"АЛГАН ХЭЭ романы хэсгээс: "ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ"

2:43 PM

...Их сургуулийн дөрөвдүгээр байр буюу Эдийн засгийн факультетын хичээлийн байрыг Улаанбаатарчууд Хятад сургууль гэсэн хуучны нэрээр нь андахгүй. Хятад сургууль байсан болоод ч тэр үү сургуулийн цонх, гол хаалганы дээрх саравч сэлтийн чимэглэл бага зэргийн хятад маягийн хээ хуартай.
Шоо дөрвөлжин ёотон мэт энэхүү цагаан барилга тэгэхээр Улаанбаатарт нэг үе Хятадууд олноор суурьшиж хүүхэд багачууд нь хүртэл тусгай дунд сургуульд явж асан 50-аад оноос баригдсан биз. Тэр цагаас хойш магадгүй нэг ч олигтой засварт оролгүй өдий 90-ээд онтой залгасан бололтой сургуулийн барилга ихэд хуучиржээ. Гэвч энэхүү навсгар дөрвөн давхар барилга оюутан залуусын баяр хөөртэй дуу хуураар тасрахгүй. Сургуулийн урд тарьсан саглагар улиаснуудын дэргэд хэд хэдэн түшлэгт сандал байх агаад тэнд жилийн дөрвөн улиралд оюутнууд тухлан өвөр хоорондоо хөөрөлдөн суух дуртай. Тамираа найз охидын хамт мөнхүү түшлэгт сандалд суун хөгжилдөж байтал “Өнөөдөр талбай дээр Ардчилсан холбооны жагсаал болно. Бид бүгдийг очихыг Оюутны холбооноос уриалсан шүү” гэсээр ангийн дарга Баярцогт хүрч ирэв. Эцэг эх нь “Талбай дээр үймээн шуугиантай байхад тийшээ бүү зүглээрэй” гэж Тамираад анхааруулж гуйсан тул тэр хөвгүүд голдуу залуусыг дагаж жанжин Сүхийн талбай явах бодолгүй байлаа. Энхбат сургуулиас гарч ирүүт Тамирааг найз охидуудтайгаа байгааг олж харсан боловч олон охидуудаас жаахан дөлж дэмий л холоос тэднийг ажиглан хэсэг зогсов. Удвалтай өдрийн лекц орсон багшийг ам нийлэн шоолон инээж байсан Тамираа түүнийг анзаарсангүй. Харин Туяа Энхбатыг тэдний зүг хараад буйг мэдмэгц Тамирааг нударч “Чиний нөгөө шүтэн бишрэгч чамайг дуудаад байна” гээд нүдээрээ Энхбатын зүг дохижээ. Тамираа “Юуны чинь шүтэн бишрэгч гэж, чимээгүй байгаач дээ. Тэр сонсчихвол яана” гэж Туяагийн шоолсон үгэнд эгдүүцсэн боловч год үсрэн Энхбатын зүг гүйж одов.

Удвал хичээл тараад Тамираатай хамт явсаар сурчихсан тул найзыгаа Энхбатыг дагаад түүнийг бас л орхиод явчихад нь гоморхсондоо хажуу дахь Туяад “Манай Тамираа дурлалдаа шатаад сайхан байна, тийм ээ? Хоёулаа хэзээ нэг ингэж найз залуутай болдог юм байгаа юм” гэж хэлэв. Түүний ийнхүү ярих нь тэднээс нэлээн зайдуу Энхбатын дэргэд хүрээд байсан Тамираад ч тодоос тод дуулджээ. “Найз охидынх нь тэдний тухай эл яриаг Энхбат сонсоогүй л байгаасай” гэж Тамираа нэрэлхэн бодоод түүнтэй мэндлэв. Гэвч нэрэлхээд ямар нэрээ идэх биш дээ тэгээд ч Энхбаттай хамт байх хүсэл нь дийлж “Хоёулаа Ардад кино үзэх үү? Одоо удахгүй 3 цагаас гоё кино гарна” гэж хэллээ. Энхбат эхэндээ тэгье гэж дуртай зөвшөөрсөн ч гэнэт талбай дээр болох жагсаалд очно гэж амласнаа санаад, “Ээ би нээрээ оюутны холбооны жагсаалд оролцох ёстой өнөөдөр амжихгүй нь” гэлээ. Тамираа уг нь ихэд зориг бас санаачилга гарган байж Энхбатыг кинонд урьсан нь энэ. Тэр үеийн охидын жишгээр бол Тамираа энэ өдөр уламжлалыг эвдсэн алхам хийсэн юм. Тамираа урамгүйхэн гэртээ харьж явлаа. “Тэр надад дургүй юм. Надтай кино үзсэнгүй” гэж бодохоор нүд нь зүгээр л нулимсаар дүүрч ирээд байсан тул гэртээ хариад өрөөндөө ороод тэр чигтээ түрүүлгээ харан орон дээрээ унаад өгөв. Тэр анх удаа дурлалаас болж шаналж байлаа. Гэвч “Тэр яагаад заавал надтай хамт кино үзэх ёстой гэж. Тэр зүгээр л нэг удаа үдэшлэг дээр бүжгэнд урьсан, бас хамтарч хичээл хийснээс хэтрээгүй залууг би л огт буруугаар ойлгож дээ” гэж бодоод энэ бодлоо өөртөө итгүүлэхийг хичээв. Үүнээс цааш түүнээс хойш Энхбатыг өөрөө л эхэлж урихгүй бол хэзээ ч ямар нэгэн зүйлд санаачилга гарган асуухгүй юм шүү гэж дотроо Тамираа хатуу шийдлээ. Овоо тайтгарсан ч сэтгэл нь бас л үймэрсээр байсан Тамираа ээжийгээ хоолоо ид гэж гал тогооны өрөөнөөс дуудсан ч гарч хоолоо ч идсэнгүй. Тэр хичээлийн хуваариа шалгаад маргааш эхний цаг бүх нэгдүгээр дамжааныхан хамтдаа лекцтэй болохыг мэдээд нүүрэнд нь баяр гийв. “Энхбаттай уулзах нь байна шүү дээ” гэж бодохоор Тамираа зүгээр л баяр хөөртэй болчихов...

New Call-to-action

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл