Каракорум, Хималайн уулсаар зорчсон тэмдэглэл: Амьдралын үнэ цэнийг мэдрүүлсэн аялал

11:30 AM

Би аялах дуртай. Тийм дээ ч тэрүү их олон аялал хийсэн. Гэхдээ ихэнх нь бизнес аялал буюу ажил хэргийн шугамаар аялжээ. Таван одтой буудал, тав тух, тансаг байдал гэж ярилтгүй. Харин энэ удаагийнх тэдгээрээс тэс өөр.
Үүргэвч үүрч, барагтай бол пүүз өмсөж үзээгүй (дасгал хийхээс бусдад би пүүз өмсөх тун дургүй) би бээр өөрийгөө өөр талаас нь нээхээр зориг шулуудаж 2016 оны  5 дугаар сарны 18-ны өдөр аян замд гарсан маань энэ. Харин энэ удаагийн эгэл жирийн гэмээр ч адал явдал, сорилтуудтай цаг мөч бүрт тулгарсан аялал надад тэгтлээ таалагдах юм чинээ бодсонгүй. Магадгүй таван одтой буудлын тансаг аяллуудад би ЭРХЭМБАЯР гэдэг хүн бизнес ажил хэргийн дараа хоёрдугаарт тавигддаг байснаас болсон биз. Үүргэвч үүрсэн, өөрийгөө өөрөөр нээсэн энэ аяллын туршид жинхэнэ “би” маань зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнан чагнан, цаг мөч бүр байгаль эхийн шалгуурт тэнцэх гэж тэмцэн тэмцэн явахдаа би жаргалтай байлаа. Ямар ч байсан би энэ аяллаас өмнө ихэд “улцгай нялцгай” нэгэн байснаа мэдэж “урьдын би”-гээ сэтгэлдээ битүүхэн шоолж бас надаас ийм их зориг тэвчээр гарч байгаад өөрөөрөө бахархаж явлаа. Арга ч үгүй биз. Араатан жигүүртэн хүртэл ховор онгон зэлүүд Каракорум, Хималайн сүрлэг уулсыг зорих зориг тэр бүр жирийн хүнээс тэр тусмаа эмэгтэй хүнээс гарахгүй биз. 

Аян замын туршид сүрлэг мөнх цаст уулс арсайлдаж, хоёр машин чүү чамай зөрөх мушгиралдаж тахиралдсан уулын замаар Пунжааб, Балти нутгийн аялгуунд  бүлээн салхинд үсээ хийсгэн, ертөнцийн тоос шороог нүүрэндээ хээв нэг наан явахдаа би жаргалтай байлаа. Тэр дор Каракорум, Хималайн уулсаас эх авсан мөнх цаст уулын цагаан саарал гол эрчлэн шуугина. Хаа нэг чулуун хороогоор хөвөөлсөн шавар тагзнуудтай тосгон суурин тааралдана. Нэгэн ийм уулын тосгонд би тосгоны багачуул хүүхдүүдийг харж өрөвдөхдөө эх хүний хувьд өр өвдсөн. Надад яагаад ч юм хүүхдүүд ингэж амьдарч байгаад би буруутай ч юм шиг сэтгэл төрөөд болсонгүй. Ямар ч байсан тэднийг юухан хээхнээр баярлуулмаар санагдана. Иймд би тосгоны мухлагаас 150 рупигээр ууттай ирис чихэр авч тараав. Хүүхдүүд надаас, харь хүнээс бага зэрэг айж бишүүрхэвч удалгүй нүүр хагарч чихэр авахаар халтар бяцхан гараа сарвайна.

Гэнэт би миний гар ямар цагаан бас булбарай болохыг анзаарав. Хүүхдүүд ч тэр миний цав цагаан гарыг нүд салгалгүй ширтэх аж. Дашрамд хэлэхэд би энэхүү цагаан гараараа их бахархдаг хүн шүү. Бас гараа харахдаа би ээжийгээ дандаа дурсдаг юм. Ээж минь сүмбэ шиг урт нарийхан хуруунуудтай сайхан гартай уран бүсгүй байсан юм. Даан ч биднийг өсгөх гээд ээжийн минь тэр сайхан гар эвдэрч моонийсон. Тэгээд ч тэрүү ээж маань гараа арчлахыг бидэнд их сануулдагсан. Би гараа бол их “баярлуулна” болж өгвөл хумсаа байнга засуулж будах дуртай. Ном эрдэмтэй хэд хэдэн хүнээс “Чи их сайхан гартай юм. Ямар ч байсан чиний гар хар ажил хийх гар биш. Бичиг номын эрдэмтэй хүний гар” гэх магтаалыг сонсоод би урьд их маадгар байдагсан. 

Гэтэл хар нялхаараа эвдэрч моонийсон, халтар гартай жаалуудын дэргэд миний цагаан гар бас л буруутай мэт. Чихрээ тарааж дуусаад үдээс хойш тосгон дундуур алхаж явтал тосгоны нэгэн эмэгтэй надтай зөрөхдөө мэндэлж нүдний шилээ авахыг хүсэв би нүдний шилээ тайлж түүнтэй мэндлэв. Тэр дохиогоор миний бээлийтэй гар (би цагаан гараасаа эвгүйцсэн үү эсвэл борлохоос нь айсан уу нимгэн бээлий өмсчихсөн юм) руу зангаж бээлийгээ тайлахыг хүсэв. Би ч бээлийгээ тайлж гараа харуултал нөгөө эмэгтэй миний гарыг гайхширсан янзтай инээмсэглэн хэсэг ширтээд юунд ч юм баярлан инээд алдаад  цааш эргэв. Би дотроо өдрийн чихэр авсан хүүхдийн нэг нь гэртээ хариад надад онигор нүдтэй ч ихэд цагаан гартай нэгэн эмэгтэй чихэр өгсөн гэж хэлсэн байх гэж бодлоо. Уулын тосгонд гадаад хүн тэр тусмаа над шиг ази хүүхэн тэр бүр очдоггүй биз. Зөрсөн бүхэн намайг эвэртэй туулай үзсэн мэт таг ширтэнэ. Харин бүгд инээмсэглэн мэндчилнэ. Инээхэд нь тэдний том алаг нүднүүд баяр хөөрөөр дүүрч, цагаан шүд нь ярсхийж, хувцас хунар бол авах юмгүй ноорхой цоорхой ч нүдний харц нь жаргалтай эеэргүү сэтгэгдэл төрүүлнэ. Би л лав ийм шавар тагзнуудад амьдардаг хэдий ч нэг ч уурлаж бухимдсан хүн хараагүй. Үүгээрээ тэд монголчууд биднээс тэс өөр санагдана. Аялалд маань хөтөч хийж хоол хүнс, ачаа барааг маань үүрэхээр тосгоны хэд хэдэн залуус бидэнтэй нэгдэв.

Түүний нэгийг Серж гэдэг 20 настай, өндөр нуруулаг, томоос том давхраат алаг нүдтэй хөөрхөн хүү. Хэл мэдэхгүйдээ ч тэр үү Серж надтай үг солихгүй ч тэр миний ядарч байгааг, баяртай байгааг харцаараа андахгүй мэдээд байх шиг. Үе үе түүний амьдралд дөнгөж л хөл тавьж буй залуу хүүгийн сониуч алаг нүд намайг ширтэнэ. Иймд би Сержтэй нүдээрээ л ярилцаж ойлголцоно. Тэр дандаа тас тас хийтэл жаргалтай инээж уулын замаар хүндээс хүнд ачаа үүрээд яг л шувуу шиг хөнгөхөн, зөөлөн гишгэлэн алхална. Магадгүй Серж хүү Улаанбаатарт төрсөн бол мундаг сагсчин сайхан залуу байх байсан биз.

Фурман гэж эдэн дундаа арай ахмад нэгэн ачаа үүрэгч байна. Надаас нэлээн хэд ах байх гэж бодож байсан Фурман бараг л надаас үе мултарсан шахам дүү гэхийг сонсоод хатуу амьдрал хүнийг ихэд оворжуулдаг болохыг мэдрэв. Нэг өдрийн нэлээн урт аяллын орой самп дээрээ хоцорч ирсэн биднийг аль хэдийн хэдэн цагийн өмнө түрүүлээд ирчихсэн Фурман тосов. Эцэж ядарсан би бээр хөлөө арай ядан зөөхийг харсан Фурман үүргэвчийг маань авч үүрчихээд намайг яг л хүүхэд адил гараас минь хөтлөөд алхаж билээ. Том сүрлэг биетэй Фурман 300 рүпигийн (3 доллар) резинэн шаахайтай ч ууланд яг л янгир ямаа дүүлэх шиг хурдан шаламгай явна. Мөсөн голыг би урьд бөөн бөөн мөс байх болов уу гэж төсөөлж байсан. 

Гэтэл мөнх цаст уулсын мөсөн гол хад асга, чулуу нь мөснийхөө дээр тогтсон өвөрмөц тогтоцтой. Хад асганы доор мөс цас нь байна. Мөсөн голыг (glacier, crevasse) асар том байгалийн хөргүүртэй жишмээр санагдана. Толгой дээр хурц нар шарж, аагим халуун болж байхад хөл доороос мөс хайрна. Гэнэт дотор хүйт оргитол хүйтэн салхи үлээж, ар нуруунаас жиндүүлнэ. 

Аагим  халуунд энд тэнд үе үе мөс хайлж, нуралт үүсэн хад асга, чулуу, шороо аварга том мөсөн уулсын доор тунаран ногоорох цөөрөм ус руу цүл палхийн орох чимээ дуулдана. Эхэндээ энэ бүхнээс сүрдэж атгахан зүрх минь агшиж булгилна. Гэвч яваандаа дасаж, хувь заяа төөрөг минь арай ч энд дуусчихгүй бизээ гэж дотроо залбирч явлаа. 

Уулын жимээр алхана гэдэг нэг л эвгүй гишгэж гишгэдэл алдвал тэр доор урсах цагаан саарал гол руу, эсвэл хад асга руу унах гээд амь дүйсэн ажил ажээ. Урьд ийнхүү сүрлэг уулсаар алхаж огт үзээгүй би бээр дотроо зүрх зоригоо хатамжилж, эв дүйтэй, анхаарал болгоомжтой шиг гишгэлэн явахыг хичээнэ. 

Багад спортын гимнастикаар хичээллэж байсных биз өөрийгөө төрөлхийн их тэнцвэртэй болохыг мэдэрч байлаа. Бас зориулалтын сайн хувцас гутал их дэмтэйг ойлгов. Явахаасаа өмнө аяллын зориулалтын Quechua брендийн пүүз гутал, Английн RAB брендийн хувцас зориуд худалдан авсан нь тун их хэрэг боллоо. Фурман, Серж хоёр маань бол тэр брендтэй брендгүй ууланд дүүлэн ниснэ үү гэлтэй л явна. Харин яалт ч үгүй бороо цастайд хувцас муутай тэд маань даарч хөрч зутарна.  Би энд тэнд аялж явахдаа эгэл жирийн хүмүүсийн сэтгэл зүрхийг сонсохыг ихэд хичээдэг. Яагаад гэвэл тэдний нүд сэтгэлээс жинхэнэ амьдралын үнэнийг тольдож болдог юм. Ямар ч баггүй, баг зүүх ч шаардлагагүй тэд их аз жаргалтай хүмүүс. Энэхүү аяллын тэмдэглэл маань ч Серж, Фурман мэтийн эгэл жирийн хүмүүсийн тухай тэдний хөлс үнэртсэн тэмдэглэл байх болно. Ертөнцийн бүх хүмүүс баян ядуу ялгаагүй бүгд адилхан, бидний амьдрал адилхан гэдгийг би энэ аяллаас улам бүр таньж мэдлээ. 

Эцэст нь Улаанбаатартаа л хэвтэж байхгүй юунд ингэж өөрийгөө “зовоон зовоон” аялана вэ гэж Уншигч та бодож байна уу. Би дөрвөн уулынхаа дундаас гаралгүй дулаан хөнжилдөө хөлбөрөөд хэвтэж байж болох ч надаас уран бүтээлч хүний хувьд юу гарах вэ. Шавхаад шавхаад ус ч гарахгүй биз. Ингэж аялаж явахдаа л би зохиолын санаа олж, онгод хийморио хөглөдөг юм. Каракорум мөсөн голын аялал надад саяхан бичсэн “Алганы хээ” романыхаа баатруудтай бүхэл замын туршид сэтгэлдээ хөөрөлдөж тэднийхээ ирээдүйн амьдралыг романыхаа төгсгөл бүлэгт хэрхэн урлах сайхан санаа хайрласан. Аянаас ирээд Буянт-Ухаад буумагц сэрүү татаад цээж тэнийн амьсгаллаа. Улаанбаатар хот маань улам ч үзэсгэлэнтэй болсон мэт. Бараг анх удаа гадаадаас ирээд эх хотынхоо сайхныг бахдаж, монголчууд бид хэчнээн жаргалтай, зол заяатай хүмүүс болохоо улам бүр мэдэрлээ. Харин бидний золгүй мэт амьдарч байгаа нь байгаа юмандаа сэтгэл ханадаггүйд л байдаг аж. Тэрний ч баталгаа мэт сонгуулийн туйлшрал, улаан алаг уриа лоозон намайг угтлаа. Бараг л хүн болгон сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Яах гэж юуны төлөө, ихэнх нь албан тушаал, алдар нэр, эцэст нь мөнгөний төлөө. Гэтэл энэ ертөнц эргэдгээрээ эргэж, хүний амьдралын зовлон жаргал ээлжилдгээрээ ээлжилж, бид бүгд нэг л өдөр бүгд нөгөө ертөнцийг зорино. Энэ хийрхэл, хоосрол, туйлшрал, шунал нүгэл, аз жаргалгүй амьдралаас өөрсдийгөө авраач. Хүсвэл хүн резинэн гутал өмсөөд, шавар оромжинд уулын бөглүү тосгонд ч хүчирхэг байж, сэтгэлээр баян, аз жаргалтай амьдарч болох аж.
Аян замын тэмдэглэлийнхээ дараагийн хэсэгт ууланд хэрхэн бясалгал, иог хийдэг талаар оруулъя.
 Үргэлжлэл бий...
Бичсэн Б.Эрхэмбаяр
2016 оны 6 дугаар сарын 12

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл