Та аз жаргалаан олсон уу? “Аз жаргал” киноноос төрсөн сэтгэгдэл

10:47 AM





Би кино шүүмжлэгч биш ч хааяа үзсэн кино ялангуяа өөрт их зүйл бодогдуулсан киноныхоо тухай бусадтай хуваалцмаар болдог. “Алганы хээ” романыхаа төгсгөл бүлэгт хүний амьдралын гол утга учир юу юм? Аз жаргалыг хүн хаанаас олж амталдаг вэ гэх Уншигчдад хүргэх гол санаагаа үгээр хэлхэж суусан надад “Аз жаргал” гэж шинэ кино тун содон санагдаж очиж үзэхээр тэсэн ядан хүлээсэн билээ. Өнгөрсөн Баасан гаригт ашгүй хүсэн хүлээсэн кино маань дэлгэцэнд нээлтээ хийлээ. Би өөрийгөө бас ч үгүй амьдралыг таних насан дэрээ яваа гэж боддог ч аз жаргал гэж нээрээ чухам юу юм бэ гэдэг асуултанд энэ киног үзэж эргэцүүлэхээс өмнө баттай хариу олоогүй л байсан мэт санагдлаа. 

Киноны товч үйл явдал нь 1990-ээд оны эгэл жирийн гэхдээ хайр сэтгэлээр учирсан хэмжээлшгүй их аз жаргал бялхсан хөөрхөн охинтой хос залуусын амьдрал дээр тулгуурлажээ. Гэвч эхнэр нь төрөхийн хүндрэлээр тэнгэрт хальж, нөхөр нь өнчин хоёр охинтойгоо хагацлын гашуун зовлонтой өдөр хоногуудыг өнгөрүүлнэ. Тэгээд ч 90-ээд оны эхээр амьдрал ямар байлаа даа Уншигчид гадарлаж буй биз, ядуурал ажилгүйдэл гээд өнчрөл хагацлыг нэрмэх өөр зовлонгууд зөндөө байсан. Хайртай эхнэрээ алдсан залуу хоёр охиноо аз жаргалтай байлгахыг хэрэндээ л хичээж зовлонг сөрөн тэмцэх ч эр хүн балчир бага охиддоо яаж эхийн хайрыг нь орлож чадах билээ. Гол дүр Азаа охин ээж аавдаа эрхэлж байх насан дээрээ амьдралын эрхээр хэрхэн хэрсүүжиж, гол ачааг нуруун дээрээ үүрэн нялх дүүгээ эхийн хайраар, эхнэрээсээ хагацсан эцэгтээ эмэгтэй хүний хайр халамжаар дутаахгүйг хичээн явааг үзээд уярахгүй байхын аргагүй. Хүний ухаан багаддаггүй гэж үнэн. Удалгүй золгүй тохиолдлоор эцэг нь ч тэнгэрт буй ээжийнх нь араас явж өнчин хоёр охин хувь заяаны эрхээр салцгаана. Гэвч эцэг эхийнх нь хайр, аз жаргалтай амьдралын эх булаг охидынхоо хувь заяаг тэтгэсэн биз балчир охид сайн хүмүүстэй тааралдаж эцэстээ нэг нэгнээ олно.

Киног үзээд аз жаргал бол эрж бэдрээд ч байдаг зүйл биш, аз жаргал зүгээр л элэг бүтэн энгийн сайхан амьдралд оршин байдаг гэдгийг гүн гүнзгий ойлгож мэдэрлээ. Өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарч байгаа маань хэчнээн жаргалтай вэ. Хүний амьдралын утга учир ч энгийнээс энгийн зүйлд л нуугдаж байдаг ажээ. Гагцхүү түүнийг олж таних таны ухаанаас та жаргалтай байх, энэ амьдралдаа сэтгэл ханамжтай байх эсэх нь хамаардаг. Гэтэл өнөөгийн бид жаргал даахгүйн зовлонд зүдэрч хажууд дэргэд буй аз жаргалаа олж мэдрэх сөхөөгүй амьдрах юм даа.

Жүжигчдийн ур чадварын хувьд Азаа охины дүрийг бүтээсэн Ц.Мичидмаа охин үнэхээр маш чадварлаг тогложээ. Мөн түүний аавд тоглосон киноны гол дүрийн жүжигчин Ө.Мөнгөнтулга эхнэртээ хайртай эр хүний, охиддоо хайртай эцэг хүний, бас 90-ээд оны эхэн үеийн олон олон эгэл жирийн залуусын төлөөлөл болсон дүрийг сайхан амилуулжээ. Жүжигчин Г.Золбоот, М.Саранцэцэг нарын туршлагатай жүжигчид зовлон туулж буй нэгнээ хүний өөрийн гэхгүй түшиж тулдаг монгол хүний сайхан сэтгэлийг гаргасан нь киног багагүй чимжээ.

Киноноос бас нэг авууштай зүйл бол урьд дэлгэцэнд 90-ээд он гэхээр л дандаа хүнд хар бараан үйл явдал дүрслэгддэг байсныг багагүй эвдэж хэдий зовлон бэрхшээл тохиолдож байдаг ч бас хувь заяа хүнийг түших үедээ түшдэг гэдгийг харуулсан явдал юм. Үүгээрээ энэхүү кино миний 1990-ээд оны амьдралыг эрээн бараанаас илүүтэйгээр гэгээлэг сайхнаар дүрслэхийг хичээсэн “Алганы хээ” романтай минь төстэй санагдаж буйг ч нуух юун.

Б.Эрхэмбаяр  
Тасдаж үл болох сарнай, Алганы хээ, Сайхан төрөх санааных номуудын зохиогч
2016 оны 12 дугаар сар 12

Улаанбаатар хот. 

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл