Каракорум Хималайн уулсаар зорчсон тэмдэглэл: Үхлийн хөндийг туулсан нь буюу энд аюулгүй зүйл нэг ч байхгүй.

10:22 PM


Тэмдэглэлийнхээ хоёрдугаар хэсгийг уншигчиддаа толилуулж байна.

Каракорумын нурууны ноён оргил догшин сүрлэг K2 уул нь далайн төвшнөөс дээш 8611 метр өндөр. Алуурчин уул хэмээн нэрлэгдсэн энэ уулыг яагаад хүмүүс ядаж барааг нь харах гэж зорьдог вэ. Авирах зэрэглэлийн хүндрэл, аюулаараа K2 уул хамгийн хүнд хэцүүд тооцогддог. Миний хувьд мэдээж уулчин хүн биш тул зүгээр л энэхүү эрхэмсэг сүр хүчит уулын барааг харчих зорилготой бас уран бүтээлч хүний хувьд онгод хийморио хөглөх гэж ийшээ зорьсон. Бас давхар хүн болсоор өөрийгөө хэр бие сэтгэлийн хаттай болохоо ч сорьж батлая гэсэн нэгэн хүсэл зүрх сэтгэлд минь сүүмэлзэн байсныг ч нуух юун. Урьд өмнө ийм төрлийн аялалд нэг ч удаа явж үзээгүй, Богд уулынхаа ноён оргил Цэцээ гүндээ хэд хэд “бараалхсанаас” хэтрээгүй миний хувьд мэдээж хэрэг энэ бол асар их зориг шаардсан аюултай магадгүй амь насанд маань халтай зүйл гэдгийг би сайн мэдэж байсан ч хувь заяандаа итгэдэг хүний ёсоор аялалд гарахыг хэд хоног бодсоны эцэст зориг шулуудсан билээ. Урьд өмнө энэ мэт аялалд явж үзээгүй тул юу авч явдгийг ч эс мэднэ. Миний үүргэвчинд бичиг номын хүний хувьд амин чухал зүйл болсон үзэг минь, Монгол хүний хувьд алд цэнхэр хадаг, ижий аавынхаа араас буян бодож хаа нэг асаадаг үнэрт хүж, аавын минь надад өгсөн магадгүй миний хувьд алмаз эрдэнээс үнэтэй, нутгийн хөрснөөс авсан анар эрдэнийн бяцхан бөөрөнхий чулуу гурав л гол зүйл маань байлаа. Би эдгээрийг зорьсон газраа хүрэн хүртлээ өөрийн биеэр үүрч явлаа. Хүний сониуч сэтгэл гэж. Би адал явдалд дурлагч юм гээч.

Каракорам хурдны зам Хиндүс мөрнийг өгсөн уулсыг ороон үргэлжилнэ.

Бид хотод нэг өдрийг өнгөрүүлээд маргааш нь уул руу өгсөн машинаар цааш явах боллоо. Уулын мужид талибанчууд ихтэй тул уулыг ороосон Каракорумын хурдны замаар явах бүх л замын туршид биднийг автомат (жинхэнэ автомат клашников шүү) буу үүрсэн цэргүүд зогсоож бичиг баримт шалгах хэвийн үзэгдэл. Нийтдээ 34 удаа ийм цэрэг цагдаагийн пост дээр бичиг баримт, аялалын зөвшөөрлөө шалгууллаа. Гэхдээ тэд жуулчидтай их эелдэг харьцана. Энэхүү цэргийнхэн талибанчуудын халдлагаас биднийг хамгаалж байгаа гэдгийг ойлгоод төдхөнөө тайвширч буу саадгаас нь нэг их жийрхэхээ болилоо. Зарим аюул ихтэй хэсгүүдэд бидний машины урьд суудалд сууж хамт яваад дараагийн пост дээр хүргэж өгнө. Зам зуур би тэднийг хэдий буутай ч үүргээ гүйцэтгэж буй жирийн л цэргийн эрчүүд гэдгийг ойлгов. Зарим нэг нь надтай хаанаас ирсэн гээд найрсаг яриа өднө. “Талибанчууд одоо элбэг үү?” гэж миний санаа зовнин асуухад хэдэн жилийн өмнө уулархаг мужуудаар бүгсэн талибаны салан тусгаарлагчид жуулчдад халдаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг хэд хэд гарсан одоо манай арми цагдаагийнхан тэдний үүр уурхайг илрүүлж цэвэрлэсэн тул айх аюул байхгүй гэж тайлбарлав. “Та талибанчуудтай байлдаж байсан уу” гэж асуухад минь ихэнх нь “Тийм ээ. Би хэд хэдэн талибаныг нөгөө ертөнцөд илгээсэн” гэж хариулна. Энэ үед л би “Ээ бурхан минь би хаань ирчих нь энэ вэ. Яг л кинон дээр гардаг шиг үхэл, дайн байлдаантай газар ирчихлээ гэж үү” гэж бодохтой зэрэгцэн хурдан аялалаа дуусгаад эсэн мэнд л гэртээ харих хүсэл төрнө.

Уул руу өгссөн явган аялал эхлэхийн өмнөхөн

Гэхдээ айвал бүү хий, хийвэл бүү ай гэж нэг үг байдаг даа. Би энэхүү бүх эрсдэлийг мэдэж байсан. Ирэхээсээ өмнө интернет ухаж аялах замын байдлын талаар хангалттай мэдээлэл олж  уншсан. Тэсрэх бөмбөг, алан хядах үйл ажиллагаа, замын бартаа гээд намайг эргэн тойрон аюул нөмрөн буй гэдгийг би мэдэж байлаа. Гэрийнхнээсээ харин тэдний санааг зовоохоос эмээж энэ мэт аюултай зүйлсийг тас нуучихсан юм. Яагаад гэвэл би гэртээ эсэн мэнд эргэж ирээд хүүхдүүдээ үнсэнэ гэдгээ өөр дотроо андгайлсан, энэхүү хэлсэн амандаа ч хүрнэ гэдгээ баттай мэдэж байсан билээ. Улмаар би цэргийн хүний охины (аав минь макаров гар буутай цэргийн хүн байсан юм шүү) ёсоор автомат үүрсэн дайчидтай зургаа хүртэл татуулав. Намайг халдлагаас хамгаалж машины урьд буугаа үүрээд сууж яваа, хэрэгтэй цагт дээрэмчидтэй буудалцахад бэлэн  яваа, алба ажлаа сэтгэлээсээ гүйцэтгэж буй тангараг өргөсөн цэргийн эрчүүд надтай эелдэг найрсаг хандаж зорьсон газартаа саадгүй хүрэхийг ерөөж байлаа. Замын сууринд очоод фейсбүүкээ нээтэл өдрийн тааралдсан нэгэн цагдаагаас надад найзын хүсэлт ирүүлсэн байхыг хараад миний инээд ч хүрэх шиг. Би уг нь түүнтэй зургаа хамт авахуулсан ч Эрика гэх гадаад хүмүүст хэлж танилцдаг нэрнээсээ өөр юу ч хэлээгүй билээ. Хаа байгаа эзгүй шахам уулсын дунд намайг талибанчуудаас хамгаалах гэж явсан цэрэг хэдхэн цагийн дотор л “миний найз” болчих ч гэж дээ. Дэлхий “хавтгайрнаа” гэдэг л энэ байх даа.     
  
Бидний машинд хэсэг зуур хамт явж хамгаалалт хийсэн цагдаатай хамт

Талибанчуудын халдлагаас гадна аялалд маань аюулгүй зүйл их ховор гэдгийг би алхам тутамд л мэдэж эхэллээ. Уулын тахиралдаж мушгиралдсан замаар хоёр машин арай чамай зөрнө. Замд осол гарсан байхтай ч хэд хэд таарлаа. Харин хаа очиж манай жолооч залуу тун чадварлаг жолооч ажээ. Тэр энэхүү замаар наснаасаа олон явсан биз ээ, огцом эргэлт дээрч тэрээр бараг л хурдаа хасахгүй жолоогоо итгэлтэй нь аргагүй мушгина. Жолооч бидэнд хандан “зам яг нээгдэж таарлаа, бид азтай юм” гээд тааламжтай инээв.

Дээрээс хад нурж, хөрсний гулгалт болсноос зам хаагджээ.


Эвдэрсэн замыг дөнгөж зассаны дараа гарч буй эхний машин бидний энэхүү Тоёото жийп.

Хөрсний нуралт болж зам тасарсан байхыг дөнгөж сая засаж янзалсан ажээ. Каракорумын хурдны зам ихэнх хэсэгтээ асфалтаар хучсан ч зарим нэг хэсэгтээ шороон замтай. Дашрамд хэлэхэд энэхүү Каракорумын хурдны зам нь орчин цагийн ертөнцийн найм дахь гайхамшигт тооцогддог бөгөөд Энэтхэг, Пакистан, Хятадын хил дээр одоо ч тэдний хувьд улс төрийн маргаантай байдаг Жамму Кашмир мужийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг нийтдээ 1300 км үргэлжилдэг хуучин торгоны замтай зарим хэсгээрээ давхацдаг олон улсын хэмжээний хурдны зам ажээ. 1959 оноос анх санаачлан энэ замыг барихад Пакистан талаас 800 гаруй, Хятадын талаас 200 гаруй зам барилгын ажилчид амь эрсэдсэн гэдэг. Нээрээ ч ийм өндөр ууланд энэ замыг анх яаж барьсан бол гэж би ихэд гайхаж явсан нь бас л олон хүний амь нас, хөлс, цусаар боссон түүхийг үзэхэд гайхах зүйл байсангүй. Жолоочийн хэлснээр саяхан хөрсний гулгалтаас болж тасарсан замыг дөнгөж нээхтэй нь таарсан нь азтайнх уу эзтэйнх үү харин бүү мэд. Дотор мэдээж түгшүүр төрнө. Дээрээс хад асга нурж зам дээр унасан байхтай ч хэд хэд тааралдсан. Биднийг явсны дараахан нэг жийп машинтай хүмүүс осолдож уулын эрчлэн шуугих их мөрөн Хиндүс рүү унаж амиа алдсаныг, бас бидний өмнөхөн Конкордиа орсон арван франц цанчны хоёр нь, нэг итал уулчин ууланд осолдсоныг сонсоод үнэхээр л азтай байсандаа баярлаж билээ. Эндээс нээрээ л азтай аавын хүү, ээжийн охин амь мэнд эргэж ирдэг гэлтэй.

Уул руу өгссөн аялалын 2 дахь хоног дээр.


Балтора мөсөн гол эндээс эхэлдэг. Цаана нь алдарт The Great Trango tower (6239т), Lady finger  хэмээх цаст оргилууд сүндэрлэнэ


Илжиг луусыг мөсөн гол мөнх цэвдэг рүү ортол ачаа бараа зөөхөд ашиглана.

Каракорум хурдны зам төгсөж цааш машин замгүй тул бид аялалаа 100 гаруй километр үргэлжилдэг дэлхийн хамгийн урт мөсөн гол Балтораг өгсөж явган үргэлжлүүлэх боллоо. Балтораг “үхлийн хөндий”,  Каракорумын уулсыг “алуурчин уулс” гэж нэрийддэг нь үнэн ажээ. Балтораг өгсөх аялалын туршид мөсөн уул хайлж нурах, цөмрөх, халтирч унах гээд цаашид түмэн зовлон намайг хүлээж байсныг би мэдсэнгүй. Мөнх цэвдэг мөсөн уулсыг гатлахдаа, эсвэл хад асгаар явахдаа, зөвхөн ганцхан л хөл тавьж гишгэж болохуйц нарийхан жимээр алхаж явахдаа болгоомжгүй ганц л гишгэвэл тэр алхаа миний сүүлчийн алхам ч байж мэдэх. Иймд би туйлын болгоомжтой гишгэдэл нэг бүрээ хянан алхана. Азаар би шавилхан биетэйдээ ч тэрүү төрөлхийн тэнцвэр сайтай, өндрөөс доош харахдаа толгой эргэж айдаггүй юм гээч.



Хиндүс мөрөн дуусаж Балтора мөсөн гол эхэлж буй нь. Цаана харагдаж буй хэсэгхэн бургасан төгөлтэй энэхүү газрыг Пажу кемп гэх бөгөөд үүнээс цааш ногоон ургамал огт байхгүй зөвхөн зэрлэг хүйтэн уулс үргэлжилнэ.

Хүрсэн өндөрлөг 3000 метрээс дээш гармагц шилэн хүзүүг минь бахиар хавчих мэт өвдөх зовлон бас нэмэгдэв. Цааш өндөр ахих тусам энэ өвчин толгой дотор ар шилнээс эхлээд өгсөж толгойн орой руу хатгуулан толгой минь дүүрэн тасралтгүй өвдөж эхэллээ. Агаар сийрэгжин, би хүчилтөрөгчийн дутагдалд орж,  даралт бууран толгой өвдөж байгаагаа ч мэдэж байлаа. Тийм ээ би өндөр ууланд анх удаа аялж буй, угийн даралт багатай надад өндрийн өвчин ирсэн нь энэ. Шингэн зүйл, тэр дундаа ногоон цай, чихэртэй витаминтай ус өндрийн өвчинд ихэд тустай болохыг мэдэв. Гэвч бид хад бартаа, асга хадан дундуур, мөсөн гол, мөсөн уулсыг гатлан өдөр бүр төлөвлөсөн замаараа урагшилсаар байлаа. Арав гаруй хоног бартаа саадтай замаар хоёр зуу (бидний нийт явган туулсан зам 237 км болсон) гаруй километрт явган дандаа өгсөж явна гэдэг бяд чадал муутай эмэгтэй хүний хувьд төдийгүй хүдэр чийрэг эрчүүдэд ч ахадсан ажил гэдгийг би алхам тутамдаа мэдэрч байлаа. Таван цул эрхтэн аль нэг нь өвчтэй бол ийм аялалд тэснэ гэж ярилтгүй. Өндрийн өвчин толгой өвдөхөөс эхэлж хэрэв уушиг зүрх муутай бол зүрх дэлсэх амьсгаадах гээд хүндэрдэг ажээ. Бөөр муутай бол бас явдалд бөөр өвдөхөөс гадна энэ их шингэн зүйл ууж байхад хавагнах, биед шингэн хуримтлагдах аюултай. Зарим хүн огт хоол идэхгүй хоолны дуршилгүй ч болно. Харин азаар бие эрхтэн минь эрүүл чийргийнх биз толгой өвдсөнөөс бусдаар бол гайгүй.  Миний сайных ч гэж юу байх вэ ижий, аав хоёр минь хайрлан энхрийлэн эрүүл саруул өсгөснийх биз ээ. Ийнхүү би эцэг, эхийнхээ хариулж барахгүй ачийг догшин сүрлэг уулс дунд улам бүр мэдэрч явлаа. Монголчууд өндрийн өвчнийг уулын сүрд дарагдах гэж нэрлэдэг. Догшин сүрлэг уулс гэдэг ингэж л жирийн хүмүүн заяанд тэр тусмаа бүсгүй хүнд сүр хүчээ үзүүлдэг гэлтэй. Уулын сүрд “бүрмөсөн дарагдчихгүй” байхад хүний сэтгэлийн хүч тэвчээр их чухал зүйл ажээ. Хэчнээн хүдэр чийрэг байгаад сэтгэлийн хат гэдэг хүнийг авч явдаг гэдгийг ч би санаж явлаа. Бие маань ядарч сульдаж байвч харин миний сэтгэл дотор итгэлийн гал ямагт сүүмэлзсээр явсан юм. Би энэ замыг туулж зорьсон газраа хүрнэ Монгол хүн, Монгол эмэгтэй хүний зориг тэвчээрийг хамт аялж буй хүмүүст харуулна гэсэн нэгэн бардам омогшил намайг урагш гишгүүлж байлаа. Тийм ээ миний судсаар Монгол ээж аавын минь цус гүйж байгаа, би хатан зоригт Монгол эмэгтэй. Хэдийгээр би “цагаан гартай”, хотын оффист суудаг банкир, өндөр өсгийт дээр гунхсан танхил бүсгүй ч би чадах ёстой, би өөрийгөө ялан дийлэх ёстой. Замын дундаас буцах ичгэвтэр хэрэг л гэж би дотроо өөрийгөө тувт зоригжуулан бодож явлаа.

К2 Base Camp-аас буцах замд. Балтора мөсөн гол дээр


Конкордиа кемп далайн түвшнөөс дээш 4500-5400 метр оршдог. Цаана харагдах уул Mitre peak (6010m)       хэмээх уул.

Бид явган явж эхэлснээс хойш дөрөв дэхь хоног дээрээ далайн төвшнөөс дээш 4062 метрт орших Урдукас кемп дээр ирлээ. Уг нь Урдукас кемп дээр арай тайван хуваариар 6-7 хоног явж байж очдог хэдий ч бидний аялалын хугацааг аль болох цөөн хоногт багтаах гэж ингэж их шахсаныг өөр нэгэн аялалын хөтчөөс хожим л мэдсэн билээ. Урдукаст хүрсэн нь эмэгтэй хүний хувьд том амжилт гэж хөтөч маань надад тусгайлан баяр хүргэв. Энд олон хүн амиа алдсаныг илтгэн тэдний гэгээн дурсгалд зориулан тэдний нэрс, хүндэтгэлийн үгсийг хадан хавцлууд дээр улс бүрийнх нь туг далбааны өнгөтэй хамтад нь байршуулжээ. Нутгийн хэдэн зуун ч ачаа үүрэгч хөтөч энд амиа алдсан юм бүү мэд. Тэдний талаар мэдээллийг аялал жуулчлалын салбараа бодоод тас нуучихдаг гэдэг нь үнэн бололтой. Лав л хөтөч маань энд хоёр жилийн өмнө аймшигт осол болж 5 портер буюу ачаа зөөгч дээрээс нурж орж ирсэн хаданд даруулж нас барсныг нүдээрээ харснаа ярьлаа. Ийм аймшигт түүх сонссон болоод ч тэр үү Урдукас надад огтхон ч таалагдсангүй. Энд яаж хоноглож шөнийг авна даа л гэж би дотроо зүрхшээн бодлоо. Гэвч одоо надад ухрах зам байхгүй.




K2 уулыг зорьж яваад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт самбар, булш бүнхнууд.

Маргааш нь би нойр муутай дээр нь толгойн өвчин ихэссэнээс дэн дун хүн л алхалж явлаа. Тэр өдөртөө бид явсаар “Гуру-1” гэх 4300 метр (өндрөөрөө бол манай Монголын хамгийн өндөр цэг Таванбогд хайрханы Хүйтэний оргилтой тэнцэх өндөр газар) өндөрт байх кемп дээр ирээд хөтөч маань туршлагатай хүний нүдээр намайг өндрийн өвчин туссаныг анзаарсан биз энд үлдээд буцах эсвэл цааш явах хоёр сонголт надад үлдсэнийг хэлэв. Үүнээс дээш явах өндрийн өвчин туссан хүнд аюултай. Хэрэв эрүүл мэндэд чинь аюул тулгарвал нисдэг тэрэг дуудна. Нисдэг тэрэгний үнэ 10000 ам.доллар гэж хөтөч ярьлаа. Энэхүү нисдэг тэрэгний тухай би олонтаа сонссон. Үнийн хувьд хүний амьтай яасан ч дүйхгүй ч тэрхүү нисдэг тэрэг дандаа л энд хожимдож ирдэг буюу нэгэнт осолдсон хүмүүсийн цогцсыг л зөөх гэж ирдэг гэсэн. Энд үхэл хаа сайгүй үнэртэх ажээ. Өөрийгөө сорих гэж яваад зам дагуу осолдсон, амиа алдсан хэдэн зуун хүний булш бунхан байна. Тэд зүгээр л гэртээ сууж болох л байсан. Тэгсэн бол өдийд амьд мэнд л байх байсан биз. Тэднийг юу ингэтэл нь нааш нь дуудаа бол. Юу бэдэрч тэнэж энэ хүрээ бол. Эдгээр асуултыг би тэрхүү булшнуудын дэргэдүүр дотроо чимээгүйхэн залбиран өнгөрөхдөө өөрөө өөрөөсөө асууж явлаа. Хариултыг ч би өөрөө өөрөөсөө олсон билээ. Тэд эр зориг тэвчээрийг, өөртөө итгэх итгэл, аз жаргалыг л бэдэрч явсан хатан зоригтнууд гэдгийг би ойлгосон юм. Ийнхүү хэн нэгний булш тааралдах бүрт би үхэл ойрхон байгааг яс махаараа мэдэрч байсан ч тэдний зориг тэвчээрээр бахархаж бас харамсаж явлаа. Урьд нь би ийм экстрим аялал хийдэг хүмүүсийг огт ойлгодоггүй байж гээч. Яг үнэндээ хааяа нэг Discovery channel-ийн баримтат киног үзэж суухдаа “ингэж явах, гай байгаа даа л” гэж боддог байлаа. Магадгүй тэмдэглэлийг минь уншин суугаа Та ч бас намайг тэгж шоолон сууж болох л юм. Хүн өөр бусдыг, хүнийг хуурч болно. Болохгүй бол худлаа ярина. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө хуурч хэзээ ч чадахгүй. Хэлсэн, зорьсондоо хүрэх шиг өөрийгөө ялах шиг сайхан зүйл гэж энэ ертөнцөд өөр юу ч байхгүй биз. Тэд бүхэн над шиг л сэтгэлийн мухартаа итгэл үнэмшлээ өөрөө өөрөөсөө хайж, өөрийгөө ялах гэж зориглон явсан эгэл жирийн хүмүүс байж шүү гэдгийг би одоо л дуслах хөлс бүрээрээ мэдэрч явлаа. Гэхдээ энэ замд амьд үлдсэн үлдээгүй  тэд бүгд өөрсдийгөө ялж чадсан баатрууд. Үхээгүй, зол заяатай нь зорьсондоо хүрч, өөрөө өөрийнхөө чадал ухаандаа итгэж, өөртөө төдийгүй өрөөл бусдад урьд өмнөхөөсөө бүр ч их хэрэгтэй зүйлсийг хийж бүтээгээ биз ээ. Би толгой хэдий ангалзан өвдөж байсан ч замын дунд үлдэхийг хүссэнгүй. Хэрэв энд үлдэх юм бол би өөрийгөө ялж чадахгүй.

Аялалын хөтөч, ачаа үүрэгч, тогооч залуусын хамт. Конкордиа хүртэл явсан цорын ганц эмэгтэй нь би болов.

Бие минь өндөрт гарсан энэхүү сүүлийн тав хоногийн туршид зовж шаналж байвч би сэтгэлээрээ шантраагүй байлаа. Зорьсон газраа хүрч дэлхийн дээвэр Эверестийн дараа ордог өндөр уулсын барааг харталаа эндээс буцахгүй гэж шийдлээ. Араатан жигүүртэн, өвс ургамал ч ховор энэ их уулс дунд би өөр юуны төлөө, юуг бэдэрч  ирлээ дээ. Өөрийгөө хүч чадалтай, зорьсон, хэлсэндээ хүрдэг гэдгээ л сорьж батлахаар ирсэн. Өөр юуны ч төлөө биш. Бас зохиол бүтээлээ туурвихдаа үнэн амьдралыг туулсан хүний хувиар үг нэг бүрийг нь үнэнээр шивэх гэж, тэр үнэн сэтгэлийн үгээ уншигчиддаа хүргэх гэж л энэ эзгүй уулсыг зорьсон билээ. Тийм ээ би үхэлтэй нүүр тулж явсан ч “Алганы хээндээ” туссан өөрийн хувь заяандаа дэндүү бардам итгэлтэйгээр “үхлийн хөндийг” туулан гарсан жирийн нэгэн бүсгүй. Үхэл амьдралын зааг хорвоогийн амьдралын үнэнийг таних гэж зүтгэж яваа жирийн нэгэн аялагч. Догшин зэрлэг уулсын сүрийг эрэмгий уулчин хүний хувьд биш зүгээр л жирийн нэгэн Монгол бүсгүйн тэсвэр тэвчээрээр, өөрийн хэр чадлаараа сөрөн тэмцсэн нь бодит үнэн билээ.

Тогооч Башир, хөтөч Эмран, ачаа үүрэгч Фурман, ачаа үүрэгчдийн ахлагч Али нарын хамт. Цаана нь үүлэн дунд Браодпик, К2 уулын оргилууд харагдана.



Аялалын 6 дахь хоног дээр Конкордиа, К2 Base Camp дээр. Эзгүй зэрлэг энэ уулсын дунд анх хөл тавьсан Монгол эмэгтэй болсондоо баяртай байна. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр


Конкордиа, К2 Base Camp-аас K2 оргил (8611m)

Би зорьсондоо хүрсэн. Зорьсондоо хүрэхэд минь хамт аяласан тогооч, ачаа үүрэгч, уулын хөтөч анд нөхөд минь бүгд намайг халуун сэтгэлийн дэм хайрлаж зоригжуулан явсан нь ч намайг энэ хол бөгөөд аюултай замыг эсэн мэнд туулан гарахад хамгийн их тус болсон. Иймд уул гэдэг бол яах аргагүй хувь хүний эр зориг бие махбодиос илүүтэйгээр хамт яваа нөхрөө гэсэн хүний мөс чанарын гайхамшиг гэдгийг ч би ойлгосон билээ.  Явган аялалын зургаа дахь хоног дээрээ Каракорумын нурууны зүрх болсон Конкордиад бид хүрч ирлээ. Конкордиа далайн төвшнөөс дээш 4500-5300 метрт орших бөгөөд өндөр уулсын өлгий болсон газар гэлтэй. Эндээс бөмбөрцөг дэлхийд минь сүр хүчээрээ гайхуулсан хамгийн догшин зэрлэг, хүнд хэцүүгээрээ манлайлдаг хайрхан уул К2 (8611 метр Эверэстийн дараа дэлхийн 2 дахь өндөр уул), Броадпик (8047м), Гашабрум-1,2 (8080-8035м), Машабрум (7821м) гээд өндөр сүрлэг 5 оргилыг та бахдан ширтэж өлмийд нь сөгдөн мөргөнө. Тэр уулсын сүр хүч таны хүмүүн заяаг бас хүндэтгэн цасан мөсөн оргилоо гялбуулахыг тольдож болох нь ээ. Ай хорвоо дэлхий минь юутай уужим сүрлэг, хүний тавилан заяа юутай уужим талбиун гэж би нутгаас авч гарсан алд цэнхэр хадгаа дэлгэн догшин сарьдаг уулстай золгон мэндчилж байхдаа бодож байлаа.   

“Тасдаж үл болох сарнай”, “Сайхан төрөх санааных”, “Алганы хээ” номуудын зохиогч
 Б.Эрхэмбаяр
2016 оны 5 дугаар сарын 29-30
Конкордиа, К2 Base Camp



Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл