Эр хүн Та миний бодлоор

10:39 AM





Бүсгүйчүүд бид эр хүний тухай тэр тусмаа надад чухам ямар эр хүн таалагддаг вэ гэж өөр хоорондоо найз нөхөддөө ярих дуртай. Эрчүүдийн баяр болж буй энэ өдрүүдэд би ч гэсэн жинхэнэ эр хүний тухай өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Эрчүүдийн тухай орчин үеийн бүсгүй хүний бодол өөрчлөгдсөн нь мэдээж. Хүчээр бүхнийг шийддэг асан эрт балрын цаг үе улирч одохын хэрээр бүсгүй хүнд зөвхөн бие бялдрын хувьд хүчирхэг нэгэн сонин биш болсон нь нууц биш. Тэгээд ч эмэгтэй хүн нүдээрээ биш чихээрээ дурладаг ч гэж ярьдаг болохоор бидэнд гадна өнгөн талын гоё сайхан гэхээсээ илүүтэй бүсгүй хүнийг ойлгодог, ухаалаг, жинхэнэ эр хүн шиг зан чанартай нэгэн хавьгүй илүү таалагддаг. Ямар ч хүчирхэг эмэгтэй байлаа гээд заримдаа бидэнд эр хүнгүйгээр хийж чадахгүй барьц алдах зүйл чамгүй олон байдаг. Тэгээд ч арга билгийн хорвоод эр хүн та үгүй бол эмэгтэйчүүд бид яахсан билээ. Турьхан уяхан бүсгүйчүүд бидэнд хэзээ ч  итгэл даах найдвартай, хэрэгтэй үед эр хүний халамж нөмөр нөөлгийг үзүүлж чадахуйц хэн нэгэн сайхан эр хүн хажууд минь байхаас  илүүтэй бидэнд өөр нэг их зүйл хэрэгтэй гэж үү? Гэвч тэр жинхэнэ эр хүн маань чухам хэн юм бол? Энэ асуултыг тавьж үзээгүй бүсгүй хүн гэж байхгүй биз. Миний хувьд миний “Ideal man” буюу жаахан өөр байдлаар монгол уруу утгачилан орчуулбал миний “жинхэнэ эр хүн” хэн бэ гэдгийг тодорхойлох гээд оролдъё. За ингээд жинхэнэ эр хүний шинжүүдийг дэс дараалуулан дурьдвал:

1. Өндөр боловсролтой өргөн мэдлэгтэй. Энэ маань зөвхөн нэг гайгүй нэртэй сургууль төгссөн ч юм уу эсвэл заавал өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн байхаас гадна бүх талын маш өргөн мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл оросоор бол кругозор сайтай гэдэг дээ. Тал бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг байх хүмүүстэй ялангуяа надтай сонирхолтой яриа өрнүүлж чаддаг байх хэрэгтэй.

2. Эмэгтэй хүнийг ойлгодог хүндэтгэдэг байх. Ямар ч эмэгтэй хүнийг зүгээр л эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй харьцдаг, түүнийг дорд үздэггүй, бүдүүлэг хараалын үг дэргэд нь хэлдэггүй байх. Үүнд ээжийгээ хайрлах, эгч дүүгээ хайрлах гэр бүлийн хүмүүжил чухал нөлөөтэй. Эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэж харьцдаг аавтай хүн энэ чанарыг түүнээс болон ээж аав хоёрынхоо харьцаан дээрээс өвлөн авдаг. Тиймээс би эр хүнийг дэргэдэх эмэгтэйгээ ойлгодог болоход өссөн төрсөн гэр бүлийн хүмүүжил суурь нь болж өгдөг гэж боддог. Эмэгтэй хүнийг ойлгох халамжлах гэдгийг заримдаа эрчүүд маань өмсөж зүүх, эдэлж хэрэглэх төдийхнөөр бодож “юу дутсандаа гомдоллоод байна” гэж андуу ташаа ойлгох гээд байдаг. Эмэгтэй хүний сэтгэлийг дүүрэн байлгах нь эд хөрөнгөөр элбэг хангалуун байхаас хавьгүй  өөр зүйл. Товчхондоо дэргэд байгаа бүсгүйгээ юу хүсч байгааг мэддэг, мэдэрдэг түүнийгээ яавал жаргалтай байдгийг нь олж хардаг билгийн нүдтэй байхыг хэлнэ.

3. Сексдээ сайн эрүүл чийрэг бие бялдартай байх. Энэ бол яахав ихэнхдээ байгаль эхээс хамаарах боловч дээрх чанарыг ялангуяа эрүүл байхын ач тусыг ойлгосон боловсролтой эр хүнд бол өөртөө төлөвшүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш юм. “Сексдээ сайн” гэдгийг зөвхөн бие махбодь талаас нь ойлгож болохгүй. Энэ бол эр хүний хэр зэрэг чалхтай байх зэргээс нэлээн өргөн хүрээтэй. Иймээс эр хүний секст сайн байх эсэх нь түүний энэ талын боловсрол хүмүүжилтэй (бэлгийн боловсрол хүмүүжил гэж орчуулсан байх шиг байна билээ) холбоотой. Ер нь юм уншдаг эр хүн эмэгтэй хүнийг яаж жаргаахаа илүү сайн мэддэг.

4. Цэвэрч нямбай байх. Хэдийгээр монголчууд эр хүн хээгүй нь дээр гэж ярьдагч надад бол үнэндээ хээгүй эр хүн огтоос таалагддаггүй. Ядаж өглөө босоод усанд орж заншаагүй бол миний хувьд байж боломгүй дутагдал гэж үздэг. Хувийн ариун цэврийг сахидаг цэвэрч цэмцгэр эр хүн бол жинхэнэ эрчүүдийн нэг мөн. Хамгийн наад зах нь эр хүн эмэгтэй хүнтэй орондоо байхдаа амнаасаа ямар үнэр үнэртэж байгаа бол гэж бодох чадвартай байх ёстой. Мөн хөлсөө биш даруухан сайхан үнэртэн үнэртүүлсэн эрчүүдэд би дуртай.

5. Сайн эцэг байх. Жинхэнэ эр хүн хүүхдийнхээ хүмүүжилд цаг зарцуулж чаддаг хүүхдүүдийнхээ дотны найз нөхөр туслагч нь байх ёстой.

6. Халамжтай байх. Эмэгтэй хүнд хайр халамжаа харамгүй өгдөг тэр хэрээр өөрөө түүнээс халамж хайр авч чаддаг байх. Жишээлбэл өглөөний цай оронд уулгадаг эр хүн бол жинхэнэ эр хүн. Ялангуяа амралтын өдрүүдээр жаахан унтаад сэрэхэд хажууд минь сайхан бэлтгэсэн өглөөний цай орон дотор өгвөл би л лав хамгийн аз жаргалтай эмэгтэй гэж өөрийгөө бодно.

7. Романтик зан. Романтик эрчүүд эмэгтэйчүүдэд их таалагддаг. Яагаад гэхээр ихэнх эмэгтэйчүүд романтик байдаг. Гэнэт үе үе цэцэг бэлэглэх ч юм уу эсвэл янз бүрийн хөнгөн романтик бэлэг барьдаг эр хүн сайхан байдаг. Мөн жилдээ ядаж нэг удаа намайг романтик аялалд урьчихдаг бол бүр ч догь.

8. Дон Жуан биш ч хүссэн эмэгтэйнхээ толгойг эргүүлж дөнгөдөг. Хэн нэгэн эмэгтэй таалагдлаа гэхэд түүнийг яаж өөртөө татах вэ гэдгээ эр хүн сайн мэддэг байх ёстой. Дэлхийн хамгийн алдартай завхай эр Дон Жуан яавал энэ эмэгтэйг өөртөө дурлуулах вэ гэдгийг сайн мэдэж байсанд түүний нууц оршиж байдаг. Тэрээр өөр өөр зан араншинтай, өөр өөр үзэл бодолтой, нийгмийн анги давхаргын хувьд ч өөр өөр эмэгтэйчүүдийг өөртөө дурлуулахдаа тэдгээрийн дотоод сэтгэлийг сайн мэдэрч эмэгтэй нэг бүрт тохирсон арга хэрэглэдэг. Тэгэхээр хэн нэгэнд дурлачихаад түүний араас элдэн хөөж нөгөө эмэгтэйгээ залхаах биш яавал түүнд би таалагдах вэ гэдгийг л эр хүн мэдэж байхад хангалттай.

9. Эр зоригтой, хүн чанартай эр хүн. Эр хүн хулчгар шийдмэг бус байх нь хажууд буй бүсгүйдээ эргэлзээ төрүүлдэг. Асуудал тулгарахад сүүлээ хавчаад зугтаадаг хүн чанаргүй хувиа бодсон эр хүнийг би л лав яав ч хайрлахгүй. Тэгээд эр хүн гэдэгтэй эр зориг гэдэг үг ямагт хамт оршсоор ирсэн.   

Жинхэнэ эр хүн гэхээр миний бодлоор нэг иймэрхүү дүр зураг гарч ирж байна. Гэхдээ энэ бол эрчүүдийг зөвхөн миний хувьд эмэгтэй хүний хувьд л шинжсэн байдал шүү. Тэгэхээр та бүхний хувьд ямар байх юм бол нэмэх хасах зүйл байвал доор саналаа үлдээгээрэй. Мөн энэ ялдамд судсаар нь эзэн Чингис хааны минь эрэлхэг цэргүүдийг цус гүйж байгаа Монгол эрчүүддээ эрчүүдийн баярын халуун мэнд хүргэе.

Б.Эрхэмбаяр
Сайхан төрөх, Алганы хээ, Тасдаж үл болох сарнай номуудын зохиогч

Улаанбаатар хот

2017 оны 3 дугаар сарын 18  

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл