Алганы хээ романы хэсгээс: Намрын ажилд

10:52 AM

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр, Алганы хээ романы хэсгээс: Намрын ажилд.


Намрын ажилд Эдийн засгийн сургуулийн бүх оюутнууд Зэлтэр гэх сум сангийн аж ахуйд ажиллах болов. Оюутнууд анги, ангиараа хуваагдан сургуулийн өмнө эгнэн зогссон “Зил-130” машины тэвшин дээр сууцгаан хотоос хөдлөв. Машины тэвшин дээр тэд модон хайрцгуудаа тойруулан тавиад дээр нь хөнжил пүүгээгээрээ зөөллөн тэрүүхэн тэндээ тухлагхан суудал засацгаав. Оюутнууд бүгд бор ногоон хөвөнтэй хүрэм өмсч ажлын хар гутал өшиглөжээ. Тэр дундаа нэгдүгээр курсын шинэхэн оюутнуудыг тэдний өмссөн цоо шинэ хөвөнтэй хүрэм, мөн л цоо шинэхэн орос ажлын хар гутлаар нь төвөггүй таньж болно. Улаанбаатараас Сэлэнгэ тэгээд цаашаа Зэлтэр хүртэл бараг арваад цаг явж очно гэлцэнэ. Тэдний дунд ийнхүү машинаар хол газар хөдөө нэг ч удаа аялж үзээгүй хүүхдүүд ч зөндөө олон. Гэвч зам зуур залуус тасралтгүй хөгжилдсөөр, дуулж хуурдсаар явах тул бүхэл өдөржин машинаар яаж явна гэж халширч байсан тэд нэг л мэдэхэд Сэлэнгэ аймгийн төвөөр дайрч Орхон Сэлэнгийн хөндийгөөр уруудан Зэлтэр хэмээх Оростой хиллэдэг бяцхан сууринд иржээ. 

Зэлтэр зэлүүд буйд ч түүхт газар. “Зэлтэрийн гацаа” гэж түүхэн алдартай үйл явдлын талаар оюутнууд дунд сургуульд байхдаа түүхийн хичээл дээр бишгүй л олон удаа сонсож байсан биз ээ. Эндхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Зэлтэрээс холгүй байх Тужийн нарс хэмээх битүү шигж ургасан нарсан төгөл хэдэн арван километр үргэлжилнэ. Хус, нарс гээд жигд тэгшхэн ургасан модод өндрөөс өндөр гоолиг тэгшхэн хүүхний хөл гэлтэй. Нарсан ой голдуу битүү модтой уулс дүнхийж, шоржигнох чимээ нь ойр орчимд өвөрмөц нэгэн хөг аялгуу нэмсэн тунгалаг устай гол горхи уулсын ам бүрээс эх аван урсана. Суурингийн оршин суугчид нэг загвараар ур хийц муутайхан барьсан дүнзэн байшингуудад амьдарна. Арай ажилтай, арчаатай айлууд нь хүрэн зосоор байшингаа өнгөлж, цонхны хүрээгээ нэг бол цагаан нэг бол цэнхэр өнгөөр тодруулж будсан байна. Харин зарим нэгнийх нь дүнз модон байшин нар салхинд өгөршиж гандаад бараан хар хөх өнгө тунаруулна. Бороо орсон үед ийм өгөршиж гандсан байшингууд усанд норж өнгө засаад тослог ч гэмээр бор өнгөтэй болно. Сургууль, эмнэлэг, дэлгүүр, сумын захиргаа бүгд нэг дороо тэрүүхэн тэндээ шавааралдан оршино. Эдгээр байшингуудыг ч мөн адил бүгд дүнзээр барьжээ. Нутгийнхан Оростой ойрхон болохоор цус холилдсоных уу ихэвчлэн шар царайтай, том том ногоон шар нүдтэй. Заримдаа казах ч гэмээр өвөрмөц царайтай. Ямар ч байсан нутгийнхны нийтлэг төрх төв халхын царай төрхтэй хүмүүсээс тэс өөр.

Оюутнуудын зарим нь үтрэм дээр зарим нь төмс, хүнсний ногооны зоорь дээр хуваарилагдан ажиллав. Үтрэм суурингийн урдхан талд арай зайдуу оршино. Залуусыг хөдөлмөрийн энэ талбар, намрын ажил, энэ хэдхэн хоногт үй зайгүй хэзээ язааны найз нөхөд шиг болгожээ. Ангийнхан нь хөгжилдөн ээлжгүй амарч байхдаа гитар сайн тоглодог нэгнээ тойрч суугаад дуу дуулах, хөзөрдөх, даалуудах гээд тасралтгүй л инээж баясна. Намрын шар нар ээсэн сайхан өдөр ээлжгүй байсан Тамираа усанд орж жаахан сэргэхээр хэдэн охидын хамт битүү бургасан төгөлөөр хүрээлэгдсэн бяцхан гол руу явлаа. Намрын ажил дээр Удвал, Саран, Туяа, Ариунтунгалаг гээд тэдний ангийн ам хэлтэй ч цайлган зантай хэдэн охид илүү дотно нөхөрлөх болжээ. Энэ долоо хоног тэд оройн ээлжинд гарах тул өглөө ханатлаа унтаж аваад өдөр нь гол руу явж бургасан шугуйд очоод элдэв хөгжилтэй зүйлс ярилцана. Охидууд энэ далимдаа хувцсаа угааж усанд ороод бас нарлаж хэвтэнэ. Хэдий есдүгээр сар гарсан ч энэ жил дулаахан налгар сайхан намар болжээ. Энэ нь тоос шороотой үтрэм дээр ажиллаж буй тэднийг бурхан харж үзэж байна уу гэлтэй. Хир шороо болсон хувцсаа угааж, голын хүйтэн ч өдөр тийшээгээ ялимгүй бүлээсчихдэг усанд орох нь хүнд ажилд зүтгэж буй оюутнуудад алжаалаа тайлах юутай ч зүйрлэшгүй сайхан амралт болдог байлаа. 

Охидууд залуу насны ид хаваар хүйтэн усыг ч юман чинээ бодохгүй голын усанд орчихоод дуу алдан хашгиралдаж нэг нэгийгээ усаар цацан тоглоно. Тэдний аз жаргалтай инээд тэр хавийг цочоож голын урсгал салхины чимээтэй нийлэн нэгэн таатай анир үүсгэнэ. Удвал уснаас чичирсээр гарч ирээд голын торгон зүлгэн дээр хэвтээд биеэ хатаан нарлаж буй Саран, Тамираа хоёрын хажууд наалдан хэвтлээ. Эрүү ам нь дагжин чичирч буй Удвалыг Саран хараад тэсэлгүй инээд алдаж “Нүх рүүгээ ус цутгуулсан зурам шиг” гэж шоолов. Саран хөдөөний охин болоод ч тэр үү түүний хэлж ярих нь хэгжүүн хэрсүү нэгэн билээ. Хөдөө өсөж төрсөн хүүхдүүд заримдаа хэг ёг хийж хүн ёжлохдоо гарамгай ч амьдралын туршлага арай илүү байх тул намрын ажил дээр Туяа, Тамираа, Удвал мэтийн хотын “цагаан гартнуудад” найдвартай “туслагч“ болно. Охид дээш нар руу харан хэвтэхэд норсон бие нь хатаж дулаацаад нэн таатай. Саран нүдээ аньсан чигтээ “сониноос манай Ариунтунгалаг нээрээ дурлаад хэцүүдэж байх шиг. Цаад хайрын бурхан чинь гол руу явъя гэсэн бас л ирсэнгүй. Гитар тоглож байсан Зоригтыг бараадан нааран дээр хамт хэвтчихээд дуудаад ч нэмэргүй чихгүй толгой чинь. Хайр ч хэцүү эд бололтой. Гэхдээ манай Тунгаа амьдралд нэг л яараад байх шиг” гэж хэзээ язааны том хүн шиг хэрсүү нь аргагүй бодлогошронгуй өгүүллээ. Тэгээд тэр яриагаа үргэлжлүүлэн “Би л лав хэдэн дүү нараа дунд сургуулиа төгсөж оюутан болж ажил амьдралтайгаа залгатал нөхөр сүүдэртэй болохгүй гэж боддог. Аягүй бол хүүхэд гаргаад нэг эрийн мэдэлд орж муу ээждээ тус болсон ч юмгүй дараа болж эхлэх биз. Тэрний оронд хурдхан шиг сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллаад цалингаараа ээж дүү нараа тэжээнэ” гэж итгэлтэй нь аргагүй ярив. Тамираа дандаа л түүний бодоогүйг бодчихдог заримдаа бүр ээж шиг нь сургааль айлдаж орхидог Сарангийн ярианд хариу өгөөгүй ч мань хүн зөв юм ярьж байна гэж битүүхэн хүлээн зөвшөөрч хэвтэнэ. “Зоригт сайн залуу бас сайхан ч залуу. Миний хувьд царайлаг хөөрхөн Ариунтунгалаг тэр хоёр яг тохирно” гэж Удвалын цайлганаар хэлэхэд Туяа гэнэт ярианд оролцож “Больж үз. Эмэгтэй хүн гэдэг чинь байна шүү дээ, зөвхөн царайлаг сайхан байгаад болчихдог ч юм биш шүү. Энэ “бөндгөртөө” жаахан юмтай болж боловсрохгүй бол царай ч яамай байна аа” гэж хэгжүүн нь аргагүй дургүйцлээ илэрхийлэв. Охид зэрэгцэн хэвтээд тэр болгон хүнд дэлгээд байдаггүй нандин нууцуудаа нэг нэгэндээ ярина. Удвал “Надад нягтлангийн ангийн өндөр Тулгаа ойрноос их “хандтай” байгаа” гэж хэлээд тас тас хөхрөв. “За тэр ч дээ хүн болгонтой сүжрээд шал овилгогүй залуу шиг санагдсан. Ангийнхаа Нараатай үерхдэг гэх чинь билээ” гэж Саран унтууцав. 

New Call-to-action

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл