Халамжийн тухай эргэцүүлэл

10:33 AM


 



Хайр халамж гэх энэ холбоо үгийг хоршиж голдуу хэрэглэдэг. Тэгээд ч тэр үү үүний өмнөх нийтлэлдээ хайрын тухай өгүүлсэн учраас одоо энд халамжийн тухай бичмээр санагдлаа. Хайр оршин ахуй цагт халамж оршин байх уу? Эсвэл халамж оршин ахуй цагт хайр орших уу? Энэ нөгөө ухамсар анхдагч уу матер анхдагч уу гэдэг философийн асуулттай адилхан сонсогдож байна уу? Би бодохдоо хайраас халамж урган гарах нь гарцаагүй гэж боддог шүү. Тийм ээ бид хайртай хүмүүсээ л голдуу халамжилдаг. Гэхдээ зүгээр л огт хайр сэтгэлтэй холбоогүй ч нэг тийм төрөлхийн халамжтай хүн байдаг. Эмэгтэй хүн хэнийг ч хамаагүй хамт хөдөө гадаа явж байхдаа “Алив чи даарчихлаа” гээд хувцас давхарлаж нөмрүүлдэг ч юм уу “Хээрийн хоол хийх мах шарахад эмэгтэй хүн оролцох хэрэггүй юм шүү” гээд нөгөө бидний сайн мэдэх “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гоша шиг халамжлах нь бий. Энэ бүхэнд дургүй бүсгүй хүн үгүй юм. Ийм эрчүүд халамжаараа татсаар байгаад дасаж дурладаг эмэгтэй хүнийг аваад суучих нь ч бий. Тэгэхээр энэ тохиолдолд халамж анхдагч ч юм шиг.

Халамжийг би бас биеэр үзүүлэх халамж,  сэтгэлийн халамж гэж хоёр төрөл байна гэж дүгнэдэг.  Өдөржин ажиллаад ядарч гэрийн бараа харахад нь ханиа “ядарсан уу? гэхдээ чи минь үзэсгэлэнтэй хэвээрээ л байна” гээд үнсээд инээх нь ч бас халамжийн нэг л хэлбэр. Тэр бүхэнд бид нөгөө нуруун дээрээ үүрсэн ачаа, ядрал зовнилоо хормын төдий л мартдаг.  Хүн сэтгэлийн амьтан шүү. Тэр тусмаа бүсгүй хүн биеэр үзүүлэх хоол цай хийж өгөх, гэр орны ажилд туслах, эд мөнгөөр дутаахгүй байх зэргээс илүүтэй сэтгэл сэргээх энэ мэт “үгэн халамжинд” илүү их баярладаг байж ч магад. Эр хүн ч ялгаагүй өглөө оройгүй амттай хоол аманд нь барьж суух гэргийгээс илүүтэй түүний ажил төрлийн нарийн ширийнийг ойлгож дэмжих, урам зориг өгөх сэтгэлийн халамжаа ханидаа үзүүлж чаддаг ухаалаг эмэгтэйд илүү сэтгэл ханамжтай байдаг ч байж болох юм.

Дээрх хос хоёрын халамжнаас гадна эмэгтэй хүн биднээс үр хүүхдээ халамжлах сайн ээж байх, эцэг эх ах дүүсээ өргөж асрах сайн охин эгч дүүгийн халамж, хань ижилдээ сайн эхнэрийн халамж үзүүлэх, найз нөхдөө халамжлах гээд хайр байнга л урсан гарч байдаг. Халамж хайраа урсгах тусмаа бид жаргалтай байдаг. Тэгэхээр халамж хайрын тусгал түүний илэрхийллийн нэг хэсэг яах аргагүй мөн юм даа.

Сайн ээж, эхнэр, сайхан бүсгүй байхын тулд хайр халамжийг хэрхэн өөрөөсөө бялхуулж амьдрах урлагаас мэддэг бүхнээ Та бүхэнтэй хуваалцсан "САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ" номноос маань дэлгэрэнгүй уншаарай.



Зохиолч
Б.Эрхэмбаяр       
 
 


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл