Жорж Санд

2:28 PM

Арван наймдугаар зууны үеийн Францын уран зохиолын салбарт гарсан сэтгэлгээний өөрчлөлт шинэчлэлт нь Франц улсыг нийгмийн шинэчлэл өөд хөтөлсөн гэж үздэг. Энэ үед л тэрхүү шинэчлэлийг авч ирсэн эмэгтэй зохиолчид гарч ирсэн бөгөөд тэдний нэг нь Жорж Санд юм.
Ж.Санд мэтийн анхны эдгээр феминистүүд нь нийгэм дэхь хүйсийн тэгш бус байдал, хүйсээс хамаарсан үүрэг роль, амьдралын хэвшилийг ихээхэн эсэргүүцсэн төдийгүй тэдгээр нь нийгэм соёлын хүрээнд амжилт гаргах, эр хүнтэй адилхан хэв маягаар амьдрахыг оролдох болсон байдаг. Жорж Санд гэсэн нэр бол түүний уран бүтээлийн нэр бөгөөд харин эцэг эхээс өгсөн нэрийг нь Amantine-Lucile-Aurore Dupin (охин цагийн нэр нь Аврора) гэдэг байжээ. Аврора  төрөлхийн гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байсан хэдий ч тэрээр  заримдаа эр хүн шиг хувцаслан, өөрт нь санхүүгийн тогтвортой байдал болон алдар нэр авч ирэх зохиолчийн кареерийг өөрөө өөртөө  сонгосон билээ.

Санд Парист төрсөн ч хүүхэд насаа эмэг эхийнхээ эдлэн газар дээр өнгөрөөжээ. Түүний олон арван уран бүтээлд энэхүү эдлэн газар дахь амьдралын мөн чанар дүрслэгдсэн байдаг. Тэгээд ч Франц нутгийн үзэсгэлэнт байгаль цогцолсон энэхүү газар залуу охин Аврорагийн зүрх сэтгэлд уран бүтээлийн онгодыг асаасан уу гэлтэй энд л тэрээр хэрхэн бичихийг эхлэн суралцжээ.  Түүний эцэг нь Бүгд найрамдах улсын армийн дэслэгч цолтой язгууртан хүн байсан бол эх нь энгийн харц гаралтай эмэгтэй байжээ. Улмаар Аврора дөнгөж 18 настай байхдаа 1822 онд өөрөөсөө нэлээн ахмад  Барон Кисимиртэй гэрлэсэн гэдэг. Гэрлэлтийнхээ эхний хэдэн жил Санд нөхөр хоёр хүүхдийн хамт ихээхэн амар амгалан, аз жаргалтай  амьдарч байлаа. Гэвч энэхүү сэтгэл амар, аз жаргалтай эзэгтэйн амьдралын хэв маяг сэтгэл дотор нь үргэлж адал явдал, сонин жигтэй зүйлийн талаар зохиол бичих хүсэл оргилсон орь залуу бүсгүй Аврорагийн ирээдүй биш гэдгийг ойлгосон тэрээр 1831 онд нөхрөөсөө салж Парис хотруу нүүжээ. 
Парисын дээдсийн хүрээлэлд өвөрмөц байдал, хурц сэргэлэн ухаан, язгуур угсаагаараа хүлээн зөвшөөрөгдсөн Санд олон нийтийн дунд эрэгтэй хүн шиг хувцас өмсөж, тамхи татаж эхэлснээс гадна тухайн үеийн эрчүүдийн адил олон хүмүүстэй хайр сэтгэлийн харилцаа тогтоож, эмэгтэй хүн гэхэд хэтэрхий дур зоргоороо амьдрах болов.  Тэрээр олон эрчүүд  түүний дотроос  тухайн үеийн алдарт зохиолч Альфред Мюсе, хөгжмийн зохиолч Шопентэй  хайрын  романс  үүсгэж байсан байна. 

Ялангуяа Шопен тэр хоёрын хайрын түүх хоёулаа уран бүтээлч хүмүүс тул урлагийн нарийн мэдрэмжтэй байсан нь тэдний хайр дурлалын харилцааг өвөрмөц гал халуун адал явдал ихтэй болгож байсан биз ээ.  Шопеныг сүрьеэгээр өвчилсөн өвчтэй  ахуй цаг мөчүүдэд ч Санд түүнийг эргэж тойрон асран халамжилж байсан нь түүний хүн чанар, ариун нандин сэтгэлийн илрэл гэлтэй. Тэрээр Люкреция Флориан хэмээх зохиолдоо Шопеныг бие муутай Карол хэмээх ханхүүгийн дүрээр дүрсэлсэн байдаг. Эхний зохиолоо өөрийн нэгэн нууц амраг зохиолчтой хамтран бичсэний эцэст 1832 онд Санд анхны бие дааж бичсэн Индиана номоо Жорж Санд гэсэн уран бүтээлийн нууц нэрээр хэвлүүлжээ. Ийнхүү өөрийн төрөлх нэрээ нууцлах болсны гол шалтгаан нь тэр үед эмэгтэй зохиолч уран бүтээл туурвих нь нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй байсантай холбоотой байжээ. Түүний анхны энэхүү зохиол нь шинэхэн бичигч Сандыг олон нийтэд таниулж, түүнийг тэр даруй алдартай зохиолчийн хэмжээнд аваачив. Франц даяараа Ж.Сандыг шинэ төрсөн эрэгтэй зохиолчоор төсөөлж, дараагийнх нь уран бүтээлийг уншигчид тэсэн ядан хүлээж байх зуур тэрээр  Лелиа гэх Францад төдийгүй дэлхийд алдаршсан зохиолоо мөн туурвижээ.  Монгол уншигчид түүнийг орос хэлнээс орчуулсан Консуэло номоор нь илүү мэддэг. Ж.Сандын зохиолуудын нийтлэг хэв шинж нь тэрээр хүн төрөлхтний уламжлалт бус феминист идеалыг хүчтэйгээр гаргаж ирсэнд оршиж байдаг. Тэрээр нийт 70 орчим уран зохиолын бүтээл мөн улс төр, өөрийн социалист үзэл бодол,  эмэгтэйчүүдийн хууль ёсны тэгш эрхийн талаар олон арван эссэ нийтлэлүүд бичиж туурвижээ. Ийнхүү Ж.Санд тухайн үеийн хамгийн алдартай, олонд танигдсан зохиолчдын нэг болсон бөгөөд 1876 оны 6 дугаар сард өөрийн хүүхдүүд болон ач, зээ нарынхаа дунд таалал төгсчээ.
Ж.Санд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг дэлхий даяар сурталчилахад гол хувь нэмрээ оруулсан уран бүтээлч бөгөөд тэрээр өөрөө ч 100 хувь  эрчүүд давамгайлсан тухайн цаг үеийн нийгэм, эдийн засаг, соёлын аль ч хүрээнд эрэгтэй хүн шиг амьдарч чадсан юм.  Арван есдүгээр зууны үеийн Европт тэрээр хамгийн анхны өмд өмссөн, эдийн засгийн хувьд хараат бус, хайр дурлалын адал явдал ихтэй бүсгүйчүүдийн нэг байсан ба түүний энэхүү персона нь даруй 200 орчим жилийн дараа л одоо орчин үеийн ертөнцөд байх боломжтой хэвийн зүйл болжээ.  

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл