Банкныхаан гэж...

10:33 PM


Яагаад ч юм эзэмшсэн мэргэжил, банкныхныхаа тухай хэдэн үг хэлмээр санагдаад болдоггүй. Би банкир болсондоо энэ мэргэжлийг эзэмшсэндээ хувь заяа намайг ивээсэн хэрэг гэж боддог. Миний үеийнхэн мэргэжлээ сонгож байхад онц сурдаг хичээл сурлагадаа гаргуун хүүхдүүд банкны анги руу хошуурдаг байлаа. Тэгээд ч тэрүү банк бол Монгол улсад хамгийн түрүүн гайгүй мэргэшсэн шилдэг боловсон хүчнээр хангагдсан салбар гэж би боддог. Тиймдээ ч салбарын маань хөгжил эдийн засгийн бусад салбарыг тэргүүлэн араасаа дагуулан хөгжүүлсээр ирсэн. Зөвхөн ганц л жишээ хэлэхэд банкны салбар шиг олон улсын бүртгэлийн стандарт, олон улсын эрсдэлийн үнэлгээг бүгдээрээ шахам хийлгэдэг болсон салбар Монголд өөр хаана байна? 
Монгол улс зах зээлд шилжсэн энэ 20 гаруй жилд банк санхүүгийн салбар маань эдийн засгийн хамаг л хүнд ачааг нуруундаа чадан ядан үүрч та бүхний бизнес хөгжилд хувь нэмрээ оруулж, эдийн засагт өөр юугаар ч орлуулшгүй байдлаар баялгийг бүтээлцсэн юм. Банк бол мөнгөн хөрөнгийн урсгалыг зохицуулагч хүнээр бол зүрх судасны систем нь юм. Тэгэхээр банкныхан бид эдийн засгийн бүх салбарт амь амьдрал түгээж байдаг хүмүүс гэж хэлж болно. Иймдээ ч тэрүү банкныхан хараад байхад их эрт төлөвшицгөөдөг. Оюутны ширээнээс дөнгөж банкинд ажиллаж эхлээд байхад манай бичиг хэргийн эрхлэгчээр урьд сонинд ажиллаж байсан нэг эгч шинээр ирж билээ. Түүний хэлж байсан үг одоо болтол санаанаас гардаггүй юм. Банкинд орж ирмэгцээ түүний анзаарсан зүйл нь хар нялхаараа шахам охид, залуус ямар их хэрсүү, за оросоор бол “серьёзный” болцгоочихдог юм бэ. Манай сонингийнхон бол шал өөр, дуу шуу ихтэй залуус байдаг гэж билээ.  
Яах аргагүй мэргэжил маань банкныхан биднийг бусдаас илүү төлөв төвшин, хариуцлагатай болгодог шиг байгаа юм. Мөн өмсдөг хувцас маань ч их хуучинсаг, ажил хэрэгч хувцас, костюм зангиа. Бусдын нүдээр бол ч банкныхан бид бүхнийг зоосны нүхээр хардаг, уул овоо шиг их хөрөнгө мөнгөтэй, цагаан гартай, ганган хээнцэр хүмүүс шиг санагддаг шиг байгаа юм. Яг үнэндээ бол банкны бид чинь бусдын мөнгө хөрөнгийг арвижуулан өсгөх асар их хүнд бөгөөд хариуцлагатай ажилд нухлагдсан, цаг нарт хавчигдсан хүмүүс байдаг юм шүү. Яах вэ, банкныхаа буянд дунджаас арай дээгүүр амьдарч байгаа хэдий ч ажил хөдөлмөрийн маань хөлс хүч шингэсэн өдий төдий бизнес бүтээн байгуулалтыг эзэмшиж яваа жинхэнэ бизнес эрхлэгч харилцагчдынхаа хажууд бол банкныхан бид даруухан хүмүүс. Нэг бус удаа банкны ажлаасаа халширсан уу эндээс гаръя ч гэж бодож л явлаа. Гэхдээ л өглөө бүр цагаан цамц, биеийн галбирт маань тохирсон банзал, костюмаа өмсөөд ажилдаа гарах би дуртай. Яагаад ч юм биед дасал болсон ажил хэрэгч хувцас маань бие сэтгэлийг маань цэгцэлж сэргээгээд би гэдэг хүн өөрийн мэдэлгүй дуу аялаад толгой тэнэгэр товор товор алхаж явдаг. Би олон хоног амрахаараа энэхүү ижил дасал болсон костюм, өсгийтэй шаахайгаа л лав санадаг.

Б.Эрхэмбаяр
2016 оны 3 дугаар сар 29

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл