Хөдөлгөөн эрүүл байхын үндэс

1:30 PM


Хөдөлгөөн бас дахин хөдөлгөөн. Эрүүл амьдрахад хөдөлгөөн ямар их хэрэгтэй болохыг би энд нэг их нуршаад яах вэ. Манай зарим нэг бүсгүйчүүд эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн, биеийн тамир спортоор хичээллэх гэдгийг сайн мэддэггүй.
Хүн өтөлж үхдэггүй харин хөшиж үхдэг ч гэж үг байдаг. Хүний булчин бол байнгын дасгал сургуулилт хөдөлгөөний үндсэн дээр уян хатан эрүүл чийрэг байдаг. Хүний нас өтлөхийн хэрээр булчингийн уян хатан чанар алдагдан чангарч, үе мөч хооронд хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй өвчлөлүүд бий болдог. Хүн дор хаяж 7 хоногт 30 минутаар 2-3 удаа дасгал хийж байж энэхүү булчингийн хэвийн ажиллагааг хангах хэмжээнд байлгана. 

Хөдөлгөөнтэй амьдрах хамгийн энгийн зөвлөгөө бол ядаж үдийн цайны дараа 20 минут цэвэр агаарт алхаж занших, ажил гэрийн хооронд болж өгвөл алхах явдал юм. Харин Улаанбаатар хотын замын түгжрэл хотын орчны бохирдол явган алхах боломж муу гээд бидэнд бэрхшээл мундахгүй олон. Гэхдээ л бүсгүй та энэ бүх саад бэрхшээлийг тоочин сууснаас амралтынхаа нэг өдрийг цэвэр агаарт гарах ууланд аялах зэргээр өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй байдлаар өөрчилж яагаад болохгүй гэж. Миний хувьд “хөлс үнэртсэн” бас дээр нь чамгүй өндөр үнэтэй фитнес клубт байснаас байгальтай ойртож эрүүл агаарт салхинд гарах ууланд аялахыг илүү чухалчилдаг. 

Хавар урь орохоос эхлээд намар орой болтол Улаанбаатар хотынхоо урьд хэсэг буюу Богд уулын орчимд ууланд аялах юутай сайхан жаргал байдаг гэж та санаж байна. Заримдаа дугуй унаж явах ч бас сайхан байдаг. Надад энэхүү аялал бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд эрч хүч энерги өгдөг нь ажиглагддаг. Харин зарим эмэгтэйчүүд бүсгүйчүүд маань зүгээр л дулаан хөнжилд унтах хөрвөөхийг амралт гэж эндүүрдэг нь харамсалтай. Мэдээж хэрэг ханатлаа сайхан унтаж амралгүй яахав. Гэхдээ хэрэв та үнэхээр эрүүл чийрэг байж урт удаан наслахыг хүсвэл аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй амьдраарай. 

Манай нөхрийн 80 хол гарсан хөгшин ээж нь бараг биднээс хөнгөн шингэн сайхан буурал байдаг. Эмээг би зүгээр хэвтэж байхыг нь ховорхон харсан. Тэднийх цайны сүүний хоёр үнээтэй. Эмээ байнга л үнээгээ сааж тугалдаа өвс тэжээл өгөх гэх мэтээр холхиж өнждөг. Түүний энэхүү 80 насалсан ч эрүүл саруул хөнгөн шингэн байгаагийн нууц нь байнга хөдөлж байдагт л оршдог байх гэж би боддог.

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл