Хайр уу эсвэл дурлал уу

6:18 PM








АЛГАНЫ ХЭЭ номондоо хайр сэтгэлийн мөн чанарыг зохиолынхоо гол баатрууд болох Тамираа, Энхбат, Гэрэлгуа нарын дүрээр тодотгож харуулахыг хичээсэн билээ. Гэхдээ энэ дүрүүдийн хувьд хайр бол хэн хэнийх нь хувьд ариун нандин сэтгэл зүрхний угаас ундардаг хайр юм. Эсрэг дүр болох Дорж, Очгэрэл нарийн хувьд өөрөө хэн нэгнийг чин үнэнээсээ хайрлаж хэзээ ч үзээгүй тул хариу хайрыг хүртээгүй эмгэнэлт хүмүүн заяа. АЛГАНЫ ХЭЭ номын Дэд дэвтэртээ Тамираа бүсгүйд хувь заяаны сорилт болж ирсэн дурлалыг би доорх байдлаар дүрсэлсэн билээ.

...Жинхэнэ хайр гэдэг хүний бие махбодид биш сэтгэлд оршдог. Сар жилээр алсран бие холдлоо ч хайр хүндлэл хэзээ ч хүний ухаан бодлоос гарч явдаггүй билээ. Магадгүй сайхан хайр хүний зүрх сэтгэлд үүрд үхэн үхтэл оршдог биз. Хайр яг л бие биеэ хайрлах хариу сэтгэлээр тэжээгдэн дэлбээлдэг цэцэг шиг. Нэгэнт үзэсгэлэн төгөлдөрөөр дэлбээлсэн хайр хүний сэтгэлд хэзээ ч хагдарахгүй мөнхийн цэцэг болон дэлгэрдэг бол түр зуурын сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй дурлал тэрхүү сэтгэл хөдлөл хэзээ нэгэн цагт арилж одоход зүрх сэтгэлд юу ч үлдээгүй байдгаараа хайраас тэс өөр. Гэвч сэтгэлд үлдэхгүй дурлалд хүн сохрох нь ч бий. Яг л нэг ийм сохор дурлалд хөл алдсанаа Тамираа өдөр ирэх бүр ойлгож мэджээ.

Хүмүүс хайрыг янз бүрээр тайлбарладаг. Миний хувьд хайр гэдэг дурлалаар эхэлж хэзээ ч хувирахгүйгээр зөвхөн тэр л хүнийг хайрлах сэтгэлийг хэлдэг байх гэж боддог. Дурлал зөвхөн биеэрээ мэдрэх мэдрэмж бол хайр бүх бие сэтгэл, оюун бодлоор илрэн гардаг. Харин дурлал цаашдаа хайр болдог гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ хүн дурласан болгоноо хайрлана гэж байхгүй. Зарим нэгэн дурлал гэнэт ирсэн шигээ гэнэт унтарч алга болох нь ч бий. Энэ нь дурлал зөвхөн бидний бие махбодьтой холбоотой байдгаас болдог байх л даа. Харин хайр бол бие махбодийн зүйл гэхээсээ илүү сэтгэлийнх болохоор тэр бүр алга болоод сэтгэлээс гараад “явтлаа” уддаг бизээ. Хүн хэдийгээр байгаль эхээс заяахдаа байгалийн амьтан болж төрсөн боловч түүний сэтгэлийн тал нь амьтны зөн билгээсээ илүү эрхэмсэг нандин зүйл билээ.
Хайр бол тэрхүү амьтанлаг зөн билгийн хүсэл тэмүүлэл дээр хүний сэтгэлийн гоо сайхан мэдрэмжийг яг зөв тунгаар нь хослуулсныг хэлдэг байх гэж би боддог. Дурлал хүний ухамсаргүй үйлдэл буюу голчлон зөн совин дээр үндэслэдэг бол хайр хүний ухамсарт үйлдлээр бий болж, өдөр бүр хүн өөрөө сэтгэлдээ ургуулж тордон цэцэглүүлдэг сэтгэлийн цэцэг юм гэж би боддог. Тиймээс ч бүхий л амьдралынхаа туршид хүн хэдэн ч удаа дурлаж болно. Харин чин сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлах бол дурлалтай харьцуулахад хүнд тэр бүр тийм ч олон тохиолддоггүй байх.

Хүн хэзээ ч хэн нэгэнд дурлаж болно. Ямар ч насан дээрээ  хүн дурлах “чадвартай” байвал сайхан. Яагаад гэвэл дурлал хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэн нэгэнд дурласан хүн хэдийгээр заримдаа хөнгөн гунигт автах боловч зүрх нь аз жаргалаар бас бялхаж байдаггүй гэж үү.
Хайр, дурлал бол хүн төрөлхтөний амьдралын хамгийн нандин сайхан зүйл бөгөөд түүнгүйгээр орчлонг төсөөлөхийн ч аргагүй юм. Ариун нандин хайраа хэн нэгэнд зориулж хариу сайхан хайрыг түүнээсээ мэдэрнэ гэдэг хүний амьдралын гол баяр баясгалан, учир утга болдог. Бас манай нэгэн алдарт зохиолчийн “Сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй” гэсэн үг байдаг. Сайхан хайраа олно гэдэг хүн болж төрсний бас нэгэн илэрхийлэл хүний өөрийгөө аз жаргалтай байгааг мэдрэх амьдралын хамгийн гол эх булаг билээ. Хайр сэтгэлийг тэгэхээр мөнгөөр болон өөр ямар нэгэн эд зүйлээр хэмжих аргагүй юм. Сайхан хайраа олсон хүн хэдий мөнгө хөрөнгөтэй ч үнэнч хайраа олоогүй хэн нэгнээс аз жаргалтай сэтгэлээрээ баян амьдрах нь гарцаагүй үнэн.

Зохиолч миний бие хайр дурлалын энэ л мөн чанарыг АЛГАНЫ ХЭЭ роман, ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ, САЙХАН ТӨРӨХ САНААНЫХ зэрэг номууддаа багтаан хүүрнэсэн билээ. Ер нь миний бүтээлүүд тэр чигтээ хайр дурлалын олон өнгийг солонгоруулсан гэхэд ч болно.

Б.ЭРХЭМБАЯР
Улаанбаатар хот

2017 оны 3 дугаар сарын 27 өдөр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл