Алдаж эндэхээс бүү ай, харин алдаагаа л ойлгож ухаарч сур

3:55 PM







Төгс төгөлдөр хүн хорвоо ертөнц дээр байдаггүй болохоор алдаа гаргадаггүй хүн гэж ховор байх. Огт алддаггүй хүн байна гэхээр мундаг сайн хүн гэхээсээ илүүтэй юу ч хийдэггүй залхуу хүн нэг бол алдах онох зүйлгүй, огт сонирхолгүй урсгалаараа амьдардаг хүн гэдэг талаас нь би илүүтэй хардаг. Алдаж онодог нь хорвоогийн жам. Хүн оюун ухаантай болохоорр эрт орой хэзээ нэгэн цагт алдаагаа ойлгож ухамсарладаг. Бүдэрсэн зүйл дээрээ дахиж алдаж буй бол хохь нь гэхээс яалтай. Зарим хүмүүс алдаагаа ч ойлгож ухамсардаггүй, бас алдаа гаргасан нэгнээ ч уучилж өршөөдөггүй. Хэн нэгэн таныг санаатай санамсаргүй тохиолдлоор алдаа гарган гомдоож болно. Харин тэр ойлгож ухамсарлаад танаас уучлалт гуйсан байхад насан туршдаа түүнд гомдож хорсож явна гэдэг өөрт чинь хохиролтой. Хорсол тээсэн хүн сайн хүн ч биш, хорсол тээсэн хүн сайхан амьдарч ч чадахгүй. Хорсол гомдол бол хүнийг өөрийг нь дотроос нь идэж хордуулдаг хор л гэсэн үг. Энэ яваа насанд минь намайг гомдоосон хүмүүс цөөнгүй тохиолдож байсан. Би гэхдээ хэсэг хугацааны дараа эргэцүүлж бодоод бүгдийг уучилж өршөөн цайруулдаг. Тэр хүн яагаад намайг гомдоох болов, би буруу юм юу хийлээ ч гэж өөрийгөө шинжин боддог. Заримдаа ч үнэхээр би л өөрөө буруутай байх нь ч бий. Ингэж сэтгэлдээ “хог новш” тээдэггүй түүнийгээ дор дор нь цэвэрлэж бие сэтгэлээ цэвэрхэн байлгахыг эрмэлздэг. Үүнийхээ ч хүчинд би өдий зэрэгтэй өөдрөг сэтгэлээр бэрхшээл саад бүхнийг давж гарсан гэж боддог. Харин зарим хүнийг ажаад байхад хорсол гомдолоо тэр дор нь гаргахгүй хадгалж хуримтлуулаад өөрийнхөө дотрийг хөө шиг хар болгочих юм. Тэр хар хор нь өөрийг нь ямар их зовоож байгааг мэддэг болов уу? Хувийн амьдралдаа гаргасан алдааныхаа тоогоор ухаарч хүн өөрөө өсөн хөгжиж мэдээгүй таниагүй байсан зүйлээ таньж мэддэг. Ажил бизнес дээр ч ялгаагүй алдаа гарч байж хүн илүү сайныг хийж бүтээх туршлагатай болдог. Алдаа бол амьдрах гэж зүтгэж буй амьд хүний мөн чанар юм. Гагцхүү алдаа болгоны тань ард ухаарал, өөрчлөлт шинэчлэл заавал дагалдаж байх ёстой. Иймд алдаж эндэхээс бүү ай. Харин ухаарч ойлгохыг л хичээ. Мөн алдаа гаргасан нэгнээ бүү адал. Хожмын нэг өдөр чи ч өөрөө алдаж оноод гундуу явах ч юм бил үү. Бидний бас нэг том дутагдал бол давилуун явах цагт нь найз нөхөддөө айж шийрэгнэж нэр хараад байлгүй шулуун шударга үг хэлчихдэггүй хулчийдаг байж алдсан хойно нь амыг нь асуудаг муухай зан юм. Жинхэнэ сайн нөхөр гэдэг алдаж эндэж байхад нь нүүрэнд дээр нь хэлчихээд гэмшээд гундуухан байхад нь урмын сайхан үгээр сэтгэлийг нь засчихдаг баймаар.
Шинэхэн золгоод буй шинэ 2017 ондоо алдсан нэг нь ухаарч ойлгон сайхан амьдрал, сайн сайхан зүйл рүү тэмүүлж амьдрахыг ерөөе. Харин та алдаж эндээгүй бол бүү эмээ. Алдаа болгоноо шинэ дэвшил хөгжил рүү хөтлөн хувиргах урлагт буюу ухааралд л суралцаарай.  

Б.Эрхэмбаяр

2017 оны 1 дүгээр сар 5  

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл