Чөлөөт цаг сонирхол, хобби

4:11 PM

Ямар нэгэн хоббигүй бүсгүй хүн бол амьдралаас мэдрэх сайн сайхан зүйлийнхээ нэгийг дутуу хүртэж байгаа л гэсэн үг юм. Хүн чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж чадаж байж амьдралд зөв тэнцвэрээ олдог биз. Түүнчлэн ямар нэгэн хоббитой хүн амьдралдаа илүү их аз жаргалыг мэдэрдэг.
Ядаж л бүтэлгүй хайртай учраад шаналж байлаа гэж бодоход хоббитой хүн бол тэрнийгээ хийхэд чамайг орхин одсон хэн нэгэн “тэнэг” залууг мартах хугацаа богиносно л гэж бод. Би үүнд бүр 100 хувь итгэлтэй байна. Би амьдралдаа нэг их олон бүтэлгүй хайртай учирч үзээгүй ч хэн нэгэнтэй ойртож дотносоод салах болоход салалтын хүнд хэцүүг надтай хамт хамгийн үнэнчээр хуваалцаж даван туулахад тусалдаг зүйл маань миний хобби. 
Энэ үед би нөүтбүүкнийхээ гарыг нүдээд юу ч хамаагүй бичээд сууж байхад дороо тайвширч эрч хүч баяр баясгалан зүрхэнд минь суусан бяцхан тэр хөндүүр газрыг дүүргээд дор нь эмчлээд орхидог юм даа. Тэгэхээр та хоббитой байна гэдэг бүсгүй таны амьдралд нэгэн баяр баясал нэмдэг эх булаг суваг үргэлж нээлттэй байна гэж хэлж болно. 

Ажил амралтаа зохицуулж сурахад чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх таны 
чадвар их чухал үүрэг гүйцэтгэнэ. Өдөр бүр л нэг хэвийн зүйл буюу зөвхөн хичээл ажил хийгээд явдаг хүмүүс илүү их уур уцаартай байдаг төдийгүй стресст хурдан өртдөг байна. Товчхондоо бол хобби хүний чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхол таныг ажил амьдралаа тэнцвэртэй зөв авч явахад тусладаг гол зүйлүүдийн нэг юм. Мөн эмэгтэй хүн хажуу дахь эр нөхөр, найз залуугийнхаа ч хоббиг хүндэтгэдэг байх хэрэгтэй юм. Зарим нэгэн явцуу эмэгтэйчүүд би одоо түүнтэй сууж эхнэр нь болсон юм чинь түүнийг яасан ч миний дур гэж боддог ч юм уу нөхрийнхөө хоббиг үл тоож хорих цагдах байдал ажиглагддаг. Хүний хобби бол тухайн хүндээ хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийнх нь нэг тул бүсгүй та нөхрийнхөө хоббиг танд хэчнээн тэнэг дэмий зүйл шиг санагдаж байсан ч тэвчиж чаддаг бол та жинхэнэ соёлт эмэгтэй хүн шүү. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр ижил хоббитой байвал бүр супер сайхан. Хоббиноос болж гэр бүлийн маргаан зөрчил үүсэх нь элбэг байдаг болохоор тэр биз. Та ямар нэгэн хоббигүй ч гэсэн бүсгүй хүний хийдгийг зав чөлөөгөөрөө хийж байгаарай. Бүсгүй хүнд гэр бүл, үр хүүхдийн асуудал хэдий чухал ч эмэгтэй хүн өөртөө бага ч гэсэн цаг гаргаж чаддаг байж хүний амьдралын олон сайхан зүйлээс аз жаргал баяр баясгаланг мэдэрч чадах юм. Үүнд хэд хэдэн зүйл байж болох юм. 


Найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэлээ сэргээх. 

Гэхдээ зөв үзэл бодолтой санаа нийлдэг найзуудтайгаа. Үзэл бодол нийлдэггүй хүмүүсээс хол байсан нь дээр. Бүсгүй хүмүүс зөвхөн амьдралын ойр зуурын хов ярих биш бас нэг нэгэндээ үлгэр жишээ болох санаа авах олон зүйлийн талаар сэтгэлээ хуваалцдаг байвал сайхан хэрэг. 


Ямар нэгэн клубт үзэл бодол, сонирхол нийлдэг хүмүүстэй харилцах. 

Одоо цагт сонирхол нийлдэг зүйлээрээ нэгдэж клуб, олон нийтийн байгууллага байгуулах нь элбэг болж. Та гэрийн эзэгтэй ч бай албан ажилтай нэгэн ч бай өөрийн сонирхдог зүйлээрээ бусадтай нэгдэж чөлөө заваа өнгөрүүлдэг байх нь стресс тайлах бас нэг сайхан арга юм шүү. Зөвхөн стрессээ тайлаад ч зогсохгүй бас нийгэмд хэрэгтэй зүйл хийж болно. Нийгэмд хэрэгтэй зүйл гэхээр нийгмийн сайн сайхан бидний үр хүүхдийн тайван амьдралд хэрэгтэй юу ч байж болно шүү дээ. 


Гоо сайхны салонд орж алжаалаа тайлдаг байх. 

Гоо сайхны салонд орох бол бидний амьдралын нэг хэсэг зайлшгүй болох ёстой гэж би боддог. Та энд иллэг хийлгэж нүүр, гар хөлөө арчлуулж алжаалаа тайлдаг. Ялангуяа жаахан нас яваад ирэхээр бүр тогтмолжуулах нь зөв. Орчин үед гоо сайхны үйлчилгээний нэр төрөл, чанар их сайжирчээ. Бүсгүй та мэдээж эрүүл ахуйн шаардлага хангасан ариутгал цэвэрлэгээг журмын дагуу хийдэг найдвартай газар сонгохоо надаар хэлүүлэх юу байх вэ. Цаана чинь гоо сайхны багаж хэрэгслээр халдварлах боломжтой элэгний B, С вирус элбэг шүү гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн нөгөө аймаар ДОХ-оор халдварлах ч энүүхэнд ойрхон бий. Мөн болж өгвөл чанартай орчин үеийн багаж тоног төхөөрөмжтэй газар руу зүглээрэй. Дээр нь эелдэг найрсаг үйлчилгээ хамгаас чухал. Бүсгүй та хэдий гэр зуураа өөрөө өөртөө үйлчлэх маягаар гэрийн аргаар нүүрний маск мэтхэнийг бэлтгэж өөртөө цаг зав гаргах боломжтой ч мэргэжлийн хүний тусламж танд зайлшгүй хэрэгцээтэй. 

Сайхан ном унших. 

Ном унших бол миний чөлөөт цагаараа хийдэг дуртай зүйлийн нэг байсан байх ч болно. Телевиз үзэх интернет “ухаж” суухаас ном унших хэд хэдэн давуу талыг хүнд олгодог. Хүнийг илүү өөрийнхөө дотоод мөн чанартайгаа ажиллах өөрийнхөө дотоод гоо сайхнаа бүрдүүлэхэд ном тусалдаг. Номноос хүн амьдралын туршлага ч хуримтлуулдаг. За тэгээд номны ач тусыг тоочоод байвал барагдахгүй их дээ. 


Сайхан хөгжим сонсох. 

Хувь хүн бүрийн сонирхдог дуучин хөгжмийн төрөл жанр харилцан адилгүй ч хүн гэдэг утгаараа сонсох дуртай дуу хөгжим байвал зүгээр. Жаахан сэтгэл гонсгор үедээ сайхан дуртай хөгжмөө сонсоход сэтгэл сэргэдэггүй гэж үү. 


Үзвэр үзэх. 

Үзвэр үзэх гэхээр чанартай, чанаргүй хошин шогийн тоглолт битгий их үзээрэй. Ялангуяа монголчуудын хошин шогийн тоглолт хошин шог гэхээсээ илүү гэр бүлийн хэрүүл, маргааныг тусгасан эмгэнэлт драм тал руугаа эргэдэг. Тэндээс та нэг их оюуны таашаал эдлэх нь юу л бол. Уучлаарай би хошин урлагийг ойлгодоггүйдээ тэгж буй юм биш шүү. Жинхэнэ юмор үзье гэвэл Jerry Seinfeld –ийг сонирхоод үзээрэй. Манай харин сонгодог урлагийн хөгжил маш сайн шүү. Монголын Дуурийн театрт та дэлхийн хэмжээний чанартай тоглолтыг үзэх боломжтой. Мөн хүүхдүүдээ үзвэр үзэхдээ заримдаа дагуулаад явбал нэг сумаар хоёр туулай буудна. Өөрөө сайхан тоглолт үзэж таашаал авахаас гадна хүүхдүүддээ урлагийн гоо сайхны хүмүүжил олгоход давхар ач тустай. 


Спорт явган аялал хийх. 

Цаг агаар урин дулаан цагт найз нөхөд гэр бүлээрээ нийлж явган аялал хийх сайхан шүү. Эрүүл агаарт байгалийн сайханд амрах шиг сайхан зүйл юу байна. Аяны үүргэвчээ хөнгөн хоол хүнс, ойр зуурын хэрэгцээт зүйлээр дүүргээд урагшаа марш! 


Цэцэг тарих. 

Гэртээ цэцэг тарих бас их сайхан шүү. Өдрөөс өдөрт томорч дэлбээлж буй цэцгийн навч нахиа таны анхаарал халамж арчилгааг хүсээд л. Тэд яг л хүүхдүүд шиг. Тасалгаандаа тарьсан цэцэг таны гэр орондоо анхаарал хандуулж буй байдал, бүр таны сэтгэл санаа ямаршуу байгаа гээд энэ бүгдийн толь болдог гэвэл итгэх үү. Тарьсан цэцэг чинь өндөр сайхан ургахаар та түүнээс эрч хүч авч сэтгэлийн цэнгэл эдлэх болно. 


Цуглуулга хийх. 

Бүсгүй танай гэрт чиний хувь хүний мөн чанарыг илэрхийлсэн ямар нэгэн хувийн цуглуулгатай байхыг хүсдэг үү. Тэр юу байх нь гол биш ч таны хувьд эрхэм зүйл байх болно. Миний хувьд олон улс үндэстний хүүхэлдэй цуглуулдаг. Ямартай ч хүүхэлдэй цуглуулдаг маань миний амьралд бас нэг амт өнгө нэмж байдаг. 

Орчин цагт чөлөөт цагаараа алжаалаа тайлах сайхан өнгөрүүлэх боломж маш их болжээ. Иймд бүсгүй та өөрийн сонирхол, хүсэл эрмэлзлэл, амьдралын хэмнэлдээ нийцүүлэн ямар ч байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлж хоббигоо хөгжүүлж болно.

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл