэн. Япон Солонгос зэрэг нөхөрт гарсан эмэгтэй хүн зөвхөн гэрийн ажлаа хийдэг нийгэмд бол үүнийг яриад байх шаардлагагүй буюу гэр бүлийн өмнө хүлээх эхнэр нөхрийн үүрэг хариуцлага, хөдөлмөрийн хуваарь уламжлалаараа зохицуулагддаг. Гэтэл өнөө цагийн Монголд бид үүнийг харсаар мэдсээр атлаа эмэгтэйчүүд өөрсдөө ч за яах вэ би л хийх ёстой эмэгтэй хүн учраас гэж хүлээн зөвшөөрдгөөс өөрийгөө шударга биш хөдөлмөрийн мөлжлөгт түлхдэг нь харамсалтай. Зэрим хүмүүс бүр эмэгтэйчүүд өөрсдөө мөлжлөг энэ тэр гээд юун сүртэй юм? Хайртай хүмүүсдээ анхаарал халамж тавихад миний “гараас гар уначихгүй” гэж бодож байж болох юм. Харин харамсалтай нь нөхөр тань тантай яг ижил цагаар ажилладаг (гэрээс гадуур) ч гэртээ ирээд утсаа маажаад зурагт үзээд тв үзэж суухад та хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд хүүхдээ асраад юм юм руу  л гүйж байдаг бол энэ чинь тэгээд шударга ёс мөн үү гээд өөрөө өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Эр хүйстэй болж төрсөндөө л зарим эрчүүд энэ мэтээр давуу эрх эдлэх учиргүй гэдгийг соёлт хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн билээ. Бидний монгол уламжлалт нүүдэлчдийн ёс заншлаар эхнэр нөхрийн үүрэг өнөөгийн Япон, Солонгос шиг уламжлалаараа буюу нөхөр нь гэрээс гадуур адуу малаа маллах, эхнэр нь сааль сүүгээ хийх, гэр зуурын ажлаа амжуулдаг байлаа. Харин орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд бид ярих эрхтэй болсноос яг практик дээр энэ хөдөлмөрийн хуваарь дээр “монжуулсаар” байгаа нь үнэн. Олон охид бүсгүйчүүдийг багаас нь чи эмэгтэй хүн учраас үүнийг хийх л ёстой гэж тархийг нь угаасаар байгаа нь харамсалтай. Тиймдээ жинхэнэ эмэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэхэд эр хүн шиг сэтгэдэг (think like a man), залуу охин шиг харагддаг ( look like a young girl), илжиг шиг ажилсаг (work like a horse), хатагтай шиг намбатай (act like a lady) гэсэн хэллэг хүртэл гарахав дээ. Иймд нийгмээс бидэнд тулган хүлээлгэж байгаа энэ мэт ахтуу шаардлага шударга бусын эсрэг монгол бүсгүйчүүд бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Би цаашид ч монгол бүсгүйчүүдээ өмөөрөн дуу хоолойгоо энэ мэтээр өргөсөөр “эрчүүдийн дургүйг хүргэхээсээ” айхгүй байхаар шийдсэн.




Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл