Цаст Мон Блоны оргилыг тольдохуйяа

12:14 PM




Өмнөх Пакистан улс, Каракорумын нуруу, К2 уул руу хийсэн аялал маань эзгүй зэрлэг онгон байгальтай нүүр тулсан, энэ биеийнхээ тэсвэр хатуужлыг шалгасан үнэхээр экстрим аялал байлаа. Харин энэ удаагийн Шамони хэмээх уулын тосгонд орших Мон Блон уул руу хийсэн аялал маань түүнтэй харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй. Сүрлэг цаст хайрханууд манай гариг дээр хаа сайгүй байдаг. Харин дэлхийн хүн төрөлхтний суурин иргэншлийн хөгжлийг тэргүүлж буй улсуудад зүй ёсоор тооцогдох Швейцарь, Франц, Итали улсуудын нутаг дэвсгэр дээр орших Алпийн нурууны сүрлэг ноён оргилуудын нэг болох Мон Блон уул руу cable car-аар 3800 метр өндөрт ердөө л хорьхон мөчийн дотор гарчихсан нь хүн төрөлхтний хөгжилийн, техник технологийн дэвшлийн хүчээр хүмүүс бид хэрхэн сүрлэг уулсыг хүртэл эзэгнэх болсныг илтгэж байлаа. Ийшээ зорихдоо зөвхөн амралтын нэг өдрөөр аялалын төлөвлөгөө гаргасан надад авиралт хийх зорилго анхнаасаа байгаагүй тул би ингэж “залхуурсан” хэрэг. Шамони суурин нь Женев хотоос машинаар нэг цаг гаран явж хүрдэг бөгөөд бид Европт хямд өртөг, шуурхай үйлчилгээгээрээ танигдсан Британы компани болох Easybus-ыг (энэ компани мөн EasyJet гэсэн маш хямдхан нислэгийн үйлчилгээг Европт хүргэдэг) онлайнаар захиалга өгч сонголоо. Тасалбарын үнэ ирэх очих нийлээд 40 евро буюу нэлээд хямд юм билээ. Түүнээс биш уншигчид маань хэрэв Женевт зочилж байсан бол таксигаар онгоцны буудлаас хотын төв рүү ороход л үүнээс илүү байдгийг андахгүй мэднэ биз ээ.




Chamonix буюу Шамони тосгон

Шамони нь албан ёсоор Франц улсын нутаг дэвсгэрт байрлах 8600 гаруй оршин суугчидтай бэсрэгхэн суурин юм. Энд 1924 онд Өвлийн Олимп анх удаа зохиогдож байсан түүхтэй. Мон Блон уулын сүрлэг цаст оргилыг зорьсон над мэтийн олон жуулчид ийшээ ирдэг. Харин Европоос бол өвөлдөө цанаар гулгах хүсэлтэй жуулчид энэхүү хамгийн эртний цанын баазууд байрлах сууринг илүүтэй зорих тул цанын улирал эхэлсэн ид үед бол өнөөдрийнх шиг ийм нам жим биш түм түжигнэж бум бужигнаж байдаг гэсэн. Эндээс мөн Мон Блон уул руу хамгийн хэцүү замаар нь буюу хойд талаас нь авирах авиралтыг хийдэг. Уулчдын хувьд 9 дүгээр сар надад хамгийн тохиромжтой мэт санагдсан. Биднийг Шамонид ирэхэд тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг өдөр таарч би ч зураг авахад үүл, манан үгүйд тун ч их олзуурхан явлаа. Түүнээс биш ихэнхдээ бороо хур элбэгтэй энэхүү газар Мон Блоны цаст оргилийг ийнхүү нарны алтан шаргал туяа, хөх тэнгэрийн өнгөтэй хоршуулж харах нь бас ч тэр бүр олдоод байдаггүй завшаан гэлтэй.


Шамонид цахилгаан бүхээгний (cable car гэхийг нэг иймэрхүү байдлаар орчуулав. Хэрэв андуу ташаа зүйл болсон бол хүлцэн соёрхоорой.) тасалбар авч Aiguille du Midi хэмээх 3842 метрийн өндөрт байх оргилд хүрч дорхноо л үзүүртэй модод, үүлтэй тэнгэрээс дээгүүр гарчихлаа. Энэхүү цахилгаан бүхээгт тэрэг нь дэлхийн хамгийн өндөрт гардаг бүхээгт тооцогдох бөгөөд тайлбар сэлтээс үзэхэд  1035 метрээс 3842 метр хүртэл шууд 2800 метрийн өгсөлтийг дундаа нэг буудалд зогсолт хийж хүрдэг ажээ. Хэрэв хөлөөрөө явсан бол ч хэдэн литр хөлс, хэр их тэвчээр шаардахыг 2000 гаруй метрийн өгсөлт хийж үзсэн хүний хувьд гадарлаж л байна. Харин техникийн хүчээр ердөө л 20 хором болоод өндөр шовх уулын оргилыг “эзэлчихлээ”.  































Мөн энд хийж болох хамгийн сонирхолтой зүйл бол шилэн хана, шилэн шалтай тагт руу гарч үзэх. Доош хэдэн мянган метрийн тэртээ нэвт харагдах шилэн шал дээр эхлээд хөл тавьж гишгэхэд үнэхээр уушиг зүрх амаар гарчих шиг болж нэлээд их адреналин ялгаруулж уулга алдаад авсан. Харин хэдэн хормын дараа дасаж миний бие бүжиг бүжихийг шахав. Энэхүү шилэн тагтыг тун саяхан 2015 онд барьсан агаад гаргахдаа заавал эсгий улавч өмсүүлж, дээр нь юу юу хийж болохгүй талаар анхааруулга үзүүлнэ. Үүдэнд нь таны гар утас болон зургийн аппаратаар зураг авч өгөх зурагчин үйлчилдэг ажээ. Би дараалалд зогсон тагт руу гарсан хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ажиглан байх ахуйдаа хүмүүн бид ямар ч олон янзын араншинтай, давтагдахгүй бодгалиуд болохыг улам ихээр анзаарч зогслоо. Тагт руу гарсан зарим нэгэн нь нүдээ тас аньчихаад харахгүй байсаар ч бууж ирэх нь хөгжилтэй. Зарим нэг залуус бол ч харин зураг авахуулах завсраа багахан хэмжээний загварын шоу үзүүлэхийг шахаж байлаа.





 Aguille du Midi-ийн тавцан дээрээс уулчид тэртээ доогуур жимээр алхаж яваа харагдана. Эндээс тусгай зөвшөөрөл авсан цаначид, уулчид хонгилоор явсаар уулчдын суурин хүрэх, мөн авиралт хийж болдог юм байна. Тэд Монблоны оргил хүртэл дундаа нэгээс хоёр хонож хүрдэг гэж байгаа. Мон Блон (4808 метр) нь Алпийн нурууны ноён оргил бөгөөд өндрөөрөөр Европт Caucasus оргилын дараа хоёрдугаарт ордог. Алтан шаргал нарны туяанд хажууханд дүнхийж харагдах Мон Блон уулыг ширтэх ахуйдаа хэзээ нэгэн цагт “хоёр зээрдээрээ” үзэсгэлэнт цалин мөнгөн оргилд нь гарна даа гэж мөрөөдсөөр би харьж ирлээ. Санаж явахад бүтдэг сажилж явахад хүрдэг гэдэг.




Б.Эрхэмбаяр
2016 оны 9 дүгээр сарын 25
Шамони суурин. Франц улс   


     

        

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл