Таны аз жаргал төгс амьдрал гэр бүл тань мөн үү?

1:39 PM



Аз жаргалын тухай тэр дундаа гэр бүл, хос хоёрын хамтын амьдралын аз жаргалын тухай та бүхэндээ бодол санаагаа хүргэе гэж бодлоо.

АЛГАНЫ ХЭЭ роман маань бүхэлдээ аз жаргал гэж чухам юу юм гэдгийг гол баатруудынхаа аз жаргалын эрэл дэхь амьдрал хувь заяагаар харуулахыг зорьсон билээ.

Хувь хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр амталж мэдэрдэг. Тэр хувь хүний аз жаргал заримдаа гэр бүлийн хамтын амьдрал, хайртай дотно хүмүүстэйгээ хамтарч мэдрэх амьдралын таашаал аз жаргалтай зөрчилдөх нь бий. Нэг талаас хувь хүн бүрийн хүсэл мөрөөдөл өөр байдгаас тэр биз. Учир иймээс зарим нэгэн хосын хувьд өөр өөрсдийнх нь “бигийн” хувьд эдэлж амсахыг хүссэн,  хамтын амьдрал гэр бүлээс нь “тэс өөр” аз жаргал гэх зүйл хаа нэгтээ нь нуугдаад өөрийг нь хатгасаар зовоосоор буйг анзаарах нэг нь ч бий огт анзаарахгүй амьдрах нэг нь ч бий. Тэгээд ч аз жаргал гэж зөвхөн гэр бүл юм бол яагаад гэр бүлтэй зарим хүмүүс аз жаргалгүй амьдрана вэ? Яагаад зарим хүмүүс гэр бүлээ мартан мартан бизнес, бүтээн байгуулалтын төлөө зүтгэнэ вэ? Яагаад зарим хүмүүс сайхан гэр бүл үр хүүхдүүдээ орхиод үхлийг сөрсөн зүйлүүдээр сэтгэлийн таашаал эдлэн амьдрана вэ? Тэд өөрөө өөртөө тэрхүү хувь хүний аз жаргал гээч зүйлийг бий болгож бүтээхийн тулд өндөр ууланд амиа хайрлахгүй авирах, мөсөн туйлын тэсгэм хүйтэнд аялах, далай тэнгисийн гүнийг судлан шумбах гээд жирийн хүмүүст огт үл ойлгогдом зүйлүүдийг хийх гэж зүтгэдэг. Ер нь хүний амьдрал гэдэг аз жаргалын эрэлд явсаар өнгөрдөг мэт. Өөрөөр хэлбэл өөрийгөө аз жаргалтай байлгах тэр үйлдэл рүү зорьж тэмүүлэх нь аз жаргалыг бий болгох эхлэл ажээ. Нэгэнт өөрөө яавал, юу хийвэл жаргалтай байхаа таньж мэдсэн хүн утга төгс амьдралыг бүтээнэ. Утга төгс амьдарч чадаж буй хүн л аз жаргалтай байдаг. Тэгэхээр хүн бүрийн аз жаргал бол мөнөөх миний гэр бүл гэсэн “жижүүрийн үгнээс” илүү өргөн хүрээтэй ойлголт юм л даа гэж бодох хүн ч бас бий. Хүн болсоор сайхан үр хүүхэд төрүүлж өсгөн, сайхан хайраараа аз жаргалтай гэр бүлийг бүтээж болох ч хувь хүний төгс аз жаргал утга төгс амьдралын хувьд энэ нь дэндүү явцуу өрөөсгөл хэрэг юм гэж дүгнэх нэгэн ч бий.

Ийнхүү хэдий заримдаа гэр бүлийн хос хоёр бие биедээ хайртай ч хувь хүн талаасаа аз жаргалыг мэдрэх “өнцөг” зөрчилдөх юм бол хамтын амьдралд нь асуудал гарах нь бидний дунд түгээмэл бий. Зохиолын маань гол баатрууд болох Тамираа, Энхбат хоёр маань яагаад бие биедээ хэмжээ хязгааргүй ч гэмээр их хайртай ч, хамтын амьдрал нь аз жаргалтай байсангүй вэ. Яагаад цөөхөн л хэдэн жилийг хамтдаа нэг гэр бүл болж жаргалыг амталсан бэ гэж олон Уншигчид асуудаг. Яагаад? гэдгийн хариулт нь манай хоёр мөнөөх дээр өгүүлсэнчлэн хувь хүний амьдралын зорилго, аз жаргалыг амсаж мэдрэх хүсэл тэмүүлэл нь хэтэрхий бие даасан амбицтай, тус тусдаа байснаас хамтын амьдрал нь тайван түвшин гэр бүлийн аз жаргалтай байсангүй. Гэвч тэр бүх саад бэрхшээл, алдаа онооны эцэст хэн хэн нь аз жаргал гэдэг бол мөнгөтэй баян эд хөрөнгөтэй, албан тушаал алдар нэртэй байхдаа биш хайртай дотны хүмүүстэйгээ хамт амьдрах эгэл жирийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх нь л хүмүүний амьдралын гол утга учир аз жаргал юм шүү гэдгийг ойлгож мэдэрдэг. Тийм ээ хүний амьдралдаа амсаж эдлэх хамгийн том баяр баясгалан бол яах аргагүй гэр бүлийн аз жаргал юм.


Зохиолч Б.Эрхэмбаяр         

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл