Бүсгүй минь Та өөртөө дурлагчийн эсвэл эмэгтэй хүний сэтгэл зүрхээр хооллогчийн золиос болоод байгаа юм биш биз

3:04 PM



Image result for narcissism photos

Зарим нэг гаднаас нь харахад эелдэг ааштай тусч сайхан сэтгэлтэй, эсвэл сэтгэл татам хөгжилтэй зантай ч юм шиг хэрнээ хувийн амьдрал гэр бүл тал дээр олон хүнээс салж сарнисан хүн байдаг. Гэтэл ийм хүний ард сэтгэл зүйн маш том эмгэг байдаг гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Олон бүсгүйтэй холбогддогийг нь их л сайндаа хүүхэмсэг эр гэж л төсөөлдөг. Эсвэл дажгүй залуу байж даан ч алдаж оноод яваа бололтой гэж төсөөлж ч мэднэ. Гэтэл яг үнэндээ ийм хүний ард араатнаас дутахгүй аймшигт нэгэн нуугдаж байдаг. 

Бүсгүй та ажил амьдрал чинь гялалзаж хувийн амьдрал, бизнес, уран бүтээл чинь ч юм уу амжилтанд хүрч эсвэл шинэ хоббутой болж өрийгөө өөрчлөхөөр, амьдралаа шинээр эхлэхээр шийдээд байгаа бол эмэгтэй хүний зүрх сэтгэлээр хооллогч Араатан эр (emotional predator) тэртээ буланд нуугдаж байгаа юм биш биз гээд нэг эргээд харчихад илүүдэхгүй шүү. 

Image result for хищник женской души


Тэр таныг яг л араатан ангаа барих гээд булангийн цаанаас гэтэн шүлсээ залгин харж байж магадгүй. Эсвэл та хэн нэг залууд бие сэтгэл эд мөнгө гээд ямар ч нөхцөл болзолгүйгээр хайраа зориулсан ч тэр хүнээсээ огт хайр хүндлэл гэх зүйлийг ялангуяа харилцааны сүүлийн шатанд огт амсахаа байж би юуг нь буруу хийв? Яагаад ийм их хайрлаж байхад арай ч дээ гэж шаналж шархалж сууна уу? Тэгвэл та найз залуугаа эсвэл ханилсан эрээ нэг шинжээд үзээрэй. Доорх шинжүүд таарч байвал Та араатан эрийн золиос болжээ гэсэн үг.

Ийм эрчүүдийн үндсэн шинж нь бол:

1.       Өөрийгөө ер бусын хүн мэтээр төсөөлж ярина (ер бусын ид шид, нууцлаг зүйлүүд түүнийг хамгаалдаг гэдэг ч юм уу)
2.       Дүрэм журманд захирагддаггүй
3.       Бусдын сэтгэл зүрхийг огт тоодоггүй, хүнийг гомдоохоос эмээдэггүй хатуу үгнүүд хэлдэг
4.       Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бусдын тархийг угаахдаа гаргуун
5.       Сэтгэл татам царай төрхтэй ааш зантай байх нь элбэг 
6. Шүүмж хэлэх, сөрөг хандлагатай байх, хувиа хичээх 
7.     Бусдаар биеэ магтуулахыг хичээдэг. Анхаарлын төвд байхыг хичээх. Хэрэв хүмүүс түүнийг тоохгүй бол өширхөж зүхнэ. Хорсоно.
8.       Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн найз нөхдийн болоод ажил хэргийн ч тэр удаан харилцаа холбоо тогтоож чаддаггүй.

Харин та одоо өрийгөө нэг шинжээрэй. Зүрх сэтгэлийн араатнууд эелдэг, зоригтой, өөдрөг, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй бүсгүйчүүдийг агнадаг. Тэгэхгүй бол тэдний зүрх сэтгэлийг урж тасчих явцад нь олигтой сэтгэл хөдлөл үүсэхгүйгээс золиос нь хангалттай шаналахгүй бол тэдэнд сэтгэл зүйн хувьд сонирхолгүй санагддаг байна.

Image result for хищник женской души

Гэвч тэдний энэ сөрөг байдлууд эхэндээ огт анзаарагдаггүй. Тэд  хайр сэтгэлийн харилцааны эхэн үе олзоо өөртөө татахын тулд хамаг сайхан аашаа гаргадаг. Энэ үед та хөөр баясал дүүрэн өөртөө итгэлтэй морь унасан эрэлхэг гоо бүсгүй мэт л байна. Харин энэ үедээ та тантай өвөрмөц этгээд санагдсан хэн нэгэн үг өдөж учиргүй саймширвал түүнд тархиа угаалгахаасаа өмнө дээрх шинжүүд бий эсэхийг нэг сайн нягтлаарай. Харин харамсалтай нь тэд дээрх сөрөг зан авираа нэгэнт та гарт нь ороод ирсэн үед гаргана. Түүнээс биш та ямар тэнэг хүн биш дээ шууд л эхлээд сөрөг зүйл яриад байвал тоохгүй орхих нь тодорхой тэр үүнийг маш сайн мэдэж байдаг. Иймд харилцааны эхэн үед Араатан эрчүүд:

1. Тэд маш эелдэг найрсаг үгтэй таныг дандаа л хөөрхөн сайхнаар чинь магтан хөөргөнө.

2.Тэд ер бусын сэтгэл татам санагдана. Этгээд зантай бусдаас өөр мэт. 

3.Нэг оронд ороход илэн далангүй байж таны бие царай зүсийг бодитоос илүү хөөргөн магтаж ичиж эмээхгүй аашлана. 

4.Та ямар нэгэн хоббутой, хүсэл мөрөөдөлтэй бол тэр ч бас тийм гэж эхэндээ танд итгүүлнэ.

Та түүнд татагдаж сэтгэлээ дэлгэж эхэлмэгц тэдний дараагийн алхам бол ямар нэгэн өвчтэй ч юм уу өрөвдөлтэй зүйлээр таниар өрөвдүүлэхийг хичээнэ. Эсвэл тэрний хийх хэрэгжүүлэх гэж буй “агуу нэгэн” төлөвлөгөөг нь танаас өөр хэн ч ойлгохгүй мэтээр ярьж таны тархийг угаана. 
Зүрх сэтгэлийн араатнууд таныг санхүү мөнгөөр ч золиос болгох нь элбэг байдаг. Иймд өөрийн хийх гэж хүссэн ямар нэг зүйлээ хийхэд бэл бэнчин дутаад байсан бол таныг санхүүгийн хувьд золиос болгон таныг эцсийн ширхэг зоосоо түүн руу бариад гүйхээс буцахгүй болтол тархийг чинь угаах нь ч бий. 

Өмнөх гэр бүлийн бүтэлгүй амьдралаа ярихдаа урьд өмнөх бүсгүйчүүд нь таны дэргэд хэн ч биш тэнэг хүүхнүүд байсан гэж муулах ч магад. Та сайхан сэтгэлтэй тул түүнд өрөвч зөөлөн сэтгэлээр хандаж ойлгохыг хичээж эхэлнэ. Түүнийг ойлгоно гэдэг нь та түүнд анхаарал тавьж эхэлнэ гэсэн үг. Хэдий их анхаарал тавих тусам төдий их цаг, сэтгэл, хөлс хүч танаас зарцуулагдаж эхэлнэ. Ингэснээр та өөрийн урьд өмнө хийдэг зүйлээ орхиж цалгардуулах ч магад. Эсвэл уулздаг найз нөхөд, ах дүүстэйгээ түүнтэй байх гэж хичээснээс уулзах цаг завгүй болж тэднээсээ хөндийрч эхэлнэ. Найзууд ойр дотныхон чинь тэр залууг тантай эн тэнцэх хүн бишийг шууд л анзаарах тул түүний эсрэг санал хэлнэ. Харин танд энэ бүхэн тэр хүмүүс онцгой тэр хүнийг чинь ойлгохгүй байгаа мэт санагдах болно. Энэ л үеэс олзоо бусдаас тусгаарлаж өөртөө эргэлт буцалтгүй болгож эхэлмэгц тэр зүрхэнд тань яг л хувалз шиг шигдээд таныг зовоож тарчлааж таашаал эдэлж өөрөө улам бүр хүч чадал авсан мэт болно. Учир нь өөртөө дурлагчид гаднаа эелдэг зөөлөн гэм харгүй эсвэл гэгээлэг мэт харагдах ч яг өөрийн зүрх сэтгэл дотроо маш их зөрчилтэй уур бухимдлаар дүүрэн байдаг. Ингээд тэр бухимдал муухай бүхнээ танд гаргана. Тэд хүнээс хайр авахаа л мэддэг өгөхөө харин огт мэддэггүй. Эцэст нь морь унасан гоо бүсгүй маань шавар шалбаагт хутгалдсан гахай мэт болж түүн шиг хар сөрөг бололтой, уур уцаартай муухай хараал хэлдэг болсон байх нь ч бий. Нэг харахад та өөрийн байсан түвшнээс доогуур ороод сэтгэл санаа, санхүүгийн гүн хямралд орсон байна. Энэ үед чинь Араатан эр таны зүрх сэтгэл, эрч хүчээр нэгэнт хооллож дуусах тул өөр бүсгүйн эрэлд гарна. Таны хүч чадал эерэг зүйл, мөрөөдөл, амьдралд итгэх итгэл тань бүгд Араатан эрийг сэтгэл ханамжтай байлгахад зарцуулагдаад дуусжээ гэсэн үг. Тэр үед та түүний хувьд арчаагүй, анхиагүй, худалч хуурамч, царай муутай бүдүүн тарган эмэгтэй болсон байна. Энэ үед тэр өөр ан хайж шинжилж эхэлнэ. Эсвэл аль хэдийн урхинд нь орсон хэн нэгэнтэй таныг орхиод явна.

Image result for хищник женской души

Эсвэл тэд маш олон золиоснуудтай нэгэн зэрэг харилцах нь ч бий. Золиоснууд нь харилцааны өөр өөр шатанд байдаг. Дөнгөж танилцсандаа тэд мөнөөх л амттай хуурмаг үгсээ шидэлж тэднийг ойлгосон дүр эсгэж сайхан аашилна. Дунд шатанд бол нэгэн үе маш сайхан аашилж бал бурмын сар шиг байснаа эргээд ямар ч шалтаангүйгээр харилцаагаа хүйтрүүлж таныг зэмлэж буруушааж эцэст нь уучилсан дүр эсгэнэ. Энэ үеийг галзуу хулгана дээр суухтай ч зүйрлэж ярьдаг. Заримдаа тэр ч та ч ер бусын их аз жаргалтай байснаа огт жижигхэн зүйлээс эсвэл бүр юу ч болоогүй байхад түүний зан хүйтэрч тантай ярихгүй харьцахгүй болно. Та яг юунаас болоод хүйтэн зан гаргаад байгааг нь ойлгож ядан гайхширч түүнээс асууж, би юу буруу хийчихэв гэж шаналж байхыг хараад араатан эр бах тав нь ханаад олз нь бүүр амттай мэт санагдана. Тэгээд нэг л өдөр хүйтэн инээж ирээд танд сургааль айлдаж, эсвэл таныг огт буруугүй бүр тэр өөр хүүхэнтэй унтсан байсанд нь тэр биш та буруутай болтол сэнхрүүлнэ. Үүний дараа зарим хосын хувьд бал бурмын үе эргээд ирдэг.


Одоо орчин цагт нийгмийн сүлжээний хэрэгслүүд гэнэн залуу, хөгжилтэй эрч хүч дүүрэн олзнуудаа түүгээр дамжуулан өөртөө татахад бүүр ч амар болжээ. Зарим нэгэн охид ганцаардаад эсвэл найз залуу нь орхигдсон сэтгэл зүйн хувьд эмзэг үедээ араатнуудад идэш болох нь бий. Тэр таны ганцаардсан сэтгэлийг ойлгосон царайлж таны итгэлийг эхлээд олж авдаг.

Яагаад ийм зүрх сэтгэлээр хоологч нар бий болдог вэ. Тэд төрөлхийн байж болно. Хэрэв олдмол бол хүүхэд насандаа хайр дутсан салсан сарнисан эцэг эхчүүдийн хүүхэд байх нь элбэг. Тэд хайр халамж дутсанаас хүчээр ч хамаагүй хүмүүсээр хайрлуулахыг хичээгээд тэр нь бүтэхгүй баймагц дотроо маш их шаналдаг. Эсвэл араатнууд ажил үйлс нь санасан зүйл нь бүтэхгүй нурсан байх нь элбэг. Ийм хүмүүс засарна гэж хэзээ ч байхгүй тул та таньж мэдсэн л бол зугт, үг дуугүй түүнээс зугт. Хэрэв та харилцааны дунд шатанд зутгсан бол тэр таныг эргүүлж авахаар улайрч ч магадгүй. Эсвэл өөр хүнтэй болсон бол түүний дотоод сэтгэл дэх хэн нэгэн өөрийг нь үл тоосонд эмзэглэсэн арчаагүй сул талыг нь хөндөх  тул дутуу агнасан ангаа араатан хэрхэн гүйцээх гэж зүтгэдэг билээ яг л тийм ааш гаргаж таны араас гүйнэ. Энэ үедээ нөгөө эхний шат шиг алдаагаа ойлгосон хүн шиг туйлын эелдэг сайхан загнах нь ч бий.  

Иймд найз чинь, охин чинь, дүү чинь нүүрхуудсаараа хэн нэгэнтэй сэтгэл санаагаа их ойлголцож буй мэт эсвэл тэр өөрчлөгдөж байгаа нь анзаарагдвал түүнтэй илэн далангүй байж хэн гэдгийг олж тогтоон зөвлөгөө өгөөрэй. Араатан эрийг таньж мэдэх хэрсүү ухаанд ээж бүр охиноо сургах нь ч зөв.   

Б.Эрхэмбаяр
2017 оны 1 дүгээр сар 11


Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл