"Сайхан төрөх санааных" номны хэсгээс: "Орчин үеийн нийгмийн шаардлага ба эмэгтэйчүүд"

2:09 PM


Фэйсбүүк дээр нэгэн мэдээлэл олны анхаарлыг татан нэлээдгүй ихээр тархаж байсныг та бүхэн санаж байгаа буйзаа. 
Жинхэнэ эмэгтэй гэж хэн бэ? (Who is a real woman?)

1. Эр хүн шиг сэтгэдэг (Think like a man)

2. Эмэгтэй хүн шиг намба төрхтэй (Act like a lady)

3. Залуу охин шиг харагддаг (Look like a young girl)

4. Илжиг шиг ажилладаг (Work like a horse)

Орчин үеийн нийгмээс эмэгтэй хүнд тавьж буй шаардлага энэ. Хэтэрхий өндөр шаардлага бус уу? Нийгэм маань эмэгтэйчүүдээс ямар олон зүйл шаардана вэ? Эрэгтэй хүн бол их амархан ердөө л “эр хүн шиг бай”. Тэгээд л боллоо. Гэтэл жинхэнэ төгс төгөлдөр эмэгтэй хүн байхад маш олон зүйл дээр төгс төгөлдөр байхыг шаардаж байна. Нийгэм маань биднээс байгалийн жамаараа өтөлж хөгшрөх “эрхийг” маань хүртэл хассан байх юм. Эмэгтэй хүнийг 30 жаахан гараад ирэхээр “тэр авгай энэ авгай” гэнэ. Харамсалтай нь зарим нэгэн залуу охид бүсгүйчүүд өөрсдөө ч ахимаг нэгнээ жаахан дургүй нь хүрэхээрээ тэгж дуудна. Өөрөө тэдний насан дээр ирэхгүй юм шиг. Тийм ээж эгчгүй юм шиг.
Эр хүн шиг сэтгэдэг олон сайхан эмэгтэйчүүд карьер, бизнес хийж байгаа. Гэтэл гадаад байдал намба төрхөндөө анхаарахгүй бол эршүүд, намбагүй биеэ муухай авч явдаг гэж гоочилно. Хэрэв гэрийн ажил ч юм уу ар гэрийнхээ л ажлыг даадаг бол “Гэрийн авгай. Яаж өдрийг өнгөрөөдөг байна гэж” толгой сэгсэрнэ. Эсвэл хэдий эмэгтэй хүн өндөр албан тушаал хашдаг ч бас л гэртээ эзэгтэй хүн байх, ээж байх үүрэгтэй хэвээр байдаг. Ингээд бодохоор яг илжиг шиг зүтгэх хэрэг гарч ирж байна.
Энэ бүхний алтан дунджийг олж орчин үеийн нийгмээс бүсгүй хүний турьхан нуруун дээр үүрүүлсэн ачааг ажралгүй үүрч яваа бүсгүйчүүд тийм ч цөөхөн биш. Гэхдээ энэ чинь шударга ёс уу гэсэн асуулт зайлшгүй гараад турьхан бүсгүйчүүдийнхээ өмнөөс гомдох сэтгэл төрөөд болдоггүй. Ядаж бид чинь зүгээр л байгалийн жамаараа өтөлж хөгширч болно биз дээ. Нүүрэндээ жаахан үрчлээ сууж эхэлмэгц бүсгүйчүүд биднээ “хөгшин авгай” гэж бүү адлаач эрчүүд ээ. Цэцэг цэврүү шиг сайхан байхад нь та нар л амьдралын нугачаанд ийм болгоогүй гэж үү. Бүсгүйчүүд минь гэхдээ бүү гутар. Бид энэ бүгдийг хослуулсаар ч ирсэн. Цаашид ч чадах л болно. Харин ядарч сульдаж ядаргаанд орохгүйн тулд цагаа л сайн зохиуцуул. Цагийг бүү үр ашиггүй зүйлд зарцуул. Цагийг зөв удирдаж зарцуулж чадах юм бол бид “жинхэнэ эмэгтэй” байж чадна.



Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл